Япон улсын Засгийн газрын санхүүжилтээр байгуулсан Чингис хаан олон улсын нисэх буудал өнгөрсөн долдугаар сарын 4-ний өдөр нээлтээ хийсэн билээ. Хөшигийн хөндийд баригдсан энэхүү бүтээн байгуулалттай “Mongolian Economy” сэтгүүлийн багийнхан очиж танилцлаа. 

Япон улсын 36.7 тэрбум иений хөнгөлөлттэй зээлээр баригдсан уг нисэх буудал Улаанбаатар хотоос 50 гаруй км зайтай. Нэг өдөрт дунджаар олон улсын болон орон нутгийн нислэгийн 139 агаарын хөлөг, 12 мянга орчим зорчигч хүлээн авах хүчин чадалтай. Харин жилд гурван сая хүртэлх, цаашдаа 10 сая хүртэл зорчигч хүлээн авах юм. Одоогоор цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж, өдөрт олон улсын болон орон нутгийн 20-иод нислэг хийгдэж байгаа талаар төслийн багийнхан танилцуулсан.

 

Шинэ нисэх буудал олон улсын нислэгийн тав, орон нутгийн нислэгийн нэг хоолой болон 21 агаарын хөлгийн зогсоолтой. Буянт-Ухаа дахь өмнөх нисэх буудалтай харьцуулахад нисэх буудлын зурвас ашиглалт 98 хувьд хүрсэн нь олон улсын стандартаар дээгүүрт орох үзүүлэлт юм. 

 

Нисэх буудлын архитектурыг Японы Oriental Consultants Global JV, барилга угсралтыг Mitsubishi Corporation-Chiyoda Corporation JV компани тус тус гүйцэтгэж  ерөнхий туслан гүйцэтгэгчээр БНСУ-ын “Самсунг Си энд Ти” компани ажиллажээ. 

Нийт долоон жилийн хугацаанд бүтээн байгуулалтын ажил нь үргэлжилсэн шинэ нисэх буудлыг цаашдаа Монголын талаас “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК, Японы талаас “Консорциум SPV” буюу “Жапан Эйрпорт Менежмент” ХХК хариуцаж, төслийн менежментийг нь хамтран хэрэгжүүлнэ. Тодруулбал, Японы тал шинэ нисэх буудлын аэродром, барилга байгууламж, газар болон зорчигч терминалын үйл ажиллагааг хариуцах юм. 

Одоогоор Чингис хаан олон улсын нисэх буудалд сүлжээ дэлгүүр, банк, үүрэн холбооны оператор, зоогийн газар, кофе шоп, бэлэг дурсгалын дэлгүүр гэх мэт үйлчилгээний байгууллагууд тодорхой хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна. Зорчигчдын урсгал нэмэгдэх хэрээр энд үйл ажиллагаа эрхлэх байгууллагууд нэмэгдэх нь гарцаагүй.  

Шинэ нисэх буудал байгуулагдсаны өөр нэг давуу талын талаар энд дурдалгүй өнгөрч боломгүй.

 

Хөшигийн хөндийд Чингис хаан олон улсын нисэх буудлыг түшиглэсэн, 150 мянган оршин суугч бүхий “Шинэ зуун мод” дагуул хот байгуулагдах бөгөөд зарим бүтээн байгуулалтынх нь ажил удахгүй эхлэх юм.

 

Энэ оны аравдугаар сард багтан ерөнхий төлөвлөгөөг гаргаж, Засгийн газраар батлуулна гэдгээ Геодези зураг зүйн газраас мэдээлж байв. 

Энэ талаар уг төслийн захирал Н.Энхбат “Хөшигийн хөндийд нисэхийн ажилтнууд, тэднийг дагаж очих бизнес, төрийн үйлчилгээ гээд 2000 ажлын байр бодитой бий болж байна. Энэ 2000 ажлын байрны хүмүүс хотоос шууд явна гэдэг хэцүү л дээ. Яагаад гэвэл орон сууц, амьдрах байр одоохондоо алга байна. Эхний ээлжид зарим нэг нь Зуунмод хотод суурьшиж эхлэх байх. Ойрын ирээдүйд 2000 ажилтай болсон хүний ард 3-5 хүн гэхээр 6-10 мянган хүн Хөшигийн хөндийд очно. Бизнесүүд дагаад явна. Жинхэнээсээ дагуул хот үүсч хөгжинө гэж боддог” гэсэн юм.

Zoltsagaan Zol