Цар тахлын дараах бизнесүүдийн сэргэх гарц

Mongolian Economy
2021-05-21 15:34:33
Ангилал: Коронавирус

Коронавирусийн цар тахлын үр нөлөө нь Монгол Улсын бизнес эрхлэгчдэд хүндээр тусч, томоохон аж ахуй нэгжүүдтэй харьцуулахад бичил болон жижиг бизнесүүд илүү хүчтэй цохилтод өртжээ.

Тэдний нэг бол “Алиман сар” нарийн боовны үйлдвэрийн эзэн Н.Дулмаа. Цар тахал дэгдэхээс өмнө буюу 2019 оны сүүлчээр тэрбээр бага хэмжээний зээл ЖДҮХС-гаас үйлдвэрээ шинэчлэх зорилгоор авсан байсан ч Ковид-19 халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг Засгийн газраас хэрэгжүүлж, хөл хорио тогтоосны улмаас түүний бизнес доголдож эхэлжээ. Компанийн борлуулалт 40-50 хувиар буурч, хэд хэдэн гэрээ цуцлагдав. Гэтэл удалгүй дотоодод халдвар гарч, Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэний дараа тэдний хувьд хамгийн хүнд үе иржээ.  Учир нь хатуу хорио цээрийн дэглэмийн үед ажилтнууд нь ажилдаа очиж, бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэж чадахгүй болсон юм. Хэдийгээр хүнсний үйлдвэрлэл эрхлэх, хүргэлтийг зөвшөөрсөн боловч Дулмаад энэхүү давуу талыг ашиглах шаардлагатай санхүүгийн эх үүсвэр болон бусад нөөц боломжууд нь байсангүй.

Бичил, жижиг, дунд аж ахуйн нэгжүүд нь (БЖД ААН) нь Монгол Улсын хамгийн динамик салбаруудын нэг. Энэ салбар нь нийт бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 77 хувийг бүрдүүлдэг ба нийт ажиллах хүчний 72, ДНБ-ий 17.8, нийт экспортын 2.3 хувийг эзэлдэг. Монгол дахь МХБ-ийн бизнес эрхлэгчдийн дийлэнх хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Ихэнх ЖДҮ эрхлэгчид худалдаа (51), үйлчилгээ (32), боловсруулах үйлдвэр (19), хөдөө аж ахуйн (6 хувь) чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.

Монгол Улсын Засгийн газар Ковид-19-ийн тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрт авч, хариу арга хэмжээ болон хамгаалах ажлыг амжилттай зохион байгуулсан боловч бизнесийн салбарт үзүүлсэн эдийн засгийн сөрөг нөлөө өндөр байна.

АХБ-наас явуулсан “Монгол Улсын бичил, жижиг болон дунд аж ахуйн нэгжүүдийн тогтвортой сэргэлтийг хангах арга замууд” сэдэвт судалгаанаас үзвэл БЖД ААН-үүд, ялангуяа албан бус бизнесүүд хамгийн ихээр сөрөг нөлөөнд өртжээ. Бичил, жижиг болон дунд аж ахуйн нэгжүүдийн 77, албан бус бизнесийн 65 хувь нь орлого огцом буурсан гэж мэдэгдсэн бол Бичил, жижиг болон дунд аж ахуйн нэгжүүдийн 44, албан бус бизнесийн 45 хувь нь орлого буурснаар хөрвөх чадвартай хөрөнгө дутагдаж, мөнгөн хөрөнгийн урсгал доголдсон гэжээ. Судалгаанд оролцсон эрэгтэй бизнес эрхлэгчдийн 50 хувь нь нийлүүлэлтийн гинжин хэлхээнд хүндрэл үүссэн гэж тэмдэглэсэн бол ийм хариулт өгсөн эмэгтэй бизнес эрхлэгчдийн эзлэх хувь илүү өндөр буюу 85 хувь байна. Үүнд эмэгтэй бизнес эрхлэгчдийн 83, эрэгтэй бизнес эрхлэгчдийн 34 хувьд түүхий эдийн хомсдол үүссэн, бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт буурсан эмэгтэй бизнес эрхлэгчид 59, эрэгтэй бизнес эрхлэгчид 31 хувь байна.

