Ч.Ганхуяг: Монгол Улсаа дэлхийд сурталчилсан форум болно
“Монголын эдийн засгийн форум” ТББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Ард санхүүгийн нэгдлийн ТУЗ-ийн дарга Ч.Ганхуягтай ярилцлаа.
-Энэ жилийн “Монголын эдийн засгийн форум” Улсын баяр наадмын өмнөхөн болох гэж байна. Энэ жилийн форумын гол онцлогууд юу байх вэ?
-Цар тахлын хорио, дээрээс нь хоёр хөршийн хилээ хааж, нийлүүлэлтийн гинжин хэлхээ тасалдуулсан шийдвэрүүдээс үүдэн манай эдийн засаг зогсонги байдалд орсон. Бид энэ байдлаас амжилттай гарч хямралыг даван туулж, эдийн засаг ч өсөж эхэллээ. Эдийн засгийн өсөлттэй зэрэгцэн гадаадын хөрөнгө оруулагчдыг урин авчирч, эдийн засгийн боломжуудаа танилцуулан Монголд ашиг олз ихтэйгээр бизнес явуулж болох юм гэдгийг харуулах зорилготойгоор энэхүү форумыг хийж байна. “Рио Тинто” групп өндөр оролцоотой ажиллаж, Оюу толгой төслийн санхүүжүүлэгч байгууллагуудын удирдлагуудыг урьж авчирна.
Энэ удаа дотогшоо гэхээс илүү гадагш хандсан форум болох онцлогтой. Монголд хөрөнгө оруулалтын хууль, эрх зүйн орчин ямар байна, бизнес явуулахад юу саад болж байна гэх мэт сэдвүүдээр хөрөнгө оруулагчдын санаа бодлыг сонсож ярилцана. Монгол Улсын Засгийн газар ч өндөр ач холбогдол өгч байгаа. Хувийн хэвшлийн компаниуд өргөн хүрээнд дэмжин оролцож байна. Бид гадаадын зочдод Монгол Улс хоёр их гүрний дунд хавчуулагдсан ардчиллын шанд, ардчиллын арал юм байна гэдэг мэссэж өгнө. Чөлөөт зах зээлийн системтэй, хуулийн хүрээнд бизнес явуулах боломжтой, элдэв хууль бус шахалт дарамт үзүүлдэггүй, төр засаг нь авлигатай хатуу тэмцэж байгаа улс гэдгийг ойлгуулна.
“Рио Тинто”-гийн хөрөнгө оруулагчид дэлхийн хамгийн том хөрөнгө оруулагчид юм. Тиймээс дэлхийн томоохон банк санхүү, хөрөнгө оруулалтын сангийн дээд түвшний хүмүүс ирнэ. 1500 гаруй хүн оролцохоос тал нь гадаадын зочид, хөрөнгө оруулагчид. Гаднын сэтгүүлчид, олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд олноор ирж буй нь энэ удаагийн чуулганы бас нэг онцлог юм. Тэд Монгол Улсын хөгжил, эдийн засаг, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, хүн ард болон уламжлалын талаар олон улсад мэдээлэл дамжуулна.
Ер нь Монгол Улсыг дэлхий дахинаа сурталчлан таниулсан, мөн хувийн хэвшлийнхний дээд түвшний уулзалт гэж ойлгож болно. Өмнө нь манай улсад олон улс орны төрийн өндөрлөгүүд оролцсон АСЕМ чуулган болж байсныг бид мэднэ. 40-50 улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд нар ирж байсан. Тэгвэл өнөөдөр хувийн хэвшил болон банк санхүү, хөрөнгө оруулалтын сангуудын удирдлагууд Монголд анх удаа олноороо ирнэ. Энэ нь маш том ач холбогдолтой. Тухайлбал, Citi банк, JPmorgan, Morgan Stanley болон их наяд долларыг удирддаг хөрөнгө оруулалтын сан гэх мэт томоохон байгууллагуудын удирдлагууд ирж байгаа.
Бид өмнө нь Эдийн засгийн форумыг Төрийн ордонд хийдэг байсан бол энэ удаа 3-4 газарт зэрэг явуулна. Энэ жилийн форум өргөн хүрээнд зохион байгуулагдана гэсэн үг. Гаднын хүндэт зочдод Монголынхоо сайхан бүхнийг үзүүлнэ.
