Шатахууны үнийн талцал
ОПЕК-ийн орнууд олборлолтоо өдрийн 10 сая баррелиар танах шийдвэр гаргаснаар өнгөрсөн оны аравдугаар сараас олон улсад шатахууны үнэ өсч эхэлсэн. БНХАУ гэхэд энэ он гарсаар шатахууны жижиглэнгийн үнэд 12 удаа өөрчлөлт оруулжээ. Харин манай улс үнийг тодорхой хэмжээнд барьж ирсэн нь шатахуун импортлогчдыг туйлдуулж, өнгөрсөн сард үнээ хоёр ч удаа нэмэхэд хүргэв. Тэгвэл энэ удаагийн үнийн өсөлт “эцсийн хувилбар” байж чадах уу? Бид шатахууны импорт болон үнийн өсөлтийн асуудлаар талуудын байр суурийг тодрууллаа.
АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр: Цаашид шатахууны үнэ тогтвортой байна
-Цаашид шатахууны үнэ харьцангуй тогтвортой байна гэж АМГТГ мэдээлсэн. Ийм боломж бий юу?
–Цаашид түүхий тосны үнэ нэмэгдэх хандлагатай байгаа учраас ирэх саруудад шатахууны үнэ нэмэгдэх эсэхийг хэлэхэд эрт байна. Гэхдээ ОПЕК-ийн гишүүн орнууд өдрийн олборлолтын хэмжээгээ 400 мянган баррелаар нэмэгдүүлэхээр тохиролцсон учраас хэсэг хугацаанд үнэ буурсан. Өнөөдрийн байдлаар дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ баррель нь 73 ам.доллар байна.
Хэрэв нэг баррель нефтийн үнэ 75-85 ам.долларт хэлбэлзэж байвал шатахууны үнэ тогтвортой байна гэж бид тоооцоолсон. 85 ам.доллараас хэтэрвэл үнийг барихад хэцүү. Олборлогч орнууд олборлолтоо нэмээд эхэлсэн учраас үнэ огцом өсөхгүй болов уу гэж найдаж байна.
-Хятадын талтай шатахуун нийлүүлэх талаар ямар хэлэлцээ хийсэн бэ? Нийлүүлэлт тогтвортой, найдвартай үргэлжилж чадах уу?
–ОХУ энэ оны есдүгээр сар хүртэл экспортоо түр хугацаанд хязгаарлахаар шийдвэрлэсэн. Тиймээс долдугаар сарын дундуур бид урд хөрштэй яриа хэлцэл хийж эхэлсний үр дүнд өнгөрсөн долоо хоногоос экспортоо хийж эхлээд байна. Тиймээс шатахууны нөөц хомсдох эрсдэл үүсэхгүй. Мөн үнийн хувьд ОХУ-аас импортолдог шатахууны үнэтэй адил байна.
Манай улс нэг тэрбум орчим ам.долларыг нефтийн бүтээгдэхүүний импортод зарцуулдаг. Жилдээ хоёр сая тонн нефтийн бүтээгдэхүүн хэрэглэдгээс 90 хувийг ОХУ-аас, 10 хүрэхгүй хувийг урд хөршөөс, үлдсэн багахан хувийг нь бусад улсаас импортолдог. Хятад улс өөрөө нефтийн бүтээгдэхүүний маш том импортлогч орон.
Гэхдээ сүүлийн жилүүдэд Хятадын төрийн мэдлийн Чайна ойл компани газрын тос боловсруулах үйлдвэр ихээр байгуулж байгаа учраас тодорхой хэмжээнд экспорт хийх нөхцөл бүрдсэн.
-Манай улсын шатахуун импортлогчид энэ он гарсаар 30 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн гэсэн мэдээлэл байна. Одоо үнээ нэмчихээр алдагдлаа нөхөж чадах болов уу?
-Алдагдлаа нөхөхгүй. Алдагдалгүй ажиллах хэмжээнд л хүрсэн. Энэ оны нэгдүгээр сард шатахуун импортлогчид нэг литр тутмаас 70 төгрөгийн алдагдал хүлээсэн бол долдугаар сард дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор литр тутмаас 600 төгрөгийн алдагдал хүлээсэн.
-Цаашид шатахууны үнэ буурах боломж бий юу?
-Хэрэв боловсруулах үйлдвэр ашиглалтад орчихвол тухайн үеийнхээ зах зээлийн үнээс 30 хувиар хямд үнээр дотооддоо үйлдвэрлэсэн шатахууныг нийлүүлэх боломжтой гэж бид тооцоолсон.
“М-Ойл групп” ХХК-ийн дэд захирал Д.Батсүх: Шатахууны үнийг дахин нэмэхээс аргагүй
-Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ 75-85 ам.долларт хэлбэлзэж байвал үнэ тогтвортой байх боломжтой гэж АМГТГ-аас мэдэгдсэн. Хэрэв үнэ 85 ам.долларт хүрвэл танай компани шатахууны үнээ нэмэхгүй байх боломжтой юу?
-Дан ганц ОХУ гэлтгүй дэлхий дахинд шатахууны үнэ нэмэгдсэн. Олон улсад үнэ өсөөд байхад бид харьцангуй удаан хугацаанд үнээ тогтмол барилаа. Хэдийгээр хойд хөрш экспортоо зогсоосон ч Роснефть наймдугаар сарын үнээ бидэнд ирүүлсэн. Наймдугаар сарын эхний долоо хоногийн байдлаас харахад үнэ өсөх хандлагатай байна. Гэхдээ энэ сарын сүүлчээр есдүгээр сарын үнэ мэдэгдэнэ. Өнөөдөр нэг баррелийн дундаж үнэ 72 ам.доллар байна.
