Э.Одмаа: Гүний уурхайн огтлон малталтыг эхлүүлбэл зогсоох ямар ч боломжгүй

B Shurenchimeg
2021-12-24 16:55:12

Уул уурхайн хамгийн орчин үеийн, дэвшилтэт олон технологийг Монгол Улсад нэвтрүүлэхээр “Рио Тинто” болон “Оюу толгой” компанийн хамт олон зорьж буй. Тэдгээрийн нэг болох блоклон олборлох технологийн талаар “Оюу толгой” компанийн үйлдвэрлэлийн багийн гүний уурхайн ахлах инженер Э.Одмаатай ярилцлаа. 

-Бид том орд уурхайнуудын талаар хоорондоо мэтгэлцэж, маргалдддаг хэрнээ хэрхэн олборлодог, ямар арга технологи ашигладаг талаар төдийлөн сайн ойлголтгүй байдаг. Блоклон олборлох технологи болон огтлон малталт хийх талаар та манай уншигчдад дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү?

-Оюу толгой ордын нөөцийн нийт 80 хувь нь газрын гадаргаас 1300 метрийн гүнд  бий. Уг нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд дэлхийд цөөнд тооцогдох блоклон олборлох технологийг Монголд нутагшуулна.

Блоклон олборлох технологи нь уулын даралтын хүч буюу газрын татах хүчийг ашиглан газрын гүнд байгаа хүдрийн биетийг доороос нь нурааж олборлох арга юм. Ингэхдээ хүдрийн биетээ доогуур нь огтлон малталт хийгээд үүн дээрээ өрөмдлөг, тэсэлгээ хийж хүдрийн биетээ хөдөлгөөнд оруулдаг. Хөдөлгөөнд орсон хүдрийн биет нь өөрөө нурж эхэлдэг. Нурсан хүдрийг хүдэр утгах цэгээс хүнд даацын машин ашиглан хүдэр буулгуурт хүргэж, улмаар бутлуурт дамжуулан аваачдаг. Хүдэр утгах цэгээс хүдрийг авах тусам дээр нь байгаа хүдэр сулран доошоо бууж ирдэг. Ийм байдлаар хүдрийн урсгал нь уулын даралт дор тасралтгүй үргэлжилдэг.

Блоклон олборлох технологи болон огтлон малталт хийхийг салгаж ойлгож болохгүй. Блоклон олборлохын тулд эхлээд огтлон малталт хийдэг.

Хүдрийн биетийг нураахын тулд доогуур нь огтлон малталт хийж, түүгээр тэслэхэд хүдрийн биет хөдөлгөөнд орж, нурж эхэлнэ гэсэн үг.

-Огтлон малталт хийх аргыг бусад технологийн үед ашигладаг уу? 

Гүний уурхайн олборлолтын бусад технологиудад ч мөн адил чулуулаг суллах зорилготой огтлон малталт заавал хийдэг. Гэхдээ бусад аргуудад өрөмдлөг тэсэлгээ явуулдаг малталтын түвшнийг өөрөөр нэрлэдэг. Гүний уурхайн олборлолтын бүх технологийг нийтэд нь агуулан олборлох гэж хэлдэг. Блоклон олборлох технологи ч энэ нэршилд багтдаг гэсэн үг.

-Бусад гүний уурхайн олборлох технологоос юугаараа ялгаатай вэ? 

-Блоклон олборлох технологи нь анхны хөрөнгө оруулалт их байдаг ч бүтээн байгуулалт хийгдсэний дараа урсгал зардал багатай, бүтээмж өндөртэй байдгаараа давуу талтай. Бусад гүний уурхайн технологиуд нь олборлолтыг түр зогсоож дахин тэсэлгээ хийдэг. Харин блоклон олборлох технологи нь бэлтгэл ажлаа 100 хувь хангасан тохиолдолд хүдрийн олборлолт 24 цаг тасралтгүй явагдана гэсэн үг. Үйл ажиллагааны урсгал зардал хямд учир бага агуулгатай эрдэс баялгийг ч үр ашигтай олборлох боломжтой. Хамгийн гол нь бэлтгэл ажлаа маш сайн хангасан байх шаардлагатай.

