Эдийн засгийн сэргэлтийн жил
“Шинэ сэргэлтийн бодлого”-оор эдийн засгийн эмзэг байдлыг бууруулж, төсвийг тогтворжуулах стратегийг Сангийн сайд Б.Жавхлан онцоллоо
Ковид-19 цар тахалтай залгаад геополитикийн хурцадмал нөхцөл байдлаас улбаалан сүүлийн 40 жил байгаагүй инфляцын дарамт, улс орнуудын мөнгөний эрс хатуу бодлого зэрэг дараалсан олон хүндрэл сорилтуудтай тулгарлаа. Үүнийг дагаад улс орнуудын төсөв,
мөнгөний бодлого, эдийн засгийн орчин хурдацтай хувьсан өөрчлөгдөж байна.
Гадаад хүчин зүйлийн нөлөөтэй хүндрэлийг хохирол багатай даван туулж, хямралаас зайлсхийх, макро эдийн засгийн эрсдэлүүдийг бууруулах арга хэмжээг дунд, урт хугацааны хөгжлийн бодлоготой хэрхэн уялдуулах вэ гэдгийг бодолцох хэрэгтэй болж байна.
Монгол Улсын хувьд 2020, 2021 онд Ковид-19 цар тахлаас иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахын сацуу орлого, амьжиргааг нь бууруулахгүй байхад чиглэсэн арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлж, амжилттай даван туулсан. ДЭМБ болон бусад мэргэжлийн
байгууллагууд манай улсыг дархлаажуулалтын ажлыг шуурхай зохион байгуулж 40 гаруй мянган хүний амь насыг болзошгүй эрдэлээс хамгаалсан төдийгүй Засгийн газраас хэрэгжүүлсэн иргэдийн орлогыг хамгаалахад чиглэсэн ажлууд нь бодит үр дүнгээ өгч, “бай”-гаа оносон шийдвэрүүд байсныг онцлон тэмдэглэсэн.
Үүнийг бид эдийн засаг, төсвийн бүхий л нөөц бололцоогоо ашиглан даван туулсныг мартах учиргүй.
Засгийн газраас экспортыг нэн яаралтай эрчимжүүлж, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх замаар эдийн засгаа тогтворжуулах
чиглэлд тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсний үр дүнд ДНБ-ий 12 хувьд хүрээд байсан төсвийн алдагдлыг хоёр жилийн дотор 2.1 хувь хүртэл бууруулсан. Үүний зэрэгцээ валютын албан нөөц 36 хувиар нэмэгдэж 3.4 тэрбум ам.долларт хүрээд байна.
Энэ оноос урд хөрш “Тэг ковид” стратегиа сулруулах алхмууд хийж эхэлсэн нь манай улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэхээр
байна. Гэхдээ хөгжингүй улс орнуудын мөнгөний эрс хатуу бодлогын нөлөөгөөр хөгжиж буй орнуудад санхүүжилтийн өртөг нэмэгдэх, валютын ханшийн тогтворгүй байдал 2023 онд ч үргэлжлэх төлөвтэй. Манай улс энэ сорилттой нүүр тулна. Тиймээс төсөв, санхүүгийн сахилга батыг чангатгаж, гадаад өрийн дарамтыг бууруулах зохицуулалтын стратеги баримталж байна.
Өнгөрсөн оны нэгдүгээр улиралд -3.9 хувьд хүрч унаад байсан эдийн засаг оны эцэст 4.5 хувь болж өссөн
Чингис бондын үлдэгдэл төлбөр 136 сая ам.долларыг төсвөөс бүрэн төлж барагдуулсан. Мөн 2023-2024 онд Гэрэгэ болон Хуралдай бондын нийт 1.1 тэрбум ам.долларын эргэн төлөлтийн тодорхой хэсгийг дахин санхүүжүүлэх зорилгоор “Сенчури 2” төслийн хүрээнд 650 сая ам.долларыг, таван жилийн хугацаатай, 8.65 хувийн хүүтэй Засгийн газрын гадаад үнэт цаас гарган өрийн зохицуулалтын арга хэмжээг 2023 оны нэгдүгээр сард амжилттай хэрэгжүүллээ.
Засгийн газар 2017 онд АНУ-ын бодлогын хүү нэг хувьтай байхад Хуралдай бондыг 8.75 хувийн хүүтэй, Гэрэгэ бондыг 5.62 хувийн хүүтэйгээр гаргаж байсан. Харин АНУ-ын бодлогын хүү 4.5 хувь болж өссөн энэ цаг үед “Сенчури 2” төслөөр дээрх бондуудтай ижил түвшинд дахин санхүүжилт хийж, хөрөнгө оруулагчдаас ес дахин их захиалга авч чадсан.
2023 оныг “Шинэ сэргэлтийн бодлого”-оор эдийн засгийн суурийг тэлэх, хөрөнгө оруулалт, бизнесийн орчин сайжрах, улмаар иргэдийн орлого бодитоор нэмэгдэх жил болно гэдэгт бүрэн итгэж байна.
Төсвийн зарлагын өсөлтийг зохистой хэмжээнд хязгаарлаж төрийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй байлгах нь бидний бас нэгэн томоохон зорилт юм. Төрийн хэмнэлтийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн нь үр дүнгээ өгч байна. Яамд, агентлагуудын үр ашиггүй
хэрэглээг хумьж, төсвийн хөрөнгө оруулалтад тавих хяналтыг чангатгасан нь 2023 оны төсөвт үүсэх нэг их наяд төгрөгийн нөлөөллийг бууруулж чадсан. Цаашид ч төсвийн сахилга хариуцлагыг чангатгах, үрэлгэн байдлын эсрэг соёл, чиг хандлагыг төлөвшүүлэх болно.
Мөн нийгмийн суурь үйлчилгээнд төсвөөс хуваарилах хөрөнгийн хүрэх үр дүн, гүйцэтгэлийг нь харгалзан санхүүжүүлж сургууль, эмнэлгүүдэд зарцуулалтын уян хатан эрх мэдлийг олгосон нь үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах эхлэлийг тавилаа. Цаашид төсвөөс санхүүждэг бусад салбаруудыг энэ зарчмаар үе шаттай хамруулах болно.
Дэлхий 2023 дугаараас