Эдийн засагч Б.Дөлгөөн: Үндэслэл нотолгоогүй бодлого их гарах тусам доороо хий эргэдэг
Б.Дөлгөөн нь Шинэ Сэргэлтийн Бодлогын Хурдасгуур Төвийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Тэрбээр Ерөнхий Сайдын дэргэдэх Эдийн засгийн Зөвлөлийн гишүүн юм. 2020- 2022 оны хооронд Үндэсний Хөгжлийн Газарт Дэд дарга, Эдийн Засаг, Хөгжлийн Яамны сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан. Монголын эдийн засаг, санхүүгийн салбарт 10 гаруй жил ажилласан туршлагатай. Төрийн чадамжийг бүрдүүлэх чиглэлээр төрийн албан хаагчдад сургалт хийдэг.
Б.Дөлгөөн 2007 онд АНУын Коннектикат коллежид математик, эдийн засагч мэргэжлээр бакалавр, 2018 онд АНУ-ын Харвардын их сургуульд олон улсын хөгжлийн эдийн засгийн магистр зэргүүдийг тус тус хамгаалсан. Англи, хятад хэлтэй. Тэрбээр цөөнгүй бүтээл монгол хэлнээ хөрвүүлснээс олон нийтийн эдийн засгийн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр Абхажит Банержи, Эстер Дуфло нарын зохиосон “Хүнд үеийн эдийн засаг” (2020), төрийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр Матт Эндрьюс, Ланч Притчетт, Майкл Вүүлкок нарын “Төрийн чадамжийг бүрдүүлэх нь” (2022) зэрэг номыг нэрлэж болно.
2023 онд “Өсөлтийн оношилгоо: Реформ хийх аргачлал” номоо хэвлүүлсэн.
Эдийн засагч Б.Дөлгөөн. Хөгжлийн эдийн засагч гэж түүнийг тодорхойлдог. Монгол Улс эдийн засгийн эрс шилжилт хийж, хүн бүр картын бараанд оочирлодог байсан хүнд үед түүний хүүхэд нас өнгөрсөн. Яг л энэ үеэс тэрбээр өрх гэр ядуурлаас хэрхэн гарах, улс орны хэмжээнд ядуурлыг бууруулахад юу хийх ёстой юм бол хэмээх цаашид сурч, ажиллах их замын мөрөөдлийнхөө эхийг олж авсан гэдэг. Хөгжлийн эдийн засагч болохоор Харвардын их сургуулийг зорьж очсон түүхийг нь би уншиж байсан юм. Шинэ залуу үеийн төлөөлөл үр хойчдоо өнөөдөр байгаагаас илүү нийгмийг хүлээлгэн өгөх ёстой гэж зорьж яваа түүнтэй ярилцах олон сэдэв байгаа ч энэ удаад Монгол Улсын эдийн засаг, хөгжил цэцэглэлтийн боломжийн талаар ярилцлаа.
-Та АНУ-ын Коннектикут коллежийг математикч, эдийн засагч мэргэжлээр бакалавр, Харвардын Их Сургуулийг олон улсын хөгжлийн эдийн засгийн магистр зэрэгтэй төгссөн. Яагаад эдийн засагч болохоор шийдсэн бэ?
-Миний хүүхэд нас Улаанбаатар хотын 120 мянгатад өнгөрсөн. Тухайн үед Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу шилжиж, давснаас бусад нь хомсдоод, толгойтой бүхэн картын бараанд оочирлодог байв. Хэдэн зуун мянган хүн ажилгүй болж, олон мянган хүн архинд орж, гэрээсээ дайжсан хүүхдүүд траншейнд амьдарч эхэлсэн. Монголчууд бид их хүнд үеийг туулж өнгөрсөн дөө. Намайг дунд ангид ороход Монголын түүхийн хичээлээр монголчууд 800 жилийн өмнө дэлхийн талыг эзэлж, эзэнт гүрэн байгуулсан тухай зааж байсан. Гэтэл хичээлээ тараад гэртээ харих замд амьдрал нь хүндэрч, хог түүж амьдардаг хүмүүстэй тааралддаг байлаа. Тэдэн дунд ах дүү хоёртой их тааралдана. Одоо санахад ах нь улаан өмдтэй, хар малгайтай, байнга толгой гудайлгаад шуудайгаа үүрч алхдаг, харин дүү нь ерөөсөө ийм хүнд амьдарч байгаа гэж огт боддоггүй юм шиг урагшаа хойшоо гүйж явдагсан. Тааралдах болгонд тэд яагаад ийм байдалд орчихов гэсэн бодол надад төрдөг байлаа.
