Хөгжлийн төлөө зүтгэх ёстой хоёр яам

B Shurenchimeg
2022-01-07 15:43:22
Ангилал: Цахим засаглал

Засгийн газрын өчигдрийн ээлжит бус хуралдаанаар Эдийн засаг, хөгжлийн яам болон Цахим хөгжил, харилцаа холбооны яамны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны дээд хязгаарыг баталлаа. Өдгөөгөөс яг нэг жилийн өмнө Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилогдож байсан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ойн босгон дээрээ хоёр яам нэмж, 16 яамтай боллоо.

Эдийн засаг, хөгжлийн яам

Сангийн сайд Б. Жавхлан, Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Х.Батжаргал нарын үүрэгт ажлыг хүлээлгэн өгөх арга хэмжээ өчигдөр болсон бөгөөд түүний дараагаар Сангийн сайд Б.Жавхлан хуучнаар Үндэсний хөгжлийн газрын албан хаагчидтай уулзаж, үүрэг, чиглэл өгсөн байна. Тэрбээр “Үндэсний хөгжлийн газрын нөөцөд суурилж тус яамыг байгуулж байгаа тул албан хаагчид ажилтайгаа танилцах, дадлагажих, туршлагажих зэрэг асуудал үүсэхгүй, цаг алдалгүй ажлаа эхлүүлэх бүрэн боломжтой” гэж онцлов.

                 Эдийн засаг, хөгжлийн яамны бүтэц, зохион байгуулалт

2022 оны төсвөөр Эдийн засаг хөгжлийн яаманд 4.39 тэрбум төгрөг төсөвлөжээ. Тус яам нь төсвөөс зарлагадаж буй мөнгө, төсвийн үрэлгэн байдлыг хянах, цаашлаад эдийн засгийн нэгдсэн бодлогыг улсын хэмжээнд тодорхойлж, хяналт тавьж уялдуулан чиглүүлэх учиртай.

Эхний нэг жил Үндэсний хөгжлийн газрын байранд үйл ажиллагаагаа явуулах бөгөөд тус агентлагийн албан хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ шинэ яам руу шилжин ажиллах аж.

Яам байгуулагдсаны дараа бүтэц зохион байгуулалтын талаар шүүмжлэлтэй хандаж буй хүмүүс байна. Ялангуяа макро эдийн засгийн бодлогыг хариуцах газар байх ёстой гэж үзэж буйгаа зарим хүн илэрхийлсэн. Тухайлбал, Эдийн засагч Д.Ган-ОчирЭдийн засаг, хөгжлийн яам нь макро эдийн засгийн бодлогын газаргүй байх хэрэг үү? Макро эдийн засгийн бодлого, хөгжлийн бодлого нь хоорондоо ялгаатай: зорилго, зорилт нь ялгаатай, хэрэгслүүд нь ялгаатай. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бодлогодоо эдийн засгийн бодлого нь агуулагдана гэж ойлгож байвал эндүүрэл” гэж бичсэн байв.

Цахим хөгжил, харилцаа холбооны яам

“Алсын хараа-2050” урт хугацааны бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Цахим Үндэстэн” болох зорилгыг дэвшүүлсэн. Үүний зэрэгцээ, Монгол Улсын Засгийн газар харилцаа холбоо, мэдээллийн технологийг эдийн засгийн тэргүүлэгч салбарын нэгээр зарласан. Шинээр байгуулагдаж буй яам “Цахим Үндэстэн” болоход чиглэсэн стратегийн зургаан зорилтыг (дижитал дэд бүтэц, цахим засаглал, мэдээллийн аюулгүй байдал, тоон бичиг үсгийн чадавх, инновац, үйлдвэрлэл, үндэсний хөгжлийн хурдасгуур) биелүүлэхэд чиглэн ажиллах аж.

Цахим хөгжлийг эрчимжүүлэх хууль эрхзүйн орчин бүрдэж эхэлсэн. Тиймээс батлагдсан хуулиудыг хэрэгжүүлэхтэй холбоотой дүрэм журмууд, бодлогын баримтлах чиглэл гаргах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

Түүнчлэн төрийн цахим үйлчилгээний нэгдсэн “e-Mongolia” системд нэмж 1000 гаруй үйлчилгээг оруулж, нэгтгэхийн зэрэгцээ 21 аймгийг цахимжуулах, төрийн үйлчилгээг цахимаар хэрхэн авах талаар иргэдэд зориулсан сургалт зохион байгуулахаар төлөвлөөд байгаа талаар шинэ яамны суурь болж буй Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас (ХХМТГ) мэдээлсэн.

Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд түр хариуцуулсан бол Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Болор-Эрдэнийг томилжээ. Тэрбээр ХХМТГ-ын даргын албыг хашиж байсан.

                                 Цахим хөгжил, харилцаа холбооны яамны бүтэц, зохион байгуулалт

2022 оны төсөвт Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд 1.86 тэрбум төгрөг төсөвлөсөн. Тус яам нь ХХМТГ дээр тулгуурлан байгуулагдаж байгаа бөгөөд архив, бичиг хэрэг, өмч хөрөнгө, хүний нөөц нь бүгд шинээр байгуулагдаж буй яам руу шилжинэ. Мөн тус агентлагийн байранд шинэ яам төвхнөнө.

Шинээр хоёр яам байгуулах тухай төслийг УИХ-аар хэлэлэцэх үед гишүүд байр сууриа ийн илэрхийлж байв.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:  Эдийн засгийн хөгжлийн яам улсын бодлогыг нэгтгэж, зангидах ёстой. Бүх яам, салбарын бодлогыг зангидах ёстой. Сангийн яамтай эрх, үүргийг нь давхардуулж болохгүй. Мөн сайдад нь давуу эрх өгөх ёстой.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Эдийн засгийн хөгжлийн яам  улс орны эдийн засгийг урт болон дунд хугацаанд хөгжүүлэх төлөвлөгөөтэй гаргах ёстой.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Энэ яам хүчтэй, чадалтай, эрх хэмжээтэй байх хэрэгтэй.  Эдийн засгийн хөгжлийн яам нь хөгжлийн бодлогоо гаргаж, Сангийн яам нь хэрхэн санхүүжүүлэхээ шийддэг бүтэц рүү орохгүй бол болохгүй.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Хөгжлийн яам хөгжлийн асуудлыг онцгойлж анхааран судалгаа, хэтийн төлөвлөлтөө хийх нь оновчтой болов уу. Эдийн засгийн хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам биш хөгжлийн асуудал, мэдээлэл технологи хариуцсан хоёр Шадар сайд бий болгоод, Ерөнхий сайдтай хамтарсан гурван тулгуураар авч явах нь зөв байх. Яам байгуулснаар асуудал сайжрахгүй шүү.

 

 

 

 

 

 

 

 

 

 

B Shurenchimeg