Ц.Өнөржаргал: 50 гаруй төрлийн менежмент ашигласан Монголын хамгийн анхны төсөл “Улаагчны хар нуур”

Sarangerel
2024-09-18 14:21:04
Ангилал: Нийгэм

Удирдлагын академийн эрдэмтэн багш, Менежментийн үндэсний зөвлөх Ц.Өнөржаргалтай ярилцлаа. Тэрбээр хөгжлийн стратеги, төсөл, эрсдэлийн удирдлагын чиглэлээр судалгаа хийдэг бөгөөд бизнесийн томоохон байгууллагуудын үйл ажиллагаанд менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Одоогоос дөрвөн жилийн өмнө 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй төслийн багийг удирдаж, Завхан аймгийн “Улаагчны хар нуур-Үндэсний парк” төслийн ТЭЗҮ-ийг хийсэн юм.

-“Улаагчны хар нуур-Үндэсний парк” төслийг та удирдаж байсан. Энэ бол орон нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх томоохон хэмжээний төсөл. Төслийн үндэс суурь хэрхэн тавигдаж байснаас яриагаа эхлэх үү?

-Төслийн ТЭЗҮ гэдэг ойлголт дэлхийд ямар төвшинд байдгийг ойлгуулахын тулд PMI буюу Америкийн төслийн удирдлагын хүрээлэнгийн Монгол дахь салбарын ерөнхийлөгч М.Болд болон Төслийн удирдлага, хөгжлийн хүрээлэнг төлөөлж миний бие хамтраад монголчууддаа жишиг болгосон сайн төсөл бий болгоё гэж зорьсон. Үүн дээр үнэхээр сэтгэлээ гаргаж ажиллая гэж тохиролцсон. Удирдлагын төлөвлөгөө гэхэд л бараг төсөл болохоор сүртэй ажил болж байлаа. Нийтдээ зургаан сарын хугацаанд хийх ёстой төсөл байсан.

-Багийг хэрхэн бүрдүүлж байсан бэ. Хэдий хэр хугацаанд хийсэн төсөл вэ?

-Анх 2019 оны сүүлээр яригдсан төсөл. Тэгээд төрийн шалгаруулалт, бэлтгэл ажил гэж явсаар 2020 оны тавдугаар сарын дундаас эхэлсэн. Эхлээд төслийн менежментийн багийг бүрдүүлсэн. Удирдлагын академийн багш нар, Хөдөө аж ахуйн их сургууль, МУИС, Идэр дээд сургууль, Шинжлэх ухааны академийн төлөөлөл гээд олон хүмүүс цугласан. Гэтэл бүгд төслийн  талаар өөр, өөр ойлголттой байв. Төслийг чанартай боловсруулахад ойлголтын зөрүүг арилгах ёстой гээд хамтарсан сургалтууд хийсэн. Төслийн удирдлага гэдэг тусдаа ойлголт. Төслөө бичсэний дараа амьдрал дээр бодитой хэрэгжүүлэх нь хамгийн чухал учир олон улсын төвшинд ажиллахаар системийн хүрээнд бүгдэд нь даалгавар өгсөн юм. “National sustainable” болон “Инженер геодези” зэрэг туршлагатай компаниуд орж ирсэн. Төслийг миний бие удирдаж, М.Болд зөвлөх гол цөм нь болж ажилласан. О.Баатарсүх гэж Монгол Улсын үндэсний стандартыг 2017 онд шинэчилсэн хүн багт орж ирсэн. “Инженер геодези” компани маш сайн ажилласан. Тэд тэр дороо л инженер техникийн ажилтнууд болон өрмийн техникүүдээ Завхан руу хөдөлгөж байлаа. Багаа бүрдүүлж, хурлаа хийгээд л маргааш нь шууд судлаач, эрдэмтдийн баг, тэдгээрийг удирдаж Ө.Ганпүрэв, В.Мөнхбаяр нар Завхан аймаг руу явж байлаа шүү дээ. Бодит байдал дээр очоод ажиллахад иргэд жаахан дургүй байсан. Сонгууль болох гээд уур амьсгал хэцүү болсон байсан үе л дээ. Амьдрал дээр нийцүүлэхийн тулд маш олон эрсдлийг харсан. Сүүлдээ нутгийн иргэд биднийг сайн таньдаг, дэмждэг боллоо. Тэдэнд төлөвлөгөөгөө дэлгэж үзүүлээд “За хамтдаа зуръя” гээд л явж байлаа. Иргэдийн оролцоон дээр тулгуурлаж төлөвлөсөн гэсэн үг. Тийм учраас нутгийн иргэд эсэргүүцэх гэхээсээ илүүтэй дэмждэг болсон доо.