Бидний өвөг дээдэс дэлхийн талыг эзэлсэн гүрэнт улс байгуулсан атал яагаад үр хойч нь ингэж хог ухаж, амьдралаа залгуулах хүртлээ доройтов оо гэж өөрөөсөө асууна. Энэ цаг мөчөөс би хүмүүс яагаад ядуурал руу гулсаж ордог, эдгээр хүмүүсийг эргээд энгийн амьдралд нь оруулахын төлөө би юу хийж чадах бол гэж явсаар эдийн засгийн ухааныг судалж эхэлсэн дээ.
Энэ чиглэлээр өөрийгөө үргэлж бэлдье, улс маань дахин ийм хүнд нөхцөлд бүү ороосой, орсон ч ийм алдаа дахин бүү гаргаж, ийм олон жилийг битгий алдаасай гэж боддог.
-Олон улсын хөгжлийн эдийн засагч мэргэжлийг сонгох болсон шалтгаан юу вэ?
-Тун товчхон хэлбэл үнэнийг мэдэх гэж сурсан. Бакалавртаа эдийн засаг үзсэн учир улс орон хөгжиж байж ядуурлыг бууруулдаг гэдгийг мэдэж байсан ч хэрхэн хөгжих вэ гэдэг асуултад хариулт хайхад би хангалттай суралцаагүй байснаа ойлгосон. Дэлхий дээр болсон, болоогүй олон онол байдаг, аль нь зөв, аль нь буруу вэ гэдгийг ялгаж салгах чадвар хараахан эзэмшээгүй байсан учраас магистрт сурах шаардлагатай гэдэг дүгнэлтэд хүрсэн гэх үү дээ.
Хэрэв хөгжлийн жорыг мэдэж, мэдсэнээ хэрэгжүүлж чадвал өнөөдрийн монголчууд бид бүгдээрээ энэ цаг үед урагшаа нэг алхаж, амьжиргааны түвшингээ дээшлүүлж, эх нутагтаа сайхан амьдрах боломж бүрдэнэ гэдэгт хувьдаа итгэлтэй байдаг. Миний хувьд ямартай ч хөгжлийн жорыг тодорхой түвшинд судалж мэдсэн, одоо өөрийнхөө чадлаар хэрэгжүүлэлтэд нь анхаарч ажиллаж байна. Намайг Лондонгийн Эдийн засгийн сургуульд нэг жил суралцахад манай сургуулийн уриа нь “Felix, qui potuit rerum cognoscere causa” буюу орчуулбал, аливаа зүйлийн учир шалтгааныг мэдэж чадсан хүн
азтай гэсэн утгатай байсан.
Өнөөдөр монголчууд илүү өндөр цалин хайгаад Солонгос, Япон руу ажиллахаар явж байна. Хэрэв манай улс эдийн засгийн хөгжлөөрөө Япон шиг, Сингапур шиг, Хятад шиг хурдтай өсөж чадвал залуус маань гадагшаа явах шаардлагагүй болно. Сүүлийн 50 жилийг харвал яагаад зарим улсын эдийн засаг ийм удаан өсөв, цөөн хэд нь яагаад бусдаасаа тасрав гэдэг асуулт урган гарна. Цааш ухвал, ерөөсөө улс орны хөгжлийн ялгаа тухайн улс орны боловсруулж, баримталж, амжилттай хэрэгжүүлсэн бодлогоос л хамаарна. Зарим улсын эдийн засаг 50 жилийн хугацааанд 3-4 дахин томорсон байхад зарим улс орных 15 дахин томорсон кэйсүүд бий.
Нэг хүнд ногдож буй орлогоороо монгол хүн өнөөдөр 5000 ам.долларт хүрсэн нь 1970-аад оны Нидерландын иргэнтэй адил түвшин юм. Харин 50 жилийн хугацаанд нидерланд хүний орлого даруй 12 дахин өсөж, 60,000 ам.долларт хүрсэн. Ийм хөгжил дэвшлийн учир шалтгааныг мэргэжлийн түвшинд судалсны хувьд өнөөдөр сурч мэдсэнээ хуваалцахаар хичээж ажиллаж байна.
-Зах зээлийн шилжилтийн тэр үетэй харьцуулбал Монгол Улсын өнөөгийн хөгжил тэнгэр газар шиг ялгаатай болсон. Гэхдээ бидэнд үүнээс илүү хөгжих боломж байсан гэж боддог.
