Цаасгүй худалдаа ба луугийн хаялга

Mongolian Economy
2020-07-20 10:06:35
Ангилал: Эдийн засаг

Монголчууд бид хэрэглэгч улсаас үйлд­вэрлэгч орон болохоор арга ухаанаа олж ядахуйд өмнөд хөрш үйлдвэрлэгчээс ху­далдан авагч гэсэн статуст шилжиж байгаа нь даажинтай ч гэмээр. Аль аль нь Манж Чин улсын дарлалаас гарсны дараах ороо бусгаа цаг үеийг даван туулж, хөгжлийн бараг л ижил гараанаас хөдөлсөн. Гэтэл өнөөдөр нэг улс нь үйлдвэржилт, хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт, ард иргэдийн амьжиргаа, боловсролын түвшин, хэрэглээгээр дэлхийд тэргүүлж эхэлжээ.

Дэлхийн даяараа Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалыг хөгжлийн жанжин шугамаа болгож, түүчээлэхийг хичээж байна. Тэгвэл монголчууд бидэнд үүнээс гадна 1.35 тэрбум хүн амтай чинээлэг зах зээл гэсэн хөгжлийн өөр нэг боломж үүдээ дэлгэжээ. Аж үйлдвэрийн өмнөх хувьсгалууд болон 2000 оны эхэн үед эрчээ авсан интернэтийн эрин үеийн дот комын хөөсрөлийн боломжуудаас бид хоцорсон байж болно. Харин энэ цаг үед хэн илүү технологийн чадавхтай нь илүү үнэ цэн бүтээх боломж нээгдэж буй. Тиймээс хоцрох эрх бидэнд байхгүй. Улс орон бүр цахим худалдааг экспортоо, бизнес эрхлэлтээ дэмжих боломж гэж харж, хөгжүүлэхэд ихээхэн анхаарч байгааг ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал Т.Батцэцэг онцолсон юм.

Дэлхийн худалдааны хамгийн том тоглогч болох өмнөд хөршийн цахим худалдаа 2018 оны байдлаар 31.63 их наяд юаньд хүрснийг China Daily сонин мэдээлжээ. China’s international big data industry экспогоос гаргасан тоо баримтаас үзвэл 2018 онд тус улсад есөн их наяд гаруй онлайн худалдаа хийгдсэн бөгөөд төлбөр тооцоо нь 200 их наяд юанийг давсан байна. Харин хил дамнасан цахим худалдааны хэмжээ 134.7 тэрбум ам.долларт хүрчээ. Шанхай хотод сүүлийн гурван жил олон улсын худалдааны чиглэлээр ажиллаж буй “MIM Global” компанийн захирал Б.Золцэнгэл “Хятадын цахим худалдааны орчин саяхныг хүртэл хуульгүй явж ирсэн. 2018 онд баталсан хууль нь нэлээд шүүмжлэл дагуулж байгаа бөгөөд одоогоор цахим худалдааны хууль эрх зүйн орчин бүрэн тодорхой болоогүй учраас бусад улс төдийгүй манай бизнес эрхлэгчдийн хувьд сорилт болно” гэв.

Хятад улс бүх муждаа хил дамнасан цахим худалдааны хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нь цахим худалдааг хөгжүүлэх олон бодлогын нэг нь юм. Гэтэл бид өмнөд хөрштэйгээ 13 боомтоор хиллэдэг атал зөвхөн нэг боомт дээр хил дамнасан цахим худалдааны хамтын ажиллагаа өрнүүлж байна. ӨМӨЗО-ны Баяннуур хотын төлөөлөгчийн газартай МҮХАҮТ хамтран “Хил дамнасан цахим худалдаа E-экспорт” төсөл эхлүүлсэн. Уг төсөл манай бизнес эрхлэгчдэд тус хотын “Хө Тао” цахим худалдааны платформыг түшиглэн бараа бүтээгдэхүүнээ өмнөд хөрш, цаашлаад Зүүн өмнөд Азийн орнуудын зах зээлд дөт зам, шинэ гарцаар нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм. Өөрөөр хэлбэл, эл том зах зээлд нэвтрэхэд манай бизнес эрхлэгчдэд хамгийн их тулгардаг экспортын судалгаа, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, тээвэр ложистик, хил гаалийн бүрдүүлэлт зэрэг бэрхшээлийг нэгдсэн журмаар шийдэж өгч буйгаараа давуу талтай.

Бид өмнөд хөрштэйгээ 13 боомтоор хиллэдэг атал зөвхөн нэг боомт дээр хил дамнасан цахим худалдааны хамтын ажиллагаа өрнүүлж байна.

Харамсалтай нь, улсын хэмжээнд хэрэгжиж буй бодлого байхгүй. Худалдаа, эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын хамгийн том түнш орны зах зээлд өрнөж буй тэрхүү том давалгаа, бодлогын өөрчлөлтийг мэдэрч хэрэгжүүлсэн ажил бидэнд даанч алга. НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын тооцоогоор хил дамнасан цаасгүй худалдааг бүрэн нэвтрүүлснээр тус бүс нутагт худалдааны зардлыг 25 хувь бууруулж, 1.2 их наяд ам.доллар хэмнэх аж.

