Шинэчлэлт хийх стратегиуд
“Багануур”, “Шивээ-Овоо” ХК нь Монгол Улсын дотоодын нүүрсний хэрэглээ, эрчим хүчний нүүрсний гол эх үүсвэрийг бүрдүүлдэг, тэр дундаа улаанбаатарчуудыг цахилгаан, дулаанаар хангадаг хоёр гол уурхай. “Багануур” ХК нүүрсний хэрэглээний 60 хувь, эрчим хүчний нүүрсний 70 хувийг, харин “Шивээ-Овоо” ХК төвийн эрчим хүчний нүүрсний хэрэглээний 20 хувийг хангаж байна. Эдгээр компани өр төлбөртөө баригдсан хэмээн шүүмжлүүлдэг ч угтаа, тонн тутамдаа 5000 гаруй төгрөгийн алдагдалтай үнээр нүүрсээ нийлүүлж, хуучин Зөвлөлтийн үеийн хоцрогдсон техник, хэрэгслүүдээ засаж сэлбэн, өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан ажилласаар ирсэн.
Багануурын хүрэн нүүрсний орд нь Улаанбаатар хотоос 130 км зайд оршдог. Тус орд нийт гурван ашиглалтын тусгай зөвшөөрөлд хуваагдсан байдгаас “Багануур” ХК хоёр зөвшөөрлийг эзэмшдэг. Компани 1995 онд хувьчлагдсан, нийт хувьцааны 75 хувийг төр буюу “Эрдэнэс Монгол” ХХК, 25 хувийг иргэд эзэмшдэг. 2015 онд ордын нөөцийг олон улсын JORC стандартын дагуу шинэчлэн 812 сая тонн гэж тогтоожээ. Үйлдвэрлэлийн жилийн хүчин чадал дөрвөн сая тонн бөгөөд дотоодын хэрэглэгчдийн нүүрсний хэрэгцээнээс хамаарч 3.6-3.8 сая тонн нүүрс олборлодог. Одоогийн хүчин чадлаараа 200 жилийн нөөцтэй.
Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний орд Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт оршдог. 1995 онд төрийн өмч давамгайлсан “Шивээ-Овоо” ХК болгожээ. Нийт хувьцааны 90 хувийг төр буюу “Эрдэнэс Монгол” ХХК, 10 хувийг иргэд эзэмшдэг. Шивээ-Овоогийн нүүрсний орд нь нийт 295 мянган га талбайг хамардаг, нийт 2.7 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Ногоон тойром, Өехийн цагаан, Шинэ-Усны хэсэг гэсэн гурван үндсэн хэсгээс бүрдэх тус ордын Шинэ-Усны хэсэгт “Эрдэнэс Монгол” ХХК ашиглалтын гурван тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Шинэ-Усны хэсгийн эдийн засгийн үр ашигтай нөөцийг 617 сая тонн гэж шинэчлэн тогтоосон. Үйлдвэрлэлийн жилийн дундаж хүчин чадал нь хоёр сая тонн, ойролцоогоор 300 жилийн нөөцтэй.
“Эрдэнэс Монгол” ХХК 2013 оноос тус хоёр компанийн төрийн мэдлийн хувийг хариуцан ажиллах болсон бөгөөд Багануурын хүрэн нүүрсний ордын ашиглалтын нэг, Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний ордын ашиглалтын гурван лицензийг эзэмшдэг.