-Би өвөө, эмээ дээрээ өссөн. Өвөө маань хоёр ч дайнд оролцож улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хадгалж үлдэхэд бүхнээ зориулсан хүн байсан юм. Дайны үеэр өвөөг морьтой довтолж явахад урд нь гранат дэлбэрч, морь нь үхээд өөрөө азаар амь гарсан. Ингээд бодохоор өвөө, эмээ маань эх орныхоо төлөө амь биеэ зориулж байжээ. Улс орны тусгаар тогтнолыг бүрдүүлж, бие даасан байдлыг цогцлоосон нь та бидний өвөө эмээ, аав ээж, ах эгчийн гавьяа. Одоо бидэнд эдийн засгаа өсгөж, монгол хүн бүр амар тайван, эрүүл орчинд өөрийн потенциалаа ашиглаж чадах нийгмийг бүрдүүлэх үүрэг хариуцлага ирээд байна гэж боддог. Үүний үр шимийг магад та бид бүрэн эдэлж чадахгүй ч таны хүүхэд, манай хүүхэд хамтдаа хүртэнэ гэж би бодож ажилладаг.
Мэдээж илүү боломжийг та бид хаа нэгтээ золиосолж байгаа болов уу. Америкт магистраа хамгаалсны дараа манай гэр бүл цаашид хаана ажиллаж, амьдрах вэ гээд хоорондоо ярилцсан. Тэр үед Япон Улсын талаар их эргэцүүлсэн юм. Японы хотууд Дэлхийн II дайны дараа газрын хөрстэй тэгшлэгдэж, үнсэн товрог болсон байсан шүү дээ. Гудамжаа, хотоо, нийгмээ цаашлаад улсаа хэн босгосон юм? Үүнийг тэр үеийн япон залуус хөлс хөдөлмөр, оюун ухаанаа зарцуулж, бие сэтгэлээ зориулсны үр дүнд бий болгосон. Бүтэн үе нэг зорилгын төлөө нэгдэж чадсанаар өнөөдөр япон хүн өндөр хөгжилтэй эх оронд амьдарч, ядууралгүй эдийн засгийг бүтээж, бохирдолгүй орчин бүрдүүлжээ.
Би Америкт ажиллавал магадгүй хөгжсөн улсын асуудлыг шийдэхэд л өөрийгөө зориулах байх. Харин Монголдоо ажиллавал дараачийн үедээ олон боломжийг бий болгож чадна гэж итгэсэн учраас эргэж ирсэн.
Магадгүй улсаа бие даан, монгол ухаанаар хөгжүүлэх боломж, бололцоо сүүлийн 30 жилд л монголчууд бидэнд бүрэн утгаараа гарч ирж байна. Энэ боломжийг энэ цаг үед та бид ашиглаж, эрх чөлөөг энэ нутагт мөнхлөн үлдээх түүхэн үүрэг ирсэн ч байж болох. Улс орны хөгжил гэдэг алга урвуулахын төдийд хурдан бий болдог эд ерөөсөө биш ч үндэслэл нотолгоотой бодлого боловсруулж, хэрэгжүүлж чадвал эдийн засгаа хурдтай өсгөж, 20-30 байраар урагшлуулах боломж хангалттай бий.
-Та бол монгол хүний оюуны потенциалыг харуулж яваа залуусын нэг төлөөлөл. Таны орчуулсан “Төрийн чадамжийг бүрдүүлэх нь” номын удиртгалд “… Аливаа системийг бодит үр дүнгээ өгтөл нь зүтгэж ажлынхаа ард гардаг тэр хүмүүст номоо зориуллаа” гэсэн байсан. Та эрдэм мэдлэг, боловсролыг юу гэж ойлгодог вэ?
-Оюуны потенциалаа харуулж яваа олон сайхан залуу Монголдоо ажиллаж, гадагшаа сурсан нь эргэн ирж байгааг хараад улс маань хөгжих юм байна гэдэг итгэл үнэмшил бэхэждэг. Магистраа төгсөөд Монгол буцахаас өмнө Малайз гаралтай Винг Вүү гэдэг профессортой би уулзсан юм. Тэр намайг Монгол руугаа буцах гэж байгааг сонсоод нэг бодлоо хуваалцсан юм. Түүнийг 1990-ээд онд Харвардын их сургуульд эдийн засгийн доктороор суралцаж байхад Монголд ардчилсан хувьсгал гарч, талбай дүүртэл жагсаж байж. Эрх мэдлээ өгөхгүй гэсэн зарим улсын удирдагчид танк ашиглаж байхад Монголын удирдагчид хулганын хамраас цус гаргалгүй шилжилт хийж, жагсагчдын хүсэлтийг хүлээж авахыг хараад Монгол Улс хөгжих нь дээ гэж Винг Вүү гуай бодсон юм билээ. Ийм гэгээлэг бодлыг нь сонсоод би “бүх монгол хүний зүрхэнд эх орноо гэсэн сэтгэл асаж байдаг юм аа” гэж хариулж байсан.
