13 ястны өлгий нутаг Ховд аймаг
Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондогтой ярилцлаа.
Ховд аймаг ногоон хөгжлийн хөтөлбөрөө баталлаа. Мэдээж, аймгууд ногоон хөгжлийг дэмжиж олон хөтөлбөр баталдаг. Харин танай аймгийн хувьд ямар онцлогтой вэ?
Дэлхий дахинаа дулаарал, уул уурхайн олборлолтоос үүдэлтэй хөрсний доройтлын эсрэг ногоон хөгжлийн хөтөлбөр боловсруулж хүнд байдлаас гарна гэж байна. Энэ хүрээнд манай аймаг ногоон хөгжлийн хөтөлбөрийг 2016 оны 10 дугаар сард баталсан хоёр дахь аймаг болсон. Ингэснээр аймгийнхаа хөрс, ус, байгаль орчны аюулгүй байдал, цаашлаад нийгэм, эдийн засгийнхаа хөгжилтэй холбогдох олон цогц асуудлыг шийдэхээр байгаа. Уг хөтөлбөрийг байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн болон олон улсын байгууллагууд нааштай хүлээж авсан. Мөн энэ чиглэлээр хоёр хоногийн сургалт явууллаа. Баруун бүсийн тулгуур аймгийн хувьд үйлдвэр, үйлчилгээ сайжирч, уул уурхайн үйл ажиллагаанаас бохирдсон хөрс, усыг сайжруулж, илүү хариуцлагажсан хөтөлбөр болно гэж үзэж байна.
Ногоон хөгжлийн загвар аймаг болно гэж хэллээ. Та бүхэнд ямар боломж байна вэ?
Манай аймагт уул уурхай харьцангуй бага хөгжсөн. Ер нь баруун бүсийн хэмжээнд ч бага. Тийм учраас хөтөлбөрөө анхнаас нь хөгжүүлэхдээ байгаль хамгаалах, экологи, ногоон хөгжил талыг нь уул уурхайн хариуцлагын талыг нь уялдуулах хэрэгтэй гэж бодсон. Аймгийн зүгээс “Хөшөөт”-ийн уурхай гэж том нүүрсний уурхай руу 320 км урт авто зам тавьсан. Цаашлаад Байтагийн боомтоор нүүрсээ гаргах төлөвтэй байна. Үүнтэй холбогдуулж 110 км зам тавих төсөл яригдаж байна. Түүнчлэн булаг шандаа хамгаалж, эко аялал жуулчлал хөгжүүлж, уул уурхайгаас гадна байгалийн онгон дагшин газар нутгаар жуулчдыг зорчуулж орлого оруулах эх үүсвэр бий болгоно. Мөн байгаль орчин доройтож байгаа газруудаа уламжлалт аргаар хамгаалах чиглэлээр ажиллаж эхэлбэл сайн үр дүн гарах байх.
Ховд аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх нөөц боломж хэр байгаа вэ?
Манай аймгийн хувьд авто зам харьцангуй сайжирч, Говь-Алтай-Ховд чиглэлийн 263 км зам ашиглалтад орж байна. Улаанбаатараас нийтийн тээврийн автобус өмнө нь 3-4 хоногт очдог байсан бол одоо 24 цагтаа багтаад зорчиж байна. Агаарын тээврийн хувьд долоо хоногтоо 10 орчим онгоц хүлээн авч байна. Зун, намрын дулааны улиралд жуулчдыг татах бүрэн боломжтой. Ховд аймагт аялал жуулчлалын томоохон бааз суурь байгаа гэж үздэг. Тухайлбал, улсын хэмжээнд бүртгэлтэй арав орчим мөнх цаст оргилын зургаа нь манай аймагт бий. Цаашлаад дэлхийд гайхагдсан Гурванцэнхэрийн агуй бий. 30 гаруй мянган жилийн өмнө хүн амьдарч байсан түүхэн баримт, зургууд гэх мэт аялал жуулчлалын сонирхолтой бүтээгдэхүүн олон байдаг. Бид Гурванцэнхэрийн аялал жуулчлалын бүсээр хийсэн “Таван од” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна. Энэ хүрээнд гадаадын жуулчдыг олон шугамаар хүлээж авах нөхцөл бүрдэнэ.
Ховд аймаг олон ястны өлгий. Энэ нь ч аялал жуулчлалын брэнд болж болно шүү дээ.
