Шилжилтийн дараах шинэчлэл

Mongolian Economy
2020-08-12 15:10:57
Ангилал:

Нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн салбарын зардлыг төрөөс даадаг байсан өмнөх нийгмийн үед Засгийн газрын зарлагын 40 орчим хувийг нийгмийн хөгжилд зориулдаг байв. Тухайн үед нийгмийн үйлчилгээ хүртээмжтэй бөгөөд хүн бүрийг баталгаатай ажлын байраар хангадаг байсан тул ажилгүйдэл байгаагүй гэхэд хилсдэхгүй. Харин зах зээлийн эдийн засагт шилжсэн эхний жилүүдэд төрийн албан хаагчдыг цомхотгож, албан газар, байгууллагууд олноороо дампуурч ажилгүйдэл, ядуурлын түвшин огцом өсчээ. ДНБ-ий 30 орчим хувийг бүрдүүлдэг байсан ЗХУ-ын тусламж болон “СЭВ” буюу Эдийн засгийн харилцан туслах зөвлөлийн орнуудтай хийсэн худалдааны гэрээнүүд хүчингүй болсноор Засгийн газар татаас, нийгмийн халамжийг эрс бууруулах шаардлагатай тулав. Энэ үед хамгийн ихээр хохирсон хүмүүс бол эмч, багш нар. Ихэнх нь ганзагын наймаанд явж, үлдсэн хэд нь ачааны хүндийг үүрч салбарынхаа төлөө чин сэтгэлээсээ зүтгэж байв.

Халамжаас хариуцлага руу
Ардчилсан нийгмийн тогтолцоонд шилжсэнээр нийгмийн хамгааллын зардлыг төр ажил олгогч болон даатгуулагчтай хуваалцах болов. Социализмын үед иргэдэд ямар нэг эрсдэл гарахад төрөөс төрөл бүрийн тэтгэмж, тэтгэвэр олгодог байсан бол 1995 онд Нийгмийн даатгалын багц хуулийг баталснаар ирээдүйд учирч болзошгүй эрсдэлээ даатгадаг шинэ тогтолцоо бий болжээ.

Ажил олгогч болон даатгуулагчийн төлсөн шимтгэлийн орлогоор тэтгэврийн, тэтгэмжийн, эрүүл мэндийн, ажилгүйдлийн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний зэрэг таван даатгалын сан бүрдүүлж төлбөр, тэтгэмж олгодог болсноор нийгмийн хамгааллын салбарт шинэчлэл явагдсан. Нийгмийн даатгалд хамрагдсан даатгуулагчдын тоо 1995 онд 409 мянга байсан бол 2019 онд 1.1 сая болжээ.

Ардчилсан хувьсгалаар нийгэм хамгааллын салбарт гарсан гол ололт нь эрсдэлээс хамгаалах хариуцлагад суурилсан тогтолцооны суурийг тавьсан явдал байв. Энэ хүрээнд 1999 онд “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар 2021 он хүртэл баримтлах үндсэн чиглэл”, ”Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хууль”-ийг тус тус баталсан төдийгүй үүнээс хойш ч тодорхой зорилтуудыг дэвшүүлсэн боловч шинэчлэлийн төлөө нэг ч алхам хийлгүй зорилгоосоо ухарсан.

Аль ч засгийн үед шинэчлэлийн бодлого хэрэгжээгүйгээр үл барам халамжийн бодлого хавтгайрч бэлэнчлэх сэтгэлгээг өөхшүүлсэн. 1995 оноос хойших тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх шийдвэрүүд түлхүү сонгуулийн өмнөх жил гарч байснаас үзэхэд нийгмийн хамгааллын салбар улс төрийн оноо авах хэрэгсэл болсныг харж болно. Үр дүнд нь тэтгэврийн сан өдгөө 707 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байна.

Зах зээлийн эдийн засагт бид 30 жилийн өмнө шилжсэн ч тэтгэвэрт гарангуутаа сарын орлого нь хамгийн багадаа гурав дахин буурч, амьжиргаа нь эрс мууддаг хуваарилалтын тогтолцоо байсаар.

Өнөөдөр манай улсад нийгмийн халамжийн тусламж, үйлчилгээг дөрвөн хүн тутмын нэг нь ямар нэг байдлаар авч байна. Нийгмийн даатгалын сангаас ямар нэг хэмжээгээр тэтгэмж аваад амьдарч болоод байгаа болохоор хөдөлмөрлөх сонирхолгүй хүмүүс олширч буй. “Бид халамж шаардлагатай хэсгээ хангалттай хэмжээнд халамжилдаг, шаардлагагүй бүлгийг аливаа тэтгэвэр, тэтгэмжээс чөлөөлөх хэрэгтэй. Одоо бид халамж, даатгал гэсэн нийгмийн хамгааллын хоёр тулгуур дээр зэрэг гишгэсэн байдалтай байна. Халамжаас даатгалын тогтолцоо руу жинхэнэ утгаараа шилжих хэрэгтэй” хэмээн НДЕГ-ийн дарга асан Ц.Уртнасан хэллээ.

