Цай Вэньруй: Хятад-Монголын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаанд саруул ирээдүй бий

B Shurenchimeg
2023-06-23 15:57:57

Ковид-19 цар тахлын улмаас дэлхийн эдийн засгийн сэргэлт удаашралтай байгаа хэдий ч Хятадын эдийн засаг тогтвортой сэргэж буйн зэрэгцээ гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО) эрс өссөн байна. Мөн Азийн хамгийн том хөрөнгө оруулагч улсын тэргүүн эгнээнд БНХАУ бичигддэг. Тиймээс гадаадын хөрөнгө оруулалт татах сайн туршлага болоод Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин нөхцөлийн талаар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд  Цай Вэньруйтай “Mongolian Economy” ярилцлаа. 

-Сэтгүүлийн маань урилгыг хүлээн авч ярилцлага өгч буй Элчин сайд танд талархал илэрхийлье. БНХАУ гадаадын хөрөнгө оруулалт татаж буй үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлэх байр суурь эзэлдэг. Тухайлбал, 2020 онд АНУ-ыг давж хамгийн их гадаадын шууд хөрөнгө оруулалт татсан улс болсон (эх сурвалж: UNCTAD). Хөрөнгө оруулалт ийн татаж буй БНХАУ-ын “нууц” нь юунд оршиж байна вэ? 

2020 онд БНХАУ-ын гадаадын хөрөнгө оруулалтыг бодитоор ашигласан тоо хэмжээ 144 тэрбум 370 сая ам.доллар болсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.5 хувиар өссөн үзүүлэлт юм. 2021 оны нэгээс арваннэгдүгээр сар хүртэл БНХАУ-ын гадаад хөрөнгө оруулалтын бодит хэрэглээ 157.2 тэрбум ам.доллар болсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 21.4 хувиар өссөн. 

Хятад улсад гадаадын хөрөнгө оруулалт татах үндсэн зургаан давуу тал бий. Нэгдүгээрт, нийгэм, улс төрийн тогтвортой байдал, хөрөнгө оруулалтын орчныг тасралтгүй сайжруулж, гадаадад нээлттэйгээр хөгжих боломжийг тасралтгүй өргөжүүлж байна. Хоёрдугаарт, Хятад улс дэлхийн үйлдвэрлэлийн төв болж, орчин үеийн үйлчилгээний салбарын эрэлт хэрэгцээ  маш их нэмэгдсэнтэй холбоотой.

Гуравдугаарт, зам тээвэр, харилцаа холбоо зэрэг орчин үеийн дэд бүтэц маш сайн хөгжсөн. Зарим салбарын үйлчилгээ өндөр хөгжилтэй орнуудын түвшинд хүрсэн нь үйлчилгээний аутсорсинг хөгжүүлэх сайн бааз суурь болдог. Дөрөвдүгээрт, Хятадын макро эдийн засгийн өсөлт хурдацтай байна. 

Манай улс гадаадын хөрөнгө оруулагчдад шударга, эрх тэгш байдлыг хангах бүрэн баталгаа өгдөг.

Тавдугаарт, гадаадын хөрөнгө оруулагчид том зах зээлийг сонирхох нь нэмэгдэж байна. Судалгаанаас харахад гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн 90 гаруй хувь нь Хятадын зах зээл рүү чиглэж “Хятад улсад, Хятадын зах зээлд” гэсэн зорилт тавин ажиллаж байна. Манай улсын 1.4 тэрбум хүн амын 400 гаруй сая нь дундаж давхаргад хамаардаг бөгөөд иргэдийн хэрэглээний зах зээлийн цар хүрээ, өсөлтийн чадавхыг юутай ч зүйрлэшгүй. Үүнээс гадна манай улсын үйлдвэрийн байгууламжуудын иж бүрэн дэд бүтэц, хүний нөөцийн хангалттай байдал зэрэг цогц давуу тал нь Хятад улсыг сонирхох гадаадын хөрөнгө оруулагчдын тоог өдрөөс өдөрт нэмсээр байна.

Зургадугаарт, гадаадын хөрөнгө оруулагчдын Хятад улсад итгэх итгэл, хүлээлт тогтвортой байдаг. Гадаадын хөрөнгө оруулалттай 3000 гаруй аж ахуйн нэгжийн 93.3 хувийнх нь ирээдүйн хөгжлийн хэтийн төлөв өөдрөгөөр харагдаж буйг БНХАУ-ын Худалдааны яамнаас хийсэн санал асуулгын дүн харуулж байгаа.

