Ү.Төмөрхуяг: Эрчим хүчний үнэ тарифыг дэлхийн жишигт хүргэх шаардлагатай

Д.Бэхбаяр
2024-01-09 12:01:46
Ангилал:

Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ү.Төмөрхуягтай 2023 оны хоёрдугаар сард хийсэн ярилцлагаа хүргэж байна.

-Танай станц 2023 оны өвлийн их ачааллыг хэрхэн давж байна вэ?

-Салбарын сайд “Хүнд өвөл болно. Бид аргалаад л давах болно” гэж мэдэгдэж байсан. Тухайн үед станцын бэлтгэл ажил хараахан дуусаагүй, тодорхой хүндрэлтэй асуудлууд байлаа. Гэхдээ өвлийн өмнө бэлтгэлээ сайн базааж дуусгана гэдэгтээ итгэлтэй байсан. Хийж ч чадсан. Тиймээс энэ өвлийг хэвийн, найдвартай давж байна. Монгол Улсын эрчим хүчний салбар өвлийг өнтэй давах эсэх нь Дөрөвдүгээр станц өвлийг хэрхэн давахаас бүрэн шалтгаалдаг. Манай салбарт 20 гаруй тусгай зөвшөөрөлтэй үйлдвэр, компаниуд бий. Дулааны 6-7 цахилгаан станц байна. Эдгээрийн оролцоог үгүйсгээгүй. Гэхдээ манай станц байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсын эрчим хүчний салбарын 50-60 орчим хувийг байнга эзэлж байсан. 1990-ээд онд 50 гаруй хувь байсан хувиа өнөөдөр бариад л явж байна. Нэг амжилтыг тодруулж хэлье. 2016 онд системийн нийт ачаалал 1Гкал, 1000 мегаватт хүрсэн. Энэ ачааллыг салбар дааж гарч чадах уу. Нэг талаас, 1000 мегаватт хүрсэн нь улс орон хөгжиж буйн шинж гэх бахархал боловч, нөгөө талаас станц ачааллаа даах уу гэх эрсдэл байсан. Тэгвэл энэ өвлийн их ачаалал 1470 мегаватт хүрлээ. Үндсэндээ ачаалал 50 хувь өссөн. Манай станц нийт эрчим хүчний 58 хувийг үйлдвэрлэж, байр сууриа хадгалаад явж байна. Энэ бол манай хамт олны бахархал.

-Яагаад бахархах ёстой вэ гэдгийг тоон үзүүлэлтээр дахин баталгаажуулж яривал юу хэлэх вэ?

-Сэргээгдэх эрчим хүч, нар, салхины станцуудын хүчин чадал нийлээд 200 мегаватт орчим бий. Дарханы цахилгаан станцын шинэ турбин ашиглалтад орсноор 48 Мвт суурилагдсан хүчин чадалтай байсан бол одоо 88 мегаватт хүрсэн. Эрдэнэтийн цахилгаан станц 50 хүртэл ачаалал авах чадалтай шинэ турбин суурилуулснаар мөн 88 мегаватт болсон. Дархан, Эрдэнэтийн станцуудын хүчин чадал нийлээд 86 мегаваттаар нэмэгдсэн бөгөөд тэр хэмжээгээр эрчим хүчний үйлдвэрлэл өссөн. Шинэ эх үүсвэрүүд нэмэгдэж, хэрэглээ өсөөд байхад манай станцын эрчим хүч үйлдвэрлэлийн эзлэх хувь буураагүй. Дөрөвдүгээр цахилгаан станц өнгөрсөн оны дүнгээр 4,6 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэсэн. Энэ нь дулааны цахилгаан станцуудын үйлдвэрлэлийн 63 хувь, Монгол Улсын нийт эрчим хүчний хэрэглээний 55 хувийг эзэлж буй дүн юм. 4.5 тэрбум кВт.ц цахилгаан үйлдвэрлэж 4.1 тэрбумыг түгээсэн. Өнгөрсөн жил бид энэ түвшинд хүрсэн.

