Шалгарал, шинэчлэл, төгөлдөршил

Mongolian Economy
2022-12-15 11:38:05
Ангилал: Банк

Монгол Улсын санхүүгийн системийн бараг 90 хувийг бүрдүүлж буй банкны салбар нэн шинэ түүхээ 31 жилийн өмнөөс бичиж эхэлсэн. Банкны салбар нь санхүүгийн зуучлалын үүргийг гүйцэтгэж нийт иргэд, аж ахуйн нэгжүүдийн хуримтлалыг төвлөрүүлж эргээд нийгмийн хэрэгцээт салбарыг санхүүжүүлж, эдийн засгийн өсөлтийг хангадаг асар чухал үүрэгтэй. Тус салбар энэ үүргээ сүүлийн жилүүдэд алдаа оноотой гүйцэтгэсээр ирсэн ч алдах бүрдээ улам хүчирхэгжин эргэж боссоор ирснийг түүхийн шаргал хуудсууд харуулдаг.

Шалгарал

1991 онд Банкны тухай хууль батлагдаж, тус хуульд БНМАУ дахь банкны тогтолцоо нь Төвбанк, арилжааны банкнаас бүрдэнэ хэмээн зааснаар банкны хоёр шатлалт тогтолцоо Монгол Улсад үүссэн юм. 1994 оны байдлаар арилжааны 15 банк ажиллаж байсны дотор Засгийн газрын банк нэг, хувийн хэвшлийн банк хоёр, Монгол-Оросын хамтарсан банк нэг, төрийн өмч оролцсон, хувь нийлүүлсэн 11 арилжааны банк ажиллаж байжээ.

Гэвч 1994 оноос хуримтлагдсан хүндрэлүүд ил болж, банкны салбарын анхны хямрал эхлэв. Энэ үеэр хэд хэдэн банканд бүтцийн өөрчлөлт хийж, зарим банкийг татан буулгах, зөвшөөрлийг хүчингүй болгох арга хэмжээ авлаа. Үүний дараа буюу 1997-2000 оны хооронд ОУВС-гийн Бүтцийн өөрчлөлтийг эрчимжүүлэх хөтөлбөрийн хоёр дахь шатыг хэрэгжүүлснээр банкны салбар эрүүлжих алхам хийгдсэн гэж үздэг.

Эдийн засгийн шилжилтийн дараах үед буюу 2001-2008 онд алт, зэсийн үнэ өсөж, төрийн бодлогын тогтвортой байдал хадгалагдаж, банкны салбарын үйл ажиллагаа сайжирч, худалдаа, үйлчилгээний болон боловсруулах салбарууд сэргэлээ. Гэвч 2008-2009 онд олон улсад эдийн засгийн уналт болж, бизнес эрхлэгчдийн борлуулалт удааширч, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш суларсан зэргээс зээлийн эрсдэл өсөж, чанаргүй зээл нэмэгдсэнээр банкны салбар алдагдалтай ажиллахад хүрч байлаа. 2009-2015 онуудад банкуудын дампуурал, бүтцийн өөрчлөлтийн хоёр дахь давлагаа үргэлжилсэн гэж болно. Энэ хугацаанд хоёр ч банк дампуурав.

Үүний дараа улс төр, эдийн засгийн ээлжит мөчлөг Монгол Улсад тохиож, дампуурлын ирмэг дээр ирсэн үедээ буюу 2017 онд ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр (ӨСХ)-т хамрагдаж, хөтөлбөрийн хүрээнд банк, санхүүгийн салбартаа “оношилгоо, эмчилгээ” хийлгүүлсэн.

Ийнхүү сүүлийн 31 жилийн хугацаанд банкны салбарт үргэлжилсэн бодлогын зохицуулалт, арга хэмжээнүүдийн үр дүнд өнөөдөр арилжааны 12 банк ажиллаж байна.