Би мэдлэг чадварыг сургуулийн диплом, эсвэл нэр хүндээр хэмждэг гэж боддоггүй. Боловсрол бол үнэнийг худлаас ялгаж мэдэх чадвар л гэж үздэг. Харвардад сурахаар явахдаа би хоёр “том” ачаатай явсан. Нэг нь гэр бүлээ авч явах ёстой гэсэн бодол, нөгөө нь аливаа зүйлийн учир шалтгааныг мэдэх хүсэл. Эдийн засгийн чиглэлээр суралцахаар ихэнх асуудлын шалтгаан олон хүчин зүйлээс үүдэлтэй байдгийг ойлгодог. Бас аль хүчин зүйл нь уялдаа холбоо, аль нь жинхэнэ учир шалтгаан бэ гэдгийг ухаардаг. Мэдээж учир шалтгааныг уялдаа холбооноос ялгахын тулд судалгаа шаардлагатай. Энэ хоёрыг ялгаж салгахгүй андуурч эндүүрвэл, хэчнээн уянгалаг шийдвэр гарлаа ч та бидний амьдралд тулгарч буй асуудал хэвээрээ үлдэх нь их. Олон улсад ч асар олон ийм бүтэлгүй тохиолдол бий. Тиймээс асуудлыг шийдэхийн тулд түүнийг зөв оношилж чадах мэргэжилтнүүд л хэрэгтэй. Үүнийг нь удирдаад зөв шийдэлд хүргэх улс төрчид шаардлагатай. Нэг захаас нь нөгөө захад очиход дөрвөн өдөр, дөрвөн шөнө давхиж хүрэх өргөн уудам эх орныг маань Оюу толгой, Таван толгой биш Монгол толгой л хөгжүүлнэ.
-Таны сүүлд гаргасан “Өсөлтийн оношилгоо: Реформ хийх аргачлал” номд бүхэлдээ улс орны эдийн засгийн хөгжлийн гарц гаргалгаа юу болох тухай өгүүлдэг. Сурч мэдсэнээ тайлагнасан бүтээл юм байна гэж бодсон?
-“Бүү мэд. Мэдсэн хүнээс бүү сур” гэсэн тангад хараал байдаг. Үүний яг эсрэгийг нь хийхийг би зорьж, сурч мэдсэнээ бусадтай хуваалцахыг эрхэмлэдэг. Улс орны хөгжил бол хэн нэгэн аавын хүү ганцаараа хийдэг ажил биш. Олуулаа, тэр дундаа мэдэж сурсан хүмүүс улс төрийн институцэд нэгдэж байж хийдэг зүйл. Би хувьдаа аль ч намын эцсийн зорилго нь улсын хөгжил байх ёстой гэж боддог учир намчирхаад байдаггүй, хүмүүстэй уулзахдаа нас хүйсээр ялгаварладаггүй. Хүнд учир шалтгааныг мэдэх хүсэл эрмэлзэл байна уу, эсвэл биеийн амрыг харж, аргацаагаад явахыг илүүд үзэж байна уу гэж л шинждэг. Үнэхээр сурч мэдэх сонирхол байвал хэлээд өгье, ойлгохгүй байвал тайлбарлаад заая, би ч гэсэн мэдэхгүй бол хамтдаа суралцъя гэж ханддаг.
“Реформ хийх аргачлал” ном бол миний магистрын дипломын ажил дээр суурилсан бүтээл. Би судалгааны ажлаа Монгол Улсын макро эдийн засгийн хэлбэлзлийг хэрхэн бууруулах вэ гэдэг сэдвээр хийсэн юм. Түүхийг эргэн харвал манай улсын эдийн засаг 1990-1993 оны хооронд хямралд ороод буцаж 1989 оны түвшиндээ хүрэхийн тулд 14 жилийг зарцуулсан. 1989 оны түвшиндээ 2004 онд хүрсэн гэсэн үг. Үнэхээр чадвартай, чадалтай эдийн засагчдын баг байсан бол ийм олон жилийг алдахгүй байсан гэж боддог. Энэ уналтыг зөвхөн эдийн засаг дээр биш, олон мянган хүн аж амьдралаараа төлсөн нь туйлын харамсалтай.