Хэрэв 85 ам.доллар хүрвэл бид үнээ нэмэхээс аргагүй. Шатахуун импортлогчид АМГТГ-т удаа дараа санал тавьж байгаа. Үнийг цаашид ч өсгөх шаардлагатай. Долдугаар сарын нэгэн хүртэл АИ-92 бензинийг 1450 төгрөгөөр борлуулсан. Үүний үр дагавраар бид долоон сарын турш алдагдал хүлээлээ. Вакцинжуулалтын явц хангалтгүй, аж ахуйн нэгжүүд удаан хугацаагаар зогссон хүнд үед нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, эдийн засгийн хүндийг нуруундаа үүрлээ. Үүнээс хойш үнэ барих боломжгүй.
-Танай компани энэ онд хэчнээн хэмжээний алдагдал хүлээсэн бэ?
-Манай компани сар бүр 900 саяас нэг тэрбум орчим төгрөгийн алдагдал хүлээсэн. Учир нь бүтээгдэхүүний өртөг 2000 төгрөгт хүрчихээд байхад шатахуун импортлогчид 1450 төгрөгт үнээ барисан. Дээр нь бид цалингаа тавина. Нийгмийн даатгалаа төлнө. Банкны хүү төлнө. Тээврийн хөлсөө төлнө. Үйл ажиллагааны зардлаа нэмэхээр дандаа алдагдалтай явж ирсэн.
Зарим компанийн нийгмийн даатгалын өр тэнгэрт тулсан шүү дээ. Цалингаа тавиад нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадахгүйд хүрсэн жишээ ч байна. Сүүлдээ манай ажилчид банканд очоод цалингийн зээл авах гэхээр компани нь нийгмийн даатгалын өртэй байна гээд зээлийг олгоогүй тохиолдол гарсан. Ийм байдалд ортлоо манай салбарынхан бүсээ чангалсан. Зөвхөн манай компани л гэхэд он гарснаас хойш зургаан тэрбум орчим төгрөгийн алдагдал хүлээлээ.
-Шатахууны үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдлээ. Одоо алдагдлаа нөхөхгүй юм аа гэхэд алдагдалгүй ажиллах хэмжээнд хүрч чадсан уу?
-600 төгрөг алдаж байсан бол одоо 50-100 төгрөг алдаж байна. Бид ашгаа хийж чадахгүй байгаа. Ер нь яваандаа зах зээлийн зарчмаар, цэвэр өрсөлдөөний зарчмаар үнээ тогтох хэрэгтэй. Энэ жишиг рүү бага багаар явж байгаа гэж найдаж байна.
-ОХУ есдүгээр сар хүртэл экспортоо түр зогсоосон. Гэхдээ яг хэзээ яаж нийлүүлэлтээ хэвийн хэмжээнд хүргэнэ гэдгээ мэдэгдсэн үү?
-Дотоодын хэрэгцээгээ хангах нь тэргүүн зорилго болоод байгаа учраас экспортоо хязгаарлаж байна гэдгээ Роснефтийн зүгээс мэдэгдсэн. Бид ч ОХУ-ыг түр хугацаанд экспортоо хязгаарлана гэж найдаж байгаа. Гэхдээ хэзээнээс сэргээнэ гэсэн тодорхой мэдээлэл алга.
-Оросын шатахуун хэрэглэж заншсан манай хэрэглэгчдийн хувьд Хятадын шатахууны чанар ямар байх бол гэсэн эргэлзээ байна.
-Чанарын хувьд Оросын бүтээгдэхүүнээс ямар ч ялгаагүй бүтээгдэхүүн нийлүүлж байгаа. Хятадын үйлдвэрлэлийн технологи нь Евро-5 стандарт руу шилжсэн. Тэгэхээр бид Хятадаас маш сайн чанарын бүтээгдэхүүн Оросынхтой ижил үнээр авч байна.
-Нефть бүтээгдэхүүний импортын 90 хувь нь хойд хөршөөс хамаарч байгаа энэ үед бүтээгдэхүүн нийлүүлэгчдийнхээ хүрээг тэлэх ямар боломж байна вэ? Чайна ойлоос өөр нийлүүлэгч бий юу?
-2012 онд манай компани Солонгосын Эс Жи Энержи гэж маш том нефтийн компаниас туршилтаар газрын тосны бүтээгдэхүүн импортолж байсан. Гэхдээ Хятадын Тианжины боомт дээр шилжүүлэн ачих, дамжуулан тээвэрлэх гээд тээвэр ложистикийн маш их ажиллагаатай байсан учраас үнийн хувьд өртөг нь маш өндөр тогтсон. Тийм ч учраас Оросын үнэтэй өрсөлдөж чадаагүй. Хэрэв манай улс Хятадын талтай тээвэр ложистикийн асуудлаар тохиролцож чадвал ийм нэг гарц бий.
Харин Хятадын Чайна ойл компанийн хувьд дэлхийд топдоо орох компани. Улсын хэмжээнд 29 нефтийн нэрэх үйлдвэртэй. Гагцхүү төмөр замын царигийн зөрүүгээс шалтгаалж урт хугацаанд, их хэмжээгээр нийлүүлэх боломж нь хязгаарлагдмал. Хэрэв ложистикийн бэрхшээлийг шийдчихвэл ирээдүйд манай том нийлүүлэгч болох бүрэн боломжтой. Тиймээс манай улс Замын-Үүд дэх шилжүүлэн ачих багтаамж, хүчин чадлаа нэмэх хэрэгтэй. Замын-Үүдэд төрийн мэдлийн шилжүүлэн ачих агуулах байдаг. Тэрний хажууд том багтаамжтай агуулахыг хувийн хэвшил барьж байгуулж байна.
Эх сурвалж: АМГТГ