Өмнийн говьд хөгжлийн салхи үлээж, бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зургаан том сэргэлтийн хүрээнд л гэхэд 20 төсөл тус аймагт хэрэгжиж байна. Сүүлийн жилүүдэд Өмнөговь аймаг улсын төсөвт төвлөрүүлж байгаа орлого болон худалдан авах чадвар, эдийн засгийн тамир тэнхээгээрээ бусад аймгийг тэргүүлэх болсон. Мөн уул уурхайн экспортын хоёр том боомттой, стратегийн гурван том орд газартай, аялал жуулчлалын гол бүс нутаг, хүн амын төвлөрөл бий болсон гээд Өмнөговь аймгийн хөгжлийн талаар тоочвол Монгол Улсын эдийн засаг, нийгмийн чухал ач холбогдолтой аймгийн нэг болон хөгжиж буй нь тодорхой харагдана. 

Энэ ч утгаараа салбар бүрд гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татах боломж бий. Тиймээс, эдийн засгийн боломж, үр өгөөжийн талаар хэлэлцэх, хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах, хөрөнгө оруулалтын хэрэгцээ шаардлага, төслүүдийн талаарх нэгдсэн мэдээллийг өгөх, салбар бүрийн мэргэжилтэн судлаачдыг цуглуулан тулгамдаж буй асуудлаа ярилцаж санал солилцох зорилгоор есдүгээр сарын 28, 29-ны өдрүүдэд “INVEST GOBI-2023” хөрөнгө оруулалтын чуулганыг тус аймаг зохион байгууллаа. 

Тус чуулганы сэдэв, агуулгын цар хүрээ өргөн далайцтай, оролцогчдын тоо 500 давж, хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд аймгаа сурталчлан таниулах хүрээнд “Говь фестиваль”, “Оюу Толгой” ХХК-ийн ажлын байр, ханган нийлүүлэлтийн үзэсгэлэн, “Говийн үзэсгэлэн”, “Уулын эзэн” фото зургийн үзэсгэлэн, “Манлайлагчдын яриа” уулзалт, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үзэсгэлэн, Даланзадгад хотын аялал, Баянзаг чиглэлийн тусгай аялал зэрэг  дагалдах арга хэмжээг хоёр өдрийн турш зохион байгуулав. 

Хөрөнгө оруулалтын чуулганы үеэр нийт долоон салбарыг хамарсан төсөл, хөтөлбөрүүд, хөрөнгө оруулалтын орчин, Засгийн газраас баримталж буй бодлогын хүрээнд 12 салбар хуралдаан, 16 илтгэлийг хэлэлцүүллээ. 

Хөрөнгө оруулах нь

Чуулганы эхний илтгэлийг Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж тавьж, хэлэлцүүлгүүд “Өмнөговь аймагт хөрөнгө оруулах нь” сэдвээр эхлэв. 

Өмнөговь аймагт салбараа  нээх, шинэ компаниа байгуулах аж ахуйн нэгж болон суурьшихаар ирж байгаа иргэдийг найрсгаар хүлээн авч бүхий л боломжоор хангаж, дэмжлэг үзүүлнэ гэдгийг хэлэлцүүлгийн эхэнд Засаг дарга Р.Сэддорж амлав. Үндэсний томоохон үйлдвэрлэгч компани Өмнөговь аймагт салбар нэгжээ байгуулсан тохиолдолд газар үнэгүй олгож, эрчим хүч, шугам сүлжээний асуудлыг нь шийдвэрлэж, хог хаягдлыг нь үнэгүй татах аж. 

Энэ хүрээнд хог боловсруулах үйлдвэр барих, мод тарих төсөл, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр судалгаа хийх зөвшөөрөл хүсэгчид, метан хийг эрчим хүч болгох аж ахуйн нэгжүүд хандах болжээ. 