-Та “Шинэ Сэргэлтийн Бодлогын Хурдасгуур Төв”-ийн захирлаар ажиллах хугацаандаа ямар зарчим барьж ажиллав? Ямар ажил хийж бүтээсэн талаар танилцуулна уу?
-Улс орон үндэслэл нотолгоогүй бодлого гаргавал доороо хий эргэдэг. Үндэслэл нотолгоог цээжний пангаар мэдэх боломжгүй. Чихэн дээр цэцэг ургуулж хүнийг ятгаж болох ч асуудлыг шийдье гэвэл яахын аргагүй нэн тэргүүнд тухайн асуудлыг үүсгэж буй учир шалтгааныг нь зөв оношлох ёстой. Зөв бодлого гаргахын тулд нэгдүгээрт, асуудлаа зөв оношилж тодорхойлсон уу, хоёрт хэдэн шийдэл боловсруулж болох вэ, гуравдугаарт эдгээр шийдлээс амьдрал дээр аль нь амжилттай хэрэгжиж чадах вэ гэдгийг алдалгүй тооцоолох ёстой.
Ингэж тооцохдоо хэрэгжүүлэгч байгууллага тэрхүү бодлого, шийдлийг үнэхээр хэрэгжүүлж чадах уу, улс төрийн дэмжлэг авч чадах уу, санхүүжилт нь шийдэгдэх үү зэрэг олон зүйлийг авч үзэх ёстой.
Төр хэр чадамжтай байна, энэ чадамжийг хэрхэн илүү бүрдүүлэх вэ гэдэг асуудалд бид зайлшгүй анхаарах ёстой. Энэ бол төр хүчтэй, хүчгүй, эсвэл том, жижиг байхын асуудал биш юм. Хамгийн чухал нь төр чадамжтай байх ёстой. Мөн энэ бол ямар ч компанид хамаатай асуудал.
Хурдасгуур төвд бид төрийг чадамжтай болгох , олон ажил хийсний дотор төрийн байгууллагын чадамжийг сайжруулах ажлуудыг нэрлэж болно. Нэг салбарт процессийн дахин инженерчлэл хийсэн. Төрийн чадамжийг бүрдүүлэх чиглэлийн сургалтыг Харвардын хөтөлбөрөөс буулгаж, Удирдлагын академид нутагшуулахыг зорьсон. “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан Түгжрэл, эрчим хүч зэрэг бусад чиглэлээр судалгаа хийж, үндэслэл нотолгоо гаргахаас гадна хэрэгжүүлэлтийн шатанд тулгарах хүндрэлийг оношилсон.
-Улаанбаатар хотод тулгарч байгаа түгжрэлийн талаар ямар ажил хийв?
-Улаанбаатар хотын бүх уулзвар, тэмдэглэгээтэй симуляц загварыг гаргаж, ерөнхий боловсролын сургуулиудаас хамаарах түгжрэлийн хувийг тооцсон гээд хэд хэдэн ажлыг Хурдасгуур төв гүйцэтгэсэн. Түгжрэл нь нийт зорчилтын тоо, зорчилтын төрөл буюу авто машин, нийтийн тээвэр, мөн нийт дэд бүтцийн багтаамж болох замын уртаас хамаарч байгаа юм. Улаанбаатарт нийт 1200 км урт зам, 90 км урт дугуйн зам бий. 700 мянган машин бүртгэлтэй бөгөөд өдөрт 150-300 мянган машин хөдөлгөөнд оролцдог.
Мөн зорчих төрлүүдээр авч үзвэл нийслэлийн иргэдийн 40 орчим хувь ажилдаа очих, 20 гаруй хувь нь сургууль цэцэрлэгт хүүхдээ хүргэх, 10 гаруй хувь нь үзвэр үйлчилгээ авахаар зорчдог гэсэн судалгаа гарсан. Мөн замын хөдөлгөөнд оролцож байгаа машины тоо хэдэн хувиар өсөхөд дундаж хурд хэр хэмжээгээр буурч байгааг симуляц загвараар тооцож гаргасан. Энэ бүхнийг задлаад харахаар маш олон хүчин зүйл замын түгжрэлд нөлөөлж байгаа.