Одоогийн байдлаар 13 ястан Ховд аймагт амьдарч байна. Энэ бол аялал жуулчлалын гол бааз. Тус баазыг харуулсан ардын соёл урлагийн ордон барихаар төлөвлөсөн. Түүнчлэн хуучнаар аймгийн парк гэгддэг байсан цэнгэлдэхийг дахин сайжруулж, засварлах замаар олон ястан үндэстний нэрээр маш том цэцэрлэг болгохоор зураг төсөл хийгдэж байна. Мөн үндэстэн ястны соёлыг түгээсэн хөөмий, биелгээ, уртын дуу зэргийг харуулсан урлагийн наадам, фестиваль зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Ховд аймгийн хувьд эдийн засгийн хүрээнд тулгамдаж байгаа ямар асуудал байна вэ?
Эдийн засгийн хувьд томоохон үйлдвэр үйлчилгээ гэхээр зүйл байхгүй. Уул уурхайн тоотой хэдэн уурхай бий. Харин эсрэгээр жижиг, дунд үйлдвэрлэл болох хөнгөн үйлдвэр, барилгын материал, авто зам сайн хөгжсөн. Баруун аймгууд дундаа эдийн засаг харьцангуй сайн хөгжсөн гэж үздэг. Тухайлбал, ховдчуудын хадгаламж жилээс жилд өсч байна. Одоогийн байдлаар 40 гаруй тэрбум төгрөгийн хадгаламжтай байна. Харин бензин шатахуун, гэрэл цахилгааны үнийн асуудалтай тулгардаг. Энэ бүгдээс гарахын тулд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих, нарны зайн эх үүсгүүртэй 30-60 орчим мегаваттын станц барихаар төлөвлөөд байна. Эдгээр нь Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан байгаа.
Цахилгаан станцыг ямар хөрөнгө оруулалтаар барих вэ?
Зээл, тусламжаар л барина. Одоо Хятадын зээлийн асуудал яригдаж, аймаг ч зээлийг судалж, хайж байна. Бид Шинжаан-Уйгарын өөртөө засах орон болон Хятадын Хан хуй мужтай нягт холбоотой ажилладаг. Гэхдээ эн түрүүнд эдийн засгийн ТЭЗҮ гарсны дараа хөрөнгийн ямар эх үүсвэрээр барих вэ гэдгээ шийднэ. Түүнчлэн үүнтэй уялдаад баруун бүсийн цементийн үйлдвэр баригдана.
Хөрш зэргэлдээх улсуудтай баруун талаар холбоо тогтоож байгаа нь хөгжлийн эх үүсвэр болж чадаж байна уу?
Уламжлалт харилцаа бий. Шинжаан-Уйгарын өөртөө засах оронтой Булган, Байтаг гэсэн хоёр боомтоор хиллэж байна. Булган боомт бол байнгын үйл ажиллагаатай, хилийн бүх худалдаа, үйлчилгээ үүгээр явагдаж байна. Байтаг нь жилдээ дөрвөн удаа нээгддэг байсныг цаашдаа байнгын болгож, зам тавих тухай яригдаж байгаа. ОХУ-тай Баян-Өлгий, Увс аймгаар дамжиж Цагааннуур, Боршоогийн боомтоор холбогддог. Цаашдаа ч ОХУ-тай хамтарч ажиллах тухай анхны яриа хэлэлцээрийг хийсэн. Хятадын талтай мөн томоохон төсөл, хөтөлбөрт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурсан байгаа.
Баруун таван аймаг, тэр дундаа Ховд аймагт бизнес эрхлэх орчин хэр вэ?
Орчин бол боломжтой. Сүүлийн үед татварын бодлогоор алслагдсан аймгуудад үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуй нэгжийн татварыг хөнгөлөх тухай хууль гарсан, хэрэгжиж байна. Экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажлын байр нэмэгдүүлсэн тохиолдолд хөнгөлөлт бий. Одоогийн байдлаар тав орчим хувиар бууруулах тухай хуулийн заалт байгаа. Аж ахуй нэгжүүд энэхүү хөнгөлөлтийг ашиглавал төвлөрлийг сааруулан, эдийн засгийг сайжруулахад нөлөө үзүүлэх болно.
Танай аймагт өөр ямар бизнес хөгжих боломжтой байна вэ?