Мөн Даланзадгад хотод орон нутгийн хөрөнгөөр үйлдвэр технологийн парк байгуулахаар ТЭЗҮ-ийг гаргасан. Одоогоор уг үйлдвэрийн бүсэд аж ахуйн нэгжүүдэд эхнээс нь газар олгоод эхэлсэн байна. Үйлдвэр технологийн парк байгуулахад зориулж 100 га газрыг хамгаалалтад авчээ. Засаг даргаас гадна аймгийн бусад удирдлага ч Өмнөговь аймагт урьж байна гэдгийг чуулганы үеэр олон дахин хэлж байлаа. 

Өмнөговь аймагт хөрөнгө оруулах шалтгаануудаас тоочвол: Сүүлийн 10 жилийн хугацаанд нэг хүнд ногдох ДНБ 4.2 дахин өссөн, цаашид ч өсөх нь тодорхой байна. Улсын төсөвт төвлөрүүлж буй орлогын хэмжээ 2014 оноос хойш 903.8 тэрбум төгрөгт хүрсэн.  Энэ онд улсын төсөвт 456.4 тэрбум төгрөг төвлөрүүлнэ. Харин аймгийн төсвийн орлого сүүлийн 10 жилийн хугацаанд 8.7 дахин өссөн. 

Мөн газарзүйн байршлын хувьд давуу талтай. Тодруулбал, дэлхийн хоёр дахь том эдийн засагтай БНХАУ-тай хиллэж, хоёр том боомтоор холбогддог. Боомтын сэргэлтийн хүрээнд Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхэ боомт, Тавантолгой-Цогтцэций, Тавантолгой-Зүүнбаян гэсэн төмөр замын төслүүд, хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, ачаа тээврийн терминал шинээр барих төслүүд хэрэгжиж байгаа. 

Өмнөговь аймагт бизнес эрхэлбэл газар үнэгүй олгож, эрчим хүч, шугам сүлжээний асуудлыг нь шийдвэрлэж, хог хаягдлыг нь үнэгүй татах аж.

Өмнөговь аймгийн эрчим хүчний салбарт ч боломж, нөөц асар их бий. Сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй. Уламжлалт эрчим хүчний түүхий эд болох нүүрсний орд газрууд, гадаадын хөрөнгө оруулалттай метан хийний дөрвөн төсөл эхэлж байна. Энэ мэт өмнийн говьд  тасралтгүй өсөлт, макро таатай орчин гээд хөрөнгө оруулахаар хараагаа чиглүүлсэн гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад  асар их боломж байгаа нь харагдаж байлаа. 

Аймгийн төсөв 940 тэрбум төгрөгт хүрэв

Уул уурхай бол Өмнөговь аймгийн хөгжлийн гол тулгуур салбар. Тиймдээ ч уул уурхайгаас олж буй орлогынхоо дийлэнхийг дэд бүтэц, орон нутгийн иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд зарцуулж байна. Чуулганы хоёр дахь хэлэлцүүлэг “Уул уурхай: Дэлхийтэй холбох гүүр” сэдвээр  өрнөсөн. 

 Уг салбарыг түшиглэсэн жижиг дунд үйлдвэрлэл цар тахлаас хойш Өмнөговь аймагт эрчимтэй хөгжиж буй. Мөн төсвийн шинэ хуультай холбоотойгоор тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудыг бүртгэлжүүлж, үүний үр дүнд аймгийн төсөв 940 тэрбум төгрөгт хүрчээ. Орон нутгийн төсвийн орлого нэмэгдсэнтэй холбоотой жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд жилд таван тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгож байна. 

Мөн үйлдвэр технологийн паркийн дэд бүтэц, цахилгаан эрчим хүч, усан хангамжийн асуудлыг аймгийн төсвөөр хийж дууссан байна. Тиймээс жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, үйлдвэрээ барихаар төлөвлөж байгаа шинэ хөрөнгө оруулагчдыг тэрхүү үйлдвэрийн бүсэд урьж танилцуулав. Газар олгохдоо төслийн сонгон шалгаруулалт зарлах аж. Сонгогдсон аж ахуйн нэгжийг таван жил татвараас чөлөөлж, уг паркт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн болон туслан гүйцэтгэгч компаниудад нийлүүлэх асуудлыг Засаг даргын хамтын ажиллагааны гэрээнд тусгахаар зорьж байна.