Мөнгөн хөрөнгийн хомсдол, зээлийн эргэн төлөлтийн хүндрэл эмэгтэй болон эрэгтэй бизнес эрхлэгчдийн аль алинд нь учирсан. Харин түрээсийн төлбөр төлөхөд хүндрэл гарсан гэж эмэгтэй бизнес эрхлэгчдийн 28, эрэгтэй бизнес эрхлэгчдийн 31 хувь нь хариулсан. Мөн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхэд хүндрэл учирсан гэж эмэгтэй бизнес эрхлэгчдийн 21, эрэгтэй бизнес эрхлэгчдийн 41 хувь нь үзжээ. Харин эмэгтэй бизнес эрхлэгчдийн 37 хувь ажилтнуудынхаа цалин хөлсийг олгоход хүндрэлтэй байсан гэж хариулсан нь эрэгтэй бизнес эрхлэгчдийнхээс өндөр (28 хувь) байна. Энэ нь судалгаанд хамрагдсан эмэгтэй бизнес эрхлэгчдийн 31 хувь нь боловсруулах салбарт үйл ажиллагаа явуулж байгаатай холбоотой байж болзошгүй юм. (Боловсруулах салбарт үйл ажиллагаа явуулж буй эрэгтэй бизнес эрхлэгчид зургаан хувийг эзэлж байна).

Хилээр нэвтрэхэд хязгаарлалт тогтоосноос нийлүүлэлтийн талын сөрөг нөлөө БЖДҮ-ийн ихэнх хувь (72 хувь)-д мэдрэгдсэн бол албан бус бизнесийн дөрөвний нэгээс бага хувийг тус хүндрэл хөндсөн байна. Үүнтэй адилаар судалгаанд хамрагдсан БЖДҮ-ийн 53 хувь нь тэдгээрийн үйлчилгээ, бүтээгдэхүүний эрэлт буурсныг тэмдэглэсэн байхад албан бус бизнес эрхлэгчдийн 23 хувь нь эрэлт буурсан гэж хариулжээ.

Энэхүү товч танилцуулгад Монгол Улсын БЖД ААН болон албан бус бизнес эрхлэгчдэд Ковид-19 цар тахлын үзүүлсэн нөлөөний талаар 2020 оны дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 30-ны хооронд АХБ-ны явуулсан судалгааны үр дүнг танилцуулах болно.

Даван туулах механизм
Судалгаанд оролцогчдын талаас илүү хувь нь Ковид-19-ийн улмаас зардлаа бууруулж (58 хувь) тэдгээрийн 27 хувь нь ажилтныхаа тоог цөөрүүлсэн бол МҮХАҮТ-ын “Монгол Улсын бизнесийн салбарт Ковид-19 цар тахлын нөлөө” судалгаанд оролцсон дунд болон том бизнесүүд зөвхөн дөрвөн хувь нь  ажилчдынхаа тоог бууруулсан гэж хариулжээ.

Эмэгтэй бизнес эрхлэгчид, ялангуяа БЖД ААН-ийн 23 хувь нь ажлын байрыг цомхотгосон бол эрэгтэй бизнес эрхлэгчдийн найман хувь нь адил арга хэмжээ авчээ. Гэхдээ БЖД ААН-ийн 18, албан бус бизнес эрхлэгчдийн 12 хувь нь хариу арга хэмжээ аваагүй байна. Мөн зөвхөн нэг хувь нь түр хугацаагаар үйл ажиллагаагаа зогсоосон гэжээ.

Ковид-19 гарснаар нийгмийн амьдралын хэв маяг өөрчлөгдөж, бизнесүүд өөр боломжит бизнесийн загварыг судалж эхэлсэн байна. БЖД ААН-ийн 19 хувь нь онлайн үйл ажиллагаа, онлайн борлуулалт руу шилжих санаачлагыг эхлүүлсэн бөгөөд 11 хувь нь бизнесийн загвараа Ковид-19 цар тахлын дараах орчинд тохируулж ажилласан байна.