-Хувийн хэвшилд Оюу толгой төслийн гүйцэтгэсэн үүргийг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Оюу толгой нь ажлын байр олголт, гэрээ хэлэлцээр, шинэ боломжуудыг зааж өгөх талд асар их хэмжээний нөлөө үзүүлж байгаа. Хоол хүнс, хувцас хунар, шатахуун түлш болон тоног төхөөрөмжөөс гадна захиргааны ажлын байран дээр хэчнээн залуус суралцаад дараа дараагийн уурхай, төсөл компаниудыг удирдаад явж байгааг харж болно. Зарим залуус гадаадад эх орныхоо нэрийг өндөрт өргөөд явж байна. Монголын эдийн засагт Оюу толгой хамгийн том үр нөлөө үзүүлж буй компани болж чадсан. “Рио Тинто” групп Монгол Улсын шинэ үеийн хөгжлийн түнш боллоо. Экспорт, төсөв болон ажлын байр зэрэг бүх үзүүлэлтээр Оюу толгой төсөл эдийн засагт жин дарж байна. Мөн гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, технологи болон сайн туршлагыг оруулж ирж байна. Банк санхүүгийн байгууллага, бэлтгэн нийлүүлэгч компаниудад болон Монголын бүхий л салбарт үр өгөөжөө өгсөөр ирсэн. Хувийн хэвшлээр дамжаад эдийн засгийг тэтгэж байна.
Манай нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 5000 ам.долларт хүрсэн баяртай мэдээ сонслоо. Монгол Улс өнөөдөр хямралыг үдэж байна. Экспорт сүүлийн жилүүдэд байнга эерэг гарч, экспорт, худалдааны тэнцэл импортоосоо илүү байгаа. Валютын нөөц өссөн. Гэхдээ бид зогсож болохгүй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлснээр нэг хүнд ногдох ДНБ-ийг гурван жилийн дотор 10.000 ам.долларт хүргэнэ. 2030 он гэхэд 20 мянган ам.долларт хүргэж баян улсын тоонд орно. Бид хамдаа хийх ёстой. Энэ бол үлгэр биш. Боломжтой. Ярьж биш хийж бүтээдэг үе рүү шилжье.
Бид мөн сэтгэхүйгээ өөрчлөх ёстой. Монголчууд эхэндээ гадаадын хөрөнгө оруулалт гэхээр тахин шүтдэг байсан. Тэгээд ороод ирэхээр нь хөөсөн. Одоо эргээд урьж байна. Алдаанаасаа суралцаж байна. Аливаа улс орны түүхэнд туулаад өнгөрөх асуудлуудын нэг юм болов уу. Ард иргэд өнөөдөр популистуудыг тоохоо больж байна. Хойд хөршийн мөн чанарыг харж, урд хөршөө хүндэлж эхэлж байна. ОХУ Монголоос бараа авахдаа 40 хувийн татвар тавьдаг байсныг сая харлаа. Гэтэл муулаад байдаг хятадууд биднээс хамаг л зүйлсийг худалдан авч доллар, юанаа өгч хөрөнгө оруулалт хийж иржээ. Бодит байдалтай эвлэрье. Мэдээж хоёр хөрштэйгээ эн тэнцүү харилцааг бий болгох нь зөв. Гэхдээ эрх ашгаа хамгаалж суръя. Дайн дажинтай байгаа энэ үед эрх ашгаа хамгаалаад байр сууриа ахиулаад авъя.
-Энэ удаагийн “Монголын эдийн засгийн форум” гадаадын хөрөнгө оруулагчдыг урин дуудсан чуулган болно. Гадаадын хөрөнгө оруулалтын тал дээр өнгөрсөн 30 жилд бидний гаргасан алдаа, оноо юу байв?
-Монголд хөрөнгө оруулалт хийснээр, ялангуяа уул уурхайн салбарт гадаадын олон хөрөнгө оруулагч хохирсон. Хаана хандахаа мэдэхгүй, тэнгэр хол, газар хатуу гэдэг юм болсон. Энэ нь эргээд Монгол Улсаа хохироогоод байгаа юм. Яаж ч арилахгүй хар толбо үлдээсэн. Монголчуудтай бизнес хийхэд хэцүү, хулхидна, дээрэмдэнэ. Ийм нэр хүндтэй болчихоор итгэх итгэл байхгүй болдгийг бид өнөөдөр яс махандаа шингэтэл ойлголоо. Эдийн засаг хөгжихгүй, өсөхгүй 10 жил явлаа. Харин энэ байдалтай шинэ залуу Ерөнхий сайдаар толгойлуулсан баг хүчтэй тэмцэж байгаад баяртай байна.
