Сэтгүүлч миний бие эрчим хүчний салбарын чиглэлээр дагнан бичээд 22 жил болж байна. Хоёр арваны өмнө энэ салбарт тулгамдаж байсан асуудлууд өнөөдөр яг хэвээрээ.

Эрчим хүчний салбарт өр, авлагын сүлжээ үүслээ, тоног төхөөрөмжүүдийн насжилтын хугацаа дууслаа, үнэ тарифыг төрөөс барих асуудлыг шийдэхгүй бол салбар дампуурахад ойрхон байна, шинэчлэл хийх шаардлагатай гэж олонтоо бичиж байсан. Салбарын мэргэжилтнүүд ч тоть шиг ярьж, хэлж, анхааруулсаар ирсэн. Монгол Улсад том чадлын усан цахилгаан станц зайлшгүй хэрэгтэй, Эгийн голын УЦС бол эрчим хүчний салбарынхны мөрөөдөл гэж сэтгүүлч би 22 жил бичиж, эрчим хүчний салбарын мэргэжилтнүүд нь 30 жил ярьжээ.

Эрчим хүчний дараагийн том эх үүсвэрийг барих шаардлагатай гэж улсаараа 30 жил ярьж байна. Дулааны тавдугаар цахилгаан станцын тухай хэчнээн жил ярьсныг тоогоо алджээ. Мөн Шивээ-Овоогийн нүүрсний уурхайг түшиглэсэн том чадлын станц бариад дотоодоо эрчим хүчээр 100 хувь хангах төдийгүй урд хөрш рүү импортолсноор маш их мөнгөтэй болж бүгдээрээ баяжна гэж ярьж байсныг уншигч та санаж буй биз ээ.

Гэвч эдгээр чухал төслүүдийг хэрэгжүүлэх нэгжийг байгуулаад, хэдэн жилийн дараа татан буулгадаг, дахиад байгуулдаг чөтгөрийн тойрог үүсжээ. Тухайлбал, Эгийн голын УЦС-ын төслийн нэгжийг хэдэнтээ байгуулж, татан буулгасан. Хөгжлийн банкны асуудал дэгдсэн энэ үед тус банкны захирлууд “Эрчим хүчний том төслүүд хэрэгжүүлэх төслийн нэгжүүдэд ихээхэн мөнгө зориулсан байна” гэж ярьсныг санах хэрэгтэй.

Ийн эрчим хүчний салбарыг хөгжүүлэх тухай, том төслүүдийг хэрэгжүүлэх тухай ярьсны 20, 30 жилийн ой болж байна. Олон жил ярьсны ойн мэндийг үе үеийн улстөрчдөд хүргэе! Төр барьж байсан МАН, АН-ын удирдлагад ч хүргэе!

Монгол Улс зах зээлийн системд шилжээд 30 жил болжээ. Харин эрчим хүчний салбар зах зээлийн системд шилжиж, цахилгаан станц, үйлдвэрүүд нь компанийн хэлбэрээр ажиллаж эхлээд 20 жил боллоо. Энэ хугацаанд хамгийн хөгжөөгүй, социализмын арга барилаараа, тоног төхөөрөмжүүдийнх нь хугацаа дууссан, үнэ тарифыг нь төрөөс барьдаг салбар нь эрчим хүч болоод байна.

Өөрөөр хэлбэл, төр засаг энэ салбарыг хөгжүүлэх бус улам уналтад оруулсаар одоо улаан гэрэл асах дээр нь тулгажээ. Салбарын хөгжлийг боомилогч, чөдөрлөгчид бол үе үеийн нам, улс төрийн хүчин, улстөрчид юм.

Уг нь эрчим хүч бол хөгжлийн суурь салбар. Эрчим хүчийг эхэлж хөгжүүлээд араас нь бусад салбарын хөгжлийн тухай ярих ёстой гэсэн үг. Харин манай улс хамгийн сүүлд тус салбарыг хөгжүүлэх тухай ярьж байгаад хамаг учир байгаа юм. Тиймээс Монгол Улс хурдацтай хөгжиж чадахгүй байгаа хэрэг. Тухайлбал, бид өнөөдөр олон том хөгжлийн төсөл ярьж, нийслэл, хот хүрээгээ тэлэх бодлогууд гаргаад байгаа ч эрчим хүчний эх үүсвэрийн дутагдалд орчихоод байна.

Эрчим хүчний салбар яагаад хөгжлийн ийм доройтолд оров, яагаад дампуурах дээрээ тулав гэсэн асуултад маш энгийнээр хариулья. Төр засаг эрчим хүчний үнэ, тарифыг хүчээр барьж ирсэн нь салбарыг доройтолд хүргэсэн. Зах зээлийнхээ зарчмаар цахилгаан, дулааны үнэ өсч, зардлаа хааж, ашигтай ажиллах ёстой үйлдвэрүүд өнөөдөр амь аргацаасан байдлаар ажиллаж ирэв.