Үе үеийн засгийн газруудын үр нөлөөгүй бодлогын үр дүнд өнөөдөр нийгмийн хамгааллын үйлчилгээ иргэдийн эрэлт, хэрэгцээг хангаж чадахгүй байна. Энэ байдлаас гарахын тулд 20 жил хойшлуулсан нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийг яг одоо хийх ёстой. Хүн бүр хөдөлмөрлөж, хуримтлуулж, төлснийхөө хэрээр хүртэж, сэтгэл хангалуун амьдардаг нийгмийг цогцлоох цаг ирээд буй.

Эрүүлийг хамгаалахын хувьсал
Монгол Улс 1990-ээд оноос эрүүл мэндийн санхүүжилт болон үйлчилгээ хүргэх төвлөрсөн “Семашко” загвараас төвлөрлийг илүү бууруулсан тогтолцоонд шилжиж, хувийн эрүүл мэндийн байгууллагуудын оролцоо болон иргэдийн хувиасаа хийх төлбөрийн үүрэг нэмэгджээ. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын тоо 1995 оноос хойш 10 дахин өссөн бөгөөд эм зүйн салбар хувьд шилжсэнээр худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний томоохон бүтэц бий болов. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ өргөжиж өвчнөөс урьдчилан сэргийлэхийн ач холбогдлыг иргэд ойлгох болгосноор хүүхдийн эндэгдэл огцом буурчээ. Тодруулбал, 1990 онд таваас доош насны хүүхдийн эндэгдлийн шалтгааны 90 орчим хувийг амьсгалын замын халдварт өвчин, суулгалт эзэлдэг байсан бол өдгөө энэ тоо 20 хүрэхгүй хувь болтлоо буурсан байна. 2015 онд Монгол Улс эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах МХЗ-ыг бүрэн биелүүлсэн есөн орны нэг болжээ.

Мэс заслын утасны оронд энгийн утас ариутган ашиглаж, урд хөршөөс эмийн үрэл шуудайгаар нь зөөдөг хэцүү цаг байсан гэж шилжилтийн эхний жилүүдийг эмч нар дурсдаг. 2008 оныг хүртэл эмнэлгийн тусламж үйлчилгээг 200 гаруйхан тэрбум төгрөгийн санхүүжилтээр аргацааж иржээ. Үүний улмаас эрүүл мэндийн салбарын барилга байгууламж, тоног төхөөрөмж дэлхийн түвшнээс 20 жилээр хоцорсон ч сүүлийн арав гаруй жилд хоцрогдлоос гарч чадсан. Өдгөө бид эмчилгээ, оношилгоонд өндөр хөгжилтэй орнуудтай ижил түвшний тоног төхөөрөмж ашиглаж, удамзүйн цогц шинжилгээ болон эрхтэн шилжүүлэх мэс засал зэрэг олон төрлийн нарийн үйлчилгээ үзүүлэх түвшинд хүрчээ. Жилд дунджаар 40 орчим хүнд элэг шилжүүлэн суулгах мэс засал эх орондоо хийх болсноор гадагш гарах мөнгөн урсгал гурав дахин багассан байна.

Зах зээлийн тогтолцоонд шилжсэнээс хойш монгол хүний дундаж наслалт 62.7 байснаас 70.1 болж өсчээ.

Энэ нь нэг талаараа сайн үзүүлэлт боловч нөгөө талаас хүн амын дундаж наслалт өсөхийн хэрээр хавдар, зүрх судасны өвчлөл шалтгаанаасаа үл хамааран нэмэгддэг болохыг ХСҮТ-ийн захирал асан Ж.Чинбүрэн тайлбарлав.

Өнгөрсөн хугацаанд гарсан ололт амжилт олон байсан ч орхигдуулсан зүйлс ч цөөнгүй. Тухайлбал, эрүүл мэндийн салбарыг эдийн засгийн хувьд баталгаажуулж, эмч, мэргэжилтнүүдийн хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Юуны өмнө эмч, сувилагчдын цалин хөлсийг төрийн албан хаагчдын нэгдсэн сүлжээнээс гаргаж, улсын эмнэлгүүдийн санхүүгийн бие даасан байдлыг хангах хэрэгтэй байгааг Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа хэллээ. Эм, хүнсний аюулгүй байдлыг хангах асуудлыг хариуцсан бие даасан агентлаг байгуулахгүйгээр эм хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд хяналт тавих боломжгүйг тэрбээр онцлов.

ЭМД-ын тогтолцоо оновчтой зохион байгуулалтад бүрэн гүйцэд орж чадахгүй өдий хүрсэн нь тус салбарын тулгамдаж буй асуудлуудын нэг. Иймд тус сангийн хөрөнгийг арвижуулах, олон улсын жишгээр хувийн даатгалын компаниуд даатгуулагчийн эрх ашгийг хамгаалахын зэрэгцээ хяналт тавьдаг тогтолцоо бий болгох шаардлагатайг ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр онцлов. Дурдалгүй өнгөрч болохгүй өөр нэг асуудал бол тус салбарын боловсон хүчнийг ямар ч төлөвлөлтгүй бэлтгэж буй явдал. Улсын хэмжээнд эрүүл мэндийн байгууллагад 50 мянга гаруй хүн ажиллаж байгаа бол анагаахын мэргэжилтэн бэлддэг 10 гаруй хувийн сургууль байна. Анагаахын мэргэжилтэн бэлддэг сургуулиудад бааз эмнэлэгтэй байх шаардлага тавьснаар сургуулиудын тоо цөөрч, чадварлаг боловсон хүчин бэлдэх суурь тавигдана гэдгийг Ж.Чинбүрэн хэллээ.