Бид ОХУ-аас хөнгөлөлттэй зээл биш арилжааны зээл авсан байгаа. Байгууллагын эдийн засаг, санхүүд маш хүндээр тусч байна. Арилжааны, хөнгөлөлттэй, хөгжлийн зээлүүд хоорондоо ялгаатай шүү дээ

Нэг трансформатор гэмтсэн байсан ч 50 сая квт-аар давуулан биелүүлсэн. Дулааны ачаалал өнгөрсөн жилийнхээс 7-8 хувиар буюу 200.0 гкалаар өслөө. Өвлийн их ачаалалтай гурван сард хоногт 240 вагон нүүрс түлж байна. Энэ нь 15,8 мянган тонн нүүрс юм. 240 вагон нүүрс нь улсын хэмжээнд станцуудын нийт түлж буй нүүрсний 55 хувь юм. Ийм ачаалал авч байсан түүх станцын түүхэнд байхгүй. Өвлийн өндөр ачаалалтай гурван сард бэлтгэл турбин, зуухгүй явж байна. Бусад станц бүх турбинаа ажиллуулж байгаа хэрнээ хамгийн эмзэг 1-2 зуухны бэлтгэл нөөцтэй ажиллаж байх жишээтэй.

-Станцын ачаалал нэмэгдэхийн хэрээр ажилтнуудын ачаалал ихсэж байгаа юу?

-Цахилгаан дамжуулах, түгээх сүлжээ дээр ярья. Нэг трансформатор 70 хувийн ачаалалтай явж байгаад өсөөд 90, 100 хувь боллоо. Трансформатор халж шатах нь гээд байн байн үзлэг хийнэ. Трансформатор өөрөө автомат тоног төхөөрөмж. Цахилгаан дамжуулах шугамаар гүйж буй ачаалал өнгөрсөн оныхоос 10-20 хувиар өссөн. Хүний оролцоо байдаггүй. Хэрэглэгчийн өсөлтөөс илүү хэрэглээ нэмэгдээд байна. Хэрэглээ нэмэгдэхээр цахилгаан дамжуулах, түгээх дээр өсдөггүй. Манай станц таван жилийн өмнө хоногт 180 вагон нүүрс авдаг байсан. Гэтэл 240 вагон нүүрс аваад ирэхээр засвар үйлчилгээ хийж буй хүмүүсийн ажлын ачаалал маш нэмэгдэнэ. Эх үүсвэр, дамжуулах, түгээхийн ялгаа үүгээрээ ялгаатай. Эх үүсвэр бол маш олон хүний оролцоо шаарддаг. Цахилгааны ачаалал нэмэгдэх тусам хүмүүсийн ачаалал ихэсдэг. Станцын тоног төхөөрөмж харьцангуй шинэчлэгдсэн, автоматчлагдсан тоног төхөөрөмжүүд байгаа. Өнөөдөр зуухнуудын халах гадаргууны хугацаа дуусаж, даруй солих шаардлагатай болсон. Хөрөнгө мөнгөнөөс шалтгаалж, зөвхөн гэмтсэн хэсгийг л хэсэгчлэн засварлаад явж байна. Зуухнууд эхнээсээ цоорч эхэлсэн бөгөөд цоорч зогсох тохиолдол ихсэж байна. Өвлийн их ачааллын үед нэг зуух цоороод зогсоход хамгийн багадаа 100 мегаватт ачаалал хаягдаж байгаа юм. Хэрэв нэг аймгийн төв 10 мегаватт хэрэглэдэг гэж үзвэл 10 аймгийн төв цахилгаангүй болж байна гэсэн үг. Тиймээс зуух цоороход маш богино хугацаанд засварлаж ашиглалтад оруулах шаардлагатай болно.

Бидний хувьд станцаа бүрэн хүчин чадлаар нь ашиглаад, эзэмшээд, байгаа боломжоос нь илүү түвшинд ажиллуулаад явах нь сайхан л байна. Эдийн засаг, санхүү нь үнэхээр харанхуй байна