Монголчууд бид гэнэн байдлаасаа болж алдсан. Алдаагаа ухаарч ойлгоод гэмшиж, хуулийн хүрээнд байгуулсан гэрээгээ заавал биелүүлэх ёстойг төр, төрийн албан хаагчид, хувийн хэвшлийнхэн сайтар ойлгосон. Ард иргэд нь ч ойлгож дэмждэг цаг үе ирж байна.
Гэхдээ мэдээж бүх зүйл төгс төгөлдөр болоогүй. Өмнөх алдаанаасаа суралцаж, гадаадын хөрөнгө оруулагчдыг хүндэлж хамгаалах ёстой. Ялангуяа урд хөршийн хөрөнгө оруулагчдаа онцгойлон анхаарах, мөн хуулийн хүрээнд шударга байх ёстойгоо ойлгосон нь их чухал дэвшил. 30 жилийн төлөөсийг төлсний хувьд ухаарсан ухаарал юм. Сайн, эерэг үр дүн гэж харж байна.
-13 дахь жилдээ зохион байгуулах гэж буй МЭЗФ Монголын хөгжилд ямар хувь нэмэр оруулсан гэж та үзэж байна вэ?
-Бид ингэсэн учраас тэгж хөгжсөн гэж хэлэх хэцүү. Олон хүн, олон байгууллагын оролцоо дэмжлэг дээр тулгуурлан зохион байгуулж ирсэн арга хэмжээ. Ямартаа ч төр, хувийн хэвшлийнхэнтэй хоёр өдрийн турш ярилцаж асуудлаа ойлголцдог талбар, мэдээллийн, ойлголцлын индэр болж ирсэн. Тус форумыг анх эхлэхэд Монголын эдийн засаг өсөлтийн гараан дээр ирчихсэн байсан. Эдийн засаг ч сайн өсөлт үзүүлсэн. Гэхдээ үр дүнгийн хувьд манай улс өнгөрсөн 10-аад жилд баялгийн хараал руу орчихсон. Харин өнөөдрийн өсөлтийг дараагийн 10, 20, 30 жилд тогтвортой барихад голлон анхаар ч дүгнэлт хийх ёстой. Засгийн газрын тэргүүн дүгнэлтээ хийчихсэн юм билээ.
-Ямар дүгнэлт хийсэн гэж үзэж байна вэ?
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нас залуу ч, өмнөх үеийн дарга нараас хэн нь ч хийж чадаагүй ужгирсан, учир начир нь олдохоо больсон асуудлуудыг зоригтой шийдэж байна. 2022 онд Оюу толгой гүний уурхайн асуудлыг шийдэж, гацаанаас гаргасан. Монголын Засгийн газрын нуруун дээр байсан өрийг тэглэж, бид өрийн дарамтгүйгээр Оюу толгойн 34 хувиа эзэмшээд явах боломжтой болсон.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэвшүүллээ. Манай улсын хөгжлийн гацаа хаана байгааг олж, судлаад зургаан салбарын асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй гаргаж нийгэмд үүнийг хийх ёстой гэдэг ойлголт өгсөн. Энэ нь үр дүнгээ амжилттай өгч байна.
Монгол Улсын төр илүү шилэн, тунгалаг, ил тод болж, цахимжиж байна. Дэд бүтэцдээ хөрөнгө оруулж, эрчим хүчний асуудлаа шийдэж байна. Гадаад харилцаандаа тэнцвэртэй бодлого баримтлаж чадаж байна. Боомтуудыг сэргээж, хот байгуулалтын асуудлуудаа шийдэж буй. Хамгийн чухал нь эдийн засгаа тогтворжуулж чадлаа.
Мөн эх орноо улс төрийн өнгө аясгүйгээр хөгжүүлэх “Алсын хараа-2050” баримт бичгийг УИХ-аар батлуулсан. Энэ нь нэг сонгуулийн мөчлөгт өртөхгүйгээр үргэлжлэн явах Монгол Улсын хөгжлийн бодлого юм.
