Эрчим хүчний баатрууддаа баярлалаа

Sarangerel
2023-11-06 13:27:32

“Айл бүрийн тооноор цахилгаан гэрэл түгээх” – энэ бол монтёр хүний цээжиндээ тээдэг бахархал. Эрчим хүчний салбарын 16 мянга гаруй ажилтан бүгд Монголын харанхуйг гэрэлтүүлж, эх орныхоо хөгжилд гэгээ нэмэхээр ажиллаж буй “монтёрууд”. Тэдэнд унтах, ядрах, янгуучлах эрх үгүй. Зүрхэнд нь бадамласан итгэл, найдвар, бахархлынхаа төлөө тэд өнөөдрийг хүртэл зүтгэсээр, үнэнчээр ажилласаар. Туйлдаа хүртэл ядарсан эрчим хүчний салбар өнөөдөр тэдний нуруун дээр л оршин тогтнож байна. 

Тог, цахилгаангүй бол орчин үеийн амьдралыг төсөөлөөд ч хэрэггүй. Гэтэл энэ чухал салбараа төр засаг нь ч, ард иргэд нь ч тоохгүй явсаар. Харин улс орноо, ард иргэдээ цахилгаан, дулаанаар найдвартай хангахын төлөө эрчим хүчний салбарын олон мянган ажилтан өдөр шөнөгүй зүтгэсээр. Он цаг улирсаар. 

Эрчим хүчний салбар үүсэн байгуулагдсаны 101 жилийн ойтойгоо золгож, өнөө жил тун даруухан тэмдэглэн өнгөрүүлсэн. Уг нь улс орны гал голомтыг бадраахын төлөө бүхий л хүчээ зориулж яваа 16 мянга гаруй ажилтныхаа сэтгэлийг нь баярлуулж, бахархлыг нь огшоотол тэмдэглэх ёстой байлаа. Хэмнэлтийн гэх хуулийн нэр дор төрийн өмчийн 20 орчим эрчим хүчний үйлдвэр, компаниуд ажилтнуудынхаа төлөө мөнгө гаргах эрхгүйд хүрэв. Харин үл тоогддог, хавчигддаг, эрчим хүчний салбарт бас л тэсвэр тэвчээрийн дээдийг үзэж яваа хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын хандив, тусламжаар Төрийн ордонд салбарын ойн баярын хурлыг  хийв. 

Үнэ цэн бүхий ажилтнуудаа олноор алдсаар байгаа нь эрчим хүчний салбарын маш том аюул. Мөнгө төгрөг нь байвал тоног төхөөрөмж худалдан авч, шинээр сольж болох. Харин инженер техникийн ажилтнуудыг юугаар ч сольшгүй юм. 

Энэхүү нийтлэлээрээ эрчим хүчний салбарын 100 жил бус, зах зээлийн системд шилжсэн өнгөрсөн 30 жилийн ажилтнуудын хөдөлмөр, инженер техникийн мэргэжлийн хүмүүсийн гавьяаг онцолж байна. Тэдний сэтгэл, зүтгэл, чадвар, туршлагын хүчээр энэ салбар 30 жилийн туршид хэрэглэгчдээ найдвартай эрчим хүчээр тасралтгүй хангах үүргээ бахархалтай биелүүлж ирлээ. Одоо тэдний тэвчээрийн тог тасарчээ.