Энэ талаар Т.Батцэцэг “Цаашдын хандлага бол худалдааны бичиг баримт бүрдүүлэхэд гааль, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын оролцоо хязгаарлагдаж, бүх мэдээллийг цахимаар солилцож, улмаар бага эрсдэлтэй гэж үзсэн бараа бүтээгдэхүүнийг Монгол Улсын хилээр шууд нэвтрүүлж, эрсдэлтэй байх магадлалтайд нь илүү хяналт тавих юм. Далайд гарцгүй орнуудад тулгардаг худалдааны саад хязгаарыг цахим худалдаа мэдэгдэхүйц бууруулдаг. Гэвч Монголд цахим худалдааны эрх зүйн орчин хараахан бүрдээгүй. Цахим худалдааны болон мэдээллийн аюулгүй байдлыг хангах хууль зэрэг холбогдох эрх зүйн баримт бичгүүдийг батлах зэргээр төр засаг идэвхтэй ажиллах шаардлагатай” гэв. 

Хэдийгээр өмнөд хөршийн цахим худалдааны орчин төлөвшөөгүй байгаа ч тус улсад бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэхээр дэлхий тэр чигтээ өрсөлдөж байна. Тиймээс ч өмнөд хөрш импортын шалгуураа сүүлийн хэдэн жилд чангатгаж, стандартаа шинэчилж буй. Өөрөөр хэлбэл, монголчууд бид тэрхүү стандарт, шаардлагатай нь өрсөлдөнө гэсэн үг. БНХАУ манай улсын худалдааны хамгийн том түнш боловч бидэнд тус зах зээлд нэвтрэхэд хорио цээр, стандарт, импортын татвар зэрэг хаалт байсаар ирсэн. Нэгдсэн зохион байгуулалтгүй, хууль журмыг нь мэдэхгүйгээс Монголын бизнес эрхлэгчид хожихоосоо илүү алдагдалд орох тохиолдол их байв. Харин сүүлийн жилүүдэд энэ бүхнийг даван туулж, хоёр талын бизнес эрхлэгчид ойртон нягтрахад төрөл бүрийн үзэсгэлэн, экспо чухал үүрэг гүйцэтгэж байна. МҮХАҮТ-ын мэдээллээр 2015 онд болсон “Хятад, Монголын анхдугаар экспо” арга хэмжээнд Монгол Улсаас 251 аж ахуйн нэгж оролцож 1.2 сая юанийн, хоёрдугаар экспод 400 компани нийт 6.2 сая юанийн борлуулалт хийжээ. Харин гурав дахь удаагийн экспод Монголын 450 бизнес эрхлэгч оролцож 2.7 тэрбум төгрөгийн орлого олсон байна.

Уул уурхай, эрчим хүч зэрэг томоохон салбараас гадна хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн импортлох, Монголд энэ чиглэлийн үйлдвэрүүдэд хөрөнгө оруулах сонирхол их байдгийг МҮХАҮТ-ийн орлогч дарга Б.Намжилсүрэн онцолсон. Тиймээс өмнөд хөршийн бизнес эрхлэгчид Монголтой маш сайн хамтран ажиллахыг эрмэлздэг ч хөрөнгө оруулалтын орчин таагүй, улс төр тогтворгүй, төр засгийн бодлого шийдвэр байнга солигддог нь бизнесийн хамтын ажиллагаанд ихээхэн саад тээг болдог байна. Уг нь хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих зах зээлийн орон зай бий. Монголд малын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа шиг өмнөд хөршид ч органик хүнсний зах зээл жил ирэх тусам тэлж буй. АНУ-ын Research & Markets-ын судалгаагаар өмнөд хөршийн органик хүнсний зах зээлийн жилийн өсөлт дунджаар 15 орчим хувь байх бөгөөд 2024 онд хоёр тэрбум гаруй ам.долларт хүрэх аж. Цаашдаа ч өсөн нэмэгдэнэ.

2050 он гэхэд тус улсын хүн амын гуравны нэг нь 60 ба түүнээс дээш насныхан болох хэтийн төлөв гарсан нь органик болон эрүүл хүнсний зах зээлд хамгийн том орон зай эзэлнэ. Түүнчлэн дундаж давхаргын интернэт хэрэг­лээ, боловсролын түвшин сайжирч бай­гаа нь органик бүтээгдэхүүний сон­голт нэмэгдэх нэг шалтгаан болж буй. Энэ бүхнээс гадна Хятадын удирдлага хүнс­ний аюулгүй байдалд гойд анхаарч, органик хүнсний хувьс­гал эхлүүлсэн. Тиймдээ ч тус улсын органик хүнсний шалгуур Европын холбооныхоос өндөр байна. “Европт бүтээгдэхүүний орцын 70-аас дээш хувь органик байвал батламж олгодог бол Хятадад 90 хувиас дээш байх шалгуур тавьдаг” гэж “MIM Global” компанийн захирал Б.Золцэнгэл өгүүлэв.

Нөгөө талаар, Хятадын зах зээлд “органик” бүтээгдэхүүн борлуулах нь маш том маркетинг бөгөөд маркетингийн зардлыг асар их хэмнэх бололцоотойг худалдааны мэргэжилтнүүд хэлдэг. Гэвч Монголын хөдөө аж ахуйн гаралтай хүнс органик байлаа ч Хятадын Хүнс, эмийн захиргааны шалгуурыг хангах бизнес эрхлэгч манайд хэр олон байна вэ гэдэг нь гол асуудал болж буй. Хятадын зах зээлд гарна гэдэг дэлхийн үйлдвэрлэгчидтэй л өрсөлдөнө гэсэн үг. Шошго, сав баглаа боодол, маркетинг, хилийн хорио цээр, мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагаа гээд олон асуудлыг шийдсэний дараа хаяа дэрлэн оршдог аварга луугийн хаялга монголчуудад ирэх нь лавтай.

Mongolian Economy