Шинэ төмөр зам шинэ гарц
Манай экспортын томоохон сорилт бол дэд бүтэц, тэр дундаа олон жил яригдаж буй төмөр зам юм. Хилийн боомтуудыг төмөр замаар холбох нь далайд гарцгүй манай улсын хувьд стратегийн чухал ач холбогдолтой. Тэгвэл удаан хүлээсэн төмөр замууд эхнээсээ ашиглалтад орж, зам тээврийн салбарт шинэ сэргэлт айсуй. Цаг зогсолтгүй эргэдэгтэй адил “Монголын төмөр зам” ТӨХК стратегийн ач холбогдолтой, шинэ төмөр замын төслүүдийг амжилттай дуусгахаар шаргуу ажиллаж байна. Тодруулбал, эдийн засгийн ач холбогдлоороо өндрөөр үнэлэгдэх үндэсний их бүтээн байгуулалт Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км хэвтээ тэнхлэгийн төмөр замыг тун удахгүй албан ёсоор ашиглалтад оруулах гэж байна.
Шинэ онтой зэрэгцэн “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын галт тэрэгний хөдөлгөөнийг автоматаар удирдан зохион байгуулах, Цогтцэций өртөөг диспетчерийн нэгдсэн удирдлагаар хангах, өртөө зөрлөгийг дохиолол, төвлөрүүлэлт, холбооны байгууламжаар цогц тоноглосон, ажлын техникийн байдалд техникийн комисс ажиллан үзлэг шалгалт хийж Улсын комисс ажиллуулахыг 100 хувь дэмжсэн нь төмөр замын салбарт түүхэн үйл явдал болсон юм. Ийнхүү тус төмөр замыг байнгын ашиглалтад хүлээн авах бэлтгэл ажлыг хангаж дуусаж байна. Өнгөрсөн хугацаанд “Монголын төмөр зам” ТӨХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд 2022 оны гуравдугаар сараас эхлэн Тавантолгойн орд газраас сайжруулсан шахмал түлшний түүхий эд болох мидлингийг энэ шинэ төмөр замаараа амжилттай тээвэрлэсээр ирснийг онцлох нь зүйтэй.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор төмөр замын дагуух ашигт малтмалын ордуудын үнэ цэн өсөж, эдийн засгийн эргэлтэд орсноор 1500 гаруй байнгын ажлын байр бий болно гэсэн тооцоо бий. Тавантолгойн бүлэг ордын уул уурхайн бүтээгдэхүүнийг БНХАУ, ОХУ руу экспортлох шинэ гарц бий болохоос гадна, төмөр замын трассын дагуу Цагаансуварга, Хармагтай, Манлай зэрэг нүүрс, төмөр, зэс, цайрын томоохон орд газрууд байрлаж байгаа нь ирээдүйд уул уурхайн экспортыг нэмэгдүүлэхэд голлох дэмжлэг үзүүлэх төмөр замын чиглэл болох учиртай.
Тус төмөр зам нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Манлай, Дорноговь аймгийн Мандах, Сайншанд сумын Зүүнбаян багийн нутаг дэвсгэрийг дамнасан 416.2 км урттай, нэг өртөө зургаан зөрлөгтэй. Одоогоор жилд 15 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай ч цаашид өртөө зөрлөгийн тоог нэмэгдүүлэх замаар хүчин чадлыг ихэсгэх бүрэн боломжтойгоор зураг төслийг боловсруулж, төлөвлөөд байгаа аж. Зүүнбаян-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор жилдээ 30-50 сая тонн нүүрс экспортолж, Тавантолгойн бүлэг ордын уурхайн олборлолт 2-3 дахин нэмэгдэнэ гэж урьдчилсан байдлаар тооцоолжээ.
2023 онд Үндэсний их бүтээн байгуулалтаар нэрлэгдэж буй энэхүү төмөр зам ашиглалтад орохын зэрэгцээ төмөр замын салбарт хэд хэдэн томоохон төсөл хэрэгжинэ. Монгол Улсын орлогын үүд бодитоор нээгдэнэ. Төмөр замын хилийн боомтуудыг шинээр байгуулж, хүчин чадлыг сайжруулж, тулгарах асуудлуудыг шийдвэрлэснээр Монгол Улсын эдийн засаг эрчимтэй хөгжинө гэж Засгийн газар үзэж, томоохон шийдвэрүүд гаргасан. Өнгөрсөн онд Засгийн газраас баруун, зүүн босоо чиглэлийн төмөр зам тавих ажлыг эрчимжүүлэх тухай тогтоол баталсан. Уг тогтоолын хүрээнд төмөр замын салбарт өрнүүн их ажил гараанаас гарах гэж байна.
Одоогоор Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлд 1300 орчим км, Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт чиглэлд 426 гаруй км төмөр зам тавихаар төлөвлөжээ. Эдгээр төмөр замын төсөл нь үндэсний хэмжээний стратегийн томоохон бүтээн байгуулалт учраас бүгдийг нэг амьсгаагаар хийх боломжгүй. Гэхдээ нарийн төлөвлөгөөтэйгээр, хариуцлагатай ажиллахад монголчууд төмөр замаа богино хугацаанд барьж чаддаг гэдгийг өнгөрсөн оны ажлуудаар харуулж чадсан билээ.
