Эрдэмтэн багш Ж.Лувсандоржийн мэндэлсний 85 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал болов
МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимээс эрдэмтэн багш Ж.Лувсандоржийн мэндэлсний 85 жилийн ойг тохиолдуулан эрдэм шинжилгээний хүндэтгэлийн бага хурлыг өнөөдөр зохион байгууллаа. Тус арга хэмжээ МУИС-ийн “Эрдмийн танхим”-д болсон бөгөөд Монгол, Чех, Хятад, Герман, Япон зэрэг таван орны эрдэмтэд оролцож, Ж.Лувсандорж багшийг “Сургалт заах аргын гарамгай төлөөлөгч, эрдмийг түгээгч багш” байсныг дурсаж, монгол хэл бичиг, монгол судлалын чиглэлийн эрдэм шинжилгээний бүтээлийн ололт амжилт, хувь нэмрийг үнэлэн хэлэлцсэн юм.
Жүгдэрийн Лувсандорж нь МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимд багш, тэнхимийн эрхлэгч, Бүгд Найрамдах Чех Улсын Карлын Их Сургуулийн Монгол-Төвөд судлалын тэнхимд зочин багш, профессороор олон жил үр бүтээлтэй ажиллаж байсан монгол судлалын нэрт эрдэмтэн билээ. Тэрбээр монгол хэл бичиг, хэл шинжлэл, монгол судлалыг хөгжүүлэх үйлсэд олон жил зүтгэж, Монголын нууц товчоон судлал, угсаа хэл шинжлэл, монгол хэлний авиа зүй, монгол бичиг, монгол хэлийг гадаад хүнд заах онол, арга зүйн чиглэлээр олон арван эрдэм шинжилгээний өгүүлэл, ном, сурах бичиг, нэг сэдэвт бүтээл бичиж, монгол, англи, чех, орос хэлээр хэвлүүлжээ.
Тус арга хэмжээний үеэр МУИС-ийн Хэл шинжлэлийн тэнхимээс Ж.Лувсандорж багшийн эрдэм шинжилгээний бүтээлийг эмхэтгэн МУИС-ийн “Профессорын эрдмийн өв” цувралаар хэвлүүлэн гаргасан ”Эрдэм Шинжилгээний өгүүллийн эмхэтгэл” хоёр боть номын нээлт болсон юм. Эрдэм шинжилгээний хуралд оролцсон шавь нар болон хамтран ажиллаж байсан төлөөллийн сэтгэгдлийг хүргэе.
Вероника: Монгол хэлний анхны багш минь байсан
Чех улсын Карлын их сургуулийн Монгол судлалын багш
-Ж.Лувсандорж багш монгол хэлний анхны багш минь байсан. Миний хувьд маш чухал ач холбогдолтой хүн. Монголчуудын соёл уламжлал, зан заншил зэрэг бүхий л зүйлийг ойлгуулахыг хичээдэг багш байлаа. Түүний судалгаанууд болон заах арга барилын талаар ярилцсан сайхан хурал болж байна. Багш маань Монголын нууц товчооны орчуулгуудыг харьцуулан судалж, алдаа мадагыг нь тодруулж засах гэж оролдож байлаа. Түүнчлэн маш олон эрдэм шинжилгээний судалгаа хийсэн хүн дээ.
С.Дулам: Ж.Лувсандорж багшийн зохиосон сурах бичиг гадаадад монгол хэл заахад маш чухал хэрэгсэл болдог
Доктор, профессор, Ардын багш
-Ж.Лувсандорж багш бол миний эрхэмлэн хүндэтгэдэг эрхэм багшийн нэг юм. Багш маань МУИС-ийн тэнхимийн эрхлэгч багшаар ажиллахдаа монгол хэлний зүй тогтлыг гярхай ажиглаж судалсан. Би багшаас байнга зөвлөгөө авч, судалгааны ажлаа үзүүлдэг байсан. Гадаадынханд монгол хэл заах арга зүйг зүй ёсоор эзэмшсэн хүн. Энэ хүний зохиосон монгол хэлний сурах бичиг бол гадаадад монгол хэл заахад маш чухал хэрэгсэл болдог юм. Дээр нь манай багш Монголын нууц товчоо судлалаар сонирхолтой сайхан зохиол бичсэн. Монгол хэлний язгуурыг маш сайн мэддэг учраас нууц товчооны хэцүү бэрх үгсийн тайлбарыг маш үндэслэлтэй гаргаж өгснөөрөө энэ ном сайн болсон. Шинэ дутам хөгжиж байгаа шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн дээ. Хэлсэн үг нь гүн үндэслэлтэй юм байна гэж бодоход хүргэдэг. Аливаа зүйлийг маш нухацтай, харамгүй тайлбарлаж өгдөг хүн байлаа.
Т.Эрдэнэ-Очир: Дэлхийн монгол судлалыг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан хүн
МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч доктор, профессор
-Ж.Лувсандорж багш МУИС-д гадаадын оюутнуудад зориулсан монгол хэлний тэнхимийг анх үүсгэн байгуулалцаж, тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан. Дэлхийн монгол судлалыг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн судлаач хүн. МУИС-аас түүний эрдэм шинжилгээний өгүүлэлийн эмхтгэлийг хоёр ботиор гаргаж нийтийн хүртээл болгож байна. Ж.Лувсандорж багшийн 85 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хүндэтгэлийн хурлыг зохион байгуулж, таван улсын төлөөлөл болсон арав гаруй илтгэл хэлэлцүүлж байна. Нэгэн цаг үед хамт ажиллаж байсан эрдэмтэн судлаачид, үе үеийн шавь нарынх нь төлөөлөл, монгол судлаачдын төлөөлөл хүрэлцэн ирсэн байна. Гэр бүлийнх нь зүгээс 30 орчим хүний дурсамжийг багтаасан номын эмхтгэлийг хэвлүүлэн гаргаж байна.