Эрчим хүчний салбар шинэ зуунд шинэ бодлого, шинэ эрч хүч, шинэ системээр мэндлэх цаг нэгэнт болжээ. Учир юу вэ гэвэл 60 гаруй насыг зооглосон дулааны цахилгаан станцуудын тоног төхөөрөмжийн ашиглах хугацаа дууссан, хуучирсан, хоцрогдсон. Хэзээ л бол хэзээ нам зогсоход бэлэн техник технологиуд,  хэзээ л бол хэзээ тасрахад хүрсэн өндөр настай цахилгаан шугам сүлжээний утаснууд. Энэ салбарыг ингэж доройтоход хүргэсэн гол буруутан бол төр, засаг. Олон жил хаягдсаар, хөгжлийн гадна үлдсээр, үнэхээр бадар барихад хүрчээ, энэ салбар. Аливаа улсын эдийн засгийн гол хөшүүргийн нэг байх ёстой салбар өнөөдөр төсвөөс нулимсан жаахан мөнгөөр амь зогоож сууна. Салбарын ажилтнуудын туйлын хүсэл үнэ тарифаа зах зээлийн зарчмаар тогтоолгуулж, засаглалаа сайжруулж, хувийн хэвшлийн хүчтэй оролцоог бий болгож, зах зээлийн зарчмаар ажиллаж, цалин хөлсөө нэмэгдүүлж, нийгмийн асуудлаа сайжруулж, итгэл найдвараа эргэн сэргээх юм.

Эрчим хүчнийнхэн дээрх асуудлуудаас илүү бүр том асуудалтай өнөөдөр нүүр тулж иржээ. Энэ бол эрчим хүчний салбарын мэргэшсэн ажиллах хүчин зуу зуугаараа ажлаа орхин гарч буй явдал юм. Ингэснээр тус салбар хүний нөөцийн хомсдолд ороход ойрхон болжээ. Энэ бол хуучирсан, өндөр настай тоног төхөөрөмжүүдээс ч илүү том аюул заналхийлж буй гэдгийг ойлгох ёстой. Олон жилийн сургалт, хөдөлмөр, хичээл зүтгэлээр нарийн мэргэжлийн ажилтнуудыг сурган дадлагажуулж, мэргэшүүлдэг тогтолцоо тус салбарт үйлчилдэг. Ийм үнэ цэн бүхий ажилтнуудаа олноор алдсаар байгаа нь эрчим хүчний салбарын маш том аюул гэдгийг дахин онцольё. Мөнгө төгрөг нь байвал тоног төхөөрөмж худалдан авч, шинээр сольж болох. Харин инженер техникийн ажилтнуудыг юугаар ч сольшгүй юм. Тэд бол эрчим хүчний салбарын зүрхүүд, гол баатрууд.

Эрчим хүчний салбарынхан ярьж байна

Өнгөрсөн есдүгээр сард Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос “Тэвчээрийн тог тасарлаа” хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Энэ үеэр холбогдох байгууллагын удирдлага, ажилтнуудын хэлсэн үгийг хүргэж байна. Эрчим хүчний салбарын ажиллагсдын нийгмийн асуудал ч орхигдсоныг хэлэлцүүлгийн үеэр ажилтнууд онцолж байв. Тухайлбал, 2019 онд 5.7 тэрбум төгрөгөөр 333 ажилтны нийгмийн асуудлыг шийдэж орон сууцанд хамруулж байсан бол цар тахлаас хойш 59 хүнийг л орон сууцтай болгожээ. Бага цалинтай ч нийгмийн асуудлаа шийдүүлнэ гэсэн хүлээлттэй байсан хүмүүс тэсэхээ больж ажлаасаа гарч эхэлсэн байна. 

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Долгор: Манай салбарт мэргэжилдээ хайртай, салбартаа ажиллах сонирхолтой цөөн хүн л үлдэж байна. 2021 онд ажиллагсдын 10, 2022 онд 18, 2023 оны эхний хагас жилийн байдлаар 16 хувь нь ажлаасаа гарсан. Үүнээс үүдэж хүний нөөцийн дутагдал үүссэн. Эрчим хүч бол нарийн мэргэжлийн хүмүүс ажилладаг салбар. Гэтэл бид инженер, техникийн нарийн мэргэжлийн хүмүүсээ өндөр цалинтай бусад салбарт алдсаар байна. Наад зах нь станцууд, шугам сүлжээнд гэмтэл саатал гарахад цаг алдалгүй засварлах хүн хүчгүй болно. Цаашлаад аваар, саатал гарах эрсдэл улам нэмэгдэнэ. 

“Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн ахлах мэргэжилтэн А.Эрдэнэчимэг: Өнгөрсөн өвөл эрчим хүчний үндсэн тоноглол 461 удаа зогссон. Эдгээр зогсолтын цаана гэмтлүүд байдаг. Хэт хуучин тоноглолын улмаас ажилчдын ачаалал улам нэмэгдэх болсон. Гэмтлийг засварлахаар манай хүмүүс өдөр шөнөгүй ажилладаг. Гэтэл хэмнэлтийн хуулиас шалтгаалж илүү цагийг нь бодохгүй, цалин хөлсийг нь нэмэхгүй байна.

Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн ҮЭХ-ны дарга Г.Дашдаржаа: Манай байгууллага нийслэлийн хэмжээнд ганцхан эксковаторчинтай ажиллаж байна. Эксковаторчин, цахилгаанчин, слесарь зэрэг мэргэжлийн хүмүүсийг ажилд авах гэхээр хүн ирэхгүй байна. 

 

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн монтёр Г.Чинзориг: Арван жилийн өмнө авч байсан 700 мянган төгрөгийн цалин тэр үедээ 500 ам.доллар байсан. Хэдий цалин нэмэгдсэн ч өнөөгийн нийгэмд 1.7 сая төгрөгийн цалин 500 ам.доллар хэвээрээ л байна. Хүнс бараа, байр орон сууцны үнэ хэд дахин өссөн, банк санхүүгийн хүүлэлт бидний амьдралыг улам дордуулсаар байна.

ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Д.Үлэмж: Манай эрчим хүчний салбараас хамгийн түрүүнд чадвартай инженерүүд нь Оюу толгой руу орсон. Зарим нь Өмнөд Солонгос, Австрали, Япон руу явцгаасан. Ингэснээр эрчим хүчний салбар хүний нөөцийн маш том дутагдалд орсон. Сүүлийн үед Япон руу бакалавр төгссөн хүүхдүүд магистрт сурахаар яваад хажуугаар нь үйлдвэрт ажиллаж байна. Солонгос руу маш их хүн явж байгаа. Австрали рүү түгээх компанийн монтёрууд их явж байна. Манай багш, ажилчид ажлаасаа гарсаар байна. 

“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Ерөнхий инженер Б.Эрхэмзаяа: Залуучууд олноороо ажлаас гарч байна. Салбарын цалингийн доод хэмжээ 880 мянган төгрөг. Үүнээсээ нийгмийн даатгалаа хасуулна. Гэр бүлгүй хүн хүртэл амьдрахад бэрх болоод байна. Бага цалингаар их ажлыг өдөр шөнөгүй хийж байна шүү дээ. Аваар гарлаа гэхэд унтах эрх бидэнд байхгүй. Улсын компанид ажиллаж, их зүйл сурсан ажилчдыг уурхайнууд мөнгөөр цохиод авчихдаг. Жаахан ч гэсэн тогтоож аргамжих арга бол цалин. Бид айл бүрийн цахилгааныг асааж өгдгөөрөө бахархдаг. Тиймээс ажилдаа үнэнч байх, энэ ажлыг таслахгүй, буруу ажилуулахгүй, алдаа дутагдал гаргахгүйн тулд бид 24 цагийн турш ажилладаг.

