Хөрөнгө оруулалт хүлээсэн уул уурхай

Mongolian Economy
2023-09-14 12:48:14

Уул уурхайн нөөц, баялаг нь эдийн засаг, нийгмийн хөгжилд түлхэц өгч, түшиг тулгуур болдог гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ. Монгол Улсын эдийн засагт уул уурхайн салбар голлох байр суурь эзэлдэг. ДНБ-ий 25, экспортын орлогын 90, төсвийн орлогын 30 гаруй хувийг уул уурхайн салбар бүрдүүлж байна. Монголд эргэлдэж буй дөрвөн төгрөг тутмын нэг, экспортын 10 бараа бүтээгдэхүүний ес нь байгалийн баялаг байна.

Манай улс уул уурхайн арвин нөөц, баялагтай, дэлхийд дөрөвт эрэмбэлэгддэх зэсийн уурхайтай, дэлхийн хамгийн том хэрэглэгч Хятад улстай хил залгаа оршдог, залуу чадварлаг, боловсролтой боловсон хүчинтэй зэрэг олон давуу талтай. Мөн нийт ажиллах хүчний таван хувь нь уул уурхайн салбарт ажиллаж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулалтын 70 гаруй хувийг тус салбар дангаар эзэлж байна. Монгол Улсыг Олон Улсын Валютын Сангаас байгалийн баялаг ихтэй, хөгжиж буй 29 орны нэгээр тодорхойлсон.

Уул уурхайн үйлдвэрлэл нь барилга, тээвэр, агуулахын үйл ажиллагаа, мэдээллийн холбоо, цахилгаан, эрчим хүч зэрэг салбарын үйлдвэрлэлд эерэг нөлөөтэй байгаа нь уул уурхайн үйлдвэрлэл хөгжихөд дэд бүтцийн салбарууд дагаад хөгждөг болохыг харуулж байгаа юм. Тиймээс Засгийн газраас уул уурхайн салбарыг хөгжүүлэх, хайгуул, олборлолтыг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих бодлого баримталж байна.

Мөн гадаадын хөрөнгө оруулалт татах эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, дэд бүтцийг бий болгох, экспортын боомт, гарцуудыг нэмэх, хүчин чадлыг

2023 оны эцэст уул уурхайн салбар 15 орчим хувиар өсөх хандлагатай байна

сайжруулах үйл ажиллагааг “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлж буй.

Энэ хүрээнд Засгийн газраас гаалийн бүрдүүлэлтийг автоматжуулах, баяжмалын шинжилгээний тогтолцоог шинэчлэх, хүнээс хамааралгүй, ил тод болгох, олборлолтын үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх, түүхий эдийн борлуулалтыг уул уурхайн биржээр дамжуулан зах зээлийн ил тод тогтолцоонд шилжүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж байна. 2023 оны эхний гурван сарын байдлаар хилийн боомтууд дээр хийж буй өргөтгөл, шинэчлэлийн ажлуудын үр дүнд нүүрсний экспорт 45 сая тоннд хүрч, нийт экспорт 12.8 орчим тэрбум ам.долларт хүрэх хүлээлттэй байна.

Энэ бүх авч хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүнд уул уурхай, тээврийн салбарын үйлдвэрлэл нэмэгдсэнээр 2024 онд эдийн засаг 6.5 орчим хувиар өснө гэж шинжээчид үзэж байна. Мөн Оюу Толгойн гүний уурхайн үйлдвэрлэл эрчимжсэнээр уул уурхай болон тээврийн салбар эдийн засгийн нийт өсөлтийн гуравны нэг орчмыг бүрдүүлэх төлөвтэй.