Бид хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны дүрмийг зөрчиж, ажилтнуудаа эрсдэлд оруулаж байж 1-2 хоногт засварлаж байна. Манай станц 4.1 тэрбум квт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, 4.5 сая Гкал дулааны эрчим хүч түгээгээд таазандаа тулчихсан. Эрчим хүчний 60 орчим хувийг үйлдвэрлэдэг станц ийм байдалд байгаа нь нийт эрчим хүч хэрэглэгчдэд сайн мэдээ биш. Сүүлийн дөрвөн жил бид нэг кВт.ц цахилгааныг 61 төгрөгөөр үйлдвэрлэж ирлээ. Манай салбарын цахилгаан эрчим хүчний дундаж үнэ 210 орчим төгрөг, нар, салхиных 315- 630 төгрөг болоод байна. Манай хямдхан нийлүүлдэг цахилгаан эрчим хүч таазандаа тулчихаар түүнээс цааш өсөн нэмэгдэж буй хэрэгцээг өндөр үнэтэй эх үүсвэрүүдээс хангах болно гэсэн үг. 2023 оны цахилгаан эрчим хүчний өсөлтийг ОХУ-ын импортын эрчим хүчээр хааж байгаа. Нэг кВт.ц нь 300 гаруй төгрөгийн үнэтэй импортын бүтээгдэхүүн авч байна шүү дээ. Гол нь нүүрсний үнэ, төмөр замын үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор манай үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үнэ 77 төгрөг болсон ч импортынхоос тав дахин бага байна.

Дөрөвдүгээр станцын эрчим хүчний үйлдвэрлэл эцэстээ тулчихвал эрчим хүчний үнэ гэрлийн хурдаар өснө. Ийм хямдхан үнээр өнөөг хүртэл явж ирсэн бол цаашаа өсөн нэмэгдэж буй хэрэглээ өндөр үнэтэй орж ирж буй учраас үнэ жил бүр өндөр хувиар өсөхөөс аргагүй. Учир нь хямдхан үйлдвэрлэдэг эх үүсвэр нь нөөцөө барж байна шүү дээ. Нөөцтэй байсан тулдаа 2022 оныг амжилттай давлаа. Цаашид нөөцтэй яриад ч хэрэггүй болсон.

-Дөрөвдүгээр станц байгуулагдсаны 40 жилийн ой энэ жил тохиож буй. Та бүхний бахархал юу вэ?

-Бахархаж буй зүйл бол бидний өнөөгийн түвшин төслийн хүчин чадлаасаа хэтэрч давсанд байгаа юм. Дотоодын хэрэгцээний эрчим хүч 13 хувь байж болно гэж үздэг бол манайх 11 хувь. Зуухнууд 420 тонн уур үйлдвэрлэх хүчин чадалтай бол бүгд 450 тонныг үйлдвэрлэж байна. Суурилагдсан хүчин чадал нь 789 мегаватт. Энэ хүчин чадалдаа яагаад хүрэхгүй байна вэ. 720-730 мегаватт байгаа нь дулааны тооцоот ачааллаас илүү авсантай холбоотой. Дулааны ачаалал ирэх жил дахиад нэмэгдэхээр байна. Тэгэхээр зуух, турбинууд маань цахилгаан үйлдвэрлэх бус, Улаанбаатар хотыг халаах байдал руу яваад эхэлнэ. Халаалт руу яваад ирэхээр оронд нь ОХУ-аас тав дахин өндөр үнэтэй эрчим хүч хэрэглэх шаардлагатай болно.

Манай хамт олон 40 жилийнхээ босгон дээр та бүхний ажил үйлсийг үргэлжлүүлээд явж байна гэж ахмадуудынхаа өмнө бахархах зүйл бол нэгж төслийн хүчин чадлыг давуулан биелүүлж байгаа нь юм. Нэгж тоноглолыг ажиллуулж буй эдийн засгийн үр ашиг нь төслийн зорилтоосоо илүү байна. Зуухнуудын халах гадаргууг солих нэгдүгээрт, мөнгө байхгүй, хоёрдугаарт, цаг хугацаа байхгүй. Зун зогсоод солих гэхээр салбар өрөнд ороод дампуурчих гээд байдаг. Цооролт нь нэмэгдээд байвал нэлээд том асуудал үүсэж байж солиход хүрнэ. Хүн хүч ч алга. Гэмтлээ л засварлаад явж байна. Нийт зуухны халах гадаргуунуудын 10 орчим хувь, нэг зуух дээр 30-40 хувийг л засварладаг. Өөрсдийн түвшинд, байгаа боломж, бололцоо л энэ байна.

-Танай станц уг нь техник технологийн хувьд нэлээд автоматчлагдсан гэдэг. Энэ нь Японы зээл, тусламжийн үр дүн үү?

