Ц.Сүхбаатар: Хямд цахилгаан борлуулж, халамж үзүүлдэг зарчмаа өөрчлөх хэрэгтэй

B Shurenchimeg
2023-11-29 11:26:36

Эрчим хүчний ассоциацийн тэргүүн Ц.Сүхбаатартай ярилцлаа. Тэрбээр эрчим хүчний салбарт тасралтгүй 42 жил ажиллаж байгаа бөгөөд энэ онд Аж үйлдвэрийн гавьяат ажилтан болсон билээ. Герман улсад эрчим хүчний инженерээр төгсөж ТЭЦ-3 станцаас ажлын гараагаа эхэлсэн тэрбээр Дэд бүтцийн яамны газрын даргаар олон жил ажилласан мэргэжлийн инженер юм. Ц.Сүхбаатар гуай ассоциацийн тэргүүнээс гадна “Клин Энержи” компанийн гүйцэтгэх захирлын алба хашдаг. “Эрчим хүчний салбараа аварья” контентын хүрээнд түүнтэй салбарын тулгамдсан асуудал, гарц шийдлийн талаар ярилцлаа.

-Манай эрчим хүчний салбар зах зээлийн зарчмаар ажиллаж эхлээд 30 жил болжээ. Энэ хугацаан дахь салбарын хөгжлийг та ямар түвшинд хүрсэн гэж дүгнэж байна вэ?

-1990 оны эхээр тухайн үеийн социалист орнуудын эрчим хүчний салбар хүнд байсан. Зөвхөн эрчим хүч ч биш бусад салбар ч эдийн засгийн хямралтай тулж ирсэн. Яагаад ийм байдал бий болсон бэ гэдгийг тэр үед дэлхий дахинд өрнөж байсан үйл явдалтай холбож тайлбарлах ёстой. Зөвхөн Монголд бий болсон хямрал биш тухайн үед дэлхий дахинд бий болсон өөрчлөлт, шинэчлэлтийн үйл явцтай эдгээр хүндрэлүүд нягт хамааралтай.

1980 оны сүүлчээр тухайн үеийн социалист орнууд эдийн засгийн хөгжил барууны орнуудаас хоцрогдож нийтээрээ хямарч, эдийн засгийн зогсонги байдалд ороод байлаа. Зүүн Европын зарим орнууд баруун Европтой аль болох хамтран ажиллах, харилцаа холбоогоо идэвхжүүлэх эрмэлзэлтэй байсан. 1989 оны тавдугаар сард Унгар болон Австри улсын хоорондын хил хаалттай байсныг нээсэн. Тэр үеэс эхлэн Зүүн Германы иргэд Баруун Герман руу Унгараар дамжин зорчиж эхэлсэн. 1989 оны арваннэгдүгээр сард Баруун Берлиныг тойруулсан 150-160 км урт баруун, зүүнийг зааглаж байсан бетон хэрмийг нурааж эхэлсэн. Улмаар 1990 оны дундуур ЗХУ задарснаар Эдийн засгийн харилцан туслах зөвлөл (ЭЗХТЗ) 1991 онд татан буугдав. Монгол Улс энэ зөвлөлийн гишүүнээр 1962 онд элссэн. Энд нэгдэж орсноор уул уурхайг хөгжүүлэх чиглэлд түлхүү ажиллаж, Тавантолгойн нүүрсний орд, Хөвсгөлийн фосфоритын орд, Цагаан суваргын зэс-молибдений ордыг нээж, Монголын ашигт малтмалыг олборлох бодлогыг ЭЗХТЗ-ийн орнуудаас явуулж байлаа.

Тус зөвлөлийг идэвхтэй ажиллаж байх үед “Монголросцветмет”, мөн 1978 онд Эрдэнэтийн зэс-молибдений үйлдвэр, Мах комбинат, нэхий, нэхий эдлэлийн үйлдвэр, хивсний үйлдвэр ашиглалтад орсон.

Эдгээр төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх, эрчим хүчээр найдвартай хангах зорилгоор ЗХУ-ын зээл тусламж, хөрөнгө оруулалтаар эрчим хүчний салбарыг босгож байв. Манай цахилгаан станцууд, шугам сүлжээ ЗХУ-аас хамааралтай болж  ирсэн. Тэр үед би Улаанбаатарын 3 дугаар цахилгаан станцад (ТЭЦ-3) дулааны нарийн хэмжүүр, автоматикийн цехд инженерээр ажиллаж байлаа.

Тухайн үед Зөвлөлтийн мэргэжилтнүүд цахилгаан станцуудад олноороо ажилладаг, цехийн даргад ЗХУ-ын мэргэжилтэн зөвлөдөг, тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгслээ ч ЗХУ-аас авдаг байсан. Учир нь бүх тоног төхөөрөмж Зөвлөлтийн хөрөнгө оруулалтаар хийсэн. “ТЭЦ-3”-д тухайн үед Свердловск хотоос ирсэн Симагин инженер миний зөвлөх байсан. Тэр хүн намайг сургаж зөвлөж, ажилд тусалдаг байлаа.

