Шинэ доод түвшин
Усан сангууд хатсанаар ногоон эрчим хүчинд хийх шилжилт хэцүүднэ.
Америкийн Баруун эрэг дагуух газар нутаг нь хоёр арваны турш үргэлжилсэн мега гангийн шарх сорвийг агуулдаг. Усан доор байсан Аризонагийн хөндийгөөр жуулчид аялах болов. Ургамлаар дүүрэн байсан Калифорнийн тал нутаг атаршжээ. Усан сан байгуулахын тулд живүүлсэн хотууд усан доороос гарч ирэв.
Nature Climate Change сэтгүүлд дурдсанаар одоо үргэлжилж буй ган бол сүүлийн 1200 жилд баруун өмнөд зүгт ажиглагдсан хамгийн хуурай 22 жил ажээ. Невада, Аризонад дахин ус таслах талаар наймдугаар сарын 16-нд зарлахад Баруун эргийн 86 хувь “хэт хуурай”, тус бүс нутгийн тал хувь нь хүчтэй болон маш хүчтэй гантай байжээ (газрын зураг үз). Энэ бүс нутаг олон жилийн турш хуурайшилт ихтэй, амьдрахад таагүй байсаар ирсэн ч хүнээс шалтгаалсан уур амьсгалын өөрчлөлт нь хуурай улирлын гамшгийг улам нэмэгдүүлэв.
Хуурайшилт нь зөвхөн хөдөө аж ахуй, экосистемд уршиг тариагүй. Баруун эргийн эрчим хүчний дэд бүтэц аюулд өртөв. Усан сан дээрх далангууд нь олон арваны турш найдвартай, сэргээгдэх эрчим хүчээр хангаж ирсэн. 2021 онд АНУ-ын сэргээгдэх эрчим хүчний 32 хувийг усан цахилгаан станц, үүний 44 хувийг Калифорни, Орегон, Вашингтон дахь станцууд хангаж байв. Эрэлт нэмэгдэхэд хүчин чадлыг нь өсгөж болдог учраас эрдэмтэд усан цахилгаан станцын уян хатан чанарыг магтдаг.
Баруун эргийн усан сангуудын түвшин буурснаар усан цахилгаан станцын хэрэглээ ч багасав. WWF төрийн бус байгууллагын судлаачдын ажлаас үзвэл Америкийн Баруун эрэг дагуух усан цахилгаан станцын төслүүд нь усны дутагдалд хамгийн их өртөх эрсдэлтэйд тооцогдож байна.
Усан сангийн усны түвшин буурснаар усан цахилгаан станцын хэрэглээ буурна
Зарим нутаг нөлөөг нь мэдэрч эхлэв. Усны хэмжээ нь цахилгаан үүсгэхэд шаардлагатай түвшингээс доош орсон учраас Калифорни мужийн Lake Oroville дээрх усан цахилгаан станцыг 2021 онд унтрааж байв. Уг станц 80 мянган өрхийг цахилгаанаар хангах хүчин чадалтай. Юта, Аризонагийн хилийн зааг дээрх Lake Powell-ийг мөн адил хувь заяа хүлээж байна. Колорадо голыг тогтоон барьдаг аварга том далан нь долоон мужийн таван сая өрхийг цахилгаанаар хангадаг. Айдахо, Орегон, Вашингтон дахь төрийн өмчит усан сангууд зуны улиралд бага цахилгаан үйлдвэрлэх эрсдэлтэйг Oak Ridge National Laboratory анхааруулжээ. Цаашид тус бүс нутаг дахь хэт халуун хэмээс шалтгаалж, ууршилтын улмаас их хэмжээний ус алдах эрсдэлтэйг уг судалгаанд дурдсан.
Усан цахилгаан станцын боломжийг алдах нь жижиг асуудал биш. Цахилгааны сүлжээ ачааллаа даахаа больсон, бүх төхөөрөмж цахилгаан болж байгаа тул эрчим хүчний эрэлт улам өснө. Цаашдаа усан цахилгаан станцыг өөр сэргээгдэх эрчим хүч, цахилгаан нөөцлөлт зэргээр нөхөж болно гэж албаныхан найдаж байна. Калифорнид усан цахилгаан станцын үйлдвэрлэдэг эрчим хүчний хэмжээ 2019 оноос хойш 62 хувиар буурсан. Энэ орон зайг нөхөхийн тулд тус муж улам их байгалийн хийг шатаах боллоо.
Цахилгаан үүсгэх байтугай урсах усгүй болох аюултай түвшинд зарим усан сан хүрэх учраас 2023 онд “мегаган”-гаас гадна “сөнөсөн усан сан” гэсэн үг америкчуудын үгийн санд орно. Усны дутагдал Баруун эргийн хувь заяаг шийдсээр ирсэн. Одоо ирээдүй нь улам хуурай харагдах болов.
АРЯАН БРАУН Баруун эргийн сурвалжлагч, The Economist, ЛОС-АНЖЕЛЕС
Дэлхий 2023 дугаараас