Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны эрх зүйн орчин бүрдлээ
Монгол Улсад банкны салбарын реформ амжилттай хэрэгжиж байна.
Төв банкны тухай хуулиар Монголбанк банк, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг ханган ажиллах үүрэгтэй. Энэ чиг үүргийг биелүүлэхэд банкны хяналт шалгалт, зохицуулалтыг боловсронгуй болгох зайлшгүй шаардлагатай бөгөөд тус ажлыг бидний хувьд 3-5 жилийн хугацаатай дунд хугацааны стратегиар хэрэгжүүлж ирлээ. Энэ удаагийн стратеги нь банкны хувь эзэмшлийн бүтэц, хэлбэр, үйл ажиллагааны төрөлжилт зэрэг чиглэлээр томоохон хэмжээний өөрчлөлт оруулж, бодлогын шинж чанартай шинэтгэлийг хэрэгжүүлж буйгаараа онцлог юм.
Банкны салбарын дунд хугацааны шинэтгэлийн хөтөлбөрийг 2020 онд батлан хэрэгжүүлж, дуусгавар болох хуулийн хугацаа дөхөж байна. Энэ хугацаанд Монголбанк шинэтгэлийн хөтөлбөрөөр тодорхойлсон таван зорилтын хүрээнд банкийг хувьцаат компани хэлбэрээр өөрчлөн байгуулах, хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах, банкийг үйл ажиллагааны хувьд төрөлжүүлэх эрх зүйн орчныг бий болгох, банкны хяналт шалгалтын зохицуулалтын олон улсын стандарт, сайн туршлагыг нэвтрүүлэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд шинэтгэлийн хөтөлбөрийн 90 хувийг биелүүлсэн гэж хэлж болохоор байна.
Шинэтгэлийн хөтөлбөрийн дагуу хийсэн томоохон ажлуудаас дурдахад, банкны засаглалыг сайжруулан ил тод, нээлттэй, олон нийтийн хяналттай банкны тогтолцоог бий болгох ажлын хүрээнд 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-аар батлуулсан. Үүний дүнд 2022 оны байдлаар системийн нөлөө бүхий гэж тогтоогдсон Хаан, Худалдаа, хөгжлийн, Голомт, Хас, Төрийн банкууд нийт хувьцааныхаа 5-11 хувийг олон нийтэд санал болгож, IPO анх удаа гаргаж, нээлттэй хувьцаат компани хэлбэрээр өөрчлөн байгуулагдаад байна. Банкуудын санал болгосон нийт 443.5 тэрбум төгрөгийн хувьцаа бүхий анхдагч зах зээлийн арилжаанд олон нийтээс 725.5 тэрбум төгрөгийн захиалга ирүүлсэн. Харин системд нөлөө бүхий гэж тогтоогдоогүй Богд банк өөрийн санаачилгаар хувьцаагаа Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн биржид тус тус бүртгүүлж, хувьцаа нь олон нийтэд нээлттэйгээр арилжсан анхдагч банк болсон. Дотоодын банкууд ийнхүү хувьцаагаа гаргаснаар засаглалын тогтолцоо нь илүү сайжрахын зэрэгцээ өөрийн хөрөнгө нь нэмэгдэж, эрсдэл даах чадвар нь бэхэжсэн үр дүн ажиглагдаж байна.
Банкны засаглалыг сайжруулах зорилтын дараагийн томоохон ажил буюу банкны хувь эзэмшлийн төвлөрлийг 20 хувь хүртэл бууруулах шаардлага цаашид хэрэгжихээр хүлээгдэж байна. Ерөнхийдөө энэ оныг дуусахад шинэтгэлийн хөтөлбөрийг бүрэн биелүүлж, банкны салбарын тогтвортой, найдвартай байдлыг мэдэгдэхүйц бэхжүүлсэн байхаар тооцож байгаа юм.
Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны эрх зүйн орчин бүрдлээ.
Монгол Улсын Их Хурлаас 2023 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хуулийг баталж, мөн оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан. Уг хууль нь хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэшсэн, дотоодод хэрэгжих их хэмжээний санхүүжилт шаардагдсан төслүүдийг санхүүжүүлэх зорилго бүхий банкийг байгуулах зөвшөөрөл олгох, өөрчлөн байгуулах, татан буулгах, түүний үйл ажиллагааг хянан зохицуулах, үйл ажиллагааны хэм хэмжээг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулах зорилготой.
Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкийг дотоодын аливаа этгээд хаалттай хувьцаат компани, эсхүл хязгаарлагдмал хариуцлагатай компани хэлбэрээр, харин гадаадын банк, санхүүгийн байгууллага мөн хэлбэрээр өөрийн охин компани байхаар үүсгэн байгуулах боломжтой. Гадаадын банк, санхүүгийн байгууллага Монгол Улсад хөрөнгө оруулалтын чиглэлээр төрөлжсөн банк үүсгэн байгуулж үйл ажиллагаа явуулахыг Монголбанкны зүгээс бодлогын түвшинд дэмжиж байгааг энд онцлон хэлэх нь зүйтэй болов уу.
Аливаа хөрөнгө оруулагч, ялангуяа гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд их хэмжээний хөрөнгө оруулалт хийхдээ тухайн улсын зохицуулалтын тогтвортой, ил тод байдал буюу улсын эрсдэлийг чухалчлан авч үздэг. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулахаар судалж буй эдийн засгийн салбарын зохицуулалт тодорхой байх нь чухал юм. Иймээс Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтарч холбогдох журам, бодлогын баримт бичгүүдийг боловсруулах ажлын хэсгийг байгуулж, тэдгээр баримт бичгийг олон нийтэд танилцуулж, даруй батлахад онцгой ач холбогдол өгч байна. Эдгээр журам батлагдсанаар Монгол Улсын банкны салбарт хөрөнгө оруулалт хийх талаар үүсээд буй зарим тодорхойгүй байдлыг бууруулж, хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк үүсгэн байгуулах хүсэлтэй этгээдүүд, хөрөнгө оруулагчдыг банк үүсгэн байгуулах хүсэлтээ Монголбанканд ирүүлэх сэдлийг нэмэх, хөшүүрэг болно.
Монголбанк Fintech Regtech Global Awards 2023 шагналын эзнээр тодорлоо.
Монголбанк Central Banking институтээс шалгаруулсан “FinTech RegTech Global Awards”-ийн Түүчээлэгч шагнал (Pioneer Award)- ыг өнгөрсөн зургадугаар сарын 14-ний өдөр Лондон хотноо хүртлээ. Монголбанк банкуудаас тоон мэдээлэл, тайланг нэгдсэн хэлбэрээр өндөр давтамжтай цуглуулах их өгөгдлийн системийг суурилуулсан нь дэлхийн төв банкуудад түүчээлэгч ажил болсон тул уг шагналыг хүртэх болзлыг хангасан байна.
Энэхүү арга хэмжээ нь зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд төв банкууд, зохицуулагч байгууллагууд болон хувийн хэвшлийн технологийн шийдэл санал болгогч байгууллагуудын гаргасан технологийн дэвшлийг үнэлдэг билээ. Монголбанкнаас нэвтрүүлж буй их өгөгдлийн систем нь банкны салбарт мэдээллийн шинэ эрин авчрах, банкны салбарыг нийтэд нь хамарсан цогц системийн шийдэл буюу банкуудаас хүлээн авдаг 70 гаруй тайлан, 260 гаруй хүснэгтэн мэдээллийн агуулгыг нэгдсэн өгөгдөл цуглуулах загвараар хүлээн авна. Тус загварыг боловсруулахдаа хуулиар заасан чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд нийтэд үйлчлэх захиргааны акт, захиргааны хэм хэмжээний актууд, Статистикийн тухай хуульд заасан албан ёсны статистикийн мэдээллийг цуглуулах маягт, боловсруулах аргачлал, заавар болон олон улсын статистикийн ангилал код, стандарт, арга зүй буюу банкуудаас Монголбанканд ирүүлдэг мэдээллийн цар хүрээг баримталж боловсруулжээ. Уг систем нь банкуудын дамжуулах баазаас тоон гарын үсэг ашиглан тоон мэдээллийг хүлээн авахын зэрэгцээ өгөгдөл цуглуулахаас эхлээд хувиргах, боловсруулах, түгээх, ашиглах хүртэлх бүхий л үйл явц нь автоматжсан байх бөгөөд хүний оролцоо багатай байна.
Их өгөгдлийн систем нэвтэрснээр Монголбанк болон банкууд системийн хэмжээний тоо мэдээллийг харилцан нийцтэй, түргэн шуурхай, цаг хугацааны хувьд хоцрогдол багатай хангах, бодлого боловсруулалтад машин сургалт, хиймэл оюун ухаан зэрэг дүн шинжилгээний орчин үеийн шинэ арга хэрэгслүүдийг нэвтрүүлэх боломж бүрдэнэ.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн
Эдийн засгийн форум 2023 тусгай дугаараас