-Хятадын хөрөнгө оруулалт, бизнесийн эрх зүйн орчин ойрын тав, арван жилийн хугацаанд таатай байна гэж Дэлхийн банкны тайланд дурдсан. Гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд хууль, эрх зүйн орчныг хэрхэн бүрдүүлсэн бэ?

-Манай улс гадаадын хөрөнгө оруулагчдад шударга, эрх тэгш байдлыг хангах бүрэн баталгаа өгдөг. Хоёрдугаарт, гадаадын хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах тал дээр сайн ажилласан. Мөн үйлчилгээний механизмыг илүү боловсронгуй болгож байна. Манай улс XIII таван жилийн хугацаанд гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, түүнийг хэрэгжүүлэх журам, бизнесийн орчныг сайжруулах журам болон бусад дагалдах хууль тогтоомжийг баталж, хэрэгжүүлсэн. Бизнесийн орчныг таатай болгох хууль, эрх зүйн баталгаа болохын зэрэгцээ тусгай зөвшөөрлийг цөөлөх, хяналтын тогтолцоонд инновац оруулах, чанарын өндөр түвшний үйлчилгээ үзүүлэх гэсэн шат дараалсан арга хэмжээг авч байна. 

-БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс 2019 онд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах тухай 722 тоот тогтоолыг баталж, 2020 оноос мөрдөж эхэлсэн. Эл хуулийн гол онцлох шинэчлэлүүд юу вэ?

Хууль нь нийт зургаан бүлэг 42 зүйлтэй, БНХАУ-ын нутаг дэвсгэр дээр шууд болон шууд бусаар гадаадын иргэн, хуулийн этгээдийн байгуулсан хуулийн этгээдэд үйлчилнэ. Бизнесийн орчныг сайжруулах журам нь Намын төв хороо, Төрийн зөвлөлийн гаргасан тусгай зөвшөөрлийг цөөлөх, хяналтын тогтолцоонд инновац оруулах, чанарын өндөр түвшний үйлчилгээ үзүүлэх гэсэн заалтын шинэчлэлийг гүнзгийрүүлэх, бизнесийн орчныг таатай болгох тухай шийдвэрийг хэрэгжүүлэн, төрийн чиг үүргийн томоохон өөрчлөлтийг дэмжиж, шударга, ил тод, урьдчилан таамаглах боломжтой бизнесийн орчныг бий болгож, зах зээлийн хүчин чадал, нийгмийн бүтээлч байдлыг дэмжих зорилгоор боловсруулсан зохицуулалт юм. Уг журмыг баталсан нь манай улсын бизнесийн орчны тогтолцооны түүхэнд асар их ач холбогдолтой гэж үзэж байгаа. Энэ бол манай улсын бизнесийн орчныг сайжруулах тогтолцоо шинэ шатанд гарсны илрэл. Захиргааны тусгай журам боловсруулж  зах зээлжсэн, хуульчилсан, олон улсын хэмжээний бизнесийн орчныг сайжруулж, Засгийн газраас гаргах хууль тогтоомжоор салбар бүрийн аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө оруулалт хийх, бизнес эрхлэхэд нь эрх зүйн орчны баталгаа өгөх юм. 

Энэ бүхэн нь шинэчлэлийг өргөн хүрээнд явуулах, шударга өрсөлдөөнийг дэмжих, эдийн засгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, чанартай хөгжлийг дэмжихэд чухал нөлөө үзүүлэх арга хэмжээ. Бизнесийн орчныг сайжруулах журмын зорилт нь захиргааны менежментийн тусгай зохицуулалтыг боловсруулахад оршино. Хятад улс бизнесийн орчныг сайжруулахад өндөр ач холбогдол өгч, цаашлаад тууштай байдлаа дэлхий нийтэд харуулахыг зорьж буй. Түүнчлэн бизнесийн орчныг сайжруулах тухай бүх шатны захиргаа, төрийн байгууллага болон олон нийтийн ухамсрыг нэмэгдүүлэн, бизнесийн орчны уур амьсгалыг нэн таатай болгож, зах зээлд оролцогч талуудын итгэлийг сэргээхэд хүчин чармайлт гаргаж байна. Тус журам нь зах зээлийн шударга, нээлттэй, ил тод дүрмийг бий болгох, сайжруулахад чиглэсэн.