Блоклон олборлох технологи нь гүнзгий судалгаа тооцоо, нарийн мэргэшсэн боловсон хүчин, өндөр туршлага, бэлтгэл ажил маш сайн байхын зэрэгцээ хүдрийн биетийн шинж чанартай нягт уялдаа холбоотой байдаг учраас компани бүр энэ аргыг ашигладаггүй.

-Блоклон олборлох технологи нь эргэн тойрондоо чичирхийлэл үүсгэдэг, байгаль экологид сөрөг нөлөөтэй гэж шүүмжлэх хүмүүс байдаг. Энэ тал дээр мэргэжлийн инженерийн хувьд тайлбарлаж өгнө үү?

Үүн дээр хүмүүс өрөөсгөл ойлголттой байдаг юм шиг санагддаг. Блоклон олборлох арга нь хүдрийг гаргаж авахын тулд тэслэлт хийн газрын гүнд хөндий үүсгэдэг. Энэ нь эргэн тойрныхоо 20 метрийн радиуст чичирхийлэл үүсгэдэг. Үүнийг геотехникийн мэргэжлийнхэн “чичирхийллийн бүс” гэж нэрлэдэг. Тухайн чичирхийллийн бүс нь газрын гадарга дээр байгаа барилга байгууламж, хүн, байгаль экологид сөргөөр нөлөөлдөггүй.

Оюу толгойн уурхай чичирхийллийн бүсийг хянах сүүлийн үеийн бүхий л дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжөөр хангагдсан. Тиймээс уурхайд хийж буй тэсэлгээ бүр нарийн хяналт, бүс дотор явдаг бөгөөд амьд биетэд үзүүлэх нөлөөг судалж, аюулгүй байдлыг бүрэн хангасны дараа тэсэлгээний ажлыг эхлүүлдэг.

-1.3 км-ийн гүнд орших хүдрийн биетийг олборлож, тонн тутмаас 20 кг зэс гаргахын тулд газрын гүнд 200 км хонгил гаргаж байгаа. Шинэ нөхцөлд шинэ технологи ашиглахын тулд уурхайчдаа хэрхэн бэлтгэж байна вэ? 

Гүний уурхайн үйлдвэрлэлийн шат руу шилжихийн өмнө аюулгүй ажиллагааны тал дээр маш сайн анхаарч байна. Гурав хоногийн өмнөөс манай үйлдвэрлэлийн баг аюулгүй ажиллагаа болон шинэ технологийн талаарх сургалтыг аюулгүй ажиллагааны багтай хамтран зохион байгуулсан. Эл сургалтаар гүний уурхайн үйлдвэрлэлийн бүсэд нэвтрэх бүх оператор, инженерүүддээ аюулгүй ажиллгааны талаар нарийвчилсан заавар, зөвлөмжийг илүү системтэйгээр олгож байгаа. Мөн VR, AR технологи ашиглан бодит мэт орчинд аюул эрсдэлийг үнэлж дадах, туршлагажих боломжийг уурхайчдадаа олгодог.

Манай улсад блоклон олборлох технологийн талаар мэддэг монгол инженер ховор. Тиймээс олон жилийн туршлагатай гадны мэргэжилтнүүдтэй хамтран шинэ технологи ашиглалтын талаар байнга сургалт явуулдаг.

Ялангуяа хамгийн эрсдэл өндөртэй ажлын нэг болох гүний уурхайн олборлолтын цооног өрөмдөх машиныг хүнгүй алсаас удирдах туршилт тохируулгыг ханган нийлүүлэгч компаниудтайгаа хамтран хийж байна.

-Олборлолтын үеийн аюулгүй ажиллагааг хэрхэн хангаж байгаа вэ? Аюулгүй ажиллагааныхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

Аюулгүй ажиллагаа, стандарт нь зөвхөн уурхайн талбайд, ажлын цагаар үйлчилдэг албадлагын дүрэм биш. Харин хүн болгон өөрийнхөө болон бусдын аюулгүйн төлөө цаг тутамд сайн дураараа мөрдөн, баримтлах ёстой үнэт зүйл гэдгийг Оюу толгойн энэхүү бүтээн байгуулалтад оролцохдоо бид маш сайн ойлгосон.