Манай ах нар, миний үеийн нөхдүүд шударга ёсны хүсэмжлэл гэж их ярьдаг. Гэхдээ хийсэн дорвитой зүйл үгүй. Тэгвэл Ерөнхий сайд авлигатай тэмцэж, “5 ш” ажиллагаагаар бодитой тэмцлийг харуулж байна.
Ард иргэдийн олон жил ярьсан, хүссэн шударга ёсны хүлээлтийг бий болголоо. Нийгэм өөрөө цэвэршиж, илааршиж эхэллээ. Цаашид улс төрд ороод хулгай хийж, баяжна гэсэн ойлголтыг үгүй хийж буйгаараа өндөр ач холбогдолтой.
Урт хугацаанд үр дүн нь гарах шийдвэрүүдийг хэнийг ч, өөрийгөө ч хайрлахгүй гаргаж байна. Өөрийн, өрөөлийн гэхгүйгээр хариуцлага тооцож чадаж байна. Бид үүнийг үнэлэх ёстой.
-Бас эдгээр нь хувийн хэвшлийнхний хамгийн их хүсэн хүлээсэн зүйлс юм.
-Бизнесээ зөв, шударга авч явсан хүмүүсийн хувьд тийм. Хөгжлийн банк, Боловсролын зээлийн сангийн үйл явдлаас харахад энэ болж бүтэхгүй бизнесмэнүүд, бизнес эрхлэгч байгаа нь харагдлаа.
Манай бизнесийн нийтлэг дүр төрх бол гэрийн даалгавраа сайн хийхийг боддоггүй. Түүний оронд арын хаалгаар асуудлуудаа шийдүүлж, муу аргаар ажлаа амжуулж, тендер лиценз авч ирсэн нь үнэн.
Дарга, сайд нарын холбоотой хүмүүс арын хаалгаар, тухайлбал, нэг өдрийн өмнө байгуулагдсан компани зээл, тендер авдаг. Гайхшрал төрүүлмээр. Ийм арга барилаар явж буй бизнесүүд бүгд дампуур ч алга болно. Дарга нарт авлига өгч, аргалж, гадаад айлчлалаар нь дагалдаж гүйлддэг хуучны арга барил одоо явахгүй. Дарга нар хаана явна тэнд л явдаг ах нар бий. Нийгэм илааршиж буйн ачаар хуучны ийм зуршлуудаас салж байгаа нь сайн үр дүн.
-“Монголын Эдийн Засгийн Форум” дөхөхөөр мөнгө төгрөгний асуудал ярьдаг хүмүүс бий. Форумын санхүүжилтийн процессын талаар тодруулна уу?
-Төр, хувийн хэвшлийн хамтын санаачилга дээр тулгуурлаж ирсэн арга хэмжээ. Хурал зохион байгуулна, тайз, дэлгэц засна, хэвлэл мэдээллийнхэнд ажиллах боломжийг өгдөг. Олон хүний хоол ундны асуудлыг шийднэ. ТББ-ын санхүү ил тод, нээлттэй. Аудит хийгддэг. Энэ удаагийн форумын санхүүг хувийн хэвшил дангаараа шийдэхээр зориглоод ажиллаж байна. Амаргүй хэдий ч бид хичээж байна. Хувийн хэвшил дангаараа санхүүгийн асуудлыг зохицуулж ирсэн жилүүд бий.
Би уг нь цалин авах ёстой. Гэхдээ өнөөг хүртэл нэг ч төгрөг авч үзээгүй. Би үнэт цагаасаа жилд нэг удаа форумын арга хэмжээнд зориулдаг. Дээрээс нь би авах биш өгдөг. Компаниуд маань спонсороор оролцдог. Тухайлбал, манай оффисыг ашиглаж байна. Машин тэрэг, түлш шатахуун гээд бид энэ өдрүүдэд бүхий л нөөц бололцоогоо ашиглан цаг наргүй ажилладаг. Сайн дурын 100 гаруй оюутан залуус ажиллаж байна.
Meforum.mn сайт ажиллаж байна. Утсан дээрээ форумын апп-ыг суулгаад бүх мэдээллийг авах боломжтой. Өндөр хүчин чадалтай апп бий.
