Эрх мэдлийн төлөөх тулаан

Mongolian Economy
2021-07-19 10:51:37
Ангилал: Дэлхий 2021

Цахилгаан машины тоо нэмэгдсэнээр зах зээлд ноёрхох өрсөлдөөн нэмэгдэнэ

Морин тэргээс дотоод шаталтын хөдөлгүүрт машин руу шилжсэнтэй адил шатахуунаар ажилладаг автомашиныг цахилгаан машинаар солих нь хүмүүсийн зорчих унааг орвонгоор нь өөрчилнө. Коронавирусийн улмаас бага оврын тээврийн хэрэгслийн борлуулалт 2020 онд дэлхий даяар буурч 70 сая болсон ч 2021 онд буцаад өснө. Ялангуяа зайгаар ажилладаг автомашины үйлдвэрлэл нэмэгдэх бөгөөд энэ тал дээр Хятад улс тэргүүлнэ. 

Эл шилжилт хүмүүсийн аялах хэв маягийг өөрчилнө. Цахилгаан хөдөлгүүр нь машины дотоод бүтцийг орвонгоор нь шинэчилж, дугуйн дээрх компьютер болгон хувиргана. Маш олон шинэ электрон систем ашиглаж эхлэх тул цахилгаан машинууд хоорондоо холбогдож, өгөгдөл үүсгэнэ. Улмаар бизнесийн шинэ боломж бий болж, тээврийн сүлжээ сайжирч, эцэстээ бүрэн автомат жолоодлоготой машин гарч ирнэ. Нэр хүндтэй машин үйлдвэрлэгчид, технологийн компаниуд болон Tesla-г дуурайсан компаниуд цахилгаан машины ирээдүйн төлөөх уралдаанд ялахын тулд бүх арга чаргаа ашиглана.

Өдгөө дэлхийн хамгийн үнэ цэнтэй машин үйлдвэрлэгч Tesla компанийн хувьцааны үнэ тэнгэрт тулснаар зах зээлд шинээр орж ирэгсэд болон хуучин компаниудад хоцорсноо нөхөх өдөөлтийг бий болгов. Tesla зай хураагуурын технологи болон программ хангамжаар толгой цохих боломжтой ч эл давуу талаа хадгалахын тулд “үйлдвэрлэлийн гацаа”-г давж гарснаа батлан харуулах ёстой. Tesla-ийн захирал Илон Маск жилд 20 сая машин үйлдвэрлэх мөрөөдөлтэй ч 2019 онд тэд 370 мянгыг үйлдвэрлээд буй. Үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх нь тэдний хамгийн том толгойны өвчин болоод байгаа юм. Техас муж, Берлин дэх шинэ гига үйлдвэрүүд нь Шанхайд баригдсан үйлдвэр шиг амархан баригдах аваас энэ нь Tesla хүссэнээрээ томорч чадахаа харуулсан хэрэг болно. 

Бөөнөөр үйлдвэрлэх тал дээр Tesla-д хийх ёстой олон зүйл бий. Харин томоохон машин үйлдвэрлэгчдэд программ хангамж бичих гэсэн нэг том асуудал бий.

Цахилгаан машинд зөвхөн зай, хөдөлгүүр байгаад өө сэвгүй давхих боломжгүй бөгөөд гадаад ертөнцтэй холбогдохын тулд нэгдсэн программ хангамжтай байх шаардлагатай юм. Интернэт ашиглан үйлдлийн системээ шинэчилж байдаг ухаалаг утасны арга барилаар Tesla машинуудынхаа программ хангамжийг тогтмол сайжруулж байдаг. Харин өчүүхэн ч өө сэвгүй энэхүү шийдлийг нь бүтээхийн тулд машин үйлдвэрлэгч бусад компани төрөл бүрийн нийлүүлэгчдийн бүтээсэн электрон системийг нэгтгэх гэж үйлээ үзэж байна. 

Механик инженерчлэлээс программ хангамжийн хөгжүүлэлт рүү шилжих болон эрэлт нь улам бүр нэмэгдэж буй тээврийн үйлчилгээг (унаа захиалах болон машинаа хувааж унах) үзүүлэх нь цор ганц бэрхшээл биш юм. Цахилгаан машин үйлдвэрлэгчид дотоод шаталтын хөдөлгүүрийн технологид оруулах хөрөнгө оруулалтаа аажмаар бууруулж, зай хураагуур болон программ хангамжаа сайжруулах үүднээс нэгдэн нийлэх хэрэгтэй. Шатахуунаар явдаг машиныг халах, зардлаа хуваах, шинээр сэтгэхийг хичээж буй гарааны бизнесүүдэд хийх хөрөнгө оруулалт нэмэгдэж, хамтарсан компаниуд олноор төрөн гарна. 

Тэгвэл Tesla шиг болохыг хүсэж буй Хятадын Li, Nio, WM Motor, Xpeng болон Fisker, Lucid, олны хэл аманд өртөөд амжсан Nikola зэрэг АНУ-ын компаниуд яах бол?

Сэтгэл хөдлөл ихтэй хөрөнгө оруулагчдын санхүүжилт ихэсч, нэр хүндтэй машин үйлдвэрлэгчид болон улам бүр дижитал болж буй тээврийн салбарт оролцох сонирхолтой технологийн аваргууд ч мөн хөдөлж эхлээд байна. Гэвч аль компани нь тэсч үлдэх бол? Даган дуурайгчид өөрсдийн технологи нь алсдаа давуу тал авчирна хэмээн хөрөнгө оруулагчдыг ятгаж чадах уу?

Автомашины сүр дуулиантай танилцуулга хийх нэг хэрэг, харин автомашиныг бөөнөөр үйлдвэрлэхэд бит, байт бүр нь биеийн хүчний хөдөлмөр, эрэг шураг шиг чухал гэдгийг ойлгож хэрэгжүүлэх нь өөр гэдгийг тус салбарын түүх харуулдаг. Борлуулалтын болон засвар үйлчилгээний сүлжээг босгох ч мөн амаргүй даваа. Tesla-ийн шинэ, хуучин бүх өрсөлдөгчөөс хэд нь тунаж үлдэх нь энэ жил илүү тодорхой болно. 

 

“Дэлхий 2021” сэтгүүлээс

Саймон Райт: аж үйлдвэр хариуцсан редактор, The Economist

 

  • Сэтгүүл захиалах холбоос https://rfr.bz/f288kpg
  • Редакциар буюу 94092904, 70115476 утсаар /Хүргэлт үнэгүй/,
  • “Mongolian Economy” сэтгүүлийн фэйсбүүк хуудсаар
  • Номын дэлгүүрүүдээр, booklo.mn цахим номын дэлгүүрээр

 

 

Mongolian Economy