Удирдах ажилтнаас эхлээд уурхайн гүнд ажиллаж байгаа ажилчид бүгдээрээ аюулгүй ажиллагааны дүрмийг чандлан баримталдаг. Аюулгүй ажиллагааны амжилтыг дэлхийн түвшинд хүргэх зорилгоор “Оюу толгой” компани шилдэг туршлагуудыг нэвтрүүлэн ажиллаж байгаа. Бид “Рио Тинто” группийн аюулгүй ажиллагааны стандартуудыг мөрдөн ажилладаг. Тэдгээр стандарт нь аюулгүй ажиллагааны гүйцэтгэлийг үнэлэх, хянах, цааш нь улам сайжруулах тогтолцоог бүрдүүлдэг юм.

Жишээ дурдвал олон хүний амь нас эрсдэхээс сэргийлэх болон уурхайн үйл ажиллагаанд ноцтой хохирол учруулахаас сэргийлэх гүний уурхайн “Ди1” стандартыг хэрэгжүүлэх зэргээр тухайн эрсдэлд тохирсон хөтөлбөр, стандарт, санаачилгуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

-Дэлхий дээр 20 хүрэхгүй уурхайд блоклон олборлох технологийг ашигладаг. Боловсон хүчнээ бэлтгэх тал дээр хэрхэн анхаарч байна вэ? 

Монголын шинэ цагийн уул уурхайн геотехникийн боловсон хүчин дэлхийд үнэлэгдэхүйц  ур чадвар, туршлага хуримтлуулж байгаагаар үнэхээр бахархдаг.

Энэ оны дөрөвдүгээр сард “Оюу толгой” компани, “Рио Тинто” болон ШУТИС-тай хамтран Уул уурхайн геотехникийн мэргэжил олгох, олон улсын судалгааны төв байгуулах хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан. Мөн 2019 оны дөрөвдүгээр сард “Оюу толгой” компани ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуультай хамтран гүний уурхайн мэргэжилтэн бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх хоёр жилийн хугацаатай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд Монголын анхны геотехникийн бакалаврын зэрэг олгох хөтөлбөр хэрэгжиж эхлээд одоогоор 25 оюутан суралцаж байна. Эдгээр оюутнаас гадна яг одоо Оюу толгойд ажиллаж байгаа маш олон залуучууд мэдлэг, туршлага хуримтлуулаад явж байна.

“Рио Тинто” групп Оюу толгойн хөрөнгө оруулалтаас гадна уул уурхайн салбарын геотехникийн мэргэжилтнүүдийг өндөр түвшинд бэлтгэхэд дэмжлэг үзүүлж байгаа нь илүү  үнэ цэнтэй хөрөнгө оруулалт гэж боддог.

-Таны хувьд гүний уурхайн блоклон олборлох технологи, огтлон малталт хийх  аргад хэрхэн суралцсан бэ?

Би 2007 онд ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн ангийг төгсөөд “Энержи Ресурс” компанид зургаан жил ажилласан. 2016 оноос эхлэн “Оюу толгой” компанид ажиллаж байна. Блоклон олборлох технологийн талаар яг ажлын байран дээрээ практикаар суралцаад явж байна. Олон жилийн туршлагатай гадаад инженер мэргэжилтнүүдээс өдөр тутамдаа суралцаж байгаа. Сургуульд онолын мэдлэг эзэмшиж байгаагаас ч илүү мэдлэгийг Оюу толгойн гүний уурхайд ажиллаад олж авч байна. Надаас гадна манай компанийн бусад инженерүүд ч мөн адил шинэ нөхцөлд шинэ технологит суралцаж байна.

-Блоклон олборлох технологийг ашигласнаар Оюу толгойн зэсийн гарц одоогийнхоос хэд дахин нэмэгдэх вэ?

-Оюу толгой ордын нийт нөөцийн хамгийн агуулга сайтай хүдэр нь газрын гүнд оршиж байгаа. Гүний уурхайн хүдрийн биетийн агуулгыг ил уурхайтай харьцуулахад гурваас дөрөв дахин их буюу 1.66 хувийн зэсийн агуулгатай. Үүнийгээ дагаад олборлолтын үр өгөөж ч нэмэгдээд явна. Гүний уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаад эхэлвэл өдөрт 95 мянган тонн хүдэр олборлоно гэсэн тооцоо байгаа.

 

 

 

 

 

 

B Shurenchimeg