Форумыг өндөр зардал өртгөөр, олон хүний хүч хөдөлмөрөөр зохион байгуулдаг. Энэ жилийнх бүр өндөр зардалтай, хамгийн дээд үнэтэй ч болж магадгүй байна. Гадаадын нэр хүндтэй олон сэтгүүлч оролцоно. Мөн өндөр хэмжээний хэдэн зуун зочид, хөрөнгө оруулагчид оролцохоор бүртгүүлээд байна. Үүнийг дагаад зардал их гарна. Ажил хийж үзсэн хүмүүс томоохон арга хэмжээ хийхэд хэр зардал гардгийг мэднэ. Попорч, худлаа сенсаацалж, сошиалаар хандалт авахыг хүссэн хүмүүст тайлбар хэлэх хүсэл, цаг зав ч алга. Бид ажлынхаа ард үр дүн сайтай, амжилттай гарахын төлөө хичээн ажиллаж байна.
-Та саяхан “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирлын ажлаа өгч, ТУЗ-ийн дарга болсон. Энэхүү томилгооны талаар товч тайлбар өгнө үү?
-Би энэ жил 50 нас хүрч байна.10 жилийн өмнө “Ард санхүүгийн нэгдэл”-ийг байгуулна гээд ярьж ажилласаар ирсэн. Одоо болно. Нэг компанид 10 гаруй жилийг зарцуулжээ. Өөрийгөө сонирхолтой байлгах дараа дараагийн төсөл рүү орно. Би амьдралыг мөнгөөр хэмждэггүй. Би хийж буй зүйлсээсээ таашаал авч, аз жаргалтай амьдрахыг илүүд үздэг. Одоо боллоо гэж үзвэл дараагийн алхмаа хийдэг. Шинэ томилгооны хувьд гүйцэтгэх ажилд ордог ТУЗ-ийн даргаар нэг жил ажиллана. Манай шинэ захирал гүйцэтгэх захирлын түр орлон гүйцэтгэгчээр ажиллана. Дараа жилийн хувьцаа эзэмшигчдийн хурал болтол ийм байдлаар ажиллаад үзье гэж шийдсэн.
-Ард санхүүгийн нэгдэл”-ийн өнөөдрийн бий болгосон амжилтын талаар дүгнээд ярьвал?
-Миний хувьд Ард гэдэг нэрийг зорилготой авсан. Монголчууд бүгдээрээ хөрөнгө оруулагч болж, хуримтлалтай байх ёстой, айлаас эрэхээс авдраа уудалдаг болох санааг анх дэвшүүлсэн.
Хөрөнгө санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ чадлаараа орууллаа. Хөрөнгийн биржийн идэвх өнөөдөр ямар болсон билээ. Хөрөнгийн захын арилжаанд “Ард санхүүгийн нэгдэл”-ийн хэдэн компани оролцож байгаагаас бидний ажил харагдана.
Хөрөнгө оруулалтын сангуудаас хэд нь анхдагч, хэн тэдгээрийг байгуулсан бэ гэж харвал бидний амжилт тодорно. Хөрөнгө оруулагч үндэстэн болох том зорилгоо биелүүлсэн.
Зөвхөн хөрөнгө оруулагч үндэстнээс гадна хэвлэл мэдээлэл, технологи, үл хөдлөх хөрөнгө, крипто, блокчэйны салбарт мөс хагалагч, анхдагч болж гарч ирсэн. Монголчуудад энэ баялгаа эзэмших эрхийг олгоод нээлттэй болгосон. Араасаа хүчтэй өрсөлдөөнийг дагуулан энэ салбарыг дараагийн шатанд хүчээр шахуу авч ирлээ.
Би банкны салбарт анх бичил зээл гэж түгээгээд монголчуудыг бүгдээрээ банкны данстай байх, зээл авах боломжийг бүрдүүлэх алхмуудыг хийж байсан. Өнөөдөр хөрөнгийн зах зээлд хөл тавих боломжийг бүрдүүлэхийн төлөө ЭТТ, 1072 хувьцааг засагт ажиллаж байхаас, дараа нь жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах асуудлаар ярьж ирсэн. Мөн “Монгол шуудан”-гийн хувьчлалд оролцсоноор төрийн компани олон нийтийнх болох ёстой гэдэг ойлголтуудыг нийгэмд түгээж иржээ.
Одоо 15 жилийн өмнөөс ярьсан “Ургах наран” хорооллыг барьж дуусгах томоохон төсөл рүү орохоор зорьж байна. Улаанбаатарчууд гэр хороолол, утаанаас салж соёлтой, жорлонтой, ухаалаг хотод амьдрах бүрэн эрхтэй.