Экспортын бүтээгдэхүүний гэрээнүүд болон олборлолтоос экспорт хүртэлх бүх шатны худалдан авалтын мэдээллийг цахим системд бүртгүүлж, экспортын биет хэмжээг цар тахлын өмнөх буюу 2019 оны түвшинд хүргэх зорилтыг хангаснаар 2023 оны эцэст уул уурхай болон тээврийн салбар тус бүр 15 орчим хувиар өсөж, нийт эдийн засгийн өсөлтийг голлон дэмжинэ гэдгийг салбарынхан онцолж буй.

Харин 2022 онд Монгол Улсын экспорт өмнөх оны мөн үеэс 35.7 хувиар өсөж 12.5 тэрбум ам.долларт хүрэхэд нүүрс 3.7 тэрбум ам.доллароор өссөн нь голлох нөлөө үзүүлжээ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас гадаад,  дотоодын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг тууштай хамгаалах, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг олгож эхлэхээр зэхэж буй. Ингэхдээ эрх олгох процессыг хөнгөвчлөх, хүртээмжтэй, оновчтой болгохоор зорьж байна. Мөн ашигт малтмалын томоохон ордуудыг ашиглалтад оруулахад бүх талын дэмжлэг үзүүлэх, ногоон хөгжлийн бодлоготой хөл нийлүүлнэ гэдгээ мэдэгдсэн.

Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ), Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам хамтран хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэхээр уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчны судалгааг Олон улсын судалгааны “Адам Смит интэрнэйшнл “компаниар хийлгүүлсэн аж. Уул уурхайн хөрөнгө оруулалтын орчны судалгаанд оролцогчдын 79 хувь нь Монгол Улс ашигт малтмалын нөөц арвин учраас хөрөнгө оруулахад бэлэн гэж хариулжээ.

БНХАУ-ын “Сhina-briefing” сайтад бичсэн Монголын уул уурхайн салбарын талаарх нийтлэлд “Монгол Улсын эдийн засаг, уул уурхайн салбар нь ашигт малтмалын арвин нөөц, хурдацтай хөгжиж буй эдийн засгаа ашиглах хүсэлтэй хөрөнгө оруулагчдад асар их нөөц бололцоотой. Хэдийгээр улс төрийн тогтворгүй байдал, дэд бүтцийн хязгаарлалт зэрэг саад тотгорууд байгаа ч Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад анхаарч байгаа нь улс орны байгалийн баялаг, стратегийн байр суурьтай хослуулан хөрөнгө оруулалтын сонирхол татахуйц газар болж байна” гэж онцолжээ.

Нүүрсний экспорт 45 сая тоннд хүрч, нийт экспорт 12.8 орчим тэрбум ам.долларт хүрэх хүлээлттэй байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн төлөөлөл, бизнес эрхлэгчидтэй уулзах үеэрээ “Цаашид уул уурхайг дангаар нь бус аж үйлдвэржилттэй хамтад нь хөгжүүлэх цаг болсон” гэдгийг онцлон хариуцлагатай уул уурхайн суурь зарчмыг баримтлан аж үйлдвэржилт рүү эрчимтэй орохыг уриалсан юм.

Цаашид Монгол Улсад ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа нэмэгдэх хандлагатай байгаа тул геологи хайгуул, өрөмдлөг болон бусад үйл ажиллагаатай холбоотой үйлчилгээний эрэлт нэмэгдэхээр байна. Мөн Монголын уул уурхайн компаниуд уурхайн талбайн бүтээмж, үр ашгийг дээшлүүлэхийн зэрэгцээ зардлаа бууруулахыг эрмэлзсээр ирсэн. Тиймээс Канадын болон бусад улсын уул уурхайн үйлчилгээ, ханган нийлүүлэгч компаниуд уул уурхайн талбайн бүтээмжийг сайжруулах шийдлүүдийг манай улсад санал болгох боломжтой.

Монголын Засгийн газраас уул уурхайн салбарын үйлдвэрлэл, олборлолтыг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалт татах хүрээнд цогц олон арга хэмжээ хэрэгжүүлж байгаагийн нэг нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох ажлыг эрчимжүүлэх юм. Уг ажлыг эрчимжүүлснээр олон том ордыг шинээр нээн илрүүлж, уул уурхайн шинэ төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг нэмэгдүүлэнэ.

