Хөрөнгө оруулагчдыг юу айлгадаг вэ?  

T.Amarjargal T.Amarjargal
2023-06-20 14:33:16
Ангилал: Эдийн засаг

Хөгжиж буй улс оронд хөрөнгө оруулахад улс төрийн тогтворгүй байдал нь хамгийн том саад болдгийг Олон улсын хөрөнгө оруулалтын өрсөлдөх чадварын судалгаанд онцолсон байна. Тодруулбал, тус судалгаанд хамрагдсан хөрөнгө оруулагчдын 75-аас дээш хувь нь ямар нэг байдлаар улс төрөөс хамааралтай эрсдэлд өртөж байсан талаараа дурджээ.

Ялангуяа хөгжиж буй орнуудын хувьд хөрөнгө оруулалтын хамгаалалтын баталгаа дутмаг байдаг нь хамгийн их санаа зовоож буй асуудал гэж тэд үзсэн байна.

Түүнчлэн судалгаанд хамрагдагсдын тал хувь нь бизнесийн үйл ажиллагаагаа эхлүүлэх, эсвэл үргэлжлүүлэхтэй холбоотой зөвшөөрөл авах үйл явц хөгжиж буй улсуудад удаашралтай гэж дүгнэжээ. Мөн зохицуулалтын гэнэтийн тааламжгүй өөрчлөлтүүд, урьдчилан таамаглашгүй нөхцөл байдал нь хөрөнгө оруулагчдыг эргэлзэхэд хүргэдэг хамгийн том шалтгаануудын нэг аж.

Хөрөнгө оруулагчдад тулгардаг улс төрийн эрсдэлүүд

Эх сурвалж: Олон улсын хөрөнгө оруулалтын өрсөлдөх чадварын тайлан 2018

Хөрөнгө оруулалтыг хамгаалах баталгаа дутмаг байх нь хөрөнгө оруулалтыг тогтоон үлдээх, мөн дахин хөрөнгө оруулалт хийх итгэлцэлд хамгийн хүчтэй нөлөө үзүүлдгийг ч тус судалгаанд дурджээ. Тодруулбал, дөрвөн хөрөнгө оруулагч тутмын нэг нь урьдчилан таамаглашгүй нөхцөл байдал, хууль эрх зүйн гэнэтийн өөрчлөлт болон зөвшөөрөл олгох процесс хүндрэлтэйн улмаас төлөвлөж байсан хөрөнгө оруулалтаа цуцлах, буцаан татах шийдвэр гаргадаг байна.

Судалгаанд хамрагдагчдын 13 хувь нь төр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас бизнест нь хүндрэл учирсан гэсэн бол тэдгээрийн 35 хувь нь ийм шалтгаанаас улмаас хөрөнгө оруулалтаа цуцалжээ.

Мөн таван хувьд нь хөрөнгө хураах явдал тохиолдсон бөгөөд үүнээс болж тэдний тал хувь нь хөрөнгө оруулалтаа цуцалсан байна.

Иймд, хөрөнгө оруулалтыг хамгаалахад анхаарч, хууль эрхзүйн орчин бүрдүүлэх нь нэгэнт орж ирсэн хөрөнгө оруулалтыг тогтоон үлдээх, шинээр татах, дахин урихад чиглэсэн цөм бодлого гэдгийг тус судалгаанд онцолжээ.

Манай улс ч мөн хөгжиж буй орнуудын адилаар шууд бусаар хөрөнгө хураасан шалтгаанаар  хөрөнгө оруулагчидтай маргаан үүсгэсэн хэд хэдэн тохиолдол бий. Тухайлбал, Дорнодын ураны орд газарт үйл ажиллагаа явуулж байсан Канад, Нидерланд, ИБУИНВУ-ын хөрөнгө оруулалттай “Хан ресурс” компани, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хэлунжианг” компани болон ОХУ-ын иргэн В.Паушок нарын Монгол Улсын эсрэг гаргасан маргаан нь шууд бусаар хөрөнгө хураахтай холбоотой байжээ.