Тухайлбал, бизнесийн бүх тоглогчид зах зээлийн өрсөлдөөнд хуулийн дагуу шударга оролцох нөхцөлийг төр баталгаажуулж, дотоод болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд адил тэгш нөхцөлийг бүрдүүлж, нээлттэй, ил тод зохицуулалтын дүрэм, системийг боловсронгуй болгох зэргийг тодорхой заасан.

Бизнесийн орчинд сайн нь биш, хамгийн шилдэг нь л оршин тогтнож чадна

-Монгол Улс ч мөн адил хөрөнгө оруулалтын орчны шинэчлэлд ихээхэн анхаарал хандуулж, хуулиа шинэчлэхээр ажиллаж байна. Хөрөнгө оруулагчдад ээлтэй улс болохын тулд манай улс юунд анхаарах хэрэгтэй гэж та бодож байна вэ? 

-Цар тахлын нөлөө дэлхийн эдийн засагт ноцтой цочрол өгч, томоохон сорилтуудыг авчирсан он жилүүд өнгөрч байна. Монгол Улсын Засгийн газар цар тахалтай тэмцэх ажлыг эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихтэй уялдуулж, бизнесүүдийг шат дараатай сэргээсэн. Улмаар 2021 онд гадаадын хөрөнгө оруулалтыг татах явц аажмаар сэргэж, хөрөнгө оруулагчдын хүлээлт, итгэл аль аль нь сайжирсан байна.

Сүүлийн жилүүдэд Монголын төр засгаас бизнесийн орчныг сайжруулахад ихээхэн ач холбогдол өгч, гадаадын хөрөнгө оруулалтыг татах бодлого хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай. Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчлэн баталж, хэрэгжүүлж, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг эрх тэгш нөхцөлөөр хангаж, хөрөнгө оруулалтыг либералчлах, хөнгөвчлөх бодлогыг хэрэгжүүлэх нь зүйтэй. Хөрөнгө оруулалт хариуцсан эрх бүхий байгууллагууд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх үйлчилгээгээ сайжруулах, шударгаар хандах, хууль ёсны эрх ашгийг хамгаалах, визний үйлчилгээг хөнгөвчлөх шаардлагатай гэж бодож байна. Мөн гадаадын ажиллах хүчний квотыг нэмэгдүүлэх, бизнесийн орчныг үргэлжлүүлэн сайжруулах, гадаадын хөрөнгө оруулагчдын хүлээлт, Монгол Улсад итгэх итгэлийг тогтворжуулах чиглэлээр үр дүнтэй арга хэмжээ авч ажиллахыг хүсэж байна. Бизнесийн орчинд сайн нь биш, хамгийн шилдэг нь л оршин тогтнож чадна гэсэн үг байдаг. 

-Монгол Улсын уул уурхай, барилгын салбарт оруулж буй хөрөнгө оруулалтаар БНХАУ тэргүүнд эгнээнд жагсдаг. Цаашид Хятадын хөрөнгө оруулагчид Монголын аль салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байна вэ? 

-Хятад, Монгол хоёр орны стратегийн түншлэлийн харилцаа улам бүр гүнзгийрч байгаад баяртай байна. Энэ үед хоёр орны хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаанд түлхэц өгөх, бэхжүүлэх нь Хятад, Монголын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, бүс нутгийн эдийн засгийн интеграцыг дэмжихэд чухал ач холбогдолтой. Хятад, Монгол хоёр газарзүйн хувьд зэргэлдээ оршдог, зам тээврийн хялбар дөхөм нөхцөлтэй, эдийн засгийн хувьд харилцан биенээ нөхөх давуу талтай. Хятад улс нь Монголын хөрөнгө оруулалтын чухал эх үүсвэр байсаар ирсэн. Монгол улс бол “Бүс ба Зам”-ын бүтээн байгуулалтын хойд шугамын чухал тулгуур бүс нутаг. 

Хятадын Худалдааны яамны статистик мэдээнээс харахад 2020 оны эцэс гэхэд Хятадаас Монгол улсад оруулсан шууд хөрөнгө оруулалтын хэмжээ гурван тэрбум 240 сая ам.долларт хүрсэн байна.