 -Улаагчны хар нуур байгалын онгон дагшин газар нутаг шүү дээ. Экосистемийг нь эвдэхгүйгээр аялал жуулчлал хөгжүүлэх ямар арга замуудыг сонгосон бэ?

-Улаагчны хар нууран дээр аялал жуулчлал хөгжүүлбэл экосистем нь эвдрэх эмзэг байдалтай байсан. Олон хүн цуглуулаад аялал жуулчлал хөгжүүлэхээр сөрөг үр дагавар гарах нь тодорхой байсан. Энэ нууран дээр олны хөлийн төвлөрөл үүсгээд байвал 1-2 жилийн дотор байхгүй болно. Тиймээс аялагчдыг нэг газар цуглуулахгүй хэрхэн тараах вэ гэдэг асуудалтай тулгарсан. Тэгээд Улаанбаатар хотын иргэдээс “Завханд аялбал юу юу үзмээр байна вэ, ямар аялал илүү тааламжтай вэ” зэргээр асуумж асууж судалгаа авсан. Хар нуур дээр очоод нэг орой сайхан харж суугаад л хоночихно. Маргааш нь дахиад л хараад суухад уйтгартай байж болох юм. Тиймээс Сэнжид цохио, Мухартын гол орчмоор аяллын хөтөлбөр зохиох хэрэгтэй болсон. Морь, сарлаг унах, таван хутагтын кэмп, усан кэмп, элсний кэмп, экстрийм кэмпээр зочлох, наран шарлагын газар очих зэрэг олон гоё хөтөлбөрийг санал болгохоор төсөлдөө тусгасан. Ойгон, Тэлмэн нуурын аяллын хөтөлбөр, Баяннуур, Бор хяр аяллын хөтөлбөр, Отгонтэнгэр хайрхан, Завхан гол Шавартын аяллын хөтөлбөрийг бий болгохоор болсон. Нэг хоногт нь Улаагчны хар нуурандаа хоноод бусад өдөрт нь өөр газрууд руу аялах боломжтой болно гэсэн үг. Энэ нь байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах шийдэл юм.

Монголчууддаа жишиг болгосон сайн төсөл хийе гэж зорьсон

 -“Улаагчны хар нуур-Үндэсний парк” төслийг харахад 3, 6, 9 гэсэн тоонд бодлогын хүрээ нь зангидсан гэсэн байсан. Энэ тоог та тайлбарлана уу?

-Судалгааны үр дүнд тулгуурлан иргэдийн дийлэнх сонголттой газарт нь цогцолбор, дунд сонголттойд нь бааз, бага сонголттой газар нь дайраад өнгөрдөг цэг байгуулъя гэсэн. Ингээд ирэхээр цэцгийн дэлбээ шиг болоод ирж байгаа юм. Таван гол хөтөлбөртэй. Тэр нь дотроо таваар буюу нийт 25 маршрутаар задардаг. Бүгд онцлогтой. Отгонтэнгэр хайрхан дээр бүр ойртож очихгүйгээр тахилын сүмд очоод идээ будаагаа тэндээ өргөөд ёс заншлаа хийж болно. Бурханч лам Г.Пүрэвбат агсаны шавь нар тэдгээр баазын гэрийн багана нь ямар байх уу, ямар хээтэй байх уу, авдрын хээ нь ямар байх уу, дээрээ ямар бурханыг шүтэх үү, тэмээчин, адуучин айл ямар байх уу зэргээр маш их сэтгэл гаргаж ажилласан. Төслийн багийн 67 орчим хүн бүгд гэрээ хийгээд ажиллахаар маш том судалгаа, шинжилгээ, тооцоолол гарч ирсэн л дээ. Шувуунаас эхлээд загас, жижиг бичил амьтдад хүртэл судалгаа хийж өвлийн улиралд аялал жуулчлалын ямар боломж байгааг судалсан. Бүх зүйлийг судлаад л байхаар нэг зүйл тодроод гараад ирсэн. Энэ нь гурав, зургаа, ес гэдэг тоо. Гурав гэдэг нь, Олон улсын байгууллага тогтвортой хөгжлийн зорилгыг хардаг. Тодруулбал, Хар нуур орчмын болон дэмжих бүсүүдийн нийгмийн тогтвортой байдлыг дэмжих, эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжих, байгаль экологи, хүрээлэн буй буй орчны тогтвортой байдлыг дэмжих нь чухал байдаг. Нийгмийн асуудлыг хэрхэн шийдэх вэ гэхээр хүмүүсийг сургаж, зохион байгуулалтад оруулах ёстой. Нийгмийн хувьд ач холбогдолтой аялал жуулчлалыг хөгжүүлж, эдийн засгийн хувьд иргэддээ хүртээмжтэй байх ёстой гэсэн үг. Зургаа гэдэг нь, Завхан аймгийн зургаан зорих бүс нутгийн хөгжлийн зорилгыг тодорхойлох юм. Улаагчны хар нуурын бүсийг хөгжүүлэх, Отгонтэнгэр орчмын бүсийг хөгжүүлэх, Баяннуур орчмын бүсийг хөгжүүлэх, Ойгон нуур орчмын бүсийг хөгжүүлэх, Ногоон нуур орчмын бүсийг хөгжүүлэх, Завхан голын Зэсийн бүрд, Шаварт орчмын бүсийг хөгжүүлэх зорилт тавьсан. Ес гэдэг нь, үйл ажиллагааны хөгжлийн зорилго юм. Удирдлага зохион байгуулалтын хөгжил, Цогцолборын аялал жуулчлалын үйл ажиллагааны хөгжил, Аялал жуулчлалын хөтөлбөрийн үйл ажиллагааны хөгжил, Өрсөлдөх чадвар, марктенгийн хөгжил, Хүрээлэн буй орчин, байгаль хамгаалал, чанар стандартын хөгжил, Нутгийн иргэдэд чиглэсэн аялал жуулчлалын хөгжил, Хүний нөөцийн хөгжил, Дэд бүтэц, барилга, техник технологи, материаллаг баазын хөгжил, Санхүү, хөрөнгө оруулалтын хөгжил багтаж байгаа юм.