Хүн болгон машин авч чадах ч иргэн зам барьж чадахгүй. Компани зам барьж чадах ч дангаараа цахилгаан станц барьж чадахгүй. Тиймээс зарим зүйлийг төр л хийнэ. Төрийн цаана чухамдаа байгууллагууд бий бөгөөд тухайн байгууллагын чадамжийг сайжруулж байж л асуудлыг шийдвэрлэнэ.
-Улаанбаатар хотод бугшсан өөр нэг асуудал нь газартай холбоотой. Газрын асуудал нь түгжрэл, нийслэлийн бусад дэд бүтцийн хөгжилтэй шууд холбогдоно. Нийслэл хотын газрын асуудлыг шийдэх гаргалгаа юу байна вэ?
-Улаанбаатар хотод ажлын байр нэмэгдүүлж, өндөр цалинтай, өндөр бүтээмжтэй ажлын байр бий болгохын тулд газрын асуудлыг зайлшгүй шийдэх ёстой. Хурдасгуур төвийг удирдан хоёр жил гаруй ажиллахад Улаанбаатар хотын асуудал бүр газартай холбогдож байгаа нь харагдсан. Тухайлбал, Дулааны цахилгаан станц III-н хүчин чадлыг нэмэгдүүлж, шинэ зуух баръя гэхэд цахилгаан станцтай зэрэгцүүлээд нэг хүн газрыг нь эзэмшсэн учраас газрын маргаантай байх жишээтэй. Эмнэлгийн эргэн тойрны газрыг хоосон үлдээсэн нь байгалийн гамшиг, дайн байлдаан тохиолдвол эмнэлгийн хүчин чадлыг хэд дахин нэмж, эдгээр газрыг хээрийн эмнэлгийн зохион байгуулалтад оруулах, нэмж өвчтөн хүлээж авах зорилготой байдаг. Гэтэл нэгдүгээр эмнэлэг, гуравдугаар эмнэлгийн хашаанд олон давхар барилгууд баригдаж, гэнэтийн осол тохиолдсон үед эмнэлгийн хүч чадлыг нэмэх боломжгүй болсон.
Улаанбаатарт дулааны шугам сүлжээнд холбогдсон 13 мянга орчим объект байдаг. Дулааны магистрал шугамын урт 370 км, дэд станц 297 бий. Эдгээрийн тоог нэмэгдүүлж, нэмж барихад газар хэрэгтэй. Хот дэд бүтцээ барих гэхэд газаргүй болсон эмгэнэлтэй нөхцөлд орсон. Эмгэнэл гэхээсээ илүү хариуцлагын хямралд орсон байна. Та санаж байвал Засгийн газрын ордны хажууд байсан балгас шахуу “Улаанбаатар таймс”-ийн газрыг дуудлага худалдаагаар 23.8 тэрбум төгрөгөөр “Таван Богд”-ын Ц.Баатарсайхан авч байсан. Үүн шиг бүх газрыг дуудлага худалдаагаар нээлттэй зарсан бол Улаанбаатар хот дэд бүтцээ өөрийн төсвөөс барих хангалттай мөнгө олох байж. Тиймээс ч “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг боловсруулахдаа төрийн бүтээмжийн сэргэлтийг оруулсны цаана төрийн чадамжийг сайжруулж, авлигыг цэгцэлье гэсэн гол санаа агуулагдаж байгаа.
-Газрын асуудал нь авлига, хээл хахуулийн уг үндэс, цаашлаад иргэдийн тав тухтай, эрүүл таатай орчинд амьдрах эрхийг хулгайлагч болсон. Эл ужиг асуудалтайгаа бид яваад л байх уу?
-“Аэро сити”-г анх төлөвлөж байхад хүмүүс ойр хавийн газруудыг нь хэдэн зуун га-гаар авсан жишээ бий. Олон тулгуурт хоттой болох, дэд төвүүд барих талаар яригдаж байгаа ч мэдээлэлд ойр байснаар ойр хавьд нь газар эзэмшдэг болсон хүмүүсээс газраа яаж эргүүлж авах вэ гэдэг асуудал үүсэж байна. Төсөл нь эхлээгүй байхдаа бүдрээд байна шүү дээ.
Улс төрчдийн нэг алдаа бол асуудлаа бүрэн ойлгоогүй, учир шалтгаант нөхцөлийг нь тодорхойлолгүй шууд шийдэл гаргадаг нь юм. Гаднын сайн туршлага, шийдэл нь Улаанбаатар хотод, аль нэг дүүрэгт таарах уу, хэрэгжүүлэх нөхцөл нь манайд хэр бүрдсэн бэ гэдгийг бодох л ёстой.