ЗХУ задарснаар хэрэгжиж байсан ажлууд зогсонги байдалд орж, мэргэжилтнүүд нутаг буцсан. Мөн сэлбэг хэрэгслийн олдоц буурч, бараа материал авах, станцыг тогтвортой ажиллуулах асуудал хүндхэн болж эхэлсэн л дээ.

Энэ үед Монголын эрчим хүчний системийн гол хүч нь гуравдугаар цахилгаан станц байлаа. Үүний дараа 1987 оноос “ДЦС-4” бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн. 1990 онтой золгоход хүний нөөц сайнгүй, сэлбэг материал хомс, станцыг хэвийн ажиллуулах туршлага бидэнд бага байсан. Эдийн засаг, техникийн нөхцөл байдал бодитоор хүндэрсэнтэй холбоотой эрчим хүчний салбар доголдож эхэлсэн. Хэрэглэгчдийг найдвартай эрчим хүчээр хангаж чадахгүйн улмаас график гарган хоёр, хоёр цагаар цахилгаан хязгаарладаг байлаа.

Эрчим хүчний эхний хямралын үеийг 1991-1995 он гэж үзэж болно. Энэ хямралыг давахад АНУ-ын Засгийн газар тусалж, цахилгаан станц, уурхайнуудыг хэвийн ажиллуулахад нэн шаардлагатай сэлбэг хэрэгсэл нийлүүлэх төсөл хэрэгжүүлсэн. Монгол Улс Дэлхийн банк, АХБ, ОУВС-тай хэлэлцээ хийж гишүүнээр элсэж байлаа.

“Дарханы ДЦС”-ыг шинэчилж сайжруулах төслийг Герман улсын санхүүжилтээр хэрэгжүүлж, АХБ-ны зээл, тусламжаар “ДЦС-3” ТӨХК-ийг сайжруулах төсөл эхлүүлсэн. Япон улсын буцалтгүй тусламжаар “ДЦС-4”-ийг сайжруулахаар 14-15 сая ам.долларын тусламж үзүүлсэн. Эдгээр арга хэмжээний үр дүнд 1996-1997 онд станцуудаа сэргээн засварлаж, сайжруулснаар хямралын үеийг давж, салбарын үйл ажиллагааг тогтворжуулж эхэлсэн.

Дараагийн шат буюу 1996-2010 онд олон төсөл хэрэгжиж, эрчим хүчний салбарыг сэргээсэн. Үүнд Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Япон, Герман, Солонгос улсын тусламж чухал үүрэг гүйцэтгэсэн. Энэ үед Япон улс манай эрчим хүчний салбарт илүүтэй анхаарч, Монголын эдийн засгийг сайжруулах донор орнуудын уулзалтыг Токиод жил бүр зохион байгуулж, үүнд оролцсон олон улсын байгууллагууд, хөгжингүй орнууд бодлогоо нэгтгэж нэгдсэн зохион байгуулалттайгаар Монгол Улсын эдийн засгийг сэргээх алхмуудыг хийж байсан. Үүний хүчинд эрчим хүчний салбараа хямралаас аварч, сэргээж чадсан.

Харин 2010 оноос хойш эрчим хүчний салбарт шинээр төслүүд хэрэгжүүлэх ажил удааширч, саарсан. Эрчим хүчний салбар 2010 хүртэлх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтынхаа инерцээр өнөөг хүртэл явж байна.

-30 жилийн хугацаанд эрчим хүчний бодлого хэр зэрэг хэрэгжсэн бэ? Эрчим хүчний салбарын хууль эрхзүйн орчин хангалттай бүрдсэн үү?

-Эрчим хүчний бодлого 1990-1995 онд урьд өмнөх хэлбэрээрээ явсан гэж үзэж болно. Тухайн үед эдийн засгийг харилцан туслах зөвлөл гишүүн орнууд эдийн засгийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөө зохиож төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн зарчмаа хөгжүүлж байсан. 1962 оноос хойш Монгол улс социалист зөвлөлд элссэнээс хойш Монголын эрчим хүчний төлөвлөгөөг тухайн үеийн ЗХУ-аас таван жилийн төлөвлөгөө гарган хөгжүүлэх  зарчмаар явж ирсэн. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн хамгийн сүүлчийн Монголын эрчим хүчний хөжлийн төлөвлөгөө нь 1988-1990 онд хийсэн “БНМАУ-г цахилгаанжуулах схем” юм. Тухайн үеийн ЗХУ-ийн эрчим хүчний хөгжлийн бодлогыг тодорхойлдог Ленинград хотод байрлах “Электросет проект” институтийн зүүн хойд салбар энэ төлөвлөгөөг боловсруулж Монгол Улсын эрчим хүчийг 1990-1995 онд хэрхэн хөгжүүлэх нарийвчилсан зургийг гаргаж, цаашдаа дунд хугацаанд 15 жилдээ хэрхэн хөгжүүлэх төлөвлөгөөг хийсэн. Зах зээлийн эдийн засагт шилжсэнтэй холбоотой энэ төлөвлөгөөний зарим зүйл, заалт хэрэгжээгүй. Тухайлбал, 500 кВ-ын шугамаар Монгол Улсыг хөндлөн холбох, Хөвсгөлийн фосфоритын орд, Цагаан суваргын ордыг ашиглана гэсэн төсөөлөл дээр эрчим хүчний төлөвлөгөөг зохиож байсан.

