Өнөөдрийн ур чадвар ирээдүйд хэрэг болох уу?

Mongolian Economy
2020-09-16 13:41:34

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын (ОУХБ) 100 жилийн ойг тохиолдуулан хөдөлмөрийн дараагийн зууны эхлэл болгож Ажил хөдөлмөрийн ирээдүй хэмээх Дэлхийн тайланг өнгөрсөн оны эхээр танилцуулсан билээ. Монгол Улс ОУХБ-д гишүүнээр элсээд хэдийнэ 50 жилийн хугацаа өнгөрчээ. Монгол Улс гурван талтаараа нэг баг болон улсаа төлөөлж үйл ажиллагаанд нь оролцдог дэлхийн цорын ганц байгууллагын нэг гишүүн нь болсон нь тэмдэглүүштэй том үйл явдал юм. ОУХБ нь Засгийн газар, ажил олгогч, ажилтны төлөөлөл бүхий гурван талтай зэрэг ажилладаг НҮБ-ын төрөлжсөн агентлаг юм. Энэ утгаараа Монгол улс ОУХБ-ын үйл ажиллагаанд нэг элчин сайдыг, эсвэл нэг байгууллагыг биш, харин гурван талт төлөөлөгчөө илгээдгээрээ онцлогтой.

Ажил хөдөлмөрийн ирээдүй

Дээр дурдсан Дэлхийн тайланд хиймэл оюун ухаан, автоматжуулалт, робот зэрэг технологийн дэвшил хэрхэн шинэ ажлын байруудыг бий болгох талаар хэлэлцсэн байлаа. Мэдээжийн хэрэг, энэ шилжилтийн үед олон хүн ажлын байраа алдах болно. Энэ шалтгаанаар ажлаа алдсан хүмүүс шинээр бий болох ажлын байранд хамгийн бэлтгэл муутай нь байх болно. Тайланд бичсэнээр, “Өнөөдрийн ур чадвар маргаашийн ажлын байранд тэнцэхгүй бөгөөд шинээр олж авсан ур чадварууд ч мөн хурдан хоцрогдох магадлалтай” аж. Монгол Улсын эдийн засаг төдийлөн сайн хөгжөөгүй тул энэ үйл явдал манай улсын хувьд хэрхэх нь сонирхол татаж байна. Хэдхэн жилийн өмнө автобусны тасалбар таслагчаар ажиллах нь түгээмэл үзэгдэл байлаа. Гэтэл өнөөдөр автобусны ухаалаг карт хэрэглээнд нэвтэрсэн тул энэ ажлын байр бүрмөсөн үгүй болчихоод байгаа юм. Технологийн дэвшил аажмаар Монгол Улсад орж ирж, биелэлээ олж байна. Өөр нэг жишээ бол, цахим гүйлгээг өргөнөөр ашиглах болсон явдал юм. Банкууд гар утасны аппликэйшнээр дамжуулан илүү дижиталчлагдаж байна. Энэ нь “Банкны теллер хэмээх ажлын байр устаж алга болох уу?” гэсэн дараагийн асуултыг тавьж байна.

Эдгээр өөрчлөлт нь эдийн засгийн хувьд илүү өнлөр хөгжилтэй орнуудад хурдацтай явагдаж байгаа юм. Хятадын Донггуан хотын нэгэн үйлдвэр ажилчдынхаа 90 хувийг машинаар сольсноор бүтээмж 250 хувиар нэмэгдэж, гологдол бүтээгдэхүүн 80 хувиар багассан байна. Энэ мэт баримт, жишээ дэлхийгээр дүүрэн байна. 2017 онд CNBC агентлагаас хийсэн судалгааг харахад дэлхий дээр 800 сая орчим ажилтныг роботоор орлуулах боломжтой гэнэ. Бас нэгэн цочирдом судалгааны үр дүн бол хөгжилтэй орнууд болох Америк, Герман зэрэг улсын ажилчдынх нь бараг гуравны нэг нь 2030 он гэхэд шинэ ур чадварт суралцаж өөр ажил хайж олох шаардлага үүсэх аж.

Магадгүй өнөөдөр албан бус салбарт ажиллаж байгаа хүмүүсийн гүйцэтгэж буй биеийн хүчний ажлыг машинаар орлуулах цаг үе ч ирэх нь. Тийм учраас, бүх хүн энэ шилжилтэнд бэлэн байх хэрэгтэй.

Сүүдрийн эдийн засгийн асуудлыг шийдвэрлэх нь

Албан бус салбарт ажиллаж байгаа хүмүүс орлого багатай, удаан цагаар ажилладаг, ажлын байрны аюулгүй байдал хангагдаагүй, бүтээмж доогуур, ур чадвар тааруу, нийгмийн хамгааллын тогтолцоонд бараг хамрагддаггүй байх талтай. Үүнтэй холбоотойгоор, Монголын гурван талт түншүүд албан бус салбарт ажиллагсдын эвлэлдэн нэгдэх, хамтын хэлэлцээр байгуулах эрхийг хэрэгжүүлэх асуудлаар эрчимтэй ажиллаж байна. Энэ асуудлаар ОУХБ нь Европын холбооны дэмжлэгтэйгээр хууль, эрх зүйн зөвлөмж гаргажээ. Эвлэлдэн нэгдэж, хамтын хэлэлцээр байгуулснаар ажиллагсдын цалин, хөдөлмөрийн нөхцөл сайжрах бололцоотой бөгөөд албан бус салбарт ажиллаж байгаа хүмүүсийн хөдөлмөрлөх эрхийг хамгаалах, улмаар албан салбарт шилжих үүд хаалгыг нээж өгнө.