Эргэлтийн хөрөнгийн дутагдлыг нөхөх асуудал цар тахлын үед улам хүндэрснийг бизнес эрхлэгчид онцолсон. Судалгаанд оролцогчдын 60 хувь банкны зээлийн барьцааны шаардлага өндөр, 50 хувь зээлийн хүү өндөр, 31 хувь нь зээлийн хугацаа богино, 19 хувь нь түнш компаниас авах төлбөр хойшлогдсон талаар дурджээ. Хөрөнгө оруулагч байхгүй нь бэрхшээл дагуулдаг гэж судалгаанд оролцогчдын 11 нь хувь хариулав. Хөрөнгийн дутагдал нь үйл ажиллагаагаа сэргээх этийн төлөвийг хойшлуулж болзошгүй байгааг дурджээ.

Засгийн газраас эдийн засгийн хямралыг даван туулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдээс бизнесийн төлбөрийн чадварыг хамгаалах чиглэлээр хамгийн их дэмжлэг авчээ. Тухайлбал, зургаан сарын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх, жижиг компанийг ААН-ийн орлогын албан татвараас чөлөөлөх зэрэг арга хэмжээ үүнд хамаарна.

Гэсэн хэдий ч судалгаанд  хамрагдсан албан бус бизнес эрхлэгчдийн бараг гуравны нэг нь бизнесийг дэмжих эдийн засгийн арга хэмжээг өөрийн бизнест хамаарахгүй гэж үзсэн тул үнэлэлт өгсөнгүй. Үүнээс гадна анх авч хэрэгжүүлсэн эдийн засгийн арга хэмжээний талаарх мэдээллийг олон БЖД ААН болон албан бус бизнес эрхлэгчид хангалттай хүрээгүй гэж үзсэн байна.

Орлого нь 50 хувиар буурсан боловч ажлын байраа хадгалсан ААН-ийн ажилтан бүрт 200 мянган төгрөг олгох арга хэмжээг судалгаанд оролцогчдын 30 хувь дэмжсэн, 33 хувь тус арга хэмжээг ямар нэгэн нөлөөгүй гэж хариулжээ.

Ноолуур бэлтгэн нийлүүлэгч малчдад үзүүлсэн дэмжлэгийг судалгаанд оролцогчдын 29 хувь зөв гэж үзжээ. Экспортыг дэмжих зорилгоор ноолуурын салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудад гурван хувийн хүүтэй зээл олгосон. Хөдөө орон нутгийн БЖДҮ-ийн (37 хувь) дэмжлэг нь хотынхоос (27 хувь) өндөр байв. Гэсэн хэдий ч Европын орнуудад тухайн бүтээгдэхүүний эрэлт сул, Хятад улстай хилээ хаасан, олон улсын аялал жуулчлал зогссон зэрэг хүчин зүйлс нь тус арга хэмжээний үр дүнг бууруулж болзошгүй юм.

Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурсантай холбоотойгоор шатахууны үнийг бууруулсан арга хэмжээг судалгаанд оролцогчдын 39 хувь дэмжсэн, 20 хувь нь нөлөөгүй гэж үзсэн байна. Орон нутагт зорчих хязгаарлалт тогтоосон болон бизнесийн үйл ажиллагааны ерөнхий бууралт тус арга хэмжээний үр дүнг бууруулжээ.

Эдийн засгийн хөгжилд түлхэц үзүүлэх 14 том төслийг дэмжих арга хэмжээг судалгаанд оролцогчдын 19 хувь зөв гэж үзсэн байна. Тус арга хэмжээг дэмжээгүй хэсэг нь дэмжигчидтэй тэнцүү байсан, харин 30 хувь нь хангалттай мэдээлэлгүй гэж хариулсан бол 32 хувь нь хариу өгөхгүй байхыг сонгожээ.