-Зуухны удирдлага, турбины удирдлага бүгд Японы Ёкохава хэмжүүрээр удирдагддаг. Ямарваа нэг дамжлагагүйгээр энэ бүх хэмжүүр, сэлбэгүүд, программын хяналтыг Японоос шууд тавьж, хамтран ажилладаг. Төсөл дууссан ч хамтын ажиллагаа, хяналт, засвар үйлчилгээ, хяналт, зөвлөгөө үргэлжлээд явж байгаа. Турбин генераторын удирдлага тохируулгын төхөөрөмж гэж чухал үүрэг рольтой төхөөрөмжийг урьд нь гидравликийн зарчим дээр тулгуурласан автомат байсныг орчин үед электрон-гидравлик болгож өөрчилсөн бөгөөд манай станцын долоон турбин генераторыг АНУ-ын Woodward пүүсийн хамгийн шилдэг төхөөрөмжөөр удирдаж байна Технологийн хувьд дэлхийн түвшинд ажиллаж байна. Ийм станц ОХУ-д цөөхөн. Энэ бол Японы тусламжийн үр дүн. Ер нь манай станцыг ОХУ тухайн үедээ хамгийн сүүлийн үеийн дизайн зургаар хийсэн. Маш сайн төсөл зураг гэж хэлнэ. Үндсэн том дутагдал зуух байсан. Зуухны тоос бэлдэх систем. Үүнээс болж станцын ажиллагаа доголддог байсан. Ашиглалтад орсноосоо 7-8 жилийн дараа маш их муудсан. 1992 онд хоёрдугаар ээлж ашиглалтад буюу 7, 8-р зуух, 5, 6-р зуухнууд ашиглалтад орсон. ОХУ задрах үед станцын 2-р шат ашиглалтад орсон. Үүнээс хойш монголчууд дангаараа үлдэж, улмаар туршлагажиж үндсэн тоноглолоо өөрийн болгож эзэмшсэн. Дараа нь японы тусламж орж ирсэн. Японы төслөөр тээрмүүдийг 100 хувь сольсон. Халах гадаргууг мөн адил. Тухайн үед Оросын хэмжүүрүүд хоцрогдож байсан учраас Японы хэмжүүрүүдийг тавьсан. Одоо ч хэрэглэгдэж байна. Хэмжүүрийг дагаад ажилтнууд, мэргэжилтнүүдийн боловсрол өөрчлөгдсөн.

Барууны сонгодог утгаар цахилгаан станц ашиглалтын байгууллага байх ёстой. Аж үйлдвэржсэн орнуудад тийм л байдаг. Засвар үйлчилгээ, гэмтлийг засварын газраас ирээд засаад өгдөг. Цэвэр ашиглалтын байгууллага байя гэвэл Дөрөвдүгээр станцад 800-900 хүн ажиллаад байх боломжтой

Манай станцыг сайн мэддэг Оросын мэргэжилтэн, техникийн хүмүүс одоо ирж хараад “Энэ манай станц мөн үү, танигдахааргүй болсон байна. Та нар яаж манай станцыг ийм болгож, удирдаж байна” гэдэг шүү. Бүх удирдлага нь хамгийн сүүлийн үеийнх, тоос бэлдэх системийг ч япончууд бүрэн өөрчилсөн. Япон улс 15 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл, нэг тэрбум гаруй төгрөгийн буцалтгүй тусламж, 17 тэрбум иений техникийн туслалцаа үзүүлсэн байна. Бага хүүтэй, удааны хугацааны хөгжлийн зээл, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл байсан учир станцын санхүүд хүндрэл учруулаагүй. Тийм учраас станц өнөөг хүртэл хямд эрчим хүч үйлдвэрлэж, нийлүүлж ирсэн. Гэтэл бид ОХУ-аас хөнгөлөлттэй зээл биш арилжааны зээл авсан байгаа. Байгууллагын эдийн засаг, санхүүд маш хүндээр тусч байна. Арилжааны, хөнгөлөлттэй, хөгжлийн зээлүүд хоорондоо ялгаатай шүү дээ. Арилжааны зээлээр ийм том төслүүдийг хэрэгжүүлэх боломжгүй. Тэр дундаа үнийг төрөөс хянадаг, нийгэмд эмзэг тусдаг том төслүүдийг арилжааны зээлээр хэрэгжүүлэх маш хүнд. Одоо бид Хөгжлийн банкны зээлээ төлж дийлэхгүй байна.

