Хөгжлийн тушаа

Mongolian Economy
2021-09-08 17:57:15

Эдийн засгаа хөгжүүлэхээр зорьж буй улс орон бүрт саад бэрхшээл бий. Гадаадын хөрөнгө оруулалт хангалтгүй, хөдөлмөрийн бүтээмж доогуур, улс төрийн нөхцөл байдал тогтворгүй, үйлдвэрлэлийн ноу-хау байхгүй, хөрөнгө оруулалтын өртөг өндөр гэх мэт олон шалтгааныг дурдаж болно. Гэвч  асуудал болгон харилцан адилгүй бөгөөд эдгээрийг шийдсэн үр дүнгүүд ч мөн эдийн засгийн өсөлтөд ялгаатай нөлөөтэй. Тэгвэл хөгжилд тушаа болж буй эдгээр хүчин зүйлсийн алийг нь нэн тэргүүнд шийдэх хэрэгтэй талаарх асуулт урган гарч ирнэ.

Үүнд хариулт олохын тулд улс орнуудын ашигладаг бодлогын арга хэрэгслийн нэг нь эдийн засгийн өсөлтийг хязгаарлагч хүчин зүйлсийн шинжилгээ юм. Энэхүү шинжилгээг хийснээр эдийн засагт тушаа болж буй хүчин зүйлсийг гарган ирж, нэн тэргүүнд анхаарах ёстой асуудлуудыг эрэмбэлж, тэдгээрийг шийдэхэд чиглэсэн хөгжлийн стратегийг боловсруулах боломжтой болдог. Тийм ч учраас энэхүү бодлогын арга хэрэгслийг зөвхөн улс орнууд хэрэглээд зогсохгүй олон улсын агентлагууд ч бусад улс оронд тусламж өгөхдөө ашигладаг. Ингэснээр тухайн улсад үзүүлж буй мөнгөн болон мөнгөн бус тусламж нэн тэргүүний асуудлуудыг шийдэхэд чиглэж, үр дүнд нь өгч буй тусламж байгаа онох боломж бүрддэг байна.

Мянганы Хөгжлийн Корпорациас 2016 онд Монгол Улсын хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлсийн шинжилгээг хийж байв. Уг шинжилгээнд эдийн засгийн хувьд ГШХО тогтворгүй, бүтээгдэхүүний төрөлжилт бага, төсвийн алдагдал өндөр зэрэг асуудлуудыг онцолж байсан бол хууль эрх зүйн хувьд ГШХО татах сайн бодлогогүй, бодлого тааруу тул бизнес эрхлэх өртөг өндөр, төрийн ажилтнуудын тогтворгүй байдал бизнест хүндрэл учруулдаг, жижиг дунд бизнесийн тоо өгөгдөл байдаггүй тухай дурдаж байжээ. Мөн хөдөө аж ахуйн салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт бага, дэд бүтцийн хувьд гэр хорооллын усны хүрэлцээ хангалтгүй, Улаанбаатар хотын усны менежмент хангалтгүй гэсэн байна.

Сүүлийн 15 жилд Монгол Улсын хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлсийн талаар Дэлхийн Банк, Азийн Хөгжлийн Банк, Америкийн хөгжлийн байгууллага зэрэг олон улсын байгууллага хэд хэдэн шинжилгээ хийж, хязгаарлагч хүчин зүйлсийг багцлан харахыг оролдсон билээ. Үүнд эдийн засаг, тэр тусмаа уул уурхайн салбараас хамаарах хамаарал хамгийн ихээр давтагдсан асуудал байсан бол хууль засаглал буюу институц, хөдөлмөрийн зах зээл буюу ажилчдын бүтээмж, ажлын байр, боловсон хүчинтэй холбоотой асуудлууд удаалж байв.

Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг үндсэн дөрвөн хүчин зүйлс хязгаарлаж байгааг эдгээр судалгаанаас харж болно. Нэгдүгээрт, макро эдийн засгийн тогтворгүй орчин. Уул уурхайн салбарын өсөлтийг дагасан төсөв, мөнгөний бодлого хөөс-хагарал гэсэн мөчлөгийг үүсгэж ирсэн нь эдийн засгийн тогтвортой, олон тулгуурт өсөлтийг хязгаарлаж байна. Өөрөөр хэлбэл, төсвийн болон мөнгөний бодлого нь бизнесийн мөчлөгийн оргил, уналтын жилүүдэд нэг чиглэлд хэрэгжиж ирснээс эдийн засгийг тогтворжуулахгүй, савлуулах, хөгжлийг ухраах нөхцөл байдалд хүргэжээ.

