Үнэ тариф эрчим хүчний хөгжлийн гацаа юу?

Sarangerel
2023-10-09 12:35:15

Монголын үндэсний олон нийтийн радио телевизээс “Цахилгааны үнийг нэмэх ёстой юу” гэдэг судалгааг иргэдээс авахад 12 хувь нь “тийм” гэсэн бол 88 хувь нь нэмэх шаардлагагүй гэж хариулжээ. Ямар ч хүн “Би илүү мөнгө төлье” гэж гараа өргөхгүй нь тодорхой. Сэтгүүлч би ч үнэ нэмэхийг хүсэхгүй байна. Гэхдээ эрчим хүчний салбар тартагтаа тулжээ. Хүнээр бол хөгширч туйлдсан ч ажиллах гэж хамаг хүч тамираа бараад сөгдөж унах дээрээ тулсан байна. Гэвч захирал нь “Чи ямар ч үнэ хөлсгүйгээр ажиллаад бай, энэ өвлийг заавал давна шүү” гэж тушааж буйтай агаар нэг. Тус салбарын цахилгаан станц, шугам сүлжээнүүд ихэнхдээ социализмын үеийнх. Насжилт нь хэдийн хэтэрч, эвдэрч хуучирсан ч инженерүүдийнхээ хүчээр арайхийн өдөр хоногийг аргацаан ажиллаж байна. 

Монгол Улс зах зээлийн системд шилжсэн өнгөрсөн хугацаанд бусад салбарт хөгжил дэвшил харагдаж байгаа бол эрчим хүчний салбар харанхуй руу хурдтай уруудсаар байгаа нь бодит үнэн юм. 2001 онд УИХ-аар баталсан Эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт, шинэчлэлт оролгүй өнөөг хүрэв. “Эрчим хүчний үнэ тарифыг ярихаас өмнө засаглалаа сайжруулах хэрэгтэй. Засаглалаа сайжруулаагүй цагт үнэ нэмээд ч хэрэггүй” гэж салбарын зарим эрдэмтэн, судлаач үздэг. Гэхдээ бодит байдалд, яг одоо тулгамдсан, тулчихсан асуудал бол үнэ тарифыг зах зээлийн өртөгт нийцүүлж бага багаар нэмэхгүй бол энэ салбар энэ өвлийг давж чадахгүйд хүрээд байна гэдгийг гал голомтод нь ажиллаж буй, зовлонг нь мэдэх мэргэжилтнүүд учирлаж буй. Ер нь эрчим хүчний салбарт засаглалын ч, үнэ тарифын ч асуудлыг хөндөж, тодорхой алхмууд хийхээс аргагүй байдалд байгааг төр, засаг ойлгох ёстой. 

Эрчим хүчний салбар 224 төгрөгийн өртгөөр бүтсэн бүтээгдэхүүнээ 175 төгрөгөөр иргэдэд борлуулж байна. Ингэж алдагдалтай ажилладаг учир 2020 онд 88.1, 2021 онд 77.8, 2022 онд 187.3 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ.

Өнгөрсөн есдүгээр сарын сүүлчээр болсон “Шинэ эрчим хүчний чуулган 2023”-аар салбарын засаглалын асуудлыг түлхүү хэлэлцэж, тулгамдсан асуудлуудаар ярилцсан. “Монгол Улсын тусгаар тогтнол, бие даасан байдлыг авч явах салбараа нийгмийн халамж руу хамж оруулсан. Саармагжиж, үндсэн зорилгоосоо хазайсан учраас бид өнөөдөр хүмүүст муухай харагдаж байна. Эрчим хүчний салбарын гол зорилго хэрэглэгчийг чанартай, найдвартай эрчим хүчээр тасралтгүй хангах. Бид энэ зорилгынхоо төлөө л ажиллах ёстой. Эрчим хүчээр хангадаг үүрэг, зорилготой болохоос биш халамжийн байгууллага биш” гэдгийг оролцогчид хэлсэн билээ.

Өнөөдөр эрчим хүчний салбар 224 төгрөгийн өртгөөр бүтсэн бүтээгдэхүүнээ 175 төгрөгөөр иргэдэд борлуулж байна. Ингэж алдагдалтай ажилладаг учир 2020 онд 88.1, 2021 онд 77.8, 2022 онд 187.3 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ. Үүнд эрчим хүч, дулааны тарифыг үйлдвэрлэлийн зардлаас үргэлж багаар тогтоож ирсэн буюу зарим хэрэглэгчид 68 хувийн бага үнээр нийлүүлж буй нь нөлөөлсөн байна. Алдагдал жилээс жилд өсөж буй энэ үед айл өрхийг цахилгааны төлбөрөөс бүрэн чөлөөлсөн шийдвэрийг Засгийн газар цар тахлын үеэр гаргасан. Хэдийгээр энэ нь хүнд хэцүү цагт ард иргэдээ бодсон шийдвэр мэт боловч нөгөө талдаа эрчим хүчний үнэ цэнийг улам унагасан, цахилгааныг үнэгүйдүүлж, хямд хэрэглээ мэт ойлголтыг ард иргэдэд төрүүлсэн юм. Эрчим хүчний салбар халамжийн байгууллага биш, цаг тутамд технологийн шинэчлэлт хийж, хөрөнгө эргэлдэж байх ёстой талбар гэдгийг мэргэжилтнүүд нь санаа алдан хэлсээр…