-Хөгжлийн банкны зээлийн талаар тодорхой ярина уу?

-Манай станц 250 тэрбум төгрөгийн өртэй. ОХУ-ын хэрэгжүүлсэн төсөл. Үнэтэй төсөл хэрэгжүүлж болно, буцаагаад төлж дийлэхгүй байна. Сая нийт хэрэглэгчдийн үнийг 21 хувиар нэмсэн. Манай станц нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 50 хувийг эзэлдэг гэхээр зээлийг төлөхийн тулд 21 хувийг 40-50 хувьд хүргэж нэмж байж жил жилд нь төлдөг графикт орох байх. Засгийн газар эрчим хүчний үнэ дээр ийм шийдвэр гаргаж чадахгүй байна. Нөгөө талаас, Хөгжлийн банк Дөрөвдүгээр станц хариуцлагагүй байна, зээлээ төл гэж шаарддаг. Гэтэл зээл төлөх эх үүсвэрийг бүрдүүлж өгөхгүй байна. Эдийн засгийн хувьд хүнд жил болж байна. Ажилтнуудынхаа цалинг 10 хувиар л нэмлээ. 240 тэрбум төгрөгийн өрөөс 20 тэрбум төгрөгийг энэ жил төлөх ёстой.

Манай станц 93 сая ам.доллар буюу 77,4 сая еврогийн дүнтэй 1-4-р турбиныг шинэчлэх төсөл хэрэгжүүлсэн. ОХУ-ын “Внешэкономи” банк зээлийн эх үүсвэрээ өөрсдөө гаргана гэсэн. Станц санхүүгийн компани биш учраас мөнгө зуучлах үүргийг Хөгжлийн банк хүлээж аваад дамжуулан манайд өгсөн. Дунд нь Хөгжлийн банк Оросын банканд төлбөрийг төлчихсөн. Бид одоо төлөх ёстой. Гэтэл станц мөнгөгүй. Станц бизнесийн гэхээс илүү төрийн байгууллага шиг болчихсон. Энэ жил 390 тэрбум төгрөгийн орлого олно. Бүх л хүчин чадлаараа ажиллаад 4.1 тэрбум сая кВт.ц цахилгаан, 4,9 сая Гкал дулаан үйлдвэрлэнэ. Орлогынхоо 50 хувийг нүүрсэнд өгнө. Банканд 20 тэрбум төгрөгийн үндсэн төлбөр, 14 тэрбумын хүү гээд 34 тэрбум төгрөг төлөх ёстой. Цалин, нийгмийн даатгалд, их засвар, хөрөнгө оруулалт гээд бүгдийг тооцчихсон. Хөгжлийн банк дээр 14 тэрбум төгрөг төсөвлөсөн. Гэтэл ийм мөнгөөр яах юм гэж Хөгжлийн банкнаас ярьсан. 2018 онд авсан зээл. Долоон жилийн дотор буюу 2025 онд төлж дуусгах ёстой. Хугацаа хаяанд ирсэн ч төлсөн юм байхгүй.

Монгол Улсын эрчим хүчний 58 хувийг ДЦС-IV үйлдвэрлэж байна

-Энэ асуудлыг Засгийн газрын түвшинд ярих юм биш үү? Үнэ тарифыг хүчээр барьчихсан юм чинь зээлийн энэ асуудлыг Засгийн газар шийдэж өгөх ёстой?

-Бүр Монгол Улсын төсвийн хэмжээнд яригдах асуудал. Уг нь эрчим хүчний үнийг нэмнэ гэж хагас жил ярьсан. Гэвч нийгэм эмзэг байна гээд аж ахуйн нэгжүүдийн эрчим хүчний үнийг нэмж, айл өрхийн хэрэглээний үнийг нэмээгүй. Ингэснээр 100 тэрбум төгрөгийн эх үүсвэр байхгүй болж байгаа юм. Алдагдал үлдэж байна гэсэн үг. Тиймээс өнгөрсөн жил хийсэн өвлийн бэлтгэл ажлын эзлэхүүнээ 20-30 хувиар хасахаас өөр арга алга. Уг нь станцын тоноглол муудаж буй тул эзлэхүүнээ нэмэх ёстой. Ковидын дараагаас юмны үнэ огцом өссөн. Бид их засварынхаа эзлэхүүнийг гаргаад тавихаар материалаа 30-40 хувиар бага захиалаад засвараа 30-40 хувиар бага хийхээс өөр аргагүйд хүрч байгаа юм. Тэгэхээр станцын аюулгүй ажиллагаа, найдваржилт 30-40 хувиар багасч байна гэсэн үг. Эрчим хүчний үнэ тарифыг нэмэхгүй бол асуудал улам хүндрээд байна аа гэсэн агуулга гараад байна. Эрх баригчид улс төрийн тогтвортой байдлыг эрэлхийлнэ.

