Цар тахлын үеэр Францад өнгөрүүлж буй өдрүүд
Өглөө 7-9 цагийн хооронд ажилдаа явж байгаа хүмүүс метронд чихэлдэж, ажил дээрээ ирмэгцээ бие биеэ үнсэн хоорондоо мэндчилж, өдрийн хоолны цагаар хооронд нь тун ч ойрхон зассан зоогийн газрын ширээн дээр тохой нийлүүлэх шахам суун хооллож, ажил тарах цагаар мөн л дүүрэн хүнтэй метронуудад суугаад харина.
Парис хэмээх их хотын үдшийг хүний хөл тасардаггүй гудамж талбай, парисчууд болоод жуулчид холхих худалдаа, үйлчилгээний газрууд, ихэвчлэн дүүрэн хүнтэй урлагийн тоглолт, концертууд, гадаа нь удаан дугаарлаж байж орох баар ресторанууд, үргэлж битүү хүнтэй байдаг кафе террасгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. 2020 оны гуравдугаар сарын эхэн хүртэл Парист амьдрал урьдын адил ийн хэвийн үргэлжилж байлаа.
Хятад болоод Азийн зарим оронд Ковид-19-ийн халдвар газар авч, нөхцөл байдал хүндэрч байгаа тухай мэдээ өдөр бүр чих дэлссээр байхад ч, нэгдүгээр сарын 24-нд коронавирусийн халдвар авсан анхны гурван хүн Парис, Бордо хотод бүртгэгдэхэд ч, хоёрдугаар сарын 15-нд Францад коронавирусээр өвчилсөн анхны хүн нас барахад ч Парист амьдрал он удаан жил ямар байв, тийм л янзаараа үргэлжилсээр л байв.
Гэнэт зарлагдсан хатуу хөл хорио
Францчуудын амьдралын энэ хэв маягийг эвдэж, Ерөнхий сайд Эдуар Филипп гуравдугаар сарын 14-ээс эхлэн цэцэрлэг, сургууль болоод олон нийтийн зарим байгууллагыг хаах шийдвэрээ танилцуулсан нь Францад халдвар авсан хүний тоо даруй 5000 давж, энэ вирусээр нас барсан хүний тоо 100 хол гарсантай холбоотой байлаа.
Энэ мэдэгдлээс хэдхэн хоногийн дараа буюу гуравдугаар сарын 17-ны өдрийн 12 цагаас эхлэн улс орон даяар хөл хорио тогтоож буйгаа Францын ерөнхийлөгч Эмануэль Макрон зарласан юм. Энэ өдрөөс Шенгений хил хаагдаж, хүнсний дэлгүүр, авто засвар, оршуулгын үйлчилгээ явуулдаг газар зэрэг цөөн тооны аж ахуйн нэгж байгууллага нээлттэй үлдэж, бусад бүх компани ажилчдаа гэрээс нь ажиллуулах боломжгүй тохиолдолд үүдээ барьсан билээ.
Эрүүл ахуйн онцгой дэглэмтэй, хөдөлгөөний хязгаарлалттай энэ хатуу хөл хорионы үеэр зөвхөн хоол хүнсээ цуглуулах, эрүүл мэндийн шаардлагаар эмнэлгийн байгууллага руу явах, гэрээсээ ажиллах боломжгүй тул ажилдаа явах, амьдардаг газраасаа нэг километрээс холгүй, дээд тал нь нэг цагийн турш ганцаараа биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх, гэрийн тэжээвэр амьтдаа салхилуулах зэрэг зайлшгүй хэрэгцээтэй тохиолдлуудад л гэрээсээ гарч болохоор байв. Түүнчлэн гарах бүртээ иргэний үнэмлэхээс гадна тусгай маягт бөглөж, биедээ байнга авч явах ёстой ба энэ дүрмийг зөрчсөн тохиолдолд 135 еврогийн торгууль ноогдуулах заалттай.
Хөл хорионы үеэр тогтоосон дүрэм, журмыг мөрдүүлэхээр 100 мянга гаруй цагдаа орон даяар ажиллаж байв.
Аниргүйн дундах алга ташилт
Маш хатуу хөл хорио тогтоосны улмаас ийнхүү аниргүй, хоосонд живсэн Парис хотыг өдөр бүр сэрээдэг зүйл нь орой бүрийн найман цагт эмч, эмнэлгийн байгууллагынханд талархлаа илэрхийлэх бүх нийтийн нижигнэсэн алга ташилт байв. Цонхоороо, тагтан дээрээ, байрныхаа доор, байшингийнхаа цэцэрлэгт бүх хүн энэ хэцүү үед өөрсдийн эрүүл мэнд, амь насыг эрсдэлд оруулан тангарагтаа үнэнч зүтгэсээр байгаа эмч, сувилагч нарт талархал илэрхийлдэг байсан юм. Энэ нь тэдэнтэй нэгдмэл байгаа гэдгээ харуулах нэг илэрхийлэл байлаа.