“Багануур” ХК-ийн урт хугацааны буюу уурхайн хаалт хүртэлх техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг 2016 онд хийж, уурхайн хүчин чадлыг 2018 онд 6.5 сая тонн, 2019 онд найман сая тонн, 2020 онд 10 сая тонн хүртэл нэмэгдүүлэхээр тооцсон байдаг. Харин Шивээ-Овоогийн уурхайн ТЭЗҮ-ийг 2019 онд шинэчилж, хүчин чадал нь жилийн 4.5 сая тонн болсон. Уурхайнууд ийнхүү бүрэн хүчин чадлаараа ажиллахын тулд техникийн шинэчлэлтийг үе шаттайгаар үргэлжлүүлэх нь чухал. Тиймээс “Эрдэнэс Монгол” ХХК Сангийн яамтай хамтран Японы Олон улсын хамтын ажиллагааны банк (JBIC)-ны экспортын зээлийн шугамын санхүүжилтээр хоёр уурхайн техник, технологийн шинэчлэлтийг үе шаттайгаар явуулж эхлээд байна.
Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн техник, тоног төхөөрөмжийг үе шаттайгаар шинэчлэхэд толгой компанийн зүгээс жил бүр 3-4 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалт хэлбэрээр зарцуулж байгааг “Эрдэнэс Монгол” компанийн удирдлага онцолсон.
Цаашид JBIC-ийн зээлийн санхүүжилтээр уурхайнуудын техник, технологийн шинэчлэлтийг үргэлжлүүлэн хийнэ. Харин нүүрсний үнийг тодорхой үе шаттай нэмэгдүүлж, олборлолт 2020-2021 онд дөрвөн сая, 2022-2025 онд 4.8 сая тоннд хүрсэн тохиолдолд зээлийн эргэн төлөлтийг хийх нөхцөл бүрдэнэ гэж тооцжээ. Үүнээс гадна уг зээлийн санхүүжилтээр уурхайнуудад хэд хэдэн томоохон төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Өнгөрсөн 30-40 жилийн хугацаанд Монгол Улсын эрчим хүчний гол эх үүсвэрийг бүрдүүлж, найдвартай байдлыг хариуцлагатайгаар хангаж ирсэн хоёр уурхай үйл ажиллагаагаа дараачийн шинэ шатанд авчрах цаг мөч аль хэдийн ирсэн. Зөвхөн эрчим хүч, дулааны эх үүсвэрийг хангаад зогсохгүй нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг бий болгох, нөөц бололцоо энэ хоёр уурхайд бүрэн дүүрэн бий. Шинэчлэлт хийх эдгээр стратеги, төслүүд нь “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-ийг шинэ үеийн уурхайн жишгээр ажиллаж, эдийн засгийн үр өгөөжийг давхар авчрах боломжийг бүрдүүлнэ.
“Эрдэнэс Монгол” ХХК-иас Шивээ-Овоогийн уурхайд хэрэгжүүлэх төслүүд:
Цахилгаан станц
Уурхайн дэргэд 200 МВт хүчин чадалтай цахилгаан станц байгуулснаар төвийн эрчим хүчний хомсдолыг арилгах, ОХУ-аас импортолдог цахилгаан эрчим хүчийг бууруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Мөн Шивээ-Овоогийн нүүрсний ордыг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх замаар дэмжин, байгалийн нөөц ашиглан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Монгол Улсын эрчим хүчний салбарт шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх, орон нутгийн иргэдэд ажлын байр бий болгох боломж бүрдэнэ. Уг цахилгаан станц нь жилд 1.2 тэрбум кВт цахилгаан үйлдвэрлэнэ.
Төмөр хөнгөн цагаан хүхрийн нэгдэл гаргаж авах үйлдвэр
Төмөр хөнгөн цагаан хүхрийн нэгдэл нь нүүрсний хог хаягдлаас гаргаж авдаг түүхий эд юм. Байгальд ээлтэй дахин боловсруулах технологийг нутагшуулж, хаягдал нүүрсийг эдийн засгийн эргэлтэд оруулж нэмүү үнэ цэн бүтээснээр уг түүхий эдийг дэлхийн томоохон улсуудын ган болон төмөрлөгийн үйлдвэрт нийлүүлэх боломжтой. Уг үйлдвэр баригдсанаар бүс нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлж, 4000 гаруй ажлын байр шинээр бий болж, уурхайн тогтмол орлогын шинэ эх үүсвэр болохоос гадна хатуу хог хаягдлын ялгаралт жилд хоёр сая тонноор буурна. “Эрдэнэс Шивээ Энержи” ХХК-ийн барихаар төлөвлөж буй 200 Мвт-ийн цахилгаан станцаас эрчим хүчээ авч ашиглана.