Үнэ нэмэхээр улс төр талаас асуудал үүснэ гэж харж байгаа. Ард иргэдийн орлого нэмэгдээгүй нөхцөлд үнийг нэмэхээр мөн ковидын дараах инфляц, үнийн өсөлтөд төлж чадахгүй бол яах вэ. Ковидын үеэр эрчим хүчийг үнэгүй болгосон. Бидний хувьд станцаа бүрэн хүчин чадлаар нь ашиглаад, эзэмшээд, байгаа боломжоос нь илүү түвшинд ажиллуулаад явах нь сайхан л байна. Эдийн засаг, санхүү нь үнэхээр харанхуй байна.

-Хөгжлийн банк мөнгөө төл гэдэг, нөгөө талаас төрөөс үнэ барьчихсан. Одоо тэгээд яах вэ?

-Эрчим хүчний үнэ тарифыг дэлхийн жишигт хүргэх шаардлагатай. Дөрөвдүгээр станц нь хуучин ч удирдлага, технологийн хувьд дэлхийн жишигт хүрчихсэн. Үнэ тарифыг бага түвшинд хүчээр барихаар цахилгаан станцаа зориудаар муутгаж эвдээд байна. Би хувьдаа ингэж боддог. Төр цахилгаан станцуудаас нэг ижил үнээр цахилгаан худалдаж авдаг. Харин Дөрөвдүгээр станц ашигтай ажиллаад ашгийнхаа татвараас бусад станцдаа татвараа төлдөг байвал. Бидний тооцоогоор станц борлуулалтын орлоготой тэнцүү хэмжээний хөндлөн татаасыг бусад станцдаа өгч байна гэсэн тооцоо гарсан. Өнгөрсөн онд 300 орчим тэрбум төгрөгийг бусад станцад татаасаар өгсөн байна. Үнээ дундажлаад үзэхээр ТЭЦ-4- ийн үнэ хэт хямдхан, бусад нь хэт өндөр үнэтэй. Ижил түвшинд цахилгаан худалдаж аваад ашгийн татвараасаа төлөөд явбал манай станц өөрөө өөрийгөө шинэчлээд удаан хугацаанд тогтвортой, найдвартай цахилгаанаар хангаж ажиллах боломж нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа юм. Би станцыг хоцрогдсон, найдваргүй гэж ерөөсөө харахгүй байна. Хамгийн гол нь үнийн ийм бодлого хэрэгжээд яваад байвал Дөрөвдүгээр станцаа үгүй хийх гээд байна гэдгийг хэлж байгаа юм. Манай станцын насжилт дахиад 25-30 жилээр яригдана. Зуухнуудаа шинэчлээд, шинэ зуух нэмээд л явна. Турбинуудынхаа насыг уртасгачихсан. Байршлын хувьд манай станц алтан байршил дээр байдаг. Монгол Улсад буй алт шүү.

2022-2023 оны өвлийн их халаалтын гурван сард ДЦС-IV хоногт 240 вагон нүүрс, нийт 15.8 мянган тонн нүүрс түлсэн. Энэ нь ДЦС-IV-ийн түүхэнд байгаагүй тоо юм.

-Танай станцад олон хүн ажилладаг гэсэн шүүмжлэл бий. Боловсон хүчний хувьд орон тоог цөөрүүлж, хэмнэлт хийх боломж хэр байдаг вэ?