Зах зээлийн эдийн засаг хөгжсөн орнуудын жишгээр Эрчим хүчний тухай хуультай байдаг гэсэн ойлголт авч, Эрчим хүчний тухай хуулийн төслийг 1994 оноос Эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан Д.Миша ахлагчтай баг хийж, 1995 онд УИХ-аар батлуулсан. Монгол Улс ийн анх удаа эрчим хүчний хуультай болж байлаа. Уг хууль төвлөрсөн төлөвлөгөөт болон зах зээлийн эдийн засгийн элементүүд орсон холимог хууль байсан.

Эрчим хүчний хуулийг 2000 оны үед АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ийн эдийн засгийн реформын төслийн хүрээнд шинэчлэхээр болсон. Хуулийн төслийг Дэд бүтцийн Б.Жигжид сайдын үед 2000 оны намар УИХ-д өргөн барьж, 2001 оны хоёрдугаар сарын 1-нд УИХ-аар батлуулсан. Энэ хуулиар эрчим хүчний салбарыг зах зээлийн зарчмаар ажиллах суурийг тавьсан гэж хэлж болно.

Эхний ээлжид, бүтцийн өөрчлөлт хийж, үйлдвэрлэх, дамжуулах, түгээх гэсэн харилцан хариуцлага хүлээдэг зарчмаар ажиллуулах болсон. Тухайн үед “Төвийн эрчим хүчний систем” нэртэй корпорац хэлбэрийн нэг байгууллага байсан. Энэ нь гурвалжилсан өр (нүүрсний төлбөр, станцын төлбөр, хэрэглэгчийн авлага)-ийн сүлжээ үүсгэсэн, салбарын хэвийн үйл ажиллагааг явуулахад өр авлагаас болж хүндрэл үүсдэг, харилцан хариуцлага хүлээх боломжгүй байсан учир бүтцийг өөрчлөн тухайн үеийн төвийн системийг 18 компани болгосон.

Цахилгаан станцууд тус тусдаа компани, дамжуулах сүлжээ, түгээх сүлжээтэй болж бүтцийн өөрчлөлт хийсэн. Бүтцийн өөрчлөлт хийснээр Дархан, Сэлэнгийн түгээх сүлжээг хувьчилж, анхны хувийн түгээх сүлжээ компанитай болсон.

Шинэ хуульд тусгасан дараагийн алхам нь салбарыг арилжааны хэлбэрт шилжүүлэхэд чиглэж байлаа. Энэ зорилт өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байгаагаас эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт саарч, шинэ төслүүдийг явуулах боломжгүй болгож, хөрөнгө, санхүүгийн хомсдлын хямралд оруулж үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүндрэл учруулж байна.

Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг УИХ 2007 оны эхээр баталсан. Харин 2019 онд тус хуулийг шинэчлэн найруулж, нэмэлт өөрчлөлт оруулсан. 2015 онд Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийг баталсан. 2001 оны Эрчим хүчний тухай хуульд эрчим хүчний бодлогыг УИХ батална гэж заасан. Үүний дагуу “Эрчим хүчний нэгдсэн систем” хөтөлбөр, 2015 оноос “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого”-ыг УИХ-аар батлуулан хэрэгжүүлж байв.  2021 оноос эхлэн 30 жилийн хугацаанд Эрчим хүчний салбарын ирээдүйд хөгжүүлэх нэгдсэн бодлогыг “Алсын хараа 2050” хөгжлийн төлөвлөгөөнд багтсан.