Шинэчлэл

Манай улсыг дайраад өнгөрсөн санхүүгийн хямралын дараах эдийн засаг сэргэсэн таатай цаг үеийг ашиглан эдийн засгийн реформ, тогтолцоог бүрдүүлэх нь цаашид урт хугацаанд саадгүй, тогтвортой өсөх бололцоог бий болгох учиртай байлаа.

Хэдийгээр ӨСХ-ийн хүрээнд, арилжааны банкуудад активын чанарын үнэлгээ (AQR) хийж, банкны эрсдэл даах чадварыг тодорхойлсон боловч санхүүгийн тогтвортой байдлын хүрээнд дэвшүүлсэн зорилтууд бүрэн биелэлгүй хөтөлбөр дуусчээ. Тиймээс хөтөлбөрийн хүрээнд эхлүүлсэн банкны салбарын шинэтгэлийг Монголбанк цаашид үргэлжлүүлж, банкуудын өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэн, эрсдэл даах чадварыг сайжруулах ажлуудыг хийж эхэлсэн.

Энэ хөтөлбөрийн хүрээнд Монголбанкны санаачилгаар ОУВС-гийн техник туслалцааны дэмжлэгтэйгээр банкны системд томоохон эерэг шинэчлэлүүд хийгдсэн. Тухайлбал, ОУВС-гаас хөгжиж буй орнуудыг зохистой харьцааны журамдаа Базел 2, 3-ын тодорхой хэсгүүдээс мөрдүүлэхийг зөвлөдөг. Энэ хүрээнд банкны үйл ажиллагаанд мөрдүүлдэг гол журам болох “Банкны үйл ажиллагаанд тавигдах зохистой харьцааны журам”-ыг олон улсад мөрдөгдөж буй хяналт шалгалтын зарчим, зохицуулалтын арга хэрэгслээр баяжуулан, ОУВС болон банкуудаас санал авч тусган 2019 оны долдугаар сараас үе шаттай мөрдүүлж эхэлсэн. Энэ журамд Базел III хүрээний нэгдүгээр зэрэглэлийн болон нийт өөрийн хөрөнгийн тодорхойлолт, хөшүүргийн харьцаа, банкны эрсдэл даах чадварыг хамгаалах нөөц интервал, эрсдэлийн жингийн оновчтой зохицуулалт зэргийг оруулснаар банкны салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэхэд чухал алхам болжээ.

Үүнээс гадна 2017-2019 онд банк санхүүгийн салбарт хууль эрх зүйн шинэчлэл хийгдэв. Төв банкны тухай, Банкны тухай, Банкны салбарын тогтвортой байдлын тухай зэрэг салбарын тулгуур хуулиудыг УИХ шинэчлэн баталлаа. Эдгээр хуулийг шинэчилснээр Монголбанкны бие даасан, хараат бус байдал хангагдахаас гадна банкуудын эрсдэл даах чадвар нэмэгдэж, эдийн засагт эерэг нөлөө авчрах ач холбогдолтой гэдгийг тухайн үед хууль санаачлагчид онцолж байсан юм.

Унаж тусахын хэрээр улам хүчтэй өндийдгийн бодит жишээ нь ийн банкны салбар болсоор ирлээ.

Сүүлийн 31 жилд олж авсан туршлага, өв, үнэт зүйлд тулгуурлан цаашид тус салбарыг улам хөгжүүлэх, ямарваа хямралыг эрсдэл багатай давдаг болгохын төлөөх шинэчлэлүүд тасралтгүй үргэлжилсээр байна.

Үүнийг Монголбанкнаас дэвшүүлсэн “Эрүүл, найдвартай, ил тод, нээлттэй, олон нийтийн хяналттай, харилцагчид хүртээмжтэй, цахимжсан банкны тогтолцоог бий болгох банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөр”-өөс харж болно. 2020 оны есдүгээр сард батлагдсан Банкны салбарын шинэтгэлийн дунд хугацааны эл хөтөлбөр нь 2020-2023 оны хооронд хэрэгжих юм.

