Эдийн засаг өнгөлөг байх уу?

Sarangerel
2024-01-02 12:51:14
Ангилал:

МУИС-ийн Бизнесийн сургуулийн санхүүгийн тэнхимийн эрхлэгч, Доктор БЯМБАЖАВЫН ЭНХ-АМГАЛАН

ОУВС, Дэлхийн банкны шинжээчдийн үзэж буйгаар дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурд өмнөх онтой харьцуулахад саарч 2023 онд 2.1-3.0 хувийн хооронд байна. Харин 2024 онд 2.4-2.9 хувь байна гэж таамаглажээ. Дэлхийн эдийн засаг бүхэлдээ өмнөх жилүүдэд бий болсон өндөр инфляцыг хязгаарлах мөнгөний хатуу бодлогыг үргэлжлүүлэн явуулахаар байгаа нь эрэлтийг тодорхой түвшинд хумьж дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийг бууруулах магадлалтай.

Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал

 Манай улс 2023 онд өндөр инфляцтай тэмцэж, мөнгөний хатуу бодлогыг үргэлжлүүлж байгаа ч түүхий эдийн экспортын өсөлтийн үр дүнд макро эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч, төсвийн орлого нэмэгдсэн харьцангуй таатай жил болж байна. Энэ онд эдийн засагт гарч буй гол эерэг үзүүлэлтүүдээс дурдвал оны эхний есөн сарын байдлаар эдийн засгийн өсөлт 6.9 хувь, эхний 10 сарын байдлаар экспорт 12.47 тэрбум ам доллар байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 24.3 хувийн өсөлттэй. Үүнд голлон нөлөөлж байгаа хүчин зүйл нь нүүрсний экспорт биет хэмжээгээр 54.4 сая тоннд хүрсэн явдал юм. Инфляц есөн хувьтай гарсан нь хоёр жилийн дараах хамгийн доод түвшинд хүрсэн үзүүлэлт. Валютын нөөц 3.97 тэрбум ам.долларт хүрч оны эхнээс 400 орчим сая ам.доллароор нэмэгдсэн. Ийн өсөлттэй байсан ам.долларын ханшийг зургаан сараас хойш 3455 орчим төгрөгт тогтвортой байх нөхцөлийг бүрдүүлсэн. Эдийн засагт гарч буй эдгээр эерэг өөрчлөлт нь нийт экспортын 86 хувийг бүрдүүлж буй эрдэс бүтээгдэхүүний экспортын өсөлттэй салшгүй холбоотой. Тэр дундаа эдгээр бүтээгдэхүүнийг худалдан авдаг манай улсын гадаад худалдааны гол түнш БНХАУ-аас ихээхэн хамаарч байгааг онцлох хэрэгтэй. Гаалийн статистик мэдээллээс харвал оны эхний 10 сарын байдлаар БНХАУ-руу гаргасан бараа бүтээгдэхүүний нийт экспортод эзлэх хувь 90.8, импортийн 40.3 хувийг эзэлж байна. Экспорт нэмэгдэж, төсвийн орлогын өсөлт таамагласан хэмжээнээс давж гарсан шалтгааныг БНХАУын нүүрсний зах зээлтэй холбож тайлбарлах шаардлагатай.

БНХАУ-ын нүүрсний зах зээлийн төлөв

БНХАУ-ын нүүрсний импорт 2023 оны эхний 10 сарын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад 67 хувиар нэмэгдэж 384 сая тоннд хүрсэн нь Монгол Улсын нүүрсний экспортын өсөлтөд нөлөөлжээ. Зөвхөн Шивээхүрэн боомтоор 14.82 сая тонн буюу 1.34 тэрбум ам.долларын нүүрс экспортолсон нь Хятадын хуурай газрын дөрөв дэх том боомт Сэхэ нээгдсэн 31 жилийн хугацаанд хамгийн өндөр дүн болсон талаар “Global times” сайтад дурджээ.