Үүнийг дагаад гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, ажлын байр нэмэгдэж татвар хураамж хэлбэрээр улсын төсөвт төвлөрөх орлого нэмэгдэнэ. Худалдан авах ажиллагааны газрын tender.gov.mn платформыг ашиглан цахим хэлбэрээр нээлттэй явуулах боломжийг бүрдүүлж буй нь шинэчилсэн журмын гол өөрчлөлт. Аливаа зүйл ил тод нээлттэй байх нь шударга өрсөлдөх боломжийг бүрдүүлнэ гэж үзэж буй.

УИХ-аас ил тод, хариуцлагатай уул уурхай, баялгийн шударга хуваарилалтын зарчмыг хэрэгжүүлэх, эрдэс баялгийн бүтээгдэхүүний гадаад, дотоодын зах зээл дээрх борлуулалтыг нээлттэй, оновчтой, өндөр үр ашигтай, зах зээлийн зарчимд нийцсэн аргаар хийх, шударгаар үнэ тогтооход чиглэсэн бодлого, чиглэлүүдийг гарган ажиллаж байгаа. Энэ хүрээнд хийсэн томоохон ажлуудын нэг бол Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталсан явдал юм. Засгийн газрын 2022 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 466 дугаар тогтоолоор баталсан “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ын дагуу нүүрсний арилжаанд оролцогч талууд нүүрс худалдах болон худалдан авах сонирхол бүхий этгээдүүдийг оролцуулсан туршилтын дуудлага арилжааг 2023 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр амжилттай зохион байгуулсан.

Уул уурхайн сайдын өгүүлснээр эхний ээлжид нүүрсний экспортын 20 хувийг биржээр явуулж, цаашид цахим биржийн худалдаа руу бүхэлдээ шилжинэ. Хөрөнгийн биржээр нүүрсийг арилжаалж эхэлснээс хойших гурван сарын хугацаанд УУХҮЯ, Монголын хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан доод үнэ буюу анх дуудсан үнээс 12.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэж зарагдсан нь маш сайн үзүүлэлт гэдгийг тэрбээр онцолсон.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар “Боомтын хүчин чадлаас шалтгаалж ийнхүү шат дараатай арилжиж, бусад улсын жишгээр ил тод чөлөөт өрсөлдөөний дагуу нүүрсээ биржээр худалдаж байна. Цаашид зэс, жонш, төмөр зэрэг бүх металлын худалдааг цахим биржээр хийх боломжтой. Үүнийг ирэх гурван жилдээ багтааж хэрэгжүүлнэ” хэмээн ярьсан.

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахуйц стратегийн томоохон ордууд манайд олон бий. Тэдгээрийн нэг бол Булган аймгийн Тэшиг суманд орших Тавтын алт, мөнгөний орд. Тавтын ордыг 1986-1988 онд Оросын геологичид нээж, 130 тонн алтны хүдэр, 370 тонн мөнгө болон их хэмжээний зэсийн

Манай улсад гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахуйц стратегийн томоохон оруудууд олон бий

нөөцтэй гэж тухайн үед тооцоолжээ.

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд эдийн засгийн эргэлтэд оруулахаар Засгийн газраас зүтгүүлж буй ордуудын нэг нь Асгатын мөнгөний орд. Тус ордыг УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий ордод хамруулсан. Олон улсын судалгаанаас үзвэл, мөнгөний үнийн таамаглал өөдрөг байгаа бөгөөд 2030 он хүртэл мөнгөний хэрэглээ өсөх хандлагатай байгаа юм.