Хөтөлбөрийн хүрээнд эн тэргүүнд хууль эрх зүйн шинэтгэл, өөрчлөлт хийсний хамгийн тод жишээ нь өдгөө арилжааны банкууд нээлттэй буюу хувьцаат компани болж буй явдал юм. “Энэ хөтөлбөр нь таван гол хэсэгтэй бөгөөд тэдгээрээс хамгийн чухал нь банкны хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах, банкийг олон нийтийн хяналттай болгох зорилт юм. Энэ нь санхүүгийн салбарт сүүлийн 30 жилд тохиож буй нэг томоохон шинэчлэл, өөрчлөлт болоод зогсохгүй хөгжлийн шинэ шатанд гарах арга хэмжээ болно” хэмээн Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн онцолж байв.

2021 оны нэгдүгээр сард УИХ-аас Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталснаар дараах зохицуулалтууд мөрдөгдөхөөр болсны нэгдүгээрт, “банкууд хуульд заасан хугацааны дотор хувьцаат компанийн хэлбэрт шилжиж, системд нөлөө бүхий банк зөвхөн нээлттэй хувьцаат компанийн хэлбэртэй байх, бусад банкууд нээлттэй эсхүл хаалттай хувьцаат компанийн хэлбэртэйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх” гэж заасан юм.

Хоёр дахь зохицуулалтын дагуу банкны хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах зорилгоор аливаа этгээд дангаараа болон холбогдох этгээдийн хамт банкны нийт гаргасан хувьцааны 20 хувиас хэтрэхгүй хэмжээний хувийг эзэмших зохицуулалттай болох шаардлага тавигдаад байна.

Тус зорилтыг хэрэгжүүлснээр банкны хувь эзэмшлийн төвлөрөл буурах, улмаар хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц төрөлжиж, өөрийн хөрөнгийн хүрэлцээг хангахад шаардлагатай эх үүсвэрийг олон нийтийн оролцоо, хяналттайгаар түргэн хугацаанд төвлөрүүлэх боломжийг бүрдүүлж, зохистой засаглал сайжран харилцагч, хадгаламж эзэмшигч, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын банканд итгэх итгэл нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байгаа юм.

Төгөлдөршил

Арилжааны банкууд нээлттэй хувьцаат болох үйл явц нь санхүүгийн салбарын нөгөө багана болох хөрөнгийн зах зээлд ч эерэг нөлөө үзүүлэх учиртай. Банкны салбарын нийт активын хэмжээ манай улсын ДНБ-ий 97 хувьтай тэнцэж байна. Харин системийн нөлөө бүхий таван банкны IPO хийх нийт дүн 500-700 тэрбум төгрөгт хүрэх тооцоотой. Ийн банкны салбар нээлттэй болсноор санхүүгийн салбар тэгш хөгжих боломж бүрдэнэ хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа юм.

Ийнхүү арилжааны банкууд нээлттэй компани болж засаглалын хэлбэрээ өөрчлөх, цаашид үйл ажиллагаагаа  төрөлжүүлэх, хяналт шалгалт, зохицуулалтын арга хэрэгслүүд олон улсын түвшинд хүрэх, эрүүл найдвартай банкны тогтолцоо бий болох нь өмнө дурдсан шинэчлэлүүдийн үр дүн болох учиртай. Цар тахал, ОХУ-Украины дайн, 2023 онд хийгдэх ФАТФ-ын шалгалт, системийн том банкуудын IPO гээд банкны салбарыг сорих сорилтууд цөөнгүй бий.

Хэрэв банкирууд эдгээр өөрчлөлт, шинэчлэлтийг амжилттай гүйцэтгэж чадвал энэ цаг үе нь Монголын банк, санхүүгийн системийн түүхэнд тодоор бичигдэн үлдэх нь гарцаагүй.

 

 

 

 

Mongolian Economy