Энх цагийн эхлэл
“Бидний нөхөрлөл, түүхэн замналын хамгийн яруу тод, чухал үйл явдлын нэг нь Японы армийг Халхын голд хамтарч ялсан явдал юм”. Энэ бол Халхын голын түүхт ялалтын 80 жилийн ойн үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины онцолж хэлсэн үг юм. Тэрбээр 2019 онд манай улсад айлчилж, Халхын голын байлдааны ялалтын ойн арга хэмжээнд оролцсон нь хоёр улсын найрамдал, нөхөрлөлийн утга учир, үнэ цэнийг улам бататгасан билээ.
Хүн төрөлхтнийг үлэмж их аюул зовлонд унагасан Дэлхийн II дайн тэртээ 1939 онд Халхын голын тулаанаар эхэлсэн гэх үзэл, хандлага сүүлийн жилүүдэд бий болоод байна. Тухайн үед Герман, Итали, Япон гурван улс холбоотон болж, өнгөрсөн зууны 30-аад оноос дэлхийг хуваан эзлэх төлөвлөгөөгөө цухалзуулах болж, улмаар Монгол Улсын зүүн хил дээрх нөхцөл байдал түгшүүртэй болж эхэлсэн юм.
1935 онд зэвсэгт мөргөлдөөн байнга гарах болсны улмаас дараа жилийнх нь гуравдугаар сард ЗХУ, БНМАУ Харилцан туслалцах протоколд гарын үсэг зурав. Ингэснээр Монгол Улсын нутаг дэвсгэрт Улаан армийн ангиудыг байрлуулж эхэлжээ. Зарлаагүй дайны гал 1939 оны тавдугаар сарын 11-нд Японы цэргийн хүч Номон хан уулын чиглэлд довтолсноор эхэлсэн юм. Харин шийдвэрлэх тулалдаан 1939 оны долдугаар сарын 08-наас наймдугаар сарын 20-ны хооронд Баянцагаанд болсон байна. Улмаар 1939 оны есдүгээр сарын 15-нд Москва хотод Япон, ЗХУ ын хооронд хэлэлцээр хийж, маргааш өдрөөс нь дайны ажиллагаа бүрмөсөн зогссон түүхтэй.
Монгол Улс Халхын голын дайнаар тусгаар улс болох замаа сонгосон бол Чөлөөлөх дайнаар тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлж, баталгаажуулж чадсанаараа онцлог гэж түүхч, судлаачид үздэг
Халх голын дайн эхэлсэн шалтгааныг Манж Го улсын хилийг баруун тийш тэлж, Халх голоор тогтоох гэсэн санаархалтай холбон тайлбарладаг. Гэсэн ч өнөө хэр нь дайны шалтгаан маргаантай хэвээр. Үүний цаана улс төр, геополитикийн асар өргөн сэдэв хөндөх хэрэгтэй болдог. Дайнд БНМАУ, ЗХУ-ын 57 мянган цэрэг оролцсон бол Япон улс 75 мянган цэрэгтэй байсан гэх мэдээлэл бий. Түүнчлэн манай талаас 515, Японы талаас 700 орчим онгоц оролцсон учраас Халхын голын тулааныг дэлхийн түүхэнд дэх хамгийн том агаарын тулаан гэж цэргийн түүхч, судлаачид онцолдог.
Халхын голын ялалт нь цэрэг, улс төрийн чухал ач холбогдолтой байсныг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин хоёр жилийн өмнө манай улсад айлчлахдаа онцлон тэмдэглэсэн байдаг. Тэрбээр “1941 онд Япон улс Зөвлөлт Холбоот Улс руу довтлохоос татгалзсан гол шалтгааны нэг нь Халхын голын ялалт байсан бөгөөд Япон улсын Дэлхийн II дайнд оролцох явцыг удаашруулсан. Аугаа их Эх орны дайны жилүүдэд ч Монгол Улс тусламж үзүүлснийг Орос улс талархалтайгаар дурсан санадаг” хэмээсэн юм. Монголын ард түмний халуун сэтгэл, хандив тусламжийн илэрхийлэл “Хувьсгалт Монгол” танкын цуваа, “Монгол ард” сөнөөгч онгоцны эскадрил нь хоёр орны найрамдал, нөхөрлөлийг ихэд бэхжүүлсэн билээ.
1945 оны тавдугаар сарын 9-нд Герман улс бууж өгснөөр Дэлхийн II дайн дуусгавар болсон ч, дайны голомт дахин Ази тив рүү эргэв. Ийнхүү Чөлөөлөх дайн эхэлж, орос, монголын зоригт эрс дайны талбарт ахин нэгдэхээс аргагүйд хүрчээ. Монгол Улс Халхын голын дайнаар тусгаар улс болох замаа сонгосон бол Чөлөөлөх дайнаар тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлж, баталгаажуулж чадсанаараа онцлог гэж түүхч, судлаачид үздэг. 1945 оны Чөлөөлөх дайнд ЗХУ ын 1.6 сая, БНМАУ-ын 21 мянган цэрэг оролцсон гэсэн тоо баримт бий. Ийнхүү Халхын голын тулаанаар эхэлсэн дэлхийн их дайн Чөлөөлөх дайнаар дуусгавар болсон түүхтэй.
/Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулсан тусгай дугаараас. 2021 он/