Газрын асуудал нь нэгдүгээрт, мэдээлэл хэр нээлттэй байна вэ, хоёрдугаарт, дүрэм журмаа хэрхэн мөрдөж байна вэ гэдгээс шалтгаална.
Хамгийн их газар олгогдсон дүүрэг бол Хан-уул. Энэ дүүрэгт би бага насаа өнгөрүүлсэн. Манай 75-р сургуулийн гаднах хөлбөмбөгийн талбай дээр нэг зочид буудал, нэг орон сууц баригдсан. Энэ бүгд сургуулийн стандартыг зөрчиж газар олгосон нийслэл, дүүргийн тухайн үеийн засаг дарга нарын буруу. 20 жилийн дараа манай хүүхэд тоглох газар үгүй болсон. Ганц манай хүүхэд биш, маш олон хүүхэд хохирч байна. Ийм талбайтай байсан бол хөдөлгөөний дутагдалтай, жингийн илүүдэлтэй хүүхдүүд хэдээр буурах байсан бол гээд та бод доо.
Тэр үеийн газрын наймаатай холбогдсон дарга нарт “би мэдээгүй, уучлаарай” гэж хэлэх ямар ч эрх байхгүй. Ганц Хан-уул дүүрэг биш, Баянгол, Сүхбаатар дүүрэгт ч газрын асуудал маш их. Явган хүний замгүй авто замууд тавьж, иргэд машинтайгаа зэрэгцээд явж байна. Ийм зам дээр хүүхдүүд бэртэж гэмтэж байна. Одоо хэдүүлээ үүнийг цэгцэлье. Улаанбаатар хотын өнөөдрийн асар олон асуудлын гол шалтгаан болсон газрын хуваарилалт М.Энхболд гэдэг хүний үед тавигдсаныг хүн болгон мэддэг. Манай үеийнхэн энэ завхралд цэг тавьж хариуцлага тооцох, нөгөө талаас бүх хүнд тэгш оролцох боломжийг хангасан схем бүрдүүлэх ёстой гэж боддог.
Өнгөрсөн дөрвөн жилийг харвал томоохон асуудлуудад хариуцлага тооцох ажлыг Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ эхлүүлээд явж байна. Үүнийг залуучууд бид дэмжиж, манайд нүүрлээд байгаа хариуцлагын хямралаас гарах ёстой.
-Таныг эдийн засагч гэдгээр хүмүүс мэднэ. Харин улс төрийг хэр сонирхож байна вэ?
-Хөгжлийг түүчээлэх нь нэг хүний хийж чадах ажил биш. Мэдлэг чадвартай, хүсэл эрмэлзэлтэй залуучуудтай хамтарч байж хийнэ. Ардчилсан нийгэмд олуулаа нийлж хийхийн тулд намын тогтолцоонд нэгдсэний үндсэн дээр л хийх нь тодорхой. “Алсын Хараа 2050” бодлогыг та харвал монгол хүнийг дэлхийд өрсөлдөх чадвартай болгохыг л зорьж байгаа. Бүх л аав хүүхдэдээ бусдаас дутуугүй боломж олгох юмсан гэж боддог. Үүнийг улс үндэстний хэмжээнд авч үзээд монгол хүн аль ч улсын иргэнээс яавал дутуугүй амьдарч, ажиллаж болох вэ гэдгийг л гаргахыг зорьсон бодлого юм. Улмаар хөгжлийн бодлогыг газар дээр нь хэрэгжүүлэхийн тулд намд элсээд, улс төрд ороод явж байна.
Улс төрд орохоосоо өмнө би их эргэлзсэн л дээ. Эргэлзсэн гол шалтгаан нь миний хүүхдүүд байсан. 2018 оны хүртэл би дан хувийн хэвшилд ажиллаж ирсэн. Гэтэл улс төр гэдэг бол надад шинэ зүйл, тэгээд ч орох юм бол цаг наргүй зүтгэж, хүүхдүүддээ зарцуулах цаг улам багасах юм байна гэж бодсон. Гэтэл би хүүхдэдээ унадаг дугуй унахыг зааж өгмөөр байдаг. Орой хичээл тараад ирэхэд нь өдөр юу болсныг нь зэрэгцэж суугаад сонсож, шөнө орных нь хажууд нь үлгэр уншиж өгмөөр байдаг. Их бодож гаргасан шийдвэр л дээ. Гэхдээ үнэхээр хөгжлийн талаар би сурч мэдсэн нь үнэн юм бол, энэ боломжийг ганц өөрийн хүүхдэд биш бүх монгол хүүхдүүдэд бүрдүүлэхийн тулд ажиллах ёстой гээд шийдвэрээ гаргасан.