“Эрдэнэс Монгол” ХХК-иас Багануурын уурхайд хэрэгжүүлэх төслүүд:
Хагас коксжсон шахмал түлшний үйлдвэр
Тус уурхайн нүүрсийг “дулааны боловсруулалт” хийх замаар хагас коксжуулан, нүүрсэн дэх дэгдэмхий бодисын агууламжийг багасгаж, утаагүй шахмал түлш үйлдвэрлэх юм. Мөн 55 мянган тонн шахмал түлшийг Улаанбаатар хотод нийлүүлэхээр төлөвлөжээ. Уурхайн захиргаанаас 4.5 км зайд оршдог “Породный” станцын дэд бүтцийг засварлаж, ашиглан шахмал түлшний үйлдвэр барих боломжтой. Үйлдвэрлэл эхлүүлэхэд шаардлагатай байр талбай, цахилгаан, төмөр зам зэрэг дэд бүтэц бэлэн бөгөөд 28.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байна. Нэг жилд 100 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх төсөл нь хөрөнгө оруулалтаа 7.5 жилд нөхөж дуусах боломжтой.
Нүүрсийг хуурай аргаар баяжуулах үйлдвэр
Багануурын уурхайн гуравдугаар давхаргын нүүрсийг хуурай аргаар баяжуулан станцуудад нийлүүлснээр хөрс хуулалтын хүндрэлийг арилгаж, 156.2 сая тонн чанарын шаардлага хангахгүй нүүрсийг ашиглаж компанийн үр ашгийг нэмэгдүүлнэ. Нүүрсийг баяжуулахад ХБНГУ-ын “Allmineral” компанийн allair® хуурай баяжуулалтын технологийг ашиглах бөгөөд уг технологи нь нойтон баяжуулах технологитой харьцуулахад ус цэвэршүүлэх, хаягдлын далан бэлтгэх, нэмэлт урвалжийн зардал шаардагдахгүй, ажиллагаа энгийн, ашиглалтын зардал бага зэрэг давуу талтай. Жилд нэг сая тонн түүхий нүүрс хүлээн авч, 690 мянган тонн баяжуулсан нүүрс гаргах хүчин чадалтай эл үйлдвэрт нийт 12.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Хөрөнгө оруулалтаа 3.9 жилд бүрэн нөхнө.
Нүүрс хийжүүлэн, шингэрүүлэх үйлдвэр
Нүүрснээс шатахуун үйлдвэрлэх энэхүү үйлдвэр байгуулагдсанаар нефтийн бүтээгдэхүүний тодорхой хувийг дотоодын эх үүсвэрээс хангах боломж бүрдэхийн зэрэгцээ нүүрс-химийн аж үйлдвэрийн үндэс тавигдах эдийн засгийн өндөр ач холбогдолтой. Уг төслийг “Багануур Энержи Корпорэйшн” ХХК нь “М Си Эс Энержи” ХХК болон БНСУ-ын “POSCO” компанийн хөрөнгө оруулалтаар хамтран хэрэгжүүлж эхэлжээ. Тус үйлдвэр нь хэрэглэсэн усаа эргүүлэн ашиглах, ялгарсан CO2-ийг цэвэршүүлэн ашиглах зэрэг технологийн давуу талтайгаас гадна үйлдвэрээс гарах хатуу хаягдал буюу шлагийг төрөл бүрийн барилгын материалын зориулалтаар ашиглаж болно.
“Mongolian Economy” сэтгүүлийн 2020 оны 9-10-р сарын дугаараас