-Үнэ тарифыг төрөөс барьж ирсэнтэй холбоотойгоор байнгын тандалт, хяналтад байхаар ажилтнуудын сэтгэл санаа гундуухан болдог юм байна. Энэ жил тохиож буй 40 жилийн ойгоо тэмдэглэх гэхээр Хэмнэлтийн тухай хуультай зөрчилдөнө. Ямар аргаар ойгоо тэмдэглэж, ажилтнуудынхаа сэтгэл санааг өргөх вэ гээд л бодож байна. Ер нь бол сэргээх хэрэгтэй. Хүнээс илүү үнэтэй капитал гэж байхгүй. Манай станцад өнөөдөр 1490 хүн ажиллаж байна. Станцад олон хүн ажиллаж байна гэж ярьдаг.Станцыг 1983 онд анх проектлохдоо 989 хүнтэй байна гэж тооцсон. Тухайн үед зургаан зуух, дөрвөн турбинтай байсан. Одоо долоон турбин, найман зуухтай. Тэр үед 380 мегаватт хүчин чадалтай байсан бол өнөөдөр 789 мегаватт болсон. Үндсэн тоноглол таваар нэмэгдсэн байна. Ингээд бодохоор би ажилтнуудын тоог болж байна гэж үзэж байгаа. Мэдээж орон тоог цомхотгох, сул орон тоог цөөлөхийн төлөө явах нь зүй хэрэг. Ажилтнууд маань ямар ачаалалтай ажиллаж буйг би мэднэ. Барууны сонгодог утгаар цахилгаан станц ашиглалтын байгууллага байх ёстой. Аж үйлдвэржсэн орнуудад тийм л байдаг. Засвар үйлчилгээ, гэмтлийг засварын газраас ирээд засаад өгдөг. Цэвэр ашиглалтын байгууллага байя гэвэл Дөрөвдүгээр станцад 800-900 хүн ажиллаад байх боломжтой. Засварын 540 хүн байна гээд төсөлд заагаад өгчихсөн байдаг.

-Есдүгээр зуухыг барих асуудал ямар шатандаа явна вэ. Есдүгээр зуухны төслийг япончуудтай хамтран хэрэгжүүлэх санал тавьсан гэж ярьсан. Энэ бол станцын найдваржилтийг бий болгох бас л том төсөл.

-Хамгийн анхны тусламж Японоос Дөрөвдүгээр дулааны цахилгаан станцад орж ирж байсан түүхтэй. Үүнийг дагаад 1996 оноос Герман Дархан, Чойбалсангийн цахилгаан станцад тусалсан. 1995 оноос ABB орж ирсэн. Ер нь манай станцыг Япон станц гэж ярьдаг. Гэхдээ Оросын проект. Үүний төлөө бид япончуудад үнэхээр их баярлаж талархсанаа үргэлж хэлэх ёстой. Цаашдаа станцын ирээдүйг ч япончуудтай холбон харж байгаа. Бид есдүгээр зуухыг барина гэж ярьж байна. Цахилгааны хувьд өргөтгөх шаардлагагүй. Дулааны ачаалал маш их нэмэгдэж буй учраас дахин нэг зуух шаардлагатай. Үндсэн проектоор бол зургаан турбин, найман зуух байсан. Одоо долоон турбинтай болоод зуухны дутагдалд орчихоод байна. Ес дэх зуухыг япончуудтай хамтарч хэрэгжүүлбэл илүү орчин үеийн, найдвартай, бат бэх байх болно.

Ер нь улс орон, эрчим хүчний салбарын хувьд хамгийн өндөр технологитой оронтой, гуравдагч хөршийн бодлогоор хамтран ажиллах нь маш их ач холбогдолтой гэж хардаг. Учир нь япончууд манай станцын нөхцөл байдлыг маш сайн мэднэ. Маш их арвин туршлагатай. Япончуудын хийсэн зүйл найдвартай байдаг. Хамгийн сүүлийн үеийн программ хангамж, удирдлагаар хангадаг. Техникийн дэвшил хөгжлийг япончууд Монголын эрчим хүчний салбарт үзүүлсэн, цаашид ч шинэ шинэ технологи нэвтрүүлнэ гэж үзэж байгаа. Бид япончуудад санал тавьсан. Одоо засаг төрийн хамтын ажиллагааг хүлээж байна.

 

2023 оны хоёрдугаар сар

Д.Бэхбаяр

 

 

 

 

 

Д.Бэхбаяр