Өвлийг өнтэй давах уу

“INVEST GOBI-2023” хөрөнгө оруулалтын чуулганаар Өмнөговь аймгийн эрчим хүчний асуудлаар хэлэлцүүлэг өрнөсөн. Өмнөговийн хөгжилд сайны хажуугаар саар асуудал ч хэд хэд байна. Энэ өвөл Өмнөговьчууд гал алдах дээрээ тулжээ. 

Даланзадгад хотод шинээр дулааны 50 МВт-ын цахилгаан  станц барихаар ТЭЗҮ-ийг боловсруулсан ч санхүүгийн эх үүсвэр нь шийдэгдээгүй. 

Тус хэлэлцүүлэгт панелистаар оролцсон Эрчим хүчний яамны Бодлого, төлөвлөлтийн газрын Нэгдсэн бодлого төлөвлөлт хариуцсан ахлах шинжээч Ё.Энхтуяа “Даланзадгадын дулааны 50 МВт-ын цахилгаан станцын төслийг яамны шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа” гэсэн товчхон мэдээлэл өгөв. Мөн Даланзадгадын станц цахилгаанаас гадна дулаан үйлдвэрлэх нь тийм ч үр ашигтай биш гэж үзэж буйгаа тэрбээр илэрхийлсэн. Эл станцын хөрөнгө оруулалт нь 130 сая ам.доллар. Шууд утгаараа 10 цахилгаан станц барих хэмжээний мөнгөөр босохоор байгаа учраас орон нутгийн удирдлагууд  шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн гишүүдтэй эдийн засгийн үр өгөөж талаас нь хэлэлцэж дахин судлах нь зүйтэй болов уу гэсэн санал дэвшүүлэв. 

Даланзадгад хотод шинээр дулааны 50 МВт-ын цахилгаан  станц барихаар ТЭЗҮ-ийг боловсруулсан ч санхүүгийн эх үүсвэр нь шийдэгдээгүй.

Мөн Тавантолгойн дулааны цахилгаан станцыг барих асуудлыг манай Засгийн газар 40 жил ярьж байгаа ч бодит ажил хэрэг болгож ядахнаа нэг шон, нэг зуух ч барилгүй өдий хүрсэн. 450 МВт-ын дулааны цахилгаан станцын эхний ээлжийн 300 МВт-ын гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэрийг сонгон шалгаруулах тендерийн эцсийн үр дүн зарлагдаагүй, гацсан хэвээр. Хэрэв Тавантолгой дулааны цахилгаан станц ашиглалтад орчихсон бол Өмнөговь аймаг дулаан, цахилгааны асуудалтай нүүр тулахгүй байх байлаа. Өвөл хаяанд ирж өмнөговьчууд гал алдаж хөлдөх вий гэж санаа зовниж байна. Хүн амын төвлөрөл бий болж үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр цахилгаан, дулааны дутагдалд орох аюул нүүрлээд буй.

Одоогийн ашиглаж байгаа дулааны цахилгаан станц өнгөрсөн онд хүчин чадлынхаа дээд хэмжээнд буюу 92-95 хувиар өвлийг давжээ. Харин энэ өвөл Даланзадгадын дулаан, тэр дундаа цахилгааны хэрэглээг бүрэн хангаж чадахгүй болсон гэдгийг тус станцын Гүйцэтгэх захирал Д.Эрдэнэтөгс хэлэлцүүлгийн үеэр хэлэв. Тиймээс шинээр барих 50 МВт-ын станцыг Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн хурал дээр дэмжиж өгөөч гэсэн хүсэлтийг тавьсан.

Өмнөговь аймаг эрчим хүчний түүхий эд, нөөцөөр асар баялаг боловч энэхүү боломж, баялгийг ашиглаж чадахгүй байгаа нь харамсалтай. 

Хот ба ус 

Хөрөнгө оруулалтын эхний өдрийн хамгийн сүүлийн хэлэлцүүлэг “Хот бүтээх нь” сэдвийн хүрээнд өрнөсөн. 

Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций, Гурвантэс сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлсэн. Цогтцэций сумын төвийг 2050 он хүртэл ухаалаг, ногоон, тогтвортой хөгжлийг хангасан шинэ суурьшлын бүс болгон хөгжүүлэх бол “Оюу Толгой” компанийн хөрөнгө оруулалтаар Ханбогд сумыг 2040 он хүртэл хот болгон хөгжүүлэх ажил эхэлсэн. Гурвантэс сумын төвийн гэр суурьшлын бүсийг цаашид үе шаттай бууруулж, сайжруулах бөгөөд сумын төвийг инженерийн хангамжтай амины сууц байдлаар хөгжүүлэхээр төлөвлөжээ.

Хот байгуулна гэдэг зөвхөн орон сууц, хотхон барьдаг процесс биш. Маш нарийн төлөвлөлттэй, уян хатан, дэд бүтцийг бүрнээр нь шийдвэрлэсэн, зам харилцаа өргөжсөн, ерөнхий архитектурын зөв шийдэлтэй байж хотын статуст дөхөж очно. Сүүлийн таван жилийн хугацаанд Өмнөговь аймагт хүн амын төвлөрөл дагасан хот суурингийн усан хангамж, уул уурхайн үйл ажиллагаа, төмөр замын бүтээн байгуулалт хийгдэж байгаагаас усны хэрэглээ огцом нэмэгдэх болов. 

Гэвч гадаргын ус, хур борооны байнгын гачигдалтай говь нутагт усны асуудлыг шийдэхэд олон хүндрэл тулгарсаар байна. Зүүн чиглэлийн сумдад 200 метрийн гүнээс ч  ус гардаггүй бөгөөд Ханбогд сумын Хайрхан баг огт усны нөөцгүй болжээ. Тус суманд нэг литр ус 50 төгрөгийн үнэтэй болсон нь ихээхэн асуудал дагуулж байна. 

Усны хомсдолыг шийдвэрлэхийн тулд Өмнөговь аймаг хангайн бүсээс хур, үерийн илүүдэл усыг говь руу татах “Орхон Онги”, “Хөх морь”, “Хэрлэн говь” зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр олон жил хүсэж, хүлээсээр өнөөдрийг хүрчээ. 

Зүүн чиглэлийн сумдад 200 метрийн гүнээс ч  ус гардаггүй бөгөөд Ханбогд сумын Хайрхан баг огт усны нөөцгүй болжээ. Тус суманд нэг литр ус 50 төгрөгийн үнэтэй болжээ.

“Хот байгуулах” нь хэлэлцүүлгийн үеэр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга З.Батбаяр “Дундговь аймаг жилд дунджаар 307 мянган метр куб, Өмнөговь аймгийн Даланзадгад сум 630 мянган метр куб ус ашиглаж байна. Харин Улаанбаатар хот хоногт 300 мянган метр куб, Ханбогд сум 72 мянган метр куб ус ашигладаг. Мөн Оюу толгой уурхай зөвхөн зам талбайн тоосыг дарах зорилгоор бохир усыг цэвэршүүлж жилд 624 мянган метр куб саарал ус хэрэглэж байна. Цаашид бид усаа хэмнэх, дахин ашиглах, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх зэрэг усны зөв менежмент явуулах зайлшгүй шаардлагатай” хэмээн онцлов.

Харин Хотын байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд “Ногоон хөгжлийн бодлого, ногоон хотын стандартыг хэрэгжүүлэх, дэвшилтэт техник технологи, инновац нэвтрүүлэх, хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй дулаан, ус, цахилгааны эх үүсвэртэй байх” гэсэн заалт орсон гэдгийг Барилга, хот байгуулалтын яам, Хот байгуулалтын хэлтсийн дарга Д.Билэгсайхан хэлсэн. Мөн хот байгуулах ажлыг хэрхэн хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулсан байхыг шаардана гэв. 

Ийн “INVESTGOBI-2023” хөрөнгө оруулалтын чуулганы эхний өдрийн хэлэлцүүлэг, илтгэлүүд өндөрлөв. 

Үргэлжлэл бий…

 

 

 

 

 

 

 

 

B Shurenchimeg