Инфляц есөн хувьтай гарсан нь хоёр жилийн дараах хамгийн доод түвшинд хүрсэн үзүүлэлт

Монгол Улс БНХАУ-д экспортолж байгаа коксжих нүүрсний хэмжээгээрээ нэгдүгээрт бичигдэж байгаа ч нийт коксжих нүүрсэнд эзлэх хувь буурсан бол ОХУ-ын коксжих нүүрсний экспортын хувь хэмжээ өсөж хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна. БНХАУ-ын нүүрсний эрэлт огцом нэмэгдсэн шалтгаан нь хэд хэдэн хүчин зүйлээс хамаарч байна. Нэгдүгээрт, дотоодын нүүрс чанар стандартын шаардлага хангаж буй эсэх. Улсаас явуулж байгаа шалгалтын үр дүнд дотоод дахь нүүрсний олборлолт саарсан. Хоёрдугаарт, Ковид-19 цар тахлын дараах үйлдвэрлэлийн сэргэлттэй холбоотой огцом тэлэлт. Гуравдугаарт, Хятадад олборлож буй нүүрсний дулаан илчлэгийн хэмжээ буурсан, үүнээс улбаатай ижил хэмжээний эрчим хүчийг гаргахын тулд илүү их нүүрс шаардлагатай болсон. Дөрөвдүгээрт, өмнөх жилүүдтэй харьцуулахад хур тунадасны хэмжээ бага байгаатай холбоотой усан цахилгаан станцын үйлдвэрлэн гаргаж буй эрчим хүчний хэмжээ буурсан. Тавдугаарт, импортын нүүрсний үнэ өндөр байсан. Энэ жилийн нүүрсний үнийг 2021, 2022 онтой харьцуулахад буурч дотоодын үнэтэй ижил түвшинд хүрсэн зэрэг шалтгааныг дурдаж болох юм.

БНХАУ-ын нүүрсний худалдаачдын дунд явуулсан судалгаагаар 2024 онд нүүрсний эрэлт нэмэгдэх боловч 2023 оных шиг өндөр байхгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Нөгөө талдаа БНХАУ-ын Засгийн газрын зүгээс хямралд ороод байгаа үл хөдлөх хөрөнгийн зах зээлд нөлөөлөх оролдлого хийх болно. Энэ нь эргээд эрчим хүчний хэрэглээг тэлэх боломж олгох тухай “Ройтерс” агентлаг дурдсан. Мөн “Олон улсын эрчим хүчний агентлаг”-аас гаргасан “IEA Coal-2023” тооцоогоор БНХАУын нүүрсний импорт 2024 онд 0.3 хувиар нэмэгдэнэ гэж төсөөлжээ. Энэ бүгдээс харвал ирэх онд нүүрсний эрэлт огцом нэмэгдэхгүй ч Монгол Улсад ашигтай нөхцөл байдал үргэлжилнэ гэж дүгнэж болохоор.

Монгол Улсын эдийн засгийн төлөв 2024 онд

Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 2024 онд Европын сэргээн босголт хөгжлийн банк 7.5, Азийн хөгжлийн банк 5.9, Олон улсын валютын сан 4.5 хувь хэмээн нэлээн хэлбэлзэлтэй төсөөлжээ. Харин Сангийн яам 7.0, Монголбанк 6.0 хувь гэж төсөөлж байна. Ирэх оны эдийн засагт гадаад хүчин зүйл болох геополитикийн асуудал, тахал, санхүүгийн болон худалдааны хямрал, Хятадын эдийн засгийн нөхцөл байдал дотоод хүчин зүйл болох байгалийн гамшиг, сонгуулийн будилаанаас үүдэлтэй эмх замбараагүй байдал гэх мэт шокүүсэж нөлөө үзүүлэхгүй бол өндөр өсөлттэй байх боломжтой.

Ирэх онд БНХАУ-ын нүүрсний эрэлт нэмэгдэх боловч 2023 оных шиг өндөр байхгүй

УИХ-ын намрын чуулганаар 2024 оны төсвийг хэлэлцэн баталсан. Төсвийн төслөөр Монгол Улсын төсвийн орлого 25.3 их наяд, зарлага 27.4 их наяд, төсвийн алдагдал 2.1 их наяд төгрөг байхаар баталсан. Төсвийн орлогыг өнгөрсөн оноос 18.5 хувь буюу 4.2 их наядаар нэмэгдүүлжээ. Харин төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр нь Засгийн газрын зээл болон Засгийн газрын үнэт цаас байхаар байна. Энэ нь эдийн засгийн идэвхжилт, уул уурхайн салбарын өсөлт, иргэдийн орлогын өсөлт, далд эдийн засгийн бууралт гэсэн дөрвөн хүчин зүйлээс бүрдүүлнэ гэж тооцоолж байна. Уул уурхайн салбарын хувьд экспортлох нүүрсний хэмжээг 60 сая тонн, зэсийн баяжмал 1.5 сая тонн, алт 20 тонн гэсэн нь өмнөх жилүүдтэй харьцуулахад нэлээд өссөн дүн юм. Хэрэв БНХАУ-ын нүүрсний эрэлт таамагласны дагуу өсөх тохиолдолд манай улс нүүрсний экспортыг 60 сая тоннд хүргэх төлөвлөгөө биелэх боломжтой.