Үнэ тарифыг нэмэх шалтгаан

Эрчим хүчний хангамжийн сүлжээ, тоног төхөөрөмжийн дийлэнх нь хуучирч элэгдсэн, дулааны цахилгаан станциудын цахилгаан дамжуулах шугамын дийлэнх хэсэг, дулааны шугам сүлжээний дамжуулах хоолойн 30, дэд станцын 30 хувь нь тус бүр 30-аас дээш жил болж ашиглалтын хугацаа дууссан. Сүүлийн 10 жилд дулаан, эрчим хүчний шугамын алдагдал 3-4, цахилгаан эрчим хүчнийх 13-15 хувьд хүрснийг 2023 оны төсвийн төсөлд тэмдэглэжээ. Нэг ёсондоо чадлын дутагдалд ороод байна гэсэн үг. Эрчим хүчний эх үүсвэрүүд нөөц тоноглолгүйгээр бүрэн хүчин чадлаараа ажиллаж буй бөгөөд аль нэг тоноглолд гэмтэл гарвал хүчин чадлынх нь хэмжээгээр хэрэглээг хязгаарлах эрсдэлтэй нөхцөл үүссэн. Өнөөдөр Монгол Улсын эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1544 мегаватт. Үүнийг 2030 он гэхэд хоёр дахин өсгөх зайлшгүй шаардлага бий. Үнийн өсөлт, мөнгөний ханшаас шалтгаалан тус салбарт ажиллагсдын ажилд орж, гарах хөдөлгөөн мөн ихэсжээ. Цалин хөлсийг нь боломжийн хэмжээнд өгч чадахгүй, засвар, шинэчлэлтээ ч хийж чадахгүй хэмжээнд хүрсэн байна.

Айл өрхүүд цахилгаан, дулааны нэг сарын зардалд орлогынхоо 2.4-4.4 хувийг, харин гар утас болон интернэтийн төлбөрт 10 орчим хувийг төлж буй судалгааг Эрчим хүчний зохицуулах хорооноос хийжээ.

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх “Иргэд, аж ахуйн нэгжүүд хэрэглэж буй цахилгаан, дулаанаа үйлдвэрлэлийнх нь бодит өртгөөр худалдан авах хэрэгтэй.  Эрчим хүчний салбарын санхүүгийн алдагдал жилээс жилд нэмэгдэж байна. Энэ оны байдлаар 240 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллахаар байна. Уг алдагдлын цаана хийж чадаагүй засвар, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил, төлж чадаагүй бэлтгэн нийлүүлэгчдийн өглөг, авлага бий. Бид үнийг дор хаяж өртөгт нь хүргэх шаардлагатай байна. Үнэ тарифын асуудлыг хариуцсан бие даасан Эрчим хүчний зохицуулах хороо гэж байгууллага бий. Бид өнөөдөр аж ахуйн нэгж, яамнаас эрх бүхий байгууллагад саналаа байнга тавьж байгаа. Энэ асуудлыг удахгүй шийдэх байх” хэмээн  телевизүүдэд өгсөн яриандаа дурджээ.

Нэг судалгаанаас эш татъя. Айл өрхүүд цахилгаан, дулааны нэг сарын зардалд орлогынхоо 2.4-4.4 хувийг, харин гар утас болон интернэтийн төлбөрт 10 орчим хувийг төлж буй судалгааг Эрчим хүчний зохицуулах хорооноос хийжээ. Гэтэл эрчим хүчний хэрэглээ өнгөрсөн оны мөн үеэс 127 мегаваттаар өсчээ. Тиймээс ахуйн хэрэглээний эрчим хүч, дулааны тарифыг энэ сараас 28 хүртэлх хувиар нэмэгдүүлэх саналыг Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргаад байгаа юм.

Өнгөрсөн оны аравдугаар сард аж ахуйн нэгжүүдийн цахилгааны үнийг 14-38 хувиар нэмж, 215 төгрөгт хүргэсэн. Өртөгт нь жаахан ойртуулсан гэсэн үг. Харин айл өрхийн цахилгааны үнийг нэмээгүй. Үүнд эдийн засгийн нөхцөл байдал, аж ахуйн нэгжүүдийн ашиг орлого, айл өрхүүдийн орлого хүнд буйг харгалзан үзжээ. Аж ахуйн нэгжүүдийн цахилгааныг хэрэглээнээс нь хамаараад ялгаатай тухайлбал, 5000 кВт.цаг  хүртэлхийг 14 хувь, 5000 кВт.цагаас дээшихийг 24, өндөр хэрэглээтэй уул уурхай, экспортолдог том хэрэглэгчдийг 38 хувиар нэмжээ.