Мөн Засгийн газраас эрчим хүчний бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрүүд гаргасан. Энэ мэтчилэн бодлогын бичиг баримт хангалттай байгаа. Энэ ажлын хүрээнд Дөргөн, Тайширын усан цахилгаан станцыг байгуулсан. Дулааны IV цахилгаан станцыг 200 орчим МВт-аар, Дулааны III цахилгаан станцыг 50 орчим МВт хүчин чадлаар нэмэгдүүлж “Амгалан ДЦС”-ийг барьсан. Эрчим хүчний сүлжээнд холбогдоогүй 130 гаруй сумыг төвлөрсөн сүлжээнд холбосон. Хамгийн гол хийсэн ажлын нэг нь шугам сүлжээний алдагдлыг багасгах, хэрэглэгчдийг тоолууржуулсан явдал юм. Эрчим хүчийг хэмнэх, зөв хэрэглэх зан үйлд тоолуурын систем маш чухал. 2000 оны эхээр шугамын болон арилжааны зэрэг маш олон алдагдал гардаг байсан. Тэгвэл өнөөдөр арилжааны алдагдал байхгүй болсон гэх мэт ахицтай ажлуудыг хийсэн.

-Эрчим хүчний салбарт үнэ тарифыг барьж байгаа нь буруу гэж салбарынхан ярьдаг. Үнэ тарифаас болж салбар хүнд байдалд орсон гэж та хэлж байна уу?

-Эрчим хүчний салбар хүнд нөхцөлд ажиллаж байгаа. Эрчим хүчний салбарын эдийн засагт хүндрэл үзүүлж буй зүйл бол үнэ тарифын асуудал. Саяхан салбарын төлөөллүүд “Эрчим хүчээ аваръя” гэсэн хурал зохион байгуулсан.

Эрчим хүч үйлдвэрлэл аль ч улсад өртөг зардлаа нөхөж байх ёстой, ингэснээр эрүүл эдийн засаг бий болдог. Өнөөг хүртэл үнэ тарифыг хатуу барьж байна. Эрчим хүчний тухай хуульд үнэ тарифыг өртөг зардлаас нь доогуур барина гэсэн заалт байхгүй, харин өртгөө нөхсөн үнэ тарифыг мөрдөнө, эрчим хүчээр найдвартай хангана гэсэн заалт байдаг. Эрчим хүчний үнийг өртөг зардлаас нь хямд байлгах нь буруу. Орлого багатай, төлбөрийн чадваргүй хэрэглэгчдэд хямд эрчим хүчээр дамжуулж санхүүгийн  дэмжлэг үзүүлэх нь ч буруу зарчим юм.

Эрчим хүчний салбарынхан улс орноо, хэрэглэгчдээ найдвартай эрчим хүчээр хангах ёстой. Өртгөө хаасан үнэ тариф мөрдөж, үйл ажиллагаа явуулах зарчимтай. Эрчим хүчний үнийг өртгөөс нь байнга доогуур барьж ирсэн учраас үнэ нэмэхээр хэрэглэгчдэд дарамт үүснэ, төлөхөд хүндрэлтэй тул хямд цахилгаан өгье гэсэн байр суурьтай хүмүүс манай эрчим хүчний салбарт ч  байдаг.

Учир нь, эрчим хүчний үнийг нийтээр нь хямд барьснаар хэн хожих вэ гэвэл их энерги хэрэглэдэг том уурхай, үйлдвэрүүд, ААН-үүд, их хэмжээний цахилгаан хэрэглэдэг хэрэглэгчид илүү хожиж байгаа юм. Хямд эрчим хүчээр хангах шаардлагатай хэрэглэгчдийн нийт хэрэглээ 10-15 хувийг л эзэлдэг.

Ямар ч тохиолдолд эцсийн хэрэглэгч өртөг зардлаа хаасан үнэ төлж байж эрүүл зах зээл бий болно. Эрчим хүчний үнэ тарифыг бага байлгаж дэмжлэг үзүүлэх биш төлбөрийн чадваргүй хэсэгт засаг захиргааны шугамаар, хөдөлмөр нийгмийн хамгааллын шугамаар дамжуулан дэмжлэг үзүүлбэл зөв шийдэл болно.

Хэрэглэгчдийн эрчим хүчний хэрэглээнээс хамаараад орлого, амьжиргаа шууд холбоотой. Тухайлбал, 150 кВт-аас доош цахилгаан хэрэглэж байвал хөргөгч, зурагт, цахилгаан гэрэл гэсэн хэрэглээтэй айлуудад хөнгөлөлт үзүүлж болно. 150 кВт-аас 250 кВт-ын хэрэглээтэй хэрэглэгчдэд бага хэмжээний хөнгөлөлт үзүүлж болох юм. 250 кВт-аас дээш хэрэглээтэй өрхөд хөнгөлөлт үзүүлэх шаардлагагүй. Эдгээр хөнгөлөлтийг хэрэглэгчдэд шууд олгодог байх нь зөв.

Цаашид Эрчим хүчний зохицуулах хороо ийм бодлого баримтлах болов уу гэж бодож байна. Эрчим хүчнийхэн хямд цахилгаан борлуулж халамж үзүүлэх зарчмаа өөрчилж, хуульд заасан найдвартай, чанартай эрчим хүчээр хэрэглэгчдийг тасралтгүй хангах үүргээ л биелүүлэх ёстой. Эрчим хүчний үнийн хөнгөлөлтийг халамжийн байгууллагын шугамаар үзүүлбэл зөв зарчимд орно. Энэ нь төрийн нуруунд очих ачааг ч багасгана. Эрчим хүчний үнэ хямд байх нь эрчим хүчний салбарын ирээдүйн хөрөнгө оруулалтад хүндрэл учруулсаар байна.