АХБ-ны судалгаагаар ихэнх БЖД ААН эрхлэгч болон албан бус бизнес эрхлэгч эдийн засгийн онцгой байдлын арга хэмжээний талаар ерөнхий ойлголттой байсан ба энэ нь нэмэлт мэдээлэл тодруулга тэдэнд шаардлагатай байгааг харуулж байна.

Бизнес эрхлэгчдийн хүсэж буй эдийн засгийн нэмэлт арга хэмжээнүүд
Санхүүгийн хүртээмж нь албан болон албан бус бичил, жижиг ААН-ийн хувьд тэргүүлэх асуудал хэвээр байна. Бизнесийн хэвийн нөхцөлд судалгаанд оролцогчдын 50 хувь нь банкны зээл, 46 хувь нь үүсгэн байгуулагчдын мөнгөн хөрөнгө, 14 хувь нь гэр бүл, найз нөхдөөсөө, долоон хувь нь бизнесийн орлогоосоо санхүүжих боломжтой гэж үзжээ. Зөвхөн 10 хувь нь гаднын хөрөнгө оруулагчид, ижил хувь нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан болон Засгийн газрын бусад санд хандсан байна. Тиймээс санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хөнгөлөлттэй зээл олгох, урт хугацааны ажлын байрны ипотекийн зээлийн хөтөлбөр, бизнес эрхлэгчдэд зориулсан сангууд, хөрөнгө оруулалтын зориулалттай урт хугацааны зээл олгох, эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зориулалттай богино хугацааны зээлийн шугам болон худалдааны санхүүжилтийн дэмжлэг зэрэг арга хэмжээг санал болгожээ.

Албан болон албан бус жижиг бизнес эрхлэгчдийг дэмжихэд тусгайлан анхаарч, тогтвортой хөгжлийг нь дунд хугацаанд хангах арга хэмжээ авах хэрэгтэй гэсэн зөвлөмжийг энэхүү судалгааны үр дүнд үндэслэн гаргаж байна. ЖДҮ болон албан, албан бус бичил бизнес эрхлэгчдийг энэхүү хүнд үеийг даван туулахад дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны гурван чиглэлийг танилцуулъя.

1. Санхүүгийн хүртээмжийг сайжруулах, төлбөрийн чадварыг хангах

Богино хугацааны арга хэмжээ. Бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлтийг нэмэгдүүлэхийн тулд аялал жуулчлал, хүнсний үйлдвэрлэл, ложистик гэх зэрэг чухал салбарт төсвөөс дэмжлэг үзүүлэх арга хэмжээг бусад дэмжлэгтэй хослуулан хэрэгжүүлэх, хувь хүний хамгаалалтын хэрэгсэл, ариутгалын бодис, материал, бизнес явуулах аюулгүй ажиллагааны удирдамжаар хангах гэх зэрэг бодит дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.

Дунд хугацааны арга хэмжээ. Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулинд өөрчлөлт оруулах шаардлагатай. Хууль тогтоомжид өөрчлөлт оруулснаар төсвөөс хийх санхүүжилтийг тогтворжуулан сангийн өөрийн хөрөнгө болон нөөц санг нэмэгдүүлэх, улмаар сангаас санал болгож буй
бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, батлан даалт гаргах боломжтой болгох гэх мэт.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх агентлагыг институцийн хувьд бэхжүүлж, үйл ажиллагааг нь сайжруулах арга хэмжээ. Үүнд сангийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд үйл ажиллагааг нь нээлттэй, ил тод, илүү үр дүнтэй болгох, салбарын уялдааг хангах, шинэ үүрэг, хариуцлагын хамаарлыг сайжруулах, БЖД ААН-д үзүүлэх үйлчилгээг шуурхай ил тод болгох замаар санхүүжилтийг нэмэгдүүлэх,

Бичил болон албан бус бизнесийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ. Бичил болон албан бус бизнесийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, финтек болон экосистемийг хөгжүүлэх, финтекийн давуу талыг бүрэн дүүрэн ашиглах.