Эрчим хүчний салбарын ахмад ажилтан Ц.Уламбаяр: Эрчим хүчний салбар маш өндөр мэргэжил, мэдлэг шаардахаас гадна ажлын нөхцөл хүнд. Залуучуудыг тогтвор суурьшилтай ажиллуулахын тулд ажлын нөхцөлийг сайжруулж, цалинг нь нэмэх хэрэгтэй. Эрчим хүчний том техник, тоног төхөөрөмжийг дээд зэргийн гагнуурчууд гагнана. Хэрэв чадахгүй бол зуух зогсоно, тэсэрч дэлбэрэхээс эхлээд улс орон маш их хохирол хүлээнэ. Өндөр хүчдэлийн шугамыг найдвартай хийхгүй бол бас л нэг хэсэгтээ улс оронд хохирол учирна. Манай гагнуурчид Өмнөд Солонгос руу олноор явж байгаа. Тэнд очсон өндөр зэрэглэлийн гагнуурчин хэд дахин илүү цалин авах нь мэдээж. Мөн эрчим хүчийг залуу үедээ сурталчлах хэрэгтэй. “Ахмадууд шигээ яаж мундаг мэргэжил, мэдлэгтэй болох вэ” гэж манай залуучууд их асуудаг. “Та нар мэргэжилдээ үнэнчээр зүтгээд байвал нэг мэдэхэд бидэн шиг болно шүү дээ” гэдэг. 

Эрчим хүчний салбарын алдагдлыг ажилтан үүрэх ёсгүй

Тэд ийнхүү салбартаа, ажилтнуудынхаа нийгмийн асуудалд санаа зовниж, үгээ хэлж байна. Эрчим хүчний салбар бол ахмад, дунд, залуу үеийн холбоос дээр оршин тогтнодог онцлогтой салбар. Ахмад үе нь дунд үеэ боловсруулах, бүх туршлага мэдлэгээ өвлүүлж үлдээхэд анхаарал тавьдаг. Дунд үе нь залуу үеэ хамгаалах, ажил мэргэжилдээ дуртай болгох, бахархах сэтгэлийг нь төрүүлдэг бол залуу үе нь ажил мэргэжилдээ дуртай, салбараараа бахархах сэтгэлтэй болж төлөвшиж хөгждөг. 

Тэдний нүдэнд бахархлын гал асах бус гуниг гутралын дөл харагдаж байна.

Эрчим хүчний салбарын хүн бүрийн сэтгэл зүрхэнд нэг эмзэглэл өнөөдөр байна. Тэд салбарынхаа бэрхшээл, асуудлын талаар ярихдаа нүдэнд нь нулимс цийлэгнэж байхыг сэтгүүлч би анзаарсан. Тэд ажил мэргэжлээрээ бахархдаг, хамт олондоо хайртай учраас өнөөдрийг хүртэл ажилласаар байна. Тэдэнд асуудлыг зоригтой хэлж ярих эрх чөлөө, зах зээлийн зарчмаар ажиллах эрх зүйн орчин, орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхах боломж тэр бүр алга. Наашаа харж инээж, цаашаа харж уйлангаа ажлаа хийдэг болжээ. Эрчим хүчний үнэ тарифыг хүчээр барьж ирсэн төрийн бодлого, амин хувиа хичээсэн улстөрчдийн увайгүй шунал, эрчим хүчний салбарыг мөхөөж, ажилтнуудын тэвчээрийн тогийг ийн тасалж эхэллээ. Тэдний нүдэнд  бахархлын гал асах бус гуниг гутралын дөл харагдаж байна. Эрчим хүчний салбарын өнөөдрийн жаахан ч болов гэрэл гэгээ бол ажилчдынх нь гавъяа. Харин үе үеийн төр засгийн эрх баригч намууд, Засгийн газар, Ерөнхий сайдуудад энэ салбарыг туйлдуулсан гавъяа л оногдоно. 

Улс орноо, ард иргэдээ хүнд хэцүү нөхцөлд цахилгаан, дулаанаар тасралтгүй хангаж, гэрэл гэгээтэй амьдрал бэлэглэхийн төлөө зүтгэж ирсэн эрчим хүчний салбарын ахмад, дунд, залуу үеийн 16 мянга гаруй ажилтан, баатрууддаа “Mongolian Economy” сэтгүүл баярлаж талархсанаа илэрхийлье. Төрийн хуудуутай бодлого, улс төрийн тоглоомноос үүдэлтэй эрчим хүчний салбарын алдагдал, зовлонг ажилтан үүрэх ёсгүй.