Асгатын мөнгөний ордын хэмжээнд 1986 оноос явуулсан геологийн судалгааны ажлын үр дүнд 25 метр квадрат талбайд тархсан, дунджаар гурван км урт, 80 метрийн өргөнтэй 15 хүдрийн бүс илэрч, нөөцийг нь 26.9 сая тонн хүдэр, 7369 тонн мөнгөтэй гэж тогтоож байсан аж. Үүнээс үйлдвэрлэлийн аргаар ашиглах 2566 тонн мөнгө агуулсан 8.2 сая тонн хүдрийн нөөц бэлэн гэсэн судалгаа гарч байв. Нэмэлт судалгаагаар үлдсэн нөөцийг үйлдвэрлэлийн зэрэгт шилжүүлэх бүрэн боломжтой гэж геологичид мэдээлдэг. Энэ мэт хөрөнгө оруулагчдад сонирхуулах төсөл ганц хоёроор хязгаарлагдахгүй олон байгааг тэмдэглэе.

Хайгуулын шатнаасаа ашиглалт хүртлээ амжилттай хэрэгжсэн төслийн сайн жишээ ч бий. Мэдээж Оюу толгой бол хамгийн том, мега төсөл бөгөөд хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтын өгөөжөө хангалттай хүртэж чадахаар байгааг судлаачид онцолдог. Оюу толгой нь гадаадын хамгийн том хөрөнгө оруулалт төдийгүй, Монгол Улс гуравдагч хөрш оронтой анх удаа бие даан хэрэгжүүлж буй эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэх түүхэн төсөл юм. Өнгөрсөн гуравдугаар сард болсон Оюу толгойн гүний уурхайн олборлолтын нээлтийн үеэр “Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм “Дэлхийн түвшний дэвшилтэт технологийн уурхайгаас олборлосон зэсээр бид ирээдүйд нүүрстөрөгчийн ялгарал, шингээлтийг тэнцвэржүүлж, “Рио Тинто”-гийн зэсийн бизнесийг тэлж, Монгол Улсад үр шимийг бий болгоно” гэж хэлсэн юм.

Гадаадын маш том хөрөнгө оруулалттай Оюу толгой төслийн араас амжилтын буухиаг үргэлжлүүлэх “Занаду Майнз”-ын Хармагтай, “Эрдэнэ Ресурс”-ийн “Хөндий” зэрэг төсөл бий. Монгол Улсын хувьд гадаадын хөрөнгө

Үйлдвэрлэлийн аргаар ашиглах 2566 тонн мөнгө агуулсан 8.2 сая тонн хүдрийн нөөц бэлэн гэсэн судалгаа гарч байв. 

оруулалт татах хамгийн боломжтой нь уул уурхайн хайгуулын салбар юм. Одоогоор Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн найман хувьд тусгай зөвшөөрөл олгосон. Цаашид энэ хувь хэмжээг нэмэгдүүлэх, улмаар доод тал нь 15-20 хувьд хүргэхээр төлөвлөж байна. Үүгээр дамжуулан хайгуулын салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалт татах бодлого баримталж буй. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар Геологийн салбарын улсын зөвлөгөөний үеэр “Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх явдал бол манай Засгийн газрын бодлогын цөм нь бөгөөд салбарын дотоод, гадаадын хөрөнгө оруулагчидтай нээлттэй хамтран ажиллаж, эрх ашгийг нь хуулийн хүрээнд хамгаалж, салбартаа “төр, хувийн хэвшлийн түншлэл”-ийн зарчмыг өргөжүүлэх бодлогыг баримтлан ажиллаж байна” гэж онцолсон.

Энэ бүхнээс харахад Монголын уул уурхай, хайгуул геологийн салбар гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалт татах эрх зүйн таатай орчныг бүрдүүлж, хүнд сурталгүй, хариуцлагатай байдлыг зарчмаа болгон хөгжлийн дараагийн шинэ шатанд гарахаар хичээж байна гэж хэлж болохоор байна.

Mongolian Economy