БЖДҮ эрхэлдэг эмэгтэй бизнес эрхлэгчдийн онцлог хэрэгцээг хангах арга хэмжээ. Эмэгтэй эзэнтэй бизнесийн тодорхойлолтыг манай орны нөхцөл байдалд тохируулан албан ёсны болгох болон жендэрийн статистикийг сайжруулах замаар цар тахлын үе болон түүний дараа дэмжлэг үзүүлэх хөтөлбөрт хамрагдах боломжийг эмэгтэй бизнес эрхлэгчдэд олгож, тус боломжийг нэмэгдүүлэх.

2. БЖДҮ хөгжүүлэх орчинг бүрдүүлэх

• Жижиг бизнесийг цахим орчинд хөгжих боломжийг олгох. Ковид-19 цар тахал нь дижитал хөгжлийг хурдасгах шаардлагатайг тодрууллаа. Жижиг болон албан бус бизнес эрхлэгчид энэ орон зайд нэвтрэн орж үйл ажиллагаа явуулахад нь дэмжлэг үзүүлэх, хот, хөдөөгийн бизнес эрхлэгчид болон эмэгтэй бизнес эрхлэгчдийн интернэт хүртээмжийг нэмэгдүүлэх нь чухал байна.

• Уул уурхайн бус салбарт үнэ цэнийн гинжин хэлхээ бий болгоход дэмжлэг үзүүлэх. Уул уурхайн бус салбаруудад өртгийн сүлжээ үүсгэх, кластер хөгжүүлэхэд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэх. Хөдөө аж ахуйн салбарт хоршооллыг хөгжүүлж, эдгээр хоршоог эдийн засаг, зах зээлийн холболтод хүргэхэд ЖДҮ-ийг дэмжих

• Залуучуудын инновацыг дэмжих, бизнес эрхлэх ур чадварыг хөгжүүлэх. Албан бус бизнесийг албан ёсны болгож хөгжүүлэх арга хэмжээ. Үүнд татвар болон зохицуулалтын дарамтыг багасгах, тухайлбал, бизнесийн бүртгэлийн хураамжийг бууруулах, шинээр үүсэн байгуулагдсан бизнест бүртгэлийн тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлэх, хууль эрх зүйн болон бизнесийн зөвлөгөө өгөх, сургалт явуулах, бүртгүүлэх боломж олгох зэрэг арга хэмжээ багтана.

3. Бизнес эрхлэгчидтэй харилцах, мэдээлэл түгээх, оролцоог нь дэмжин хангах

Үр дүн, туршлагад үндэслэн бодлого тодорхойлох. Цаашид авч хэрэгжүүлэх эдийн засгийн арга хэмжээг  боловсруулах, бодлого хөтөлбөр хэрэгжүүлэхэд хувийн хэвшил, бизнесийн салбаруудын оролцогчдын ашиг сонирхлыг тусгах, хамтран ажиллах

Бизнес эрхлэгчдийг мэдээллээр хангах арга хэмжээ. Дэмжлэг нэн тэргүүнд хэрэгтэй байгаа жижиг бизнес болон эдийн засгийн бүх оролцогчдыг цар тахал болон хариу арга хэмжээний тухай мэдээллийг түгээж, Засгийн газрын дэмжлэг, арга хэмжээнд эдийн засгийн бүх оролцогчдыг ижил тэгш байдлаар хамруулах

Цар тахал үргэлжлэх хугацааны туршид нөлөөллийг нь үргэлжлүүлэн хянах, цаашдын хөгжлийг хангах зорилгоор БЖД ААН, албан бус сектор, хот болон хөдөө, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй бизнесүүд, эмэгтэй эзэнтэй бизнесүүд зэрэг төрөл бүрийн сегментийн хэрэгцээ, тулгамдаж буй асуудлын талаар зөв ойлголт авах нь зүйтэй юм.

ВЕРОНИКА М ЖОФФРЕ
Зүүн Азийн газар, АХБ

Л.БОЛОРМАА
Гүйцэтгэх захирал, Би.Эф.Эй.Эс ХХК

 

 

 

Mongolian Economy