Сэтгэлээрээ ойр байгаагаа харуулахаас гадна эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг дэмжсэн хувь хүн, жижиг, дунд байгууллагуудын олон санал санаачилгуудаас дурдвал: өөр хотоос нэмэлт хүч болж ирсэн эмч, сувилагч нарыг 4, 5 одтой зочид буудлууд үнэгүй байрлуулж, таксины жолооч нар буудал ажлынх нь хооронд үнэгүй тээвэрлэж, эмнэлгийн гуанзны ачааллыг багасгах зорилгоор ресторан, дэлгүүрүүд хоол хүнс өдөр бүр хүргэж, маскын нөөцтэй албан байгууллага, хувь хүмүүс бүх нөөцөө тэдэнд хандивлаж, сайн дурын багш нар эмнэлгийн ажилтангуудын хүүхдүүдийг өдөржин харж өгч байсан зэрэг юм.
Хил дамнасан эв нэгдэл
Коронавирусийн халдварын оргил үе болох дөрөвдүгээр сарын эхэнд том хотуудын ихэнх эмнэлэг ачааллаа дийлэхээ больсноос жижиг хотуудын өвчтөн цөөтэй эмнэлэг рүү зарим өвчтөнөө шилжүүлэх, эсвэл тэдгээр эмнэлгээс эмч, сувилагчдыг нь нэмэлт хүч болгон авчрах зэрэг арга хэмжээг авч байв.
Тэгтэл зөвхөн Франц дотроо ч биш Европын холбооны улсууд ч бие биедээ тусалж, нэг нэгнээ дэмжсэн бодлоготойгоо харуулж Францын хэд хэдэн хүнд өвчтөнийг Герман, Люксембург, Швейцарь зэрэг улс өөрсдийн эмнэлэгт шилжүүлэн авч, өөрсдийн зардлаар эмчилсэн юм.
Эдийн засгийн өсөлтөөс ч чухал зүйл
Францын үндэсний уриа нь “эрх чөлөө, тэгш эрх, эв санааны нэгдэл” бөгөөд их, бага хэмжээгээр эмнэлгийн байгууллагынханд дэмжлэг болох гэсэн эдгээр үйлдэл нь тэднийг хэр эв нэгдэлтэй, бие биеэ гэсэн сэтгэлтэй болохыг харуулж байлаа.
Мөн Засгийн газар нь иргэдээ энэ хүнд цаг үеийг амгалан давахад бүх нөөц бололцоогоо ашиглан дэмжиж байсныг энд онцолмоор байна.
Хөл хорионы үеэр үйл ажиллагаа нь зогссон эсвэл хумигдсан байгууллагын ажилтнуудад цалинтай чөлөө олгох шийдвэр гаргаж, хэрэв цалингийн доод хэмжээгээр (татварын өмнөх байдлаар сарын 1539 евро) цалинждаг бол бүтэн цалинг, бусад тохиолдолд цалингийн 84 хувийг улсаас өгөхөөр шийдвэрлэсэн. Энэ шийдвэр нь гадаад, дотоодын гэж ялгалгүй, ажлын гэрээтэй бүх хүмүүст хамаатай байв. Нийт есөн сая орчим хүн энэ үеэр цалинтай чөлөө авсан ба улсаас нийт 24 тэрбум орчим еврог үүнд зарцуулжээ.
Төрөөс зохион байгуулалттай авсан энэ арга хэмжээний ачаар олон хүн компанийнх нь үйл ажиллагаа доголдсон эсвэл түр зогссоны улмаас ажлаа алдах эрсдэлээс аврагдсан юм. Мөн ажиллаагүй үедээ шинэ чадвар эзэмших, эсвэл мэргэжилээ дээшлүүлэх богино хугацааны онлайн сургалтад суух хүсэлтэй бол улсаас мөн сургалтын зардлыг нь санхүүжүүлж байлаа.
Түүнчлэн үйл ажиллагаа нь хэвийн үргэлжлэх боломжгүй бүх жижиг, дунд бизнес эрхлэгчдэд 1500 еврогийн буцалтгүй тусламж үзүүлэх, тэр дундаа хүнд нөхцөлд орсон бизнес эрхлэгчдэд 5000 хүртэлх еврогийн нэмэлт тусламж үзүүлэх, ус, цахилгаан, түрээсийн төлбөр болоод татвар төлөх хугацааг торгуульгүйгээр хойшлуулах, шаардлагатай нөхцөлд чөлөөлөх, бизнес эрхлэгчдэд сэтгэлзүйн зөвлөгөө үнэгүй өгөх зэрэг үйл ажиллагааг авч байв.
