Буруутныг хайх ажиллагаа
Хар зах дээр ам.долларын ханш 2690 төгрөгт шүргэж, богино хугацааны ханшийн савлагаа үүсгэсэн буруутныг хайх ажиллагаа орон даяар өрнөж буй гэлтэй. Өнгөрсөн баасан гарагт FATF (Financial Action Task Force) буюу Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллагын ээлжит хурлаар манай улсыг саарал жагсаалтад оруулсан нь ийнхүү ам.долларын ханш огцом өсөхөд хүргэлээ. Ханшийн огцом өсөлтийг харвал өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагаас эхэлсэн бөгөөд Монгол Улсыг хариуцсан төлөөлөгч манай улсын үнэлгээг танилцуулж, хурлын уур амьсгалын талаар Монголын төлөөлөгчид сошиал орчинд мэдээлсэн үетэй давхцаж байгаа юм.
Ханшийн өсөлтөөс сэргийлэх зорилгоор өнгөрсөн долоо хоногт Монголбанкнаас 70 сая ам.доллар захад нийлүүлснийг албаныхан мэдээлэв. Мөн нэр бүхий банкууд ам.доллар худалдан авалтад хязгаар тогтоох, валютын худалдааг хязгаарлах зэрэг арга хэмжээ авсан. Статистикаас харахад төгрөгтэй харьцах голлох валютуудын ханш огцом чангарчээ.
Гэтэл ханшийг ингэж өсгөх эдийн засгийн суурь шалтгаан байхгүй гэдгийг Монголбанкны удирдлагууд өнөөдөр болсон “2020 оны Мөнгөний бодлогын хэлэлцүүлэг”-ийн үеэр хэвлэлийнхэнд мэдээллээ. Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа “Төлбөрийн тэнцлийн төлөв эерэг, гадаадын шууд хөрөнгө оруулалт хэвийн үргэлжилж, гадаад валютын албан нөөц 3.8 тэрбум ам.долларт хүрч, гадаад худалдаа ашигтай явж байна. Төсөв ч гэсэн энэ онд ашигтай гарна гэдгийг Сангийн сайд мэдэгдсэн. Тиймээс эдийн засгийн суурь орчинд валютын ханш савлах хүчин зүйл байхгүй” гэв. Есдүгээр сарын байдлаар төсөв 484.6 тэрбум төгрөг, гадаад худалдаа 1.3 тэрбум ам.долларын ашигтай байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлсэн.
Харин Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Монгол Улсыг саарал жагсаалтад оруулсныг одоо л мэдээлж буйгаас биш энэ явц 2017 оноос эхэлсэн. Нөгөөтэйгүүр, FATF-ын албан ёсны мэдэгдэлд саарал жагсаалтад орсон орнуудтай санхүүгийн хэвийн харилцаатай байна, ямар нэг хязгаарлалт байхгүй гэдгийг дурдсан. Тиймээс валютын ханш саарах, гадаадын шууд хөрөнгө оруулалт буурах, зээлжих зэрэглэл буурах гэх мэт өргөн хүрээтэй сөрөг нөлөө гарахгүй. Харин олон улсын санхүүгийн харилцаанд манай талаас илүү нарийвчилсан мэдээлэл шаардаж, зардал бага зэрэг өснө” гэв.
Монголбанкны удирдлагуудын мэдээлж буйгаар саарал жагсаалтад орсон орнуудын зээлжих зэрэглэл буурах магадлал 20-30 хувь байдаг аж. Дайн, дотоодын үймээн самуунтай улс орнуудын зээлжих зэрэглэлийг бууруулсан практик байдаг. Харин манайх шиг тайван орны хувьд төсвийн болоод төлбөрийн тэнцэл алдагдалтай үетэй давхацвал зээлжих зэрэглэлийг бууруулах эрсдэлтэй. Манай улс 2017 оноос эрчимтэй хяналтад орсон ч зээлжих зэрэглэл түүнээс хойш тасралтгүй нэмэгдсээр ирснийг албаныхан сануулав.