Монгол Улсын 1999 онд батлагдсан Хөдөлмөрийн тухай хууль нь албан бус салбарт ажиллаж буй хүмүүст хамаарахгүй бөгөөд хуулийн заалтууд зөвхөн хөдөлмөрийн гэрээ байгуулж хөдөлмөрийн харилцаанд орсон ажилтан, ажил олгогчид хамаарах аж. Гэсэн хэдий ч, албан бус салбарт буюу сүүдэр эдийн засагт ажиллаж байгаа хүмүүсийн эвлэлдэн нэгдэх, хамтын хэлэлцээ хийх эрхийг хязгаарладаггүй.

Монгол Улсын гурван талт хамтын ажиллагааны хоёр тал болох Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо (МҮЭХ), Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо (МАОЭНХ) ч бас албан бус салбар буюу далд эдийн засгийг тойрсон энэхүү асуудлуудыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Үүнд хөдөө орон нутгийн хүмүүс, цагаач ажилчид бас хамаарна.

Ажлын байран дахь эрх: Сүүлд ажилд орж, түрүүнд халагдах

Монголын эдийн засгийн нэг сонирхолтой үзэгдэл бол дээд боловсролтой залуус өөрөөсөө доош түвшний боловсролтой залуустай харьцуулахад ажил олоход хамгийн их бэрхшээлтэй тулгардаг. Дунд сургууль эсвэл их дээд сургууль төгсөөгүй залуучууд хамгийн түрүүнд хөдөлмөрийн зах зээлд хөл тавьдаг бөгөөд ур чадваргүйн улмаас гол төлөв албан бус салбарт ажиллахаас аргагүйд хүрч байна.

“Залуу хүмүүс хамгийн сүүлд ажилд орж, хамгийн эхэнд халагддаг” гэх үг ч байна. Нийт иргэдийнх нь гуравны нэг нь залуус байдаг учир Монгол Улс залуусын оронд тооцогддог. Хэдий тийм ч залуусын 20 хувь нь ажилгүй байгаа нь харамсалтай. Ажилгүйдлийн албан ёсны үзүүлэлтийг тооцохдоо зөвхөн идэвхтэй ажил хайж байгаа хүмүүсийн тоон дээр тулгуурладаг тул бодит байдал дээр энэ үзүүлэлт хавьгүй өндөр байхаар байгаа юм. Нуугдмал хэлбэрийн ажилгүйдлийг нэмбэл тус үзүүлэлт эрс өснө.

Залуус хөдөлмөрийн зах зээлд хөл тавихаасаа өмнө хөдөлмөрлөх эрхээ мэдэж авах хэрэгтэй. Хүний Эрхийн Үндэсний Комисс мэдэгдэлдээ, “Залуус цалингүй туршилтын хугацаа, ажлын урт цаг, хөдөлмөрийн гэрээгүй ажиллах, доромжлуулах, шударга бусаар ажлаас халагдах зэргийн өмнө хүч мөхөстдөг” гэж цохон тэмдэглэсэн юм. ОУХБ нь төр, төрийн бус байгууллагуудын санаачлагаар байгуулагдсан залуучуудын хөдөлмөрлөх эрхийг хангах “Залуучуудын зохистой хөдөлмөрийн сүлжээ”-г дэмжиж ажиллаж байна.

Залуу хүмүүсийн хувьд зохистой ажил, хөдөлмөр олно гэдэг маш хэцүү бөгөөд ажил олгогчид ч бас залуучуудын өмнө тулгарч буй бэрхшээлийг мэддэг. Залуучуудыг ур чадвар тааруу гэж зэмлэх нь олонтаа бөгөөд өөрийг нь орлох ажилтныг хаанаас л бол хаанаас маш хурдан олчихно гэсэн дарамтыг ажил олгогчийн зүгээс үзүүлдэг. Залуус өөрсдийн эрхийн талаарх мэдлэг дутмаг байдаг учраас эрх нь зөрчигдөх, тухайлбал урт хугацаагаар туршилтын журмаар цалингүй ажиллах тохиолдол их байна.

Ажил олгогчтой байгуулж буй хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрлөх эрхийн асуудлаа тусгаж чадахгүй байгаа нь ажилтны хувьд томоохон асуудал бөгөөд ажил олгогч ихэвчлэн албан бус салбарт ажиллагсдаас багахан дээгүүр нөхцлөөр ажиллуулдаг. Компаниуд хэдхэн сарын дараа энэ хүмүүсээ халчихаад, хямд хөлсөөр ажиллах дараагийн хүнийг хайж эхэлдэг.

 

Уг нийтлэл Mongolian Economy сэтгүүлийн №149 дугаарт нийтлэгдсэн болно.

Mongolian Economy