Цахилгаан, дулааныг үйлдвэрлэх процесс байгалийн хуулиар явагддаг учир орлого багатай, төлбөрийн чадваргүй хэрэглэгчдийг хангахад зориулсан хямд эрчим хүч үйлдвэрлэх ямар ч боложгүй гэдгийг тал талдаа ойлгох шаардлагатай байна.

-Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо  хангалттай сайн ажиллаж байгаа юу? Энэ тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?

-Яамны үе үеийн сайд нараас эрчим хүчний бодлогын хэрэгжилт хамаардаг. Сайн бодлого хэрэгжүүлсэн, алдаж оносон үе ч бий. Эрчим хүчний зохицуулах хороог бүтэц, эдийн засаг, үүрэг хариуцлагын хувьд сайн ажиллаж байгаа гэж үзэж байна.

Гэхдээ огт алдаагүй ажилласан гэж хэлэхгүй ээ. Эрчим хүчний бодлого урт хугацааных байдаг. 5-15 жилийн хугацаанд тууштай, тасралтгүй хэрэгжүүлж байж энэ салбар тогтвортой хөгжих ёстой. Гэтэл Эрчим хүчний салбарын сайдууд хоёр жилийн хугацаатай солигдож байна. Сонгууль дөрвөн жилийн хугацаатай, энэ хугацаанд хоёр сайд солигдох жишээтэй.

Үүнээс болж салбарын уламжлал, залгамж чанар, тасралтгүй бодлогын хэрэгжилт саарч байна. Тухайлбал, тууштай хэрэгжүүлж байсан ажлууд сайд солигдоход зогсонги байдалд ордог. Нэг хэсэг нь үргэлжлэх боловч зарим гол төсөл зогсож, өөрчлөгдөх жишээтэй. Иймд УИХ-аас баталсан хуулийг хэрэгжүүлэх, өмнөх сайдын ажлыг үргэлжлүүлэх залгамж халаа дутагдсанаас болж эрчим хүчний бодлогыг урт хугацаанд хэрэгжүүлэхэд хүндрэл гардаг.

Эрчим хүчний зохицуулах хороо нь хуулиараа бие даасан байгууллага боловч хорооны зохицуулагчдыг Ерөнхий сайд томилдог. Энэ нь тус байгууллагыг Засгийн газраас хамааралгүй ажиллаж чадахгүйд хүргэдэг. Тухайлбал, тус хороо тариф нэмэх санал гаргахаар Засгийн газар оролцох, эрчим хүчний сайд дэмжихгүй,  удаашруулдаг, тэр тусмаа сонгууль дөхсөн үед шууд л буцаадаг. Цаашид хорооны зохицуулагчдыг Засгийн газар биш УИХ-аас томилдог болгохоор хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай.

Эрчим хүчний зохицуулах хорооны бие даасан байдлыг хангах нь чухал. Хороо сайн ажиллаж байсан үе бий. Дашзэвэгийн Зоригт сайдын үед Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр байсан. Тэр үед эрчим хүчний үнэ тарифыг өртгөө хаах хэмжээнд хүртэл нэмж, хоёр жил орчим эрчим хүчний салбар алдагдалгүй ажиллаж байсныг онцлон хэлмээр байна.

Түүнээс хойш үнэ тарифыг өртөг зардлаа хаах хэмжээнд нэмж чадаагүй л байна. Үүнд гадны хүчин зүйлс бас нөлөөлсөн. Тухайлбал, ковидын цар тахлын үед үнэ тариф нэмэхэд хүндрэлтэй болсон үе бий. Одоогоор үнэ тарифыг тодорхой үе шаттайгаар нэмэх боломж байна гэж харж байна. Өртөг зардлаа хаасан үнэ тарифыг мөрдүүлж чадахгүй бол цаашид эрчим хүчний салбар үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй болж, шинэ төсөл хэрэгжүүлэхэд хүндрэл учирсаар байх болно. Мөн хөрөнгө оруулагчид орж ирэхгүй.

-Эрчим хүчний салбарт тулгарч буй бас нэг асуудал бол хүний нөөцөө алдаж буй явдал. Энэ хэвээр байвал салбар ямар байдалд орох вэ?

-Сүүлийн үед алт, зэс, төмөр зэрэг эрдсийн үнэ дэлхийн зах зээл дээр нэмэгдэж буйтай холбоотой уул уурхайн салбар ашигтай ажиллаж, уурхайд ажиллаж буй хүмүүсийн цалин нэмэгдэж байгаа. Тиймээс  эрчим хүчний салбарын болон бусад салбарын ажилчид уул уурхай руу шилжих үзэгдэл ажиглагдаж байна.