Саарал жагсаалтад орсноор банк санхүү, бизнесийн орчинд бидний төсөөлж байсан шиг ноцтой эрсдэл үүсэхгүй юм бол төрийн өндөр дээд албан тушаалтнууд сэрэмжилж, валютын ханшийн зохиомол хөөрөгдөл үүсгэсний шалтгаан юу вэ? Бизнесүүдээ хорлохын тулд уу? Иймэрхүү мэдээлэл ханшийн өөрчлөлтөд нөлөөлж, үүсгэх үр дагаварын талаар төрийн сэнтийд заларсан түшээд жирийн иргэдээс дутуу мэдлэгтэй байдаг гэвэл үнэмшилгүй.
Тэр тусмаа арилжааны банкуудын активын чанарын үнэлгээтэй холбон, саарал жагсаалтад орох нэг үндэслэлээр тайлбарласан нь бүр ч төөрөгдөл үүсгэнэ. Гэтэл ил болсон мэдээллээр FATF-ын зөвлөмжийн биелүүлээгүй үлдсэн дөрвөн заалтад банктай холбоотой нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Банкуудын активын чанарын үнэлгээний шаардлага бол манай улсад хэрэгжүүлж буй ОУВС-ийн тусламжийн хөтөлбөртэй хамаатай зүйл. Гэхдээ нөгөө талаар саарал жагсаалт төсвийн орлого талдаа эрсдэл үүсгэхийг Сангийн сайд төсвийн төсөлөө УИХ-ын даргад өргөн барьсны дараа хэвлэлийнхэнд өгсөн мэдээлэлдээ дурдаж байсан билээ.
Банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрийн аудитын дүнгийн талаар албан ёсоор мэдээлээгүй байгаа нь ОУВС-ийн хөтөлбөрийн зургаа дахь шатны үнэлгээ болон дараагийн ээлжийн санхүүжилт гацахад хүргээд буй. Ирэх оны дундуур дуусах уг хөтөлбөрийн хүрээнд ОУВС болон бусад донороос 700 сая орчим ам.доллар буюу 1.8 их наяд гаруй төгрөгийн санхүүжилт орж ирэх дутуу. Хэрэв энэ мөнгө орж ирэхгүй бол 2020 оны төсвийн хоёр их наяд төгрөгийн алдагдлыг нөхөх мөнгө сох дутна гэсэн үг.
УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сарын 7-нд FATF-ын удирдлагад явуулсан албан бичигтээ дээрх шаардлагуудыг хангахын тулд ирэх оны төсөвт хууль хяналтын байгууллагын орон тоог нэмэгдүүлж, холбогдох зардлыг тусгаж буйгаа мэдэгдсэн. Тухайлбал, АТГ-д 60, УЕП-т 50, ЦЕГ-т 35, ШЕЗ-д 20, ХХЕГ-т 55, ГЕГ-т 19, СЗХ-нд 10 орон тоо тус тус нэмэх юм байна.
Гэхдээ мэргэжилтнүүдийн хэлж буйгаар саарал жагсаалт дангаараа эдийн засагт учруулах эрсдэл туйлын бага. Харин төсвийн болоод төлбөрийн тэнцлийн алдагдалтай хосолбол Монгол Улсын зээлжих зэрэглэл буурч, гадаадын шууд хөрөнгө оруулалт багасах, улмаар төгрөгийн ханш сулрах эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл, саарал жагсаалт нь эдийн засагт биш харин манай улсын засаглалд өгч буй олон улсын үнэлгээ гэдгийг эдийн засагч С.Дэмбэрэл тайлбарласан юм. Монгол Улс FATF-ын техникийн 20 зөвлөмжийг биелүүлсэн атлаа хэрэгжилтийн дөрвөн зөвлөмжийг хангаж чадахгүй байгаа нь манай улсад холбогдох хууль тогтоомж хэрэгждэггүйтэй холбоотой гэж эдийн засагчид, албаныхан дүгнэж байгаа юм. Энэ бол саарал жагсаалтад орсны буруутныг түвэггүй олох түлхүүр. Нөгөөтэйгүүр, 2020 оны дэндүү өөдрөг төсөөлсөн төсвийн орлого болоод сонгуулийн синдром нүүрлэсэн төсвийн зарлага хоёрын зөрүү тэлэх тусам эдийн засагт учрах эрсдэл өндөр. Магадгүй тэр үед саарал жагсаалт болоод эдийн засагт эрсдэл учруулсан буруутнуудын нэр давхцаж мэдэх юм.