Эрчим хүчний үнэ тарифын асуудлыг хянаж баталдаг Эрчим хүчний зохицуулах хороо (ЭХЗХ) 21 жилийн өмнө байгуулагдсан. Тус газар эрчим хүч үйлдвэрлэгчдийн эрх ашгийг, нөгөө талаас хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалж ажиллах үүрэгтэй. Хуулиндаа бол улс төрөөс хараат бусаар үнэ тариф баталж, зохицуулж ажиллахаар заасан. Гэхдээ өнгөрсөн хугацаанд улс төрөөс хараат бус шийдвэрийг гаргаж ирж чадсан уу. Уг нь ЭХЗХ салбарынхаа бодит байдлыг, үйлдвэрүүдийн өнөөгийн нөхцөлийг хамгийн сайн мэдэж буй бөгөөд үнэ тарифыг зах зээлийн голдирлын дагуу явуулах тооцоог хийдэг. Гэхдээ эцсийн шийдвэрийг төр барьж байгаа нам, улс төрийн хүчний нөлөөлөлтэй гаргадаг.

Тэд дараагийн сонгуулиар иргэдээс оноо авах ганц зорилгоор “Манай намын үед эрчим хүчний үнийг өндөр нэмж болохгүй” гэсэн дарамтыг ЭХЗХ-нд тулгадаг нь гашуун үнэн билээ.

Ингээд эрчим хүчний зохицуулагчид дээрээс өгсөн нам, засгийн үүрэг даалгаврыг биелүүлэхээс аргагүйд хүрч, 10 хувиар нэмэх зайлшгүй шаардлагатай шийдвэрээ бууруулж, гурван хувь болгох зэргээр явж ирсэн. Нөгөө талдаа эрчим хүчний үнийн нэмэлт ард иргэдийн нуруун дээр хэр их ачаалал өгөхийг тооцох ёстой. Аль аль талын тэнцвэр балансыг барьсан шийдвэрүүд гаргах ёстой атал хэт нэг талыг барьж, нөгөөг нь алдагдалтай ажиллахад хүргэж буйг улс төрийн нөлөөлөлтэй шийдвэр гэхээс өөр юу гэлтэй билээ.

2001-2021 онд цахилгааны үнийг есөн удаагийн шийдвэрээр 3,6 дахин нэмэгдүүлсэн тоо байна. Тухайн цаг хугацаанд нь зохих үнийн өсөлтийг хийж ирээгүйн улмаас өнөөдөр тус салбарт улаан гэрэл асах дээрээ хүрчихсэн явж байгаа юм. Яг үнэндээ улаан гэрэл олон жилийн өмнө ассан. Ийм байдалд хүргэсэн шалтгаан тун энгийн.

Төрөөс улаан гэрлийг хүчээр унтраагаад өөрөөр хэлбэл, зах зээлийн зарчмаараа нэмэгдэх ёстой үнийг нэмүүлэхгүй, үүнээс шалтгаалж үйлдвэрүүдэд шаардагдах хөрөнгийг улсын төсвөөс татаасаар өгч хаасаар ирсэн байдал 20 жил үргэлжилж байна.

Монгол Улсын төр засаг эрчим хүчний үйлдвэрүүдэд өнгөрсөн 20 жилд 297 тэрбум төгрөгийг татаасаар өгчээ. Өнөөдрийн байдлаар баруун бүс, дулааны цахилгаан станцтай аймгууд татаасаар амьдарч байна. Энэ байдал дахин 20 жил үргэлжлэх үү, эсвэл яг одоо таслан зогсоох уу гэдэг асуудлыг өнөөдөр ярих хэрэгтэй болжээ.

Эрчим хүчний яамны харьяа төрийн өмчийн 30 орчим үйлдвэр бий. Тиймээс л улс төрийн нөлөө тус салбарт их орох болсон. Хаана төрийн өмч байна, тэнд улс төрийн нөлөө маш их байдгийг бид мэднэ. Эрчим хүч нь улсын онцгой обьект, улс төрийн нөлөөнөөс ангид оршин тогтнож ажиллах ёстой салбар. Гэтэл улстөрийн шахааны салбар болж хувиран, үйлдвэр компаниудын удирдлага захирлууд нь нуруугаа авахуулсан морь шиг болсон.

Үнэ тарифыг нь барьчихаад ашигтай ажилла гэнэ, бараа бүтээгдэхүүн шахна, хамаатан садан, найз нөхдөө ажилд ав гэж дарамтална. Ямар нэг байдлаар асуудлыг шийдэхгүй бол ажлаас чинь хална, өмчийн эзэн хэн бэ гэдгийг санаарай гэж сүрдүүлнэ.