Мөн эдийн засгийн суурь дэд бүтэц хангалтгүй, зах зээлтэй сул холбогдож байгаа нь хоёр дахь гол хүчин зүйл юм. Үе үеийн Засгийн газар уул уурхайн салбараас орж ирсэн орлогыг эдийн засгийн суурь дэд бүтцийг сайжруулахаас илүүтэй халамжийн бодлогод зарцуулж ирснээр эдийн засгийн бүтээмжийг дорвитой нэмэгдүүлж чадсангүй. Цахилгаан, дулаан, усан хангамжтай холбогдсон, найдвартай байдал болон үр ашиг нь эдийн засаг дахь бүтээмж, салбарын хөрөнгө оруулалтыг тодорхойлж байна. Түүнчлэн гадаад, дотоодын зах зээлд холбогдох тээвэр, логистик, мэдээллийн технологийн үйлчилгээний хүртээмж, зардал нь эдийн засгийн өсөлтийг хязгаарласан хэвээр байна. Тухайлбал, экспортын голлох бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар, нийлүүлэлтийн тоо хэмжээг олборлох үйлдвэрлэлийн хүчин чадал, технологи биш автомашин, төмөр замын тээврийн хүчин чадал, гаалиар нэвтрэх тоо, хугацаа хязгаарлаж байна. Дараагийн хязгаарлалт нь бизнесийн орчин юм. Хууль эрх зүйн орчин тогтворгүй, байнга өөрчлөгддөг болон авлига бүх түвшинд буурахгүй байгаа нь гадаадын хөрөнгө оруулагч, дотоодын бизнес эрхлэгчдийн нэн тулгамдсан асуудал болж байна.

Түүнчлэн төрийн бодлого, хуулийг хэрэгжүүлэх чадавх хангалтгүй, хуулийн хэрэгжилт, гүйцэтгэлийг хангуулах эрх зүйн чадамж сул, төрийн өмчит компаниудын зах зээл дээрх оролцооны үр дүн хангалтгүй, халамжийг хэт хавтгайруулан хөдөлмөрийн оролцоог бууруулсан нь зах зээлийн үр ашгийг багасгаж байна.

Уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны доройтол нь дөрөв дэх хязгаарлах хүчин зүйл юм. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт Монгол Улсад хүчтэй мэдрэгдэж, шуурга, үер, ган, зуд зэрэг байгалийн гамшиг үе үе тохиолдохын зэрэгцээ ой мод, усны эх үүсвэр хомстох, хөрс эвдэрч бэлчээр доройтох зэргээр байгалийн нөөц багасч байгаа нь хөдөө аж ахуйн салбарт томоохон сорилт болж байна. Тухайлбал, “Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал” судалгаагаар бэлчээрийн ургамлын гарц багасч, шим тэжээлтэй ургамлын хувь багасахын зэрэгцээ зуны халуунаас үүдэн мал бэлчих цаг багасч байгаа нь малын амьдын жин буурах, улмаар ашиг шим нь багасахад нөлөөлж буй. Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдол нь хөдөлмөрийн бүтээмжийг бууруулж, эдийн засгийн өсөлтийг хязгаарлах нэг хүчин зүйл болсон хэвээр байна.

Энэ бүх асуудлуудыг шийдэхэд хөрөнгө мөнгө ихээр хэрэг болох нь тодорхой. Гэвч гол асуудал нь санхүүжилт бус харин асуудлыг хэрхэн шийдэх арга барил буюу бодлого юм. Тиймээс ч хоорондоо уялдаагүй шахуу олон бодлого, төлөвлөгөөнүүдийг нэгтгэж хоорондын уялдааг сайжруулахын тулд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг 2020 онд баталсан билээ. Уг хуулийн онцлох нэг зүйл нь Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө бөгөөд уг төлөвлөгөө нь Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд суурилсан арга хэмжээнүүд болон бусад урт, дунд хугацааны бодлогыг дэмжиж буй богино хугацааны төлөвлөгөө болж байгаагаараа онцлог билээ. Ийнхүү бодлого төлөвлөлт нэгдсэнээр төсөв санхүүгээ ч мөн оновчтой зарцуулахад дөхөм болох юм. Уг төлөвлөгөөг 2021 онд Үндэсний Хөгжлийн Газар анх удаа боловсруулж байгаа тул төлөвлөгөөний хэрэгжилт хэрхэн гарах, хязгаарлагч хүчин зүйлсийг шийдэх ямар шийдвэр гарахыг харах л үлдэж байна.

 

 

 

Mongolian Economy