“ЦБОН” ХХК Mongolia Mining 2021 үзэсгэлэнгийн мөнгөн ивээн тэтгэгчээр ажиллана

Mongolian Economy
2021-09-21 16:50:43
Ангилал: Уул уурхай

“Эрдэс баялгийн салбар сэргэлттэй, түүнийг даган уул уурхайн компаниуд идэвхжсэн энэ цаг үед “Mongolia Mining” олон улсын үзэсгэлэн арав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Дэлхийн технологи, тэр дундаа уул уурхайн техник, тоног төхөөрөмжийг Монголын зах зээлд нэвтрүүлж, дотоодын хэрэглэгчдэд ойртуулах зорилттой уг үзэсгэлэнгийн арга хэмжээ энэ жил арав  дахь удаа есдүгээр сарын 22-24-ний өдрүүдэд Буянт-Ухаа Спорт ордонд болох гэж байна.

Mongoliа Mining 2021 үзэсгэлэнгийн ивээн тэтгэгчээр оролцож буй “Цбон” ХХК-ийн Захирал Э.Пүрэвсүрэнтэй арга хэмжээний талаар тодруулсан юм.

-Танай компани Mongolia Mining – 2021 үзэсгэлэнгийн ивээн тэтгэгчээр оролцож байна. Арга хэмжээний ач холбогдлыг хэрхэн дүгнэж байна вэ?

– ЦБОН ХХК нь энэхүү үзэсгэлэнд сүүлийн таван жилийн хугацаанд тасралтгүй оролцож байна. Ковид-19 цар тахлын улмаас Mongolia Mining үзэсгэлэн 2020 онд завсарласан. Уул уурхай болон уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчдийн хувьд цар тахалтай дэлхий нийтээр тэмцэж буй энэ хугацаа нь хүнд сорилт болж байна.

Монгол бол уул уурхай эдийн засаг дээр тогтдог улс. Уг эдийн засгийн бүрэлдүүлэгч уурхай салбартаа хамгийн том шахуу эвент нь Mongolia Mining үзэсгэлэн байдаг. Үзэсгэлэнгээр бүтээгдэхүүн үйлчилгээгээ манай салбарынхан танилцуулахаас гадна нетворкинг хийдэг, цуглаж мэдээлэл солилцдог бидний ажил хэрэгч баяр юм уу даа гэж би хардаг. Сүүлийн үзэсгэлэн маань анх удаагаа жил өнжөөд зохион байгуулагдаж байгаа учир салбарынхан маань баяртай, хүлээлттэй байгаа гэж бодож байна. Нэмж хэлэхэд цар тахлын улмаас Монгол голдуу оролцогч нар түлхүү байх нь тодорхой. Тэгэхээр Монголчууд маань зарим нэг хэсэгт үндэсний үйлдвэрлэлээрээ уул уурхай технологийг шийдэх сорилттой тулгарч байгаа юм. Хамгийн жижиг жишээ нь: ажил, угсралт суурилуулалт бүр дээр гадны экспат ирэхээ больчлоо шүү дээ.

-Компанийн зүгээс энэ жилийн үзэсгэлэнд ямар шинэлэг бүтээгдэхүүн танилцуулахаар төлөвлөж байна вэ?

-Бид энэ жил мөнгөн ивээн тэтгэгчээр үзэсгэлэнд оролцож байна. Манай компани нь харилцагчдын хэрэгцээ, шаардлагад тулгуурлан үйл ажиллагаа өргөжүүлсээр ирсэн. Бидний зүгээс шинэлэг бүтээгдэхүүн танилцуулахаас илүү харилцагч үйлчлүүлэгчдээ илүү сонсъё, хэрэгцээ шаардлагыг нь ойлгоё, амьд харилцаа үүсгэе гэсэн уриатай оролцож байна. Харилцагч нартайгаа сүүлийн 2 жил утас, и-мэйлийн цаанаас харилцлаа. Нүүр тулан уулзаж ажил хэрэгч баяраа тэмдэглэх хүлээлттэй байгаа. Уурхайн талбар дээр ковидын үед компани, хүнд ямар яг ямар хүндрэл бэрхшээл тулгарч байна, бид цаашдаа энэ ковидын дараах амьдралд ЦБОН туслалцаа үзүүлэх вэ гэдэг асуултад хариулт авахаар тэсэн хүлээж байна.