Эрчим хүчний салбарт олон хүн ажилладаг, тэр дундаа салбартаа бие сэтгэлээ бүрэн зориулсан олон зуун хүмүүс бий. Салбарын ажилчдын цалинг тухайн үйлдвэрийн дарга нар тухай бүрд нь нэмээд явж байгаа. Жишээлбэл, 20 жилийн өмнө ажиллагсдын цалин үйлдвэрлэлийн нийт зардлын 12 хувь (1/8) байсан бол өнөөдөр эрчим хүчний ажилчдын цалин нийт зардлын 25 хувь буюу ¼ хувийг эзэлж байна. Энэ утгаараа ажилчдын цалинд станцын удирдлагууд анхаарч байгаа.

Гэхдээ үнэ тарифыг цаашид хямд бариад байвал цалин нэмэх нөөц багасна. Тиймээс цаашид салбарыг алдагдалгүй ажиллах тал дээр анхаарахгүй бол хүний нөөц буурах эрсдэл үүснэ. Эрчим хүчний салбарт зөвхөн цалин биш гурван талт хэлэлцээр, олон жил ажилласны нэмэгдэл, ур чадварын нэмэгдэл зэрэг урамшуулал олгодог механизм бий. Үүнийг цаашид зөв ашиглаад явбал хүний нөөцөө алдах асуудал үүсэхгүй байх. Мөн инфляц өндөр, өргөн хэрэглээний барааны үнэ өссөнтэй зэрэгцэн ажилчдынхаа цалин хөлсийг тогтмол нэмэх зарчимтай санал нийлж байна.

-Эрчим хүчний хэрэглээ жилээс жилд нэмэгдэнэ, нөгөө талдаа нийлүүлэлтийн хүчин чадал дутагдаж буй талаар байнга ярьсаар ирсэн.

-ОХУ-аас цахилгаан авахгүйгээр станцуудын суурилагдсан хүчин чадлаар төвийн эрчим хүчний системийн оргил ачааллыг хаах боломжгүй. “ДЦС-4” ТӨХК-ийг ашиглалтад орсноос хойш улсын хэмжээнд томоохон эх үүсвэр бариагүй, ихэвчлэн цахилгаан станцуудаа шинэчлэх, өргөтгөж ирсэн. Энэ нь тухайн үеийн ердийн хэрэглээний өсөлтийг хангах боловч томоохон хэмжээний шинэ хэрэглэгч, ирээдүйн хэрэглээний өсөлтийг гүйцэхгүй, чадлын дутагдалд орно гэсэн үг. Тиймээс томоохон хэмжээний шинэ эх үүсвэрийг нэн даруй, зайлшгүй барих шаардлагатай.

Оюу толгой уурхай БНХАУ-аас импортоор цахилгаан авч хэрэглээгээ хангаж байна. Энэ нь жил бүр их хэмжээний мөнгө гадагшаа урсаж буйн тод жишээ. Тиймээс эхний ээлжид Тавантолгойн уурхайг түшиглэсэн эх үүсвэр барих нь маш чухал. Саяхан Сонгины 220 кВ-ын дэд станцыг барьсан. Уг станц нь Дундговиос Өмнөговь руу их хэмжээний цахилгаан дамжуулах боломжийг олгож байна. Цаашдаа Тавантолгойн нүүрсний уурхайг түшиглэн цахилгаан станц барьчихвал Оюу толгойн уурхайг цахилгаанаар хангах, шаардлагатай тохиолдолд цахилгааныг Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд Сонгины 220 кВ-ын дэд станцаар дамжуулан авах техникийн боломж нөхцөл бүрдэх юм.

Төвийн бүсийн эрчим хүчний өсөн нэмэгдэх хэрэглээг хангахад Багануур, Цайдам нуурын нүүрсний ордыг түшиглэсэн станц, Төгрөг нуурын орчимд станц барих зэрэг олон төсөл ярьж байгаа. Эдгээрээс Цайдам нуурт цахилгаан станц барьж эхний ээлж нь ирэх оны сүүлчээр ашиглалтад орох гэж байна. Энэ станц нь нүүрсний уурхайн дэргэд, 220 кВ дэд станцаас холгүй, усан хангамж сайтай, нийслэл хоттой ойрхон зэрэг олон давуу талтай. Мөн ойрын хугацаанд төвийн системд ачааллын тохируулга хийх, усан цахилгаан станц эсвэл усан цэнэгт цахилгаан станц барьж эхлэх хэрэгтэй.

Цаашид Монгол Улсыг хөндлөн тэнхлэгээр холбосон том чадлын цахилгаан дамжуулах шугамыг барьснаар баруун, зүүн бүсийг холбосон  нэгдсэн систем бий болж, эрчим хүчний хангамж найдвартай, тогтворжино.

