Японы татвар төлөгчдөд талархахын учир

Mongolian Economy
2022-05-02 18:31:49

Зах зээлийн эдийн засагт ямар ч бэлтгэлгүйгээр шилжин орсон монголчуудыг хамгийн түрүүнд түшиж босгосон ачтан нь яах аргагүй Япон. Тус улсын Засгийн газар 1980-аад оны сүүлээс монголчуудад эдийн засгийн болон хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх нь бүс нутаг болон дэлхий дахины энх тайван, хөгжил цэцэглэлтэд нэмэр болно гэж үзсэн байна.

Японы Засгийн газар 1991 оноос тус улсын Хөгжлийн албан ёсны тусламжинд Монгол Улсыг хамруулж, ардчиллын хүнд жилүүдэд манай гол донор орон болсон билээ. Зөвхөн 1991-1992 онд 73 орчим тэрбум иений буцалтгүй тусламж үзүүлсэн юм. 1993 онд Японы тусламжаар харилцаа холбооны “Интелсат” системийг байгууллаа. Ингэснээр Монголын хамгийн алслагдсан газарт ч телевизийн нэвтрүүлэг үзэх боломжтой болсон.

Жил бүр Токио хотод Японы Засгийн газар Дэлхийн банктай хамтран Монголд хандивлагч орнуудын уулзалтыг зохион байгуулж, санхүүгийн туслалцааны төлөвлөгөөг хэлэлцдэг болов. Энэ уулзалт яван явсаар 30 улс, 10 олон улсын байгууллагыг нэгтгэсэн том бүтэц болжээ.

Япон болон бусад донорын Монголд өгсөн тусламж дараах чиглэлтэй байлаа. Үүнд:

• Зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэхэд шаардлагатай институци, хүний нөөцийн хөгжлийг дэмжих,
• Орон нутгийн хөгжлийг дэмжих,
• Хүрээлэн буй орчныг хамгаалах,
• Дэд бүтцийн хөгжлийг дэмжих зорилт хамаарна.

Японы Засгийн газраас олгосон буцалтгүй тусламж, техникийн туслалцаа, хөнгөлөлттэй зээл нь аж үйлдвэр, хөдөө аж ахуй, эрчим хүч, дэд бүтэц гээд эдийн засгийн бараг  бүх салбарыг хамарч, бүх аймаг, суманд хүрч байв.

Япон зах зээлд дөнгөж шилжсэн Монголын буурай эдийн засаг, ард түмний амьжиргаанд татвар төлөгчдийнхөө мөнгөнөөс хоёргүй сэтгэлээр тусалсанд монголчууд талархдаг. Японы тусламж үргэлж цаг үеэ олсон, нэн тулгамдсан асуудалд чиглэдэг байв.

Дулааны цахилгаан станц доголдож хот хөлдөх дөхөөд байхад, нийтийн  тээврийн автобус, гал унтраах, түргэн тусламжийн машинууд хуучирч ашиглах боломжгүй болоход, хүүхэд багачуудад сургууль, цэцэрлэг дутагдахад тэд тусламжийн гараа сунгаж байлаа.

Тус улсын зээл, тусламж голдуу дэд бүтцийн салбарт чиглэж ирсэн. Тухайлбал, 1993-1994 онд Японы буцалтгүй тусламжийн 22 сая ам.долларын хөрөнгөөр “Улаанбаатар төмөр зам”-ын Хятад, Монголын хилийн Замын-Үүд боомтод ачаа шилжүүлэн ачих байгууламж барьсан юм.

Мөн “Багануур”, “Шивээ-Овоо” уурхайд 1996, 1997 онд 100 орчим тэрбум иенээр техник, технологийн шинэчлэлт хийсний ачаар эдгээр уурхай одоог хүртэл хэвийн ажиллаж байгаа билээ.

1997 онд Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA) Төлөөлөгчийн газраа нээсэн нь Монголд зориулсан төсөл, хөтөлбөрүүд хэрэгжих гол суваг болсон юм. Уг байгууллага нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт олон төсөл хэрэгжүүлдэг. Зөвхөн боловсролын салбарт гэхэд 2014 оны байдлаар Нийслэлд 45, хөдөө орон нутагт 10 сургууль барьсан байна.