УИХ-ын сонгуультай холбоотой төсөв тэлэх хандлагатай байдаг. Эдийн засагт үүсэх дарамт, цаашдын эрсдэлийг бодолцон зарлагаа орлоготойгоо уялдуулах замаар алдагдалгүй төсөв батлах боломжтой байв. Энэ тохиолдолд Засгийн газрын өрийн хэмжээ нэмэгдэхгүй, эдийн засагт ирэх ачаалал бага байх боломжтой юм. Засгийн газрын өр 2023 оны есдүгээр сарын байдлаар 30.8 их наяд төгрөг байгаа ч алдагдалтай төсөв баталсан нь өрийн хэмжээ өсөж эдийн засагт үзүүлэх дарамт нэмэгдэхээр харагдаж байна. Улсын төсвөөс хийх гол хөрөнгө оруулалтууд дэд бүтэц, нефть, эрчим хүч болон нийгмийн салбарууд руу чиглэж үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд хөрөнгө оруулалт маш бага байна. Энэ нь урт хугацаанд үйлдвэрлэлээр эдийн засгийг тэлэх боломжийг хомс болгож байгааг анхаарах хэрэгтэй. Төсөв ийнхүү ихээр тэлэхээр байгаа нь Төв банкнаас явуулж буй мөнгөний бодлогыг тодорхой үр дүнд хүргэхэд төвөгтэй нөхцөл байдал үүсэхэд хүргэж байна. Монголбанкны зүгээс ирэх онд инфляцын түвшнийг зургаан хувь дээр нэмэх, хасах хоёр хувьд барихаар төлөвлөж байна. Гэхдээ өмнөх жилүүдийн өндөр инфляцын шок, ирэх жилийн сонгуулийн нөлөө, ОХУ болон Украин, Израил болон Палестины нөхцөл байдлаас шалтгаалан нефтийн үнийн тогтворгүй байдал үүсэх эрсдэлтэй. Тиймээс инфляц зорилтот түвшинд хүрэхгүй байх магадлал бий. Тухайлбал, ОХУ-тай манай улс 2022 оны аравдугаар сард АИ-92 шатахууныг 2027 он хүртэл тогтвортой үнээр, дизелийн түлшийг 10 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авахаар гэрээ байгуулсан. Гэтэл 2023 онд ОХУ-ын Засгийн газраас дотоод дахь эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрийг хангах зорилгоор экспортын нефтийн бүтээгдэхүүнд түр хугацааны хориг тавьсан нь манай улс шатахууны хомсдолд орох, үнэ тогтворгүй байх эрсдэлийг үүсгэж байна. Үүнээс харахад Монголбанкны зүгээс хэрэгжүүлэх инфляцын талаарх бодлого нэлээд сорилттой тулгарахаар байна. АХБ-ны зүгээс манай улсын инфляцыг 2024 онд 8.6 хувь байхаар төсөөлж байгаа нь ч инфляц нам түвшинд байхгүй гэдгийг харуулж байна. Дээрх бүхнээс дүгнэхэд 2024 онд эдийн засгийн нөхцөл байдал дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээнээс илүүтэй түүхий эдийн экспортын хэмжээнээс хамааран 2023 оны түвшнээс дордохооргүй байна. Гэхдээ Хятадын эдийн засгийн нөхцөл байдал, дэлхий дахинаа баримталж буй мөнгөний хатуу бодлого, дайны нөхцөл байдлуудыг анхаарах шаардлагатай. Мөн БНХАУын хувьд нүүрсний импорт 2023 онтой адил түвшинд байхаар төлөв ажиглагдаж байгаа. Гэсэн ч манай улсын зүгээс боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэхээс гадна нүүрсний үнийн бууралт, БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын зогсонги байдал, экспортын эрэлтийн бууралт зэрэг үүсэж болох эрсдэлийг тооцож эдийн засгийн хувьд авах хариу арга хэмжээг бодолцох нь зүйтэй.

Английн “The Economist” сэтгүүлийн “Дэлхий 2024 онд” тусгай дугаараас.
Онцгой эрхийг эзэмшигч “Mongolian Economy” сэтгүүл