Төмөр зам барих нь амар ажил биш. Доод бүтэц болох суурь далан, гүүр, ус өнгөрүүлэх хоолой, дээд бүтэц буюу тогтоосон алслалттайгаар төмөр бетон дэр зулах, түүн дээр төмөр замыг технологийн дагуу бэхлэн суурилуулах түүний дараа өргөх чигжих зэрэг маш нарийн чимхлүүр ажлыг гүйцэтгэдэг. Мөн төмөр замын өндөр зэрэглэлийн инженерүүдийн олон давхар хяналт дор технологийн дагуу хийж гүйцэтгэдэг ажил. Тиймээс дээрх төслүүдийг цаг хугацааны хувьд үе шаттайгаар барьж, ашиглалтад оруулах бөгөөд “Монголын төмөр зам” ТӨХК “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” концессын төрлөөр хамтран хэрэгжүүлэх юм.
Эдийн засгаа урагшлуулж, ард иргэдээ сайхан амьдруулахын тулд Монгол Улс томоохон төслүүдээ хурдтай хэрэгжүүлж, экспортын хүрээг тэлж, валютын урсгалыг нэмэгдүүлэх тухай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ярьсан нь бий. Тиймээс “Монголын төмөр зам” компанийн хамт олон 2023 онд боомтын төмөр замын төслүүдэд гол анхаарлаа хандуулна гэдгийг онцоллоо. Тэр дундаа Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтын хил холболтын төмөр замын барилгын ажлыг нэн тэргүүнд эхлүүлж энэ оны долоодугаар сар гэхэд дуусгахаар зорьж байгаа талаар “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Ерөнхий инженер Д.Нямлхагва онцлов. Одоогоор уг төмөр замын барилгын ажлыг гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулах ажил ид өрнөж, хэлэлцээр эцсийн шатанд явж байгаа аж.
Монгол Улс үндэсний төмөр замын томоохон компанитай болох зорилтыг эртнээс тавьж ирсэн. Нэгдсэн бодлого чиглэлтэй, нэг удирдлагатай байж гараанаас гарсан ган замын төслүүд барианд амжилттай орох учиртай. Гэтэл Монголд Улаанбаатар төмөр зам, Монголын төмөр зам, Тавантолгой төмөр зам, Зүүнбаян төмөр зам гэсэн төмөр замын хэд хэдэн компани бий болоод байв.
Харин оны өмнөхөн Засгийн газраас төрийн өмчийн төмөр замын суурь бүтцийн ашиглалтыг сайжруулах, чиг үүргийн давхардлыг арилгах, төмөр замын тээврийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, төрөөс хэрэгжүүлэх бодлого шийдвэрийг шуурхай зохион байгуулахад ач холбогдолтой хэмээн үзэж “Зүүнбаян” ХХК-г “Монголын төмөр зам” ТӨХК-д нэгтгэж “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хувьцаа эзэмших эрхийг хэрэгжүүлэх шийдвэр гаргасан юм. Ингэснээр нэгдсэн бодлого хэрэгжиж, төмөр замын үйл ажиллагаа, аюулгүй байдал, үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлд “Монголын төмөр зам” компани мэргэжлийн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахаар болов. Мөн цаашид дотоодод төдийгүй олон улсад Монголын төмөр замын сүлжээг төлөөлөх үндэсний компани болж өргөжих суурийг тавьсан гэж хэлж болно. Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замыг барьж дууссаны дараа ч “Монголын төмөр зам” компани нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах юм.
“Засгийн газраас олон жижиг төмөр замуудаа нэгтгэж, үндэсний төмөр зам компанийг босгох, удирдлагаар хангах шийдвэрүүдийг зоригтой гаргаж өглөө. Одоо манайх цаасан дээр явдаг бус төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж, барьж байгуулдаг, хариуцлага хүлээсэн компани болж байна. Төмөр замаа барьдаг, ашигладаг, засдаг, тээвэрлэлт хийдэг цогц иж бүрдэл компани болох хөгжлийн гарааны огцом эргэлтийн цэг дээр ирлээ. Монголын Засгийн газар бидэнд итгэлээ. Одоо бид ажиллах л үлдлээ” гэж “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү ярилаа.
Ган замын ганган төслүүд
Зүүн босоо чиглэлийн Үндэсний төмөр замын сүлжээг барьж байгуулснаар Бичигт-Зүүнхатавч боомтоор дамжиж Бохайн булангийн боомтод хүрэхээс гадна, одоо байгаа Улаанбаатар замаар дамжин Оросын Алс Дорнодоор далайд хүрэх стратегийн чухал ач холбогдолтой бүтээн байгуулалт юм. Нэг үгээр хэлбэл, Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридорын хөтөлбөрт туссан төмөр замын зүүн коридор нь хөрш орнуудын төмөр замаар дамжин далайн хүчирхэг боомтуудтай тээвэр логистокоор холбогдох гол цэг нь Бичигтийн боомт юм.
Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор зүүн бүсийн эрдэс баялгийн нөөц эдийн засгийн эргэлтэд орж, тээврийн зардлыг 2-3 дахин бууруулж, тус төмөр замаар жилд 25 сая тонн ачаа тээвэрлэж, БНХАУ болон ОХУ-ын газар нутгаар дамжин далайн чанад дахь зах зээлд хүрч, экспортын шинэ гарцыг бий болгох боломж бүрдэнэ.
Далайд гарцгүй манай улсын хуурай замын 42 боомтоос өнөөдрийн байдлаар Сүхбаатар, Эрээнцав, Замын-Үүд гэсэн гурван боомт л төмөр замаар холбогдсон. Гашуунсухайт боомтоор зэс, коксожсон нүүрсний экспортын 50 орчим хувийг гаргаж буй бол өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импортын 70 гаруй хувийг зөвхөн Замын-Үүд боомтоор нэвтрүүлж буй билээ. Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд дээрх төслүүд хэрэгжсэнээр энэхүү нөхцөл байдал бүрэн өөрчлөгдөж, Монгол Улс экспортын таван гарцтай болж, тээвэр логистикийн өрсөлдөх чадварын үзүүлэлт хоёр дахин нэмэгдэх тооцоо бий.
Мөн Орос-Хятад, Ази-Европын хооронд хийж буй худалдаа, бараа бүтээгдэхүүний эргэлт нэмэгдэж байгаа өнөө үед манай улсын газар зүйн энэ таатай байршлыг ашиглан худалдаа, тээвэр логистикийн сүлжээ өргөжиж, ачаа тээврийн урсгалыг бий болгох нь бүс нутгийн хамтын ажиллагаанд эергээр нөлөөлнө гэж мэргэжилтнүүд үзэж буй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 онд Дорнын эдийн засгийн чуулганы үеэр “Монгол Улс Ази, Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан тээвэр, худалдаа, үйлчилгээний зангилаа “Транзит Монгол Улс” болно” хэмээн дэлхий нийтэд зарласан билээ.
Энэ хүрээнд “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т туссан төмөр замын төв коридорыг шинэчлэх, Өвөрбайгалийн хязгаараас Монгол Улсын дорнод хэсгээр дайруулан БНХАУ-тай холбогдох төмөр замын зүүн коридор байгуулах, ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсаас Монгол Улсын баруун хэсгээр дайруулан БНХАУ-тай холбогдох төмөр замын баруун коридорыг барьж байгуулах, мөн гурван улсыг холбосон хурдны автозам барих зэрэг эдийн засгийн үр ашигтай, стратегийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд буй нь энэ юм. Харин энэхүү төмөр замын мега төслүүдийг гардан гүйцэтгэгч нь Монголын төмөр замчид болж байгаа нь бахархалтай.
Засгийн газраас “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд зөвхөн боомтуудыг төмөр замаар холбоод зогсохгүй, цогцоор нь олон улсын жишигт нийцүүлэн боомтод түшиглэсэн дагуул хотуудыг байгуулах зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд Бичигтийн боомтыг олон улсын жишигт нийцсэн Монгол Улсын загвар боомт болгохоор төлөвлөж байна. Ингэснээр Бичигт хилийн боомтоор жилдээ 25 сая тонн ачаа экспортод гарах боломж бүрдэх бөгөөд дамжин өнгөрөх ачааны хэмжээ 7-12 сая тонн байх урьдчилсан тооцоо бий.
Монгол Улс автомашинаар нүүрсээ зөөх бус төмөр замаар хурдыг өртөөлөн цаг хугацааг дөтөлж, экспортын хэмжээгээ нэмэгдүүлснээр манай эдийн засаг хэд дахин тэлэх учиртай. Эдийн засаг тэлснээр иргэдийн амьдрал дээшилж, эх орондоо хангалуун сайхан амьдрах бодит боломж бүрдэнэ. Энэ боломжийг, хөгжлийн энэ шинэ гарцыг төмөр замын дээрх төслүүд нээж өгөх юм.
Төмөр замын салбар өнгөрсөн хугацаанд улсын төсвийг бүрдүүлж, эдийн засгийг хөгжүүлэхэд тодорхой үүрэг гүйцэтгэж ирснийг тэмдэглэх нь зөв юм. Харин өнөөдрөөс улс орныхоо хөгжлийг шинэ шатанд түүчээлэн хөтөлж, хөрш орнууд төдийгүй бүс нутгийн интеграцчлалд нэгдэн улмаар хөрш орны төмөр замуудаар дамжин дэлхийн зах зээл буюу далайн боомтуудтай холбох ган замын ганган төслүүдийг гардан гүйцэтгэх үүрэг хариуцлага “Монголын төмөр зам” компанид ногдлоо. Шинэ төмөр замууд бол улс орны хөгжлийг түүчээлэгч хөгжлийн судас төмөр зам байх болно.
“Дэлхий2023” сэтгүүлээс
Дэлгэрэнгүй мэдээллийг:
9999-4248, 9409-2904 дугаараас авна уу.