-Таны хобби юу вэ? Тэр дундаа ямар ном унших дуртай вэ?
-Хобби гэвэл гэр бүлтэйгээ ууланд алхах дуртай. Долоо хоногт бараг 80 цаг ажилладаг болохоор би гэр бүлтэйгээ аль болох их цагийг өнгөрүүлэхийг, гэхдээ зурагтын урд биш агаар салхинд хамт байхыг их хичээдэг. Мөн оюутан байхдаа олимпын наадмын нэг төрөл болох сэлүүрт завиар хичээллэж байсан болохоор энэ спортыг Монголд хөгжүүлэх хүсэлтэй байдаг.
Номын тухайд дэлхий дахины ардчиллын үйл явц, ардчиллыг бэхжүүлэхэд ямар сорилтууд тулгарч байгаа талаарх номыг сүүлийн үед их уншиж байна. Энэ дундаас Фарийд Закариа, Фрэнсис Фукуяма, Жаред Даймонд, Пиппа Норрис зэрэг алдартай хүмүүсийн номыг санал болгомоор байна. Би өөрөө орчуулгын нэлээд ном гаргасан. “Мөхөшгүй найдварын гал”, “Халуун хавтгай хавчигдмал дэлхий”, “Хятадыг 1 цагт” “Хүнд үеийн эдийн засаг” “Төрийн чадамжийг бүрдүүлэх нь” зэрэг номыг санал болгоё.
-Залуу хүний хувьд хүүхэд залууст юу гэж зөвлөх вэ?
-19 настайдаа би нэг жил Африкийн Уганда улсад сайн дурын ажил хийж, гудамжны хүүхдүүдэд мэргэжлийн боловсрол олгодог сургуульд багшилж байсан юм. Дараа нь Монголоор бол зах хязгаар аймагтаа орох Форт Портал хэмээх газарт ДОХ-ын улмаас эцэг эх нь нас барж, бүтэн өнчирсөн 500 гаруй хүүхдийг тэтгэдэг байгууллагад ажиллахдаа амьдрах оромж барьж өгдөг байлаа. Тэр үед бүтэн өнчин ах дүү дөрвөн хүүхдийнд очсоноо мартдаггүй. Хамгийн том нь найман настай, асарч харах нэг ч хүнгүй, хоолоо ч яаж хийхээ мэдэхгүй тэдэнд манай байгууллага хүнсийг нь авч өгч амьдрал залгуулдаг байсан. Тэдний гэрт нь очоод энэ хэдэн өнчин хүүхэд яаж амьдарна даа л гэж надад бодогдсон. Хамаатны хүмүүс нь тэднийг хөөж явуулаад газрыг нь дээрэмдэж авсан байсныг нь буцааж олж өгсөн. Хүн гэдэг бас их муухай амьтан юм даа гэдгийг тэр үйл явдлаас олж харсан.
Уганда улсад хоёр сая өнчин хүүхэд, Кампала хотод 10 гаруй мянган хүүхэд гудамжинд амьдарч байна. 21 дүгээр зуунд шүү дээ.
Ингээд бодохоор Монгол Улсад маань асар их боломж, бололцоо байна. Өнөөдрийн түвшнийг Америк, Англитай харьцуулахад буурай мэт санагдавч дэлхийн 192 улстай харьцуулахад яг дунд нь яваа шүү гэдгийг захиж хэлмээр байна.
Мөн хөгжлийн шалгуур бол чинээлэг амьдралтай хүний хөрөнгийг хэр нэмэгдүүлснээр бус, харин амьжиргаа тааруу иргэдийнхээ амьдралыг хэр сайжруулснаар хэмжигддэг гэж би боддог. Тиймээс залуустаа “өөрөө амжилтад хүрч, алдарт гарсан бол аз жаргалын хаалгыг бусдадаа нээж өгөөрэй” гэж захимаар байна. Ачийг тань тэд бас бүү мартаг! Монгол хүн бүр билиг оюун төгөлдөр, бодож сэтгэхдээ гүн байг.
Mongolian Economy сэтгүүлийн 2024 оны 2-р сарын (№196) дугаараас