-Манай улсын сэргээгдэх эрчим хүчний хөгжил ямар байна вэ? Нэг хэсэг сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтын “бүүм” болж байсан ч одоо зогссон.

-Одоогоос 30 жилийн өмнө 2050-иад оны эрчим хүчний эх үүсвэрийг цөмийн эрчим хүч гэж ихэнх эрдэмтэн тооцоолж, энэ технологийг ашиглах бодлого барьж байсан. “Чернобыл”-ийн аваар, саяхан Японд цөмийн станц цунамид өртөж аюул болсноос хойш хүн төрөлхтөн хэвийн горимд атомын цахилгаан станцыг ашигтай ажиллуулж чадаж байгаа эсэх, осол аваар, хэвийн бус нөхцөлд удирдах боломжгүй аюултай гэж үзэх болсон. Энэ хугацаанд сэргээгдэх эрчим хүчний технологи сайжирч, үйлдвэрлэлийн зардал эрчимтэй буурсан. Германы эрдэмтдийн 2008 онд хийсэн судалгаагаар 2020-2022 онд салхины эрчим хүч, 2025-2030 онд нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн үнэ уламжлалт дулаан эрчим хүчний үйлдвэрлэлийн үнэтэй адил болно гэж тооцоолж байв.

Гэтэл энэ хооронд нарны зай үйлдвэрлэх технологи 4-5 дахин хямдарч, үр ашиг нь дээшилснээр өнөөгийн байдлаар нарны станцаас цахилгаан үйлдвэрлэх зардал, дулааны станцаас үйлдвэрлэх цахилгааны өртгөөс хямд болж, салхин станцын цахилгаан үйлдвэрлэлийн өртөг уламжлалт эрчим хүчнийхтэй адил болсон.

Үүнтэй холбоотойгоор 2050 оны эрчим хүчний эх үүсвэр нь цөмийн эрчим хүч биш, сэргээгдэх эрчим хүч гэдэгтэй улс орнууд санал нэгдэж, энэ чиглэлд жил бүр их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байна.

Манай улсад сэргээгдэх эрчим хүчний хэд хэдэн эх үүсвэр барьж ашиглалтад оруулсан. Өнөөдөр сэргээгдэх эрчим хүчний тариф өндөр мэт харагддаг. Тэгвэл нүүрсээр үйлдвэрлэдэг эрчим хүчний үнэ өөрийнх нь жинхэнэ өртөг мөн үү гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Мөн сэргээгдэх эрчим хүчийг бүрэн ашиглахад зарим технологийн хүндрэл учирч байна. Тухайлбал, хэрэглээ өндөр үед наргүй, салхигүй байж болно. Харин хэрэглээ бага үед нар, салхитай байх жишээтэй. Үүнийг зохицуулж тохируулах том хэмжээний усан цахилгаан станц, усан цэнэгт тохируулгын станц хэрэгтэй болж байгаа юм. Багануурт ус хуримтлууртай том цахилгаан станц барих төлөвлөгөө 1990 оны схемд тусгагдсан байдаг. Энэ төслийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Өнөөгийн байдлаар Улаанбаатард баригдаж байгаа 240 МВт цагийн багтаамжтай 80 МВт-ийн чадалтай хуримтлуур төвийн эрчим хүчний системийн горимын тохируулга, оргил ачаалалыг хаахад нэн чухал юм. Мөн эрсдлийн үед ус агаар мэт хэрэг болох нөөц эх үүсвэр гэж ойлгож болно.

-Монгол Улсын эрчим хүчний салбарын цаашдын 30 жилийн хөгжлийг та хэрхэн харж байгаа вэ?

-Манай улсын эрчим хүчний ирээдүй уламжлалт нүүрсний технологи дээр нэг хэсэгтээ суурилж явна. Улс орон юутай байна түүгээрээ баян гэдэг. Манай улсад хамгийн их хэмжээгээр байгаа эрдэсийн нэг нь нүүрс. Манайд аль ч төрлийн нүүрсний нөөц хангалттай бий. Гол нь нүүрсээр ажилладаг цахилгаан станцын технологи дээр анхаарч, сүүлийн үеийн дэвшилтэд, байгаль орчинд ээлтэй, уутаа багатай  байдлаар шийдэх шаардалагай.