Хүмүүнлэгийн чиглэлээр 1998 оноос “Өвсний үндэс” хөтөлбөр хэрэгжиж 20 орчим жил болоход Монголын боловсрол, эрүүл мэндийн салбарт олон зүйл бүтээсэн. 2016 оны байдлаар уг хөтөлбөрийн дагуу 500 дахь төсөл хэрэгжжээ. Одоогоор ЖАЙКА Монголд 20 орчим төсөл хэрэгжүүлж байгаагаас хамгийн том нь Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал юм.

Японы хөрөнгө оруулалт ба өнөөгийн Монгол

2010 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японы Парламентын танхимд үг хэлэхдээ “Монгол орон дөнгөж төрсөн унага шиг хөл дээрээ тэнцэн ядаж байсан тэр хэцүү үед Японы ард түмэн, Засгийн газрын тусламж дэмжлэг, анхаарал халамж амин чухал байсан” хэмээн тэмдэглэсэн юм. Мөн УИХ-ын дарга М.Энхболд 2017 оны хавар тус улсад айлчилж, Япон-Монголын найрамдлын нийгэмлэгийн төлөөлөгчидтэй уулзахдаа “Монголд Японы ард түмний тусламж дэмжлэг хүрээгүй айл өрх бараг байхгүй, Японы Засгийн газар, ард түмэн монголчуудад халуун сэтгэлийн гараа сунгаж байсныг бид мартахгүй” гэж хэлэв.

Эдүгээ хоёр улсын харилцаа харилцан ашигтай стратегийн түншлэлийн зарчимд шилжсэн. Гэхдээ Японы тусламж, хөнгөлөлттэй зээл Монголын эдийн засагт оруулсан хувь нэмэр, тэр дундаа аж ахуйн салбарыг хөл дээр нь босгосон явдлыг шинжлэх ухаанчаар хандаж үнэлсэн судалгааны жинтэй бүтээлүүд дутагдаж байна.  “Хэрэв Япон байгаагүй бол” гэсэн асуултад нэг мөр хариу өгч судалсан зүйл алга.

Японы тусламж Монголын өнөөгийн эдийн засагт юу үлдээсэн тухай хариултыг холоос хайх хэрэггүй. Наад захын жишээ нь урд хил дээр бараа шилжүүлэн ачих байгууламж барьсан явдал нь манай улсын ачаа тээвэрлэлтийн хүчин чадлыг сайжруулаад зогсохгүй Монголоор дамжуулан бараагаа тээвэрлэдэг Хятад, Орос, Зүүн Европын орнуудад ч ихээхэн тустай болж олон улсын худалдааг хөгжүүлэхэд зохих дэмжлэг болсон байна.

Мөн төвийн эрчим хүчний шугамаас алслагдсан 171 сумын дизель станц болон Улаанбаатар хотын IV цахилгаан станцыг шинэчлэн сайжруулсан нь хот, хөдөөгийн иргэдийг цахилгаан эрчим хүчээр тасралтгүй хангах, өвлийг тав тухтай давахад үнэлж баршгүй ач тус болсон.

Японы тусламжаар Улсын нэгдсэн II эмнэлэг, Хавдар судлалын төв, Эх нялхсын төв зэрэгт шаардлагатай зарим эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлсэн бөгөөд энэ нь манай хот хөдөөгийн хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд маш их хувь нэмэр болсон билээ.

Мөн сүүлийн үед шинэ нисэх буудал барих, Улаанбаатар хотын нийтийн тээвэрт метро явуулах боломжийг судлах, гэр хорооллын дахин төлөвлөлтөд туслалцаа үзүүлэх зэрэг томоохон төслүүд хэрэгжүүлж байна.

Япон Улс нь Монголд засаглал, хариуцлагатай уул уурхай, хүртээмжтэй өсөлтийг хангах, Улаанбаатар хотын тохижилт зэрэг улс орон тогтвортой хөгжих нөхцлийг хангах асуудалд хөрөнгө оруулж байна.

Энэ бүгдээс монголчууд бид ая тухтай амьдрах орчин бүрдэх, орчин үеийн хөгжингүй улс болон хөгжихөд туслая гэсэн япончуудын сайхан сэтгэлийг хүндлэхгүй байхын аргагүй юм.

 

 

Монгол, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулсан
“Mongolian Economy” сэтгүүлийн тусгай дугаараас. 2017 оны 9-р сар

 

 

 

Mongolian Economy