“Чөлөөлөгдсөн” боловсрол
1990 оноос хойших 10 гаруй жилийн хугацаанд дээд боловсролыг зах зээлийн эдийн засагт нийцүүлэх эрх зүйн үндэс суурийг тавихад чиглэсэн хууль, эрх зүйн актуудыг боловсруулсан байдаг. Үр дүнд нь тус салбарт бүх түвшний засаглалын төвлөрлийг бууруулах, хувийн хэвшилд нээлттэй болгох, сургуулиуд төсвөөс гадна сургалтын төлбөр, хандив, зээл, тусламж зэрэг санхүүгийн олон талт эх үүсвэртэй байх суурийг тавьжээ. Зах зээлийн зарчим боловсролын салбарт нэвтэрснээр хувийн их дээд сургуулиуд борооны дараах мөөг мэт олширч өдгөө Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургуулиудын 70 гаруй хувийг эзэлж буй. Өнгөрсөн жилүүдэд их дээд сургуулиудын чанар, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх тодорхой арга хэмжээ авсан ч үр дүн нь хангалтгүй байгааг бүртгэлтэй ажилгүйчүүдийн 30 орчим хувийг дээд боловсролтой залуучууд эзэлж буй илтгэнэ.

Боловсролын тогтолцоонд цогц суурь судалгаанд суурилаагүй, улс төрийн шийдэл давамгайлсан, зохих бэлтгэлийг бүрэн хангаагүй богино хугацаанд хэрэгжүүлэхийг зорьсон шинэчлэлийн бодлого зэрэг хамгийн том асуудал болж байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд үндэсний түвшний нийт 252 сургалтын хөтөлбөр боловсруулж мөрдсөн боловч эдгээрийн 70 гаруй хувь нь хүчингүй болжээ.

Одоо буй тогтолцоогоор хөдөлмөрийн зах зээл, нийгмийн хэрэгцээг хангаж чадахгүй байна. Сүүлийн 10 гаруй жилийн судалгаагаар их, дээд сургуульд суралцагчдын хамгийн их буюу 20 гаруй хувь нь худалдаа, бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж байгаа бол мэдээллийн технологи, харилцаа холбооны чиглэлээр хоёр гаруй хувь нь суралцаж байна. Гэтэл зөвхөн манайд төдийгүй дэлхийд ойрын жилүүдэд хамгийн эрэлттэй байх мэргэжил мэдээлэл, технологийн мэргэжилтнүүд бөгөөд өдөр ирэх тусам цахимжиж буй нийгэмд уг салбарыг авч явах чадамжтай хүмүүс дутагдаж байна.

Бүх түвшний сургалтанд цахим технологи ашиглаж, англи хэлийг хоёр дахь хэл болгох, их сургуулийн хотхоныг шинжлэх ухааны парк байдлаар цогцоор нь хөгжүүлэх дорвитой алхам хийх цаг болсныг АН-ын Боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын зөвлөлийн дарга Б.Түвшин хэллээ. Ингэснээр шинжлэх ухаан, технологи зэрэг гол салбарын шинэ ололт амжилтын мэдээллийг шуурхай авч дэлхийн эрдэмтэдтэй эн зэрэгцэн хамтран ажиллахын зэрэгцээ Монголын инновацийг гадаадын зах зээлд гаргах ач холбогдолтой болохыг тэрбээр онцолсон юм.

Туршлагагүй бодлого боловсруулагчид гадаадын мэргэжилтнүүдийн амыг харж боловсролын өөрчлөлт хийхийг оролдож байсан нь эл салбарт гарсан хамгийн том алдаа байсныг ШУТИС-ийн ректор асан доктор, профессор Д.Бадарч онцолсон. Боловсролын хөгжлийн стратегийг боловсруулах ажлыг монгол эрдэмтдийн тусламжтайгаар өөрсдийн хүч хөрөнгөөр хийх хэрэгтэй бөгөөд боловсролын өөрчлөлтийг бүхлээр нь харж, системийн сэтгэлгээний үүднээс боловсруулах шаардлагатайг онцлов.

Шинэ тогтолцоонд шилжиж хөл толгойгоо олоогүй байхад барууны орнуудаас импортолсон нийгмийн тогтолцооны загварууд тодорхой дэвшилтэд хүргэсэн ч хөрсөнд бууж чадалгүй бүтэлгүйтсэн нь цөөнгүй. Зарим үзүүлэлтээр бид дэлхийн шилдгүүдтэй эн зэрэгцэхүйц түвшинд хүрсэн хэдий ч нийгмийн голлох салбаруудад реформ шаардлагатай хэвээр байна.

 

 

Mongolian Economy