Мөн 300 тэрбум еврог жижиг, дунд компаниудын эргэлтийн хөрөнгөд зориулж тусгай нөхцөлтэй, хөнгөлөлттэй зээлээр олгохоор төсөвлөөд байна. Эдгээр арга хэмжээний ачаар мянга, мянган жижиг, дунд бизнес эрхлэгч компаниа дампуурлын ирмэгээс аварч чадсан.
Хэвийн байдалдаа эргэж оров
Өнөөдрийн буюу 2020 оны зургадугаар сарын 3-ны байдлаар Францад нийт халдвар авсан хүний тоо 152 000, эдгэрсэн хүн 69 455, нас барсан хүний тоо 29 021 хүрээд байна.
Францын Засгийн газар тавдугаар сарын 11-ний өдрөөс эхэлж, хөл хориог хэсэгчлэн сулруулах шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн хүрээнд өвчний тархалт бага мужуудад зарим сургууль нээгдэж, нийтийн тээврийн үйлчилгээ сэргэж, жижиг дэлгүүр худалдааны төвүүд онгойж, далайн эрэг, цэцэрлэгт хүрээлэн зэрэг амралт, зугаалгын газруудыг хотын захирагчид нь зөвшөөрвөл нээж, ард иргэд 100 километрээс дотогш явах тохиолдолд тусгай маягт бөглөхгүй байх зэрэг эерэг өөрчлөлт гарсан ч Европын холбооны хил хаалттай хэвээр үлдлээ. Харин вирусийн тархалт өндөртэй бүст байгаа Парис зэрэг хотод сургууль, амралт зугаалгын газруудыг эхний шатанд нээгээгүй болно.
Зургадугаар сарын 2-ны өдрөөс эхэлсэн хөл хориог сулруулах хоёрдугаар шатны арга хэмжээнд ресторан, кафе баар, ихэнх сургууль, урлаг, үзвэрийн газрууд болон спортын танхимууд үүдээ нээж, 100 километрийн хязгаарлалтыг цуцлахаар болов. Түүнээс гадна зургадугаар дугаар сарын 15-наас Франц улс Европын холбооны улсуудад хилээ нээхээр болсноо мэдэгдсэн.
Хэдий хөл хорио эрчимтэйгээр цуцлагдаж байгаа ч олон нийтийн газар болоод ажил сургууль дээр хоорондоо нэг метрийн зай барих, амны хаалт зүүх, зарим үйл ажиллагаанд 10-аас дээш хүн цуглахгүй байх зэрэг журам үргэлжлэх ба “Stop Covid” аппликэйшнийг утсандаа суулгаж, халдвартай хүнтэй ойр байсан тохиолдолд мэдээлэл авч байхыг зөвлөж байна.
Зарим асуудлын учрыг тайлвал
Маск болоод түргэн оношилгооны хэрэгсэл хүрэлцэхгүй байгаа нь Францад энэ халдвар дэгдсэн цагаас хойш яригдсан гол асуудлын нэг юм. Эдгээр нь дотооддоо үйлдвэрлэдэггүй бүтээгдэхүүнд учраас гол нийлүүлэгч орнуудаас хараат байж, тэдгээр улс дотоодын нөөцөө хангах зорилгоор нийлүүлэлтээ зогсооход өвчинтэй тэмцэж байгаа эмч, сувилагч нарт ч маск хүрэлцэхгүй болж эхэлсэн юм. Түргэн оношилгооны хэрэгсэл дутмагаас болж массаар нь оношилгоо хийлгүй, өвчний хурц шинж тэмдэг илэрсэн тохиолдолд л эмчийн зааврын дагуу шинжилгээ өгөх боломжтой байсан.
Түүнчлэн “Stop Covid” аппликэйшнийг тойрсон маргаан намжихгүй байгаа бөгөөд иргэдийн олонх нь Францын төр эл аппликэйшний тусламжтайгаар хүмүүсийг мөрдөж, эрх чөлөөнд нь халдаж байна гэж үзэж буй.
Франц дахь монголчууд
Испани, Франц улсад нийт 5000 орчим монгол иргэн амьдардаг гэсэн мэдээ бий ч нарийвчилсан тоо гаргахад хүндрэлтэй.
Хил хаалттай байгаа энэ үед тусгай үүргийн нислэгээр нутаг буцах хүсэлтэй иргэд Монгол улсаас Франц улсад суугаа Элчин сайдын яаманд хүсэлтээ гаргаж болох ба холбогдох баримтуудыг бүрдүүлж өгсний дараа УОК-ын штаб нутаг буцах иргэдийг сонгож, сонгогдсон иргэд ХБНГУ-ын Франкфурт хотоос “МИАТ” ХК-ийн нислэгээр нутаг буцах боломжтой юм.
Гэрэл зургийг Уриана Бэхбат