-Төслийн хөрөнгө оруулалт 90 тэрбум төгрөгөөр хэмжигдэх юм билээ. Хэрэв төсөл хэрэгжээд эхэлбэл хөрөнгө оруулалтаа хэр хугацаанд нөхөх боломжтой вэ?

-Хөрөнгө оруулалт нь олон улсын болон улсын хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт байдаг. Хувийн хэвшил ашигтай ажиллах ёстой. Улс бол улсын эдийн засгийг тэтгэх ёстой. Олон улс ирээдүйд үр ашигтай төслийг санхүүжүүлэх ёстой гэсэн гурван сонирхлыг санхүү, хөрөнгө оруулалт нэгтгэдэг. Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсын баруун таван аймгийг хөгжүүлэх бодлогын хүрээнд төслүүд санхүүжүүлэн хэрэгжүүлдэг. Тиймээс Завхан аймаг маш идэвхитэй байх шаардлагатай. Уг төсөл хэрэгжсэн 9-10 дахь жилд зардлаа нөхнө гэсэн тооцоо бий.

 -Төслийн алсын хараа нь тогтвортой хөгжлийн зорилтуудыг нутгийн иргэдэд түшиглэн хэрэгжүүлж,олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний парк болох учиртай. Төсөл олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үү?

-Монголд зураг төслөөс их зүйл алга. Хамгийн гол нь төслийн менежментдээ анхаарах ёстой. Улаагчны хар нуурын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд 50 гаруй төрлийн менежмент ашигласан Монголын хамгийн анхны төсөл. Санхүү хөрөнгө оруулалтын тооцоо нь гэхэд 700 гаруй хуудас болсон. Тоо болгоны ард төслийн стандарт, шаардлага явдаг. Олон улс болон үндэсний байгууллага хамтарч хийж байгаа учраас төслийг удирдах менежмент чухал. Хүний нөөц, багийн менежмент, засаглалын менежмент, чанарын болон хөрөнгө оруулалтын менежмент, шийдвэр гаргалтын менежмент, брэнд, борлуулалтын менежмент зэрэг 50 орчим менежментийн төрөл чиглэлийг ашигласан. Үүгээрээ онцлог төсөл болсон. Монголд нэг гол алдаа байдаг. Тэр нь бүгдээрээ мэргэжлээрээ мундаг байхыг зорьдог. Гэхдээ менежментэд анхаарахгүй байна. Хэрэгжиж буй ч үр дүнд хүрэхгүй байгаа шалтгаан нь энэ. Зарим төслийн хувьд зөвхөн мэргэжилтнүүдээр ажил хийлгэх гээд зүтгээд байдаг. Үгүй ээ, менежментийнхэн нь оролцож байж тэр төсөл амжилттай хэрэгжинэ гэдгийг ерөөсөө ойлгохгүй байгаа юм. Өмнөговь руу яагаад гол, ус татаж чадахгүй байгаа юм. Усны судлаачид судлаад л байдаг. Менежментийнхэн ажиллахгүй байгаа учраас болохгүй байна. Гэрээ, стратеги, хамтын ажиллагааны, оролцогч талуудын, эрсдэлийн, шийдвэр гаргалтын, гүйцэтгэлийн менежментийнхэн орж ирж байж тэр төслүүдийг хэрэгжүүлдэг гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрөөд ISO 21500 гэдэг багц найман төслийн стандартуудтай