“Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх эдийн засгийн суурийг бий болголоо

B Shurenchimeg
2023-07-10 13:46:54

Монголын Засгийн газраас төсвийн орлого, гадаад худалдаа, төлбөрийн тэнцэл, валютын нөөцийг нэмэгдүүлэхэд чиглэсэн томоохон бодлогуудыг цаг алдалгүй оновчтой хэрэгжүүлсний үр дүнд эдийн засгийн өсөлт цар тахлын өмнөх түвшнийг давсан сайн мэдээг дуулгахад таатай байна. Саяхныг хүртэл зөвхөн манай улс ч гэлтгүй бусад улс цар тахлын хүндрэлээс болж хилээ хаан, хатуу хөл хорио тогтоож, улмаар гадаад худалдаа тасалдаж, эдийн засаг саарсан, хүндхэн сорилттой тулгарч байсан. Үүнтэй зэрэгцэн геополитикийн хурцадмал байдал үүссэн нь дэлхий нийтээр нийлүүлэлтийн тасалдлыг бий болгож, улмаар эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөхөд нөлөөлсөн. Үнийн өсөлтийн эсрэг хөгжингүй орнуудын хэрэгжүүлсэн мөнгөний эрс хатуу бодлогоос шалтгаалсан эдийн засгийн тодорхойгүй байдал, бэрхшээлүүд одоо ч үргэлжилсээр байгааг мартаж болохгүй. Өнгөрсөн онд манай улс урд хөршийн Тэг-Ковид бодлогын хязгаарлалтуудаас шалтгаалж, уул уурхайн голлох бүтээгдэхүүнүүдээ экспортолж чадахгүй хүндхэн өдрүүдтэй тулж, улмаар 2021 оны эхний улиралд эдийн засаг 3.9 хувиар агшсан. Экспортын тасалдалтай зэрэгцэн геополитикийн хурцадмал байдлын нөлөөгөөр импортын голлох бүтээгдэхүүнүүдийн үнэ огцом өссөн нь манай төлбөрийн тэнцлийн алдагдлыг нэмэгдүүлж, гадаад валютын улсын нөөц 2.4 тэрбум ам.доллар болж буурахад нөлөөлсөн юм. 

Тухайн үед Монгол Улс дефолт зарлах уу, эсвэл ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах уу гэсэн хоёр сонголттой тулгарч байлаа. Гэсэн хэдий ч Засгийн газраас нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч, БНХАУ-ын Засгийн газартай олон удаагийн хэлэлцээр хийх, цар тахлын үед халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин нүүрсний тээврийг үргэлжлүүлэх арга хэмжээг шуурхай хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд зогсонги байдалд ороод байсан нүүрсний экспортыг богино хугацаанд хэвийн үргэлжлүүлж чадлаа. Мөн БНХАУ-ын хөл хоригийн дэглэмийг зөрчихгүйгээр, жолоочгүй тээвэрлэлт хийх AGV автомат удирдлагатай тээврийн хэрэгслийг амжилттай нэвтрүүлэв.

 Түүнчлэн “Гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 362- р тогтоолыг батлуулж, валютын орлого төвлөрүүлэх, нүүрсний оффтэйк гэрээтэй холбоотой асуудлуудыг цэгцэлж, уул уурхайн биржийн тогтолцоог бүрдүүлэх ажлуудыг амжилттай хийж гүйцэтгэлээ. Үүний үр дүнд 2022 оны эцэст нүүрсний экспорт төлөвлөсөн 18 сая тонноос 31.7 сая тоннд хүрч урьд өмнө байгаагүй өсөлтийг үзүүлсэн.

Ингэснээр нийт экспорт түүхэн дээд хэмжээнд буюу 12.5 тэрбум ам.доллар хүрч, гадаад худалдааны тэнцэл 60 хүртэл хувиар өссөн юм. 

Улмаар манай гадаад валютын улсын нөөц 3.4 тэрбум ам.долларт хүрч, эдийн засаг 4.8 хувиар өсөж, эдийн засагт гэрэл аслаа. Төсвийн орлого төлөвлөгөөнөөс 1.8 их наяд төгрөгөөр давж, тэнцвэржүүлсэн тэнцэл 65.3 хувиар сайжирсан. Ингэж эдийн засгийн голлох үзүүлэлтүүд сайжирсан нь дэлхий дахиныг хамарсан хүнд цаг үед иргэдийн амьжиргааны түвшин, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын тулд бүтцийн болон төсвийн томоохон бодлогууд, гадаад өрийн дунд хугацааны стратегийг цаг алдалгүй оновчтой хэрэгжүүлж, хичээнгүйлэн ажилласны үр дүн юм. 