Мөн манай улс сэргээгдэх эрчим хүчний нөөц арвинтай. Монголын говь, зүүн бүсээр нарны тусгал сайн учраас эрчим хүч үйлдвэрлэх нөөц хангалттай бий. Бид нар, салхиныхаа нөөцөөр 3-5 триллион кВ.цаг эрчим хүч үйлдвэрлэх боломжтой. Монгол Улс нар, салхийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэж Зүүн өмнөд ази руу экспортлох тухай яриа хоосон зүйл биш. Мөн усыг ашиглаж 6000 МВт-ын хүчин чадалтай станц барих нөөцтэй гэсэн судалгаа байдаг. Сэргээгдэх эрчим хүчийг ашиглахад технологийн зарим хүндрэл гардаг.  Хэрэглээ их үед нар, салхигүй байгаад, хэрэглээ бага үед нар, салхи их байж болно. Үүнийг тохируулах нөөц эх үүсвэр шаардлагатай. Өөрөөр хэлбэл, манайд том хэмжээний улс усан цахилгаан станц, ус хуримтлуурын станц барих хэрэгтэй.

Мөн сүүлийн үед дэлхий дахинаа батарейны технологи улам сайжирч боловсронгуй болж байна. Тиймээс томоохон хэмжээний батарей хуримтлуур барих боломжтой.

Мөн сэргээгдэх эрчим хүчний нөөцдөө үндэслэн ус төрөгч үйлдвэрлэх, нүүрсний давхаргаас метан хий гарган авах зэрэг чиглэл рүү явах ёстой. Метан, метанолыг хөгжингүй улс орнууд эрчим хүчний салбартаа өргөн ашиглаж байна.

-Таны хувьд эрчим хүчийг хэрхэн яаж хэмнэдэг вэ? Цахилгаан, дулааныг хэмнэх, гамнах сэтгэлгээ иргэдийн дунд маш бага байна.

-Маш чухал асуулт байна. Эрчим хүчний үнэ хямдхан байгаа нөхцөлд цахилгааныг хэмнэх сэтгэлгээ бага байдаг. Үүнийг саяхан цахилгаан, дулааны төлбөрийг хөнгөлөх шийдвэрийн дараах өсөн нэмэгдсэн хэрэглээнээс харж болно. Ихэнх хэрэглэгч эрчим хүчийг ямар их хөлс хүч, өндөр үнэ цэнээр бүтээдэг тухай ойлголтгүй байна. Цахилгаан, дулааныг хэмнэх нь ямар ач тустай талаар хүмүүст зөв ойлгуулах, сурталчлах ажлыг байнга хийх хэрэгтэй.

Миний бие гуравдугаар цахилгаан станцад 1980-аад оны эхээр долоон жил ажиллахдаа цахилгаан, дулаанаар хэрэглэгчдийг тасралтгүй хангах нь маш хүнд бөгөөд хариуцлагатай ажил гэдгийг биеэрээ мэдэрсэн тул хэмнэж, гамнахаас өөр аргагүй. Тэр үед Дөрөвдүгээр цахилгаан станц баригдаагүй, манайх хамгийн том станц, хотын хэрэглэгчдийн ихэнхийг цахилгаан, дулаанаар хангадаг байсан.

Цаашид хэрэглэгч бүхэн, хүн бүр эрчим хүч гэдэг нь олон хүний хөлс, хүч, сэтгэлийг шингээсэн, өндөр өртөгтэй бүтээгдэхүүн гэдгийг ухамсарлаж, хэмнэх, үүний төлөө бага ч гэсэн үйлдэл хийх хэрэгтэй. Гэрлээ унтраах, шаардлагагүй цахилгаан хэрэгслийг салгах, байшин, гэрээ сайн дулаалах гэх мэт. Мөн эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль гарсан, үүнтэй холбоотой хэрэглэгчид зөвлөгөө өгдөг аж ахуйн нэгжүүд бий болсон, хэмнэлттэй технологиуд олноор нэвтэрч байна. Цахилгааны хэрэглээ багатай техник, технологиудыг ашиглах хэрэгтэй. Хүн болгоны сэтгэл, бага ч гэсэн хэмнэх үйлдэл нь нийлээд “далайд дусал нэмэр” гэдгээр маш их хэмнэлт болдог. Хэн хэндээ ач тустай үйл юм шүү.

Эцэст нь улсынхаа гал голомтыг сахиж цахилгаан, дулаанаар хэрэглэгчдээ хангах үйлсэд өдөр шөнөгүй зүтгэж буй эрчим хүчний салбарын хамт олон, хамтран ажиллаж байсан эрчим хүчний салбарын үе үеийн удирдлагууд, Монголын эрчим хүчний ассоциацийн гишүүн байгууллагуудын хамт олонд өвлийг өнтэй давах үүргээ нэр төртэй биелүүлж байгаад талархал илэрхийлье.

Эрчим хүчний найдвартай ажиллагаа нь хэрэглэгч та бүхнээс хамаарч байдаг. Цахилгаан, дулаан маш их хөдөлмөр, хөлс хүч, өндөр үнээр бүтээгддэг үнэт зүйл гэдгийг эрхэмлэж эрчим хүчээ хэмнэж, ариг гамтай хэрэглэж байхыг хэрэглэгч та бүхэндээ уриалж байна.

 

 

 

 

B Shurenchimeg