болсон юм. Үүнийг Монголд ойлгож байгаа нь цөөн. Үүнийг нэвтрүүлэхийн тулд Төслийн удирдлага, хөгжлийн хүрээлэнгээс 700 шийдвэр гаргагч цуглуулж, төслийн удирдлагын чуулганыг Төрийн ордонд хийсэн. Шангрилад ТОП-100 захирал, эрдэмтэд цуглуулаад хурал хийж, сурах бичиг, сэтгүүл гаргаад, телевизүүдээр нэвтрүүлэг хийсэн. Мөн үүлэн технологи дээр суурилсан төслийн удирдлагын ном сурах бичиг гаргаж нийтийн хүртээл болгосон. Гэтэл багш хүн яагаад хийгээд байна вэ гэхээр менежмент гэдэг зүйлээ ашиглаад байгаа юм. Тэгэхээр үүнийг ашиглаад ТЭЗҮ-г үр ашигтай ажиллуулах нь чухал юм гэдэг зүйлийг голчлон анхаарсан. Хар нуур нь Монголдоо стратегитай ТЭЗҮ гэдгээрээ онцлогтой. Нутгийн жирийн иргэдийн санаа бодлоос авахуулаад улс төр, эдийн засаг, эрх зүйн хүрээний судалгааг хийсэн. Үүн дээр шинжлэх ухааны аргачлалаа ашиглаж байгаа юм. Таамаглал, асуудал дэвшүүлээд, зорилго зорилтоо тавиад, судалгааныхаа арга зүйг сонгосон. Олон улсын төслийн стандарт ISO-г хангасан байна гэдэг нь өөрөө хөрөнгө босгох том үндэслэл юм.

 -Сүүлийн жилүүдэд аялал жуулчлалаас орж ирэх ашиг орлого дэлхийн улс орнуудад нэмэгдсээр байна. Манай улсад ч ялгаагүй жуулчид ихээр ирэх болсон. Гэвч манайх онгон байгальдаа түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлж чадахгүй л байна. Үүний нэг жишээ гэвэл Завхан аймаг. Энэ том төсөл хэрэгжвэл мэдээж эдийн засгийн ач холбогдол өндөр байх нь гарцаагүй?

-Уул уурхайн бус солонгорсон эдийн засаг гэж их ярьж байна. Аялал жуулчлал гэдэг зөвхөн нэг баазын асуудал биш юм. Тээвэр ложистикийн асуудал орж ирнэ. Хүнс, бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх хэрэгтэй болдог. Ханган нийлүүлэлтийн сүлжээ ажилладаг. Зочид буудал, ресторан, жуулчны бааз, харилцаа холбоо гээд бүх салбарт нөлөөгөө үзүүлж чаддаг бизнесийн салбар чинь өөрөө аялал жуулчлал. Зөвхөн уул уурхайгаа хардаг ард түмэнд аялал жуулчлалыг хөгжүүлэх шаардлага гарч ирж байна. Европын холбооны “ТАСИС”, Японы “Жайка” хөтөлбөрүүдийн зорилго, зорилт, дэвшүүлсэн санааг тусгах гэж оролдсон. 1990-2000 онд хэрэгжүүлэхээр оролдсон хөтөлбөрөөс санаа авч ажилласан. Улаагчны хар нуурын төсөл нь мэргэжлийнхэн болон менежментийнхний хамтын ажиллагаагаар бий болсон сайн төсөл гэж би үздэг. Энэ төслийг хэрэгжүүлэх ямар их нөөц бололцоо байсан билээ. Цаг алдаж байгаа нь өөрөө алдагдсан боломж болчихож байна даа.

“Улаагчны хар нуур-Үндэсний парк” төсөлд зориулсан тусгай дугаараас 2024.09 сар