Үүний нэг тод жишээ бол сүүлийн гурван жилийн хугацаанд Засгийн газар нийт 1.6 тэрбум ам.долларын өрийн зохицуулалтыг төсөвт дарамт учруулахгүйгээр амжилттай хийж чадсан. Тухайлбал, 2012 онд Засгийн газар хамгийн анх удаа босгосон “Чингис” бондын үлдэгдэл 136.8 сая ам.долларыг 2022 оны арванхоёрдугаар сард, 2016 онд гаргасан “Мазаалай” бондын үлдэгдэл 132.6 сая ам.долларыг 2021 оны дөрөвдүгээр сард хугацаанд нь төлж барагдууллаа. 

2023 оны нэгдүгээр сард “Сенчури-2” төслийг амжилттай хэрэгжүүлж, Засгийн газраас 2017 онд босгож байсан “Гэрэгэ” бондын үлдэгдэл төлбөр 368.4 сая ам.долларыг бүрэн барагдуулж дууслаа. “Сенчури-2” төслийн хүрээнд хөрөнгө оруулагчдаас ес дахин их захиалга авч, хүүгийн түвшнийг бууруулж чадсан нь энэхүү өрийн зохицуулалтын арга хэмжээг амжилттай болсныг, мөн бид хөрөнгө оруулагчдын итгэлийг сайн хадгалж ажиллаж байгааг харуулж байна. 

Олон улсын санхүүгийн зах зээл дээр Монгол Улсын Засгийн газар хариуцлагатай байж чадаж байгаагаа батлан харуулж, гадаад өрнөөс шалтгаалсан дефолт болох эрсдэлээс бүрэн ангижирч, зээлжих зэрэглэлээ тогтвортой хэвээр хадгалж чадлаа. Эдийн засгийн байдал сайжирч тогтворжсоноор олон улсын зах зээл дээр Монгол Улсад итгэх итгэл нэмэгдэж байна. Цаашид Засгийн газар гадаад өрийн сахилга батыг чанд сахих үүргийг гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө хүлээх болно. 

Эдийн засгийн идэвхжилийг урт хугацаанд тогтвортой түвшинд хадгалахын тулд бид “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд хилийн боомтуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, гарцыг нэмэгдүүлэх, зорчигч болон ачаа тээвэрлэлтийн хилээр нэвтрүүлэх үйл явцыг хурдацтай сайжруулсаар байна. Мөн нүүрсээ биржээр дамжуулан “уурхайн ам” нөхцөлөөр хямд зарж байсныг “хил” нөхцөлөөр ил тод, нээлттэй борлуулах зэрэг томоохон шинэчлэлүүдийг богино хугацаанд хийлээ. Үүнтэй холбоотойгоор нүүрсний экспорт эхний хагас жилийн байдлаар 28 сая гаруй тонн болсон нь өнгөрсөн оны эхний 11 сарын хэмжээтэй дүйцэж байна. 

Уул уурхай болон эдийн засгийн бусад салбарын сэргэлтийн нөлөөгөөр Монгол Улсын эдийн засаг энэ оны эхний улиралд 7.9 хувиар өсөж, гадаад валютын улсын нөөц 12 хувиар нэмэгдэж 3.8 тэрбум ам.долларт хүрлээ. Засгийн газраас 2020 онд “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулан батлуулсан. Урт хугацааны хөгжлийн зорилтод хүрэхэд чөдөр тушаа болж буй хүчин зүйлсийг цаг алдалгүй шийдвэрлэхийн тулд “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг боловсруулан, хэрэгжүүлж байна. 

Өнгөрсөн хугацаанд учирсан олон хүндрэл бэрхшээлийг төсөв санхүүгийн хариуцлага алдалгүйгээр зөв бодлогоор шуурхай шийдвэрлэсний үр дүнд бид “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг амжилттай хэрэгжүүлэх эдийн засаг, төсвийн суурийг бий болголоо. Үүнийг улам бэхжүүлж, цаашид “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг төр, хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулагчдын хамтын хүчин чармайлтаар хийх болно.

Монгол Улсын дараагийн 10 жилийн дунд хугацааны хөгжлийн зорилтод төсвийн бодлогыг чиглүүлж, бизнес эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжин, өрийн зохистой бодлогыг хэрэгжүүлж гадаад өрийн дарамтыг бууруулж, олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд төвлөрч ажиллана. 

Мөн бид эдийн засгийн гол чагт болсон экспортын урсгалыг нэмэгдүүлж, эдийн засгийн суурийг хоёр дахин тэлж, дундаас дээгүүр орлоготой улс орнуудын тоонд багтаж, урт хугацааны тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг бий болгож чадна гэдэгт итгэлтэй байна. Монгол Улс хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг улам сайжруулах, гадаадаас ирэх эдийн засгийн дарамтаас ангид байх, эдийн засгийн дархлааг бэхжүүлэх бүрэн боломж байна. Иймээс та бүхнийг манай орны хөгжил цэцэглэлтийн нэгэн хэсэг болж, хөрөнгө оруулан хамтран ажиллахыг урьж байна. 

 

 

 

 

 

B Shurenchimeg