Эрх мэдлээ эргүүлж авна

Mongolian Economy
2023-10-23 14:24:27
Ангилал: Дэлхий 2023 онд

Оросыг Украин ялах нь Америкт ашиг, зөрчил, шинэ аюулыг ч авчирна

Дайн бол дэлхийн түүхийн чухал мөчүүд гэж Уинстон Чөрчилль хэлсэн. Украин руу Орос довтолсон нь том гүрнүүдийн аюултай шинэ өрсөлдөөнийг дохиолов. Украинд туслахын тулд зэвсэг өгч, хориг тавьж, дипломат дарамт үзүүлэх зэргээр Жо Байден сайн ажиллав. Харин 2023 онд ойртон буй ялалтын адармаатай байдал болон аюултай тэрбээр зууралдана.

Дэлхийг тодорхойлох “шийдвэрлэх арван” гэж Жо Байдены нэрлэсэн энэ цаг үед түүний санааг зовоох олон сөргөлдөөн бий. Хэрэв Тайванийг Хятад эзэлбэл зүгээр суухгүй, Иран цөмийн зэвсэг бүтээхэд ойртоод буй ч ийм боломж олгохгүй гэж тэр амласан. Хойд Солонгос цөмийн зэвсэгтэй болчихсон, үүнийг тээвэрлэх пуужингийн туршилтаа эрчимжүүлсэн тул Америк, БНСУ цэргийн сургуулилтаа нэмэхээс өөр аргагүй болсон нь санамсаргүй дайн үүсэх эрсдэлийг нэмэв. Энэ бол Байдены хүсэж байсан дэлхий биш. Тэрбээр Америкийн эдийн засагт хөрөнгө оруулж, Ирантай цөмийн хэлэлцээр байгуулж, Ойрхи Дорнодын дайнаас зайгаа барьж, Оростой харилцаагаа тэнцвэржүүлж, Азид талтай хандах хүсэлтэйгээр тангараг өргөсөн. Гэтэл В.Путин Америкийг Европ руу хандахаас өөр аргагүй болгов.

Дэлхийд ноёрхогч Америк гүрэнд олон улсын ашиг сонирхол байгааг Байден дахин сануулав. Дэлхийн нэг хэсэгт үүссэн үймээн Америкийг ямар нэг талаар сулруулдаг тухай аравдугаар сард хэвлэгдсэн түүний үндэсний аюулгүй байдлын стратегид дурдсан. Тиймээс Украинд ялалт байгуулвал Оросын нөлөө буурч, НАТО хүчирхэгжиж, Европ илүү уян хатан болж, Америкийн сүр хүч нотлогдож, бусад улсын автократууд сэрэмжилнэ гэж тэрбээр найдаж байна.

Гэвч эхлээд Украин ялах ёстой. Эх орон, олон улсад Байден асуудлыг шийдэх ёстой. Европыг энэ өвөл эрчим хүчний асуудал зовооно. Америкт бүгд найрамдахчууд Төлөөлөгчдийн танхимыг хянадаг. Америк-нэгдүгээрт гэж үзэгсэд Украинд таагүй хандвал Ерөнхийлөгч тус улс руу цэрэг, эдийн засгийн тусламж явуулах боломжгүй болж мэднэ. 2023 онд Украин дайралтаа эрчимжүүлнэ гэж үзвэл айсуй ялалт нь цөмийн зэвсэг ашиглах зэрэг шинэ асуудлыг дагуулна. Украины ялах боломж ихсэх тусам цөмийн зэвсгийн эрсдэл нэмэгдэнэ. Путиныг чухам юу эцсийн алхам хийхэд хүргэх вэ? Хэн ч мэдэхгүй.

Дайн хэзээ, ямар нөхцөлөөр зогсох тухай талаар Украины гол дэмжигч Жо Байденд хэлэх зүйл бий

Хэрэв Путин байр сууриа дипломат тохиролцоогоор бэхжүүлэхийг хүсвэл Украин юуг ч сул өгөхийг хүсэхгүй. 1991 онд тохирсон хил хүртэл ухрах, нөхөн төлбөр, дайны гэмт хэрэгтнүүдийг шийтгэхийг Украин хүснэ. Европын зарим холбоотнууд ийм хэтийдсэн шаардлага тавих вий хэмээн болгоомжилж байна. Байден байр сууриа илэрхийлээгүй ч Украины гол дэмжигч тул дайн хэзээ, ямар нөхцөлөөр дуусах тал дээр хэлэх зүйл бий.

Ямар ч тохиролцоонд хүрсэн үүрдийн энх тайван бус түр зуурын гал зогсоолт л байх болов уу. Украины хүсэлтийг хүлээж авах эсэхээ NАТО шийдвэрлэх ёстой. Украинчуудын эр зориг Баруунтай нэгдэх хүсэлтийг нь хүлээж авахаас аргагүйд хүргэв. Гэхдээ тус улс NАТО-д элсэх юм бол Америкийн цөмийн зэвсгийн шүхэр Украиныг ч хамарна гэсэн үг. Ингэвэл энх тайвныг авчрах уу, эсвэл ОХУ-тай шууд сөргөлдөх эрсдэл дагуулах уу?

Байдены баг ОХУ-ыг “хойшлуулшгүй, байнгын аюул” учруулна гэж үздэг. Гэхдээ хамгийн том сорилт бол дэлхийг өөрчлөх хүсэл, хүч чадалтай цор ганц улс БНХАУ юм. Хятадын эсрэг “чипний дайн”-аа Байден эрчимжүүлсэн. Хятад цэрэг, армиа хурдтай томруулж байгаа тул ирэх жилүүдэд Тайвань руу дайрч магадгүй гэсэн айдсыг төрүүлж байна. Хүчирхэг холбоотнуудынхаа ачаар ОХУ, БНХАУ-ыг сөрж чадна гэж Байден үздэг. Батлан хамгаалахын үүднээс авч үзвэл Европын холбоотнуудаа хамгаалах нь армийн үүрэг хариуцлага бол Азийн холбоотнуудаа дэмжихэд агаар, далайн хүчирхэг арми хэрэгтэй. Гэхдээ Америкийнх шиг аварга том батлан хамгаалахын төсөвт ч хязгаар бий.

Украины дайн нааштай болбол Америкийн геополитикийн төвөгтэй байдал зөөлөрнө. Оросыг хүнд цохилтод оруулахгүй ч ядахнаа чимхээд авах юм бол Тайваньтай байлдах нь утга учиртай эрсдэл биш гэдгийг Хятад ойлгож мэднэ.

АНТОН ЛА ГУАРДИА Дипломат харилцааны редактор, The Economist, ВАШИНГТОН

Дэлхий 2023 дугаараас

Mongolian Economy