Эрчим хүчний үйлдвэрүүдийн хувьд тэвчиж болох бүх дотоод зардлаа хэмнэж, ялангуяа сүүлийн гурван жилд бүсээ чангалж ажилласнаар жилд дунджаар 62 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан гэдгийг ЭХЗХ-ны зохицуулагч Э.Түвшинчулуун хэлсэн. Алдагдалтай үнэ тарифаар ажиллаж буй нөхцөлд компаниуд шинэчлэл өөрчлөлтийн тухай бодох ямар ч сөхөөгүй байдаг талаар эрчим хүчний үйлдвэрүүдийн удирдлагууд ярьдаг. Энэ байдал үргэлжилсээр байх уу.

Эрчим хүчний салбарт шинэ сэргэлтийн бодлого хэрэгжих үү

Өнөөдөр нэг кВт.ц цахилгааны бодит өртөг 224.14 төгрөг боловч 175 төгрөгөөр зардаг гэсэн баримтыг ЭХЗХ хэлж байна. Тэгвэл хувийн хэвшлийнхэн нэгж бүтээгдэхүүнээ 224 төгрөгийн зардал гаргаж үйлдвэрлэчихээд 175 төгрөгөөр зарах уу.

Монголын эдийн засгийн чуулганы Эрчим хүчний шинэ сэргэлтийн бодлого урьдчилсан хэлэлцүүлгээр ЭХЗХ-ноос эрчим хүчний тарифыг 28 хувиар өсгөсөн тохиолдолд дээрх үнийг зөрүүг арилгаж, үйлдвэрүүд зардлаа нөхөж алдагдалгүй ажиллах боломжтой болно гэсэн тооцоог хийснээ танилцуулав. Бодит өртгийг тооцоолсон энэ үнэд зөвхөн цахилгаанаас гадна нүүрсний уурхай, төмөр замын нүүрс тээвэрлэлтийн бодит өртгүүд шингэжээ. Өөрөөр хэлбэл, цахилгаан станц, нүүрсний уурхай, төмөр зам (нүүрс тээвэрлэлт) алдагдалгүй ажиллах боломж бүрдэнэ гэж үзэж буй аж.

Хэрвээ үнэ тарифыг өсгөхгүй бол ирэх өвөл цахилгааны хязгаарлалт хийхэд хүрнэ гэж Эрчим хүчний сайд Н.Тавинбэх анхааруулсан. Эрчим хүчнийхний хувьд бүх боломж, хэмнэлтээ ашиглаад улс орон, ард иргэдийг цахилгаанаар тасалдуулахгүй байхын төлөө 30 жил ажиллаж ирсэн ч өдгөө байдал хүндэрч, хяналтаас гарахад хүрээд буй учраас үнэ тарифын асуудлыг хөндөн тавьж байна гэдгээ Монголын эдийн засгийн чуулганы үеэр хэлсэн. Өнөөгийн засаг төр эрчим хүчний тухай ярьдаг, асуудлыг сонсдог тухайлбал, Эдийн засгийн чуулганы эхний хэлэлцүүлгийг Эрчим хүчний салбарын шинэ сэргэлтийн бодлого сэдвээр явуулж буйд талархаж буйгаа тэд илэрхийлэхийн зэрэгцээ үнэ тарифыг нэмж, салбарыг зах зээлийнх нь зарчмаар явуулж, үйлдвэрүүдийг санхүүгийн хувьд хөл дээр нь зогсоож, шинэчлэл хийж, салбарын олон төслийг цаасан дээр бус бодит амьдралд хэрэгжүүлж, салбарт сэргэлтийн жинхэнэ бодлого хэрэгжүүлэх талаар горьдлого тээсэн үгсийг өнөөгийн засагт хаяглан хэлж байсан.

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд эрчим хүчний салбарт 22 төсөл хэрэгжүүлэхээр болсноо Н.Тавинбэх сайд танилцуулсан. Тэгвэл үнэ тарифыг төрөөс барьж буй өнөөгийн нөхцөлд 22 битгий хэл, хоёр ч төсөл хэрэгжих боломжгүй харагдана. Төрөөсөө хамааралтай үйлдвэр компаниудад ямар хөрөнгө оруулагч мөнгөө хийх вэ. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, шинэ тоног төхөөрөмж, инновац, дижитал, ухаалаг эрчим хүч, салбарын шинэчлэлийн тухай төсөөлөл ч буухгүй байна.

Ийм нөхцөлд санхүүгийн алдагдалтай, хугацаа нь дууссан техник технологиудтай үйлдвэр, компаниуд өдрийн бор хоногийг өнгөрөөсөн байдалтай л цааш явна.

Энэ том салбарын шинэчлэл, өөрчлөлтийн асуудал ганцхан цэг дээр ирж бууж байна. Тэр нь үнэ тариф. Үнэ тарифыг шийдэхгүй бол салбарын шинэчлэл, шинэ сэргэлтийн бодлогын тухай нэг үг дуугараад ч хэрэггүй. Үүнийг өнгөрсөн 20, 30 жилийн туршлага харуулж, нотолж байна.

 

“Mongolian economy” сэтгүүлийн эрхлэгч, сэтгүүлч Д.Бэхбаяр

 

 

 

 

 

Mongolian Economy