Хөрөнгө оруулалтын салбарыг бүтцээр нь авч үзвэл ашигт малтмалын хайгуул, ашиглалт, барилгын материал, эрчим хүч зэрэг салбарт төвлөрсөн. Тодруулбал, БНХАУ-аас Монгол Улсад оруулж буй хөрөнгө оруулалт нь голчлон нөөц баялаг, ажиллах хүч шаардсан үйлдвэрлэлд төвлөрч байгаа бол санхүү, ухаалаг үйлдвэрлэл  зэрэг технологи, хөрөнгө оруулалт их шаардсан үйлдвэрлэлд оруулах хөрөнгө оруулалт харьцангуй бага, хөрөнгө оруулалтын бүтэц нь нэг талт байна. 

Хятадын хөрөнгө оруулагчид Монголын уул уурхайн салбараас гадна нийтийн хоолны үйлчилгээ, аялал жуулчлал, малын гаралтай бүтээгдэхүүн боловсруулах, нэхмэл эдлэл, хувцас, мэдээлэл, харилцаа холбооны салбарт хөрөнгө оруулалт хийхийг үргэлж сонирхож ирсэн. Цаашид Хятадын хөрөнгө оруулалттай олон аж ахуйн нэгж эдгээр салбарт орж, хамтын ажиллагааны шинэ онцлох үйл явдлуудыг бий болгоно гэдэгт итгэлтэй байна.

БНХАУ-аас Монгол Улсад коронавирусийн эсрэг вакцин хандивлав

-Хятадын бизнес эрхлэгчид Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээл юу байна вэ? Хятадын хөрөнгө оруулагчдаас Монгол Улстай холбоотой хэр их санал гомдол ЭСЯ-нд ирдэг вэ? 

-Монголын улс төрийн байдал ерөнхийдөө тогтворжиж, хууль эрх зүйн болон бизнесийн орчин сайжирч Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжүүд Монголд хөрөнгө оруулах сонирхол нэмэгдсээр байгаа. Манай Элчин сайдын яаманд Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжүүдийн гомдол цөөн ирдэг. Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжүүд ерөнхийдөө хэвийн байгаа ч зарим нэг саад бэрхшээлтэй тулгардаг. Гэхдээ уул уурхайн компаниудад тулгардаг байгаль орчныг хамгаалах шалгалт, татварын хяналт шалгалт, нийгмийн даатгалтай холбоотой гомдол санал ирдэг. 

Мөн аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд зарим нэг төрийн бус байгууллага хууль бус, хөндлөнгөөс оролцох асуудал үүсдэг. Элчин сайдын яам болон компанийн түвшинд эрх бүхий байгууллагатай уялдаа холбоотой ажиллаж, хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалснаар Хятад компаниудын Монгол улсад хөрөнгө оруулах итгэл, урам зориг нэмэгдэх болно. 

-Элчин сайд Та манай хоёр орны цаашдын хөрөнгө оруулалтын орчныг хэрхэн төсөөлж байна вэ?

-Олон улсын эдийн засгийн төвөгтэй нөхцөл байдал болон Ковид-19 цар тахлын халдвар намжихгүй байгаатай холбоотойгоор Хятад-Монголын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаанд түр зуурын бэрхшээл байна. Түүнчлэн, хоёр талын хилээр гарах, орох хяналтын арга хэмжээ, хүмүүсийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан нь зах зээлийн судалгаа, бизнесийн хэлэлцээр, төслийн тендер зэрэг хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай үйл явцыг түр хойшлуулж, хөрөнгө оруулалтын эрч хүч, үр ашгийг бууруулж байна. 

Бид хямралыг боломж болгон хувиргаж, өөдрөг бус нөхцөл байдлын далд боломжуудыг нээх хэрэгтэй.

Гэхдээ бид хямралыг боломж болгон хувиргаж, өөдрөг бус нөхцөл байдлын далд боломжуудыг нээх хэрэгтэй. Хоёр талын хөрөнгө оруулалтын орчин тасралтгүй сайжран, хөрөнгө оруулалтын таатай байдал нэмэгдэхийн хэрээр аж ахуй нэгжийн үйлдвэрлэл, үйл ажиллагааны зөвшөөрөл, шаардлагыг хялбаршуулах хэрэгтэй. Үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлж, зах зээлд чиглэсэн, хуульчлагдсан, олон улсын түвшинд хүрсэн бизнесийн орчныг бүрдүүлснээр Хятад, Монгол хоёр улсын аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулах, бизнес эрхлэхэд таатай орчин бүрдэх нь дамжиггүй.

 

 

 

 

B Shurenchimeg