Хөрөнгө оруулалтын аливаа маргаан нь хуулийн болон захиргааны үйл ажиллагаатай холбоотой өндөр өртөг зардал дагуулдаг учраас хөрөнгө оруулагчдын гомдлыг маргаан болохоос нь өмнө шийдвэрлэж, урьдчилан сэргийлэх нь нэн чухал юм. Олон улсын түвшинд гадаадын хөрөнгө оруулагч болон Засгийн Газрын хооронд үүссэн 100 гаруй маргааны үйл явцыг судлахад нэг маргааны шийдвэрлэлтэд дунджаар 3.6 жил зарцуулдаг болох нь тогтоогджээ.

Мөн захиргааны зардалд дунджаар 3.0 сая ам.доллар, нөхөн төлбөр, алдагдалд 10.4 сая ам.доллар зарцуулдаг байна.

Тийм ч учраас хөрөнгө оруулагчдын гомдлыг бүртгэх, мэдээлэл цуглуулах, эргээд хөрөнгө оруулагч нарт хариу мэдэгдэх зэрэг ажиллагааг хялбарчилж, цахим систем нэвтрүүлэхийг Дэлхийн банкнаас зөвлөсний дагуу манай улс SIRM системийг нэвтрүүлсэн. Ингэснээр 2019 оны зургадугаар сараас эхлэн төрийн байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас хууль ёсны эрх, ашиг, сонирхол, баталгаа зөрчигдсөн тохиолдолд гомдол гаргах боломж бүрджээ. Одоогоор гадаадын хөрөнгө оруулагчид уг системээр дамжуулан 20 гомдол ирүүлсний 30 хувь нь тусгай зөвшөөрөл, 20 хувь нь татвар, 25 хувь нь улсын бүртгэл, мэргэжлийн хяналттай холбоотой байна.

Монгол Улс дахь гадаадын хөрөнгө оруулагчдын SIRM системээр дамжуулан гаргасан гомдол
/2021 оны аравдугаар сарын 30-ны байдлаар/
Эх сурвалж: ҮХГ
Хөрөнгө оруулалтын орчны хүчин зүйлсийн үр нөлөө

Эх сурвалж: Олон улсын хөрөнгө оруулалтын өрсөлдөх чадварын тайлан 2018

Хөрөнгө оруулагчдын сэтгэл ханамжтай, баталгаатай байдал бол валютын урсгалын гол чиглүүлэгч. Хэрэв манай улс хөрөнгө оруулалтын таатай орчин бий болгож чадвал шинэ хөрөнгө оруулагч төдийгүй, өмнөх хөрөнгө оруулагчдаа ч ахин татах боломжтой. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр амжилттай явж буй хөрөнгө оруулагч тухайн улс дахь бизнесээ төрөлжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байдаг аж. Өөрөөр хэлбэл, бага нэмүү өртөг шингэсэн үйл ажиллагаанаас өндөр өртөг шингэсэн үйл ажиллагаа руу шилжин орох хандлагатай байдаг аж.

Дэлхийн Банк Группийн 2018 оны судалгааны тайланд хөгжиж буй орнууд хөрөнгө оруулалтыг тогтоон үлдээхийн тулд үр дүнтэй тогтолцоо бий болгох нь хамгийн чухал алхам болохыг  онцолсон байдаг. Гэсэн ч манай улсын хувьд Хөрөнгө оруулалтын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш хөрөнгө оруулалт хариуцсан институцийн бүтэц, зохион байгуулалт удаа дараа өөрчлөгдөн тогтворгүй явж ирсэн. Харин энэ удаад Эдийн засгийн хөгжлийн яамтай болж буй нь хөрөнгө оруулалтын орчныг бэхжүүлж, хариуцах эзэнтэй болгож буй түүхэн үйл явдал хэмээн албаныхан онцолж байна.

 

 

 

 

 

 

T.Amarjargal T.Amarjargal