Үнэ тарифыг нэмэгдүүлж,  хуулийн хүрээнд индексжүүлж чадахгүй байгаа нь эрчим хүчний салбарын хөгжлийн гол гацаа болж байна. 

Тэгвэл айл өрхийн цахилгааны төлбөрийг дунджаар 28 хувиар нэмэх саналд хэрэглээнээс нь хамаараад ялгавартай тогтоох тарифыг оруулжээ. Тодруулбал, 150 кВт.цагаас ихгүй хэрэглээтэй айл өрх нэг кВт.ц цахилгааны төлбөрт сардаа 134.28 төгрөг төлдөг байсан бол 171.88 төгрөг болно. Харин 150-300 кВт.цаг нь 197,  300-гаас дээш кВт.цаг хэрэглэсэн айл өрх 229 төгрөг төлөх тооцооллыг Эрчим хүчний зохицуулах хорооноос хийсэн байна. 

“Шинэ сэргэлтийн бодлого”-д үнэ тарифыг индексжүүлэх гэдэг заалт буй. Үүнд, эрчим хүчний үнэ тарифыг индексжүүлж улирал тутам шинэчилнэ, хэрэглэгчийн дундаж тарифыг бодит өртөг, ашгийн зохих түвшнийг хангасан хэмжээнд хүргэж, индексжүүлэх гэж тусгажээ. Харин Эрчим хүчний тухай хуулийн 26.2-д үнэ тариф тогтоохдоо үйл ажиллагааны бодит өртөг, зардалд тулгуурлах, үнийг инфляцтай уялдуулан тооцох зарчмыг баримтална гэж заасан. Тэгвэл Эрчим хүчний зохицуулах хорооны бүрэн эрхэд тариф тогтоох аргачлал боловсруулах, тарифын бүтэц тодорхойлох, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тарифыг хянаж батлах, хэрэглэгчдэд худалдах үнийг тогтоох, индексжүүлэлтийг хэрэгжүүлэх гэж заажээ. Гэтэл 2014 оноос хойш үнэ тарифыг нэг л удаа индексжүүлэх оролдлого хийсэн байдаг. Нэг үгээр хэлэхэд, үнэ тарифыг нэмэгдүүлж,  хуулийн хүрээнд индексжүүлж чадахгүй байгаа нь эрчим хүчний салбарын хөгжлийн гол гацаа болж байна. 

Алдагдалтай тариф мөрдөж буй тохиолдолд хөгжил дэвшил, гадаадын хөрөнгө оруулалт, засаглал, зах зээлийн эдийн засгийн гол хүчин зүйл болсон хувийн хэвшлийнхний оролцооны тухай бодоод ч хэрэггүй. Нөгөө талаар эрчим хүчний салбарт бодлого, хууль эрх зүйн орчин бүрдчихсэн. Гагцхүү хуулийг мөрдөхгүй байгаа нь асуудал болж байна. Учир нь эрчим хүчний салбарыг арилжааны хэлбэрт шилжүүлэх, алдагдалгүй үнэ тариф мөрдүүлэх асуудлуудыг тусгасан Эрчим хүчний тухай хуулийг УИХ-аас 2001 онд баталчихсан. Харин хуульд заасан алдагдалгүй үнэ тариф мөрдүүлэх агуулгыг хэрэгжүүлэхгүй, мөрдөхгүй  өнөөг хүрсэн нь тус салбарын уналтын хамгийн том шалтгаан болж байна. Эрчим хүчний салбар өнөөдөр хуулиа мөрдөж, засаглалаа сайжруулж, бодлогоо шинэчилж, салбартаа зах зээлийн салхи сэвэлзүүлэх цаг иржээ. Зах зээлийн салхи сэвэлзүүлэх эсэхийг шийдэх хамгийн том эрх Засгийн газар, Ерөнхий сайдад л бий. Хуулийг Засгийн газар мөрдөж, хэрэгжүүлж ажиллах ёстой. Үе үеийн Засгийн газар сонгуулийн, улс төрийн шийдвэр гаргаж ирснээр эрчим хүчний салбарыг уналтад хүргэснийг бүгд харж байна. Харин өнөөгийн засаг ирэх оны сонгуулиа бодоод асуудлыг хойшлуулах уу, эсвэл улс орны хөгжлийг бодоод урагшаа нэг алхах уу гэдэг түүхэн сонголт дээр тулж ирлээ.