Мэдээж Монгол ЦБОН ХХК төлөөлдөг Georg Fischer, Dymark, Hedweld Hercules гэх мэт брендүүдийнхээ шинэлэг бүтээгдэхүүнүүдийг танилцуулахаар бэлдэж байна.

Мөн бид энэ хугацаанд шинээр хамтран ажиллаж буй байгууллагууд болон тэдний бүтээгдэхүүнүүдийг танилцуулахаар бэлдэж байна.

-“Цбон” компанийн үйл ажиллагааны талаарх сүүлийн үеийн мэдээллийг уншигчдад өгнө үү.  

-Өмнөговь аймгийн Ханбогд сумд бид “ЦБОН Ханбогд” ХХК хэмээх охин компани нээн өөрсдийн засвар үйлчилгээний төв, агуулах барих ажлаа эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хийж байна. Ингэснээр мэдээж харилцагч нартаа ойртож ажиллах, цаг хугацааны алдагдалгүй үйлчлэх боломж бүрдэж байгаа юм. Мөн сүүлийн 10-аад жил бид шугам хоолой, угсралт суурилуулалт гүйцэтгэж байна. Энэ үйл ажиллагаагаа илүү сайжруулж ажиллаж нөөц бололцоогоо өргөтгөж байна. Сүүлийн 7-8 жил бид ханган нийлүүлэлтийн чиглэлдээ илүү түлхүү анхаарсан. Одоо бид ханган нийлүүлэлт, бүтээн байгуулалт 2-ийг ижил төвшинд авч явах зорилттой байна.

ЦБОН ХХК нь ковидын энэ хүнд үеийг амжилттай даван туулж байгаагаа тэмдэглэж хэлмээр санагдлаа. Монгол улсын эдийн засгийг нуруун дээрээ үүрч яваа энэ том салбарын нэгээхэн жижиг хэсэг нь ЦБОН компани юм аа гэж бид өөрсдийгөө биеэ тоож бодох дуртай. Тиймээс уг салбартайгаа хамт аюулгүй, тасралтгүй, найдвартай байх ёстой гэж итгэдэг. Цар тахлын хугацаанд бид ажилчдынхаа эрүүл мэндэд түлхүү анхаарлаа хандуулж, цалин тэтгэмжийг тасалсангүй, цомхтголд хийсэнгүй, үйл ажиллагаагаа тасалдуулсангүй. Энэ маань томоохон амжилт юм гэж бодоод байгаа. Одоо цар тахлын дараах үеийн үе шатад шилжихэд бэлтгэх цаг нь ирээд байна. Таваарын ханш маань ч уул уурхайн салбарыг сайн ивээж байна.

-Уул уурхайн салбарын томоохон төлөөлөл болсон компанийн хувьд Монголын уул уурхайн салбарын ойрын жилүүдийн хандлагыг хэрхэн харж байна вэ?

-Товчхон үгээр бол технологи ба хүн хоёрын хөгжил гэх үү дээ. Уул уурхайн салбарт маань операторгүй механизм, хиймэл оюун ухаан зэргийг аль хэдийн хэрэглээд эхэлчихлээ. Монголд ч удахгүй энгийн хэрэглээ болоод эхэлнэ. Цар тахлын улмаас хүмүүсийн технологийн хэрэглээ жигд түвшинд очоод, сэтгэлгээг зад эвдээд өглөө. Дээр хэлсэнчлэн гадаадын үнэтэй үйлчилгээ, мэргэжилтэн авахаа болиод өөрсдөө эсхүл онлайнаар шийддэг болж байна. Энэ бол дэвшилтэт технологи, хүний хөгжил хоёрын эхлэл юм уу даа.

Технологи бол яахав аюулгүй ажиллагаа, эдийн засгийн үр ашиг байхад Монголд маань дорхноо нэвтэрчихнэ. Одоо цагт Австралид технологи нэвтрүүлэх, Монголд нэвтрүүлэх ялгаагүй болсон. Харин боловсон хүчин сайжрах хэрэгцээ нэн түрүүнд тулгарч байгаа асуудал болоод байна. Сургалтын агуулга нь соц үеийн технологи дээр суурилсан, ирээдүй маань шал өөр түвшний мэдлэг дээр бүтээгдсэн хоёрын зөрүү дээр асуудал үүсэж байна. Томоохон уул уурхай компаниуд маань энэ дээр анхаарч эхэлж л байна. Гэвч амьдрал түүнээс илүү хурдацтай явчихав уу даа.

 

 

 

Mongolian Economy