Эрчим хүчний доголдол харьцангуй бага, зам хөгжсөн учраас аялал жуулчлалын бизнес сайн хөгжинө. Уул уурхайг дэмжиж ажиллана. Нөгөө талаас жижиг, дунд үйлдвэрлэл буюу дотоодын махны хэрэгцээг хангах, брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэргээр олон чиглэл бий. Үүнийг цаашид улам нэмэгдүүлж, ажлын байрыг олшруулахад хувийн хэвшлийг түшиглэхээс өөр аргагүй. Цементийн үйлдвэр байгуулагдвал ажлын байр ч тодорхой хувиар нэмэгдэнэ гэж харж байгаа.
Аймгийн энэ оны төсөв ямар байдалтай байгаа вэ? Хуваарилсан төсвөөс гадна орон нутгийн хэмжээнд мөнгө олох ямар бололцоо байна вэ?
Манай аймгийн хувьд 2017 оны төсөв өнгөрсөн оны хэмжээнд л батлагдсан. Орон нутгийн хөгжлийн сан тэрбум орчим төгрөгөөр буурсан. Аймгийн орлогын төлөвлөгөө 2016 оныхоо түвшинд байх бололцоо бий. Түүнчлэн үйлдвэр, аж ахуйн газрууд баригдахаар эрчим хүчний хувьд бие даасан байдалтай болно. Энэ бүхнээс харвал төсөв явцын дунд гайгүй болох байх. Гэхдээ энэ жилийн төсөв үнэхээр хүнд байна. Тийм учраас төсвийнхөө хэмжээнд л ажил явагдана.
Орон нутгийн удирдлагуудад төсвөө захиран зарцуулах эрх мэдлийг шилжүүлсэн. Тэгсэн мөртлөө улсаас төсөв хараад байдаг гэсэн яриа бий. Тэр хэр үндэслэлтэй вэ?
Ер нь манайх чинь улсын нэгдсэн төсвөөр явж байгаа. Ингэсэн тохиолдолд улсаас өгсөн төсвийг бид хуваарилахаас өөр арга байхгүй. Бие даасан байдлаар үйл ажиллагаа явуулж, татвар авч, төсвөө бүрдүүлнэ гэх юм бол өөр асуудал. Өнөөдөр хэрэгжиж буй Нэгдсэн төсвийн тухай хуулиар дээрээс өгсөн хөрөнгийг доод шатнынхаа байгууллагад хуваарилж байгаа. Шинэ санаачилга гаргах бололцоогүй хууль хэрэгжиж байгаа юм. Бид уг асуудлыг шүүмжлэн ярьдаг. Тэгэхээр орон нутагт хэтэрхий их эрх мэдэл өгч болохгүй, санхүүгийн сахилга бат чанга байх хэрэгтэй гэж нөгөө талаас нь ханддаг. Цаашлаад Төсвийн тухай хуулиа чөлөөтэй, Бүсчилсэн хөгжлийн тухай хуулиа сайжруулах хэрэгтэй. Нэгэнт л баруун, зүүн, төв гээд бүсээр нь хуваачихсан учраас энэ чиглэлд бодлогоо баримтлаад хөгжүүлэх бололцоог бүрдүүлэх хэрэгтэй.
Аймгийн иргэдийн амьдрал ямар байна?
Манай аймгийн иргэдийн амьдрал тийм ч муу биш. Ховдчууд бол ажилсаг, маш хөдөлмөрч ард түмэн. Мал аж ахуйн ажил эрхлээд амьдарч буй хүмүүс нь нэлээд сайн байна. Амьжиргааны түвшин доошилсон зүйл тийм ч их харагдахгүй л байна. Мэдээж, хүнд амьдралтай хүмүүс бий. Гэвч хүн бүрт ажил хөдөлмөр эрхэлье, бие даагаад бизнес эхлүүлье гэсэн бодол, ойлголтууд байна. Төв рүүгээ нүүх иргэдийн урсгал багасч, эсрэгээрээ сум, орон нутагтаа очиж ажиллах сонирхолтой залуучууд олон болжээ. Энэ бол маш зөв зүйл тул дэмжих хэрэгтэй, орчныг нь бүрдүүлэх нь чухал юм.
Манай аймгууд өөрийн брэндтэй болох тухай олонтаа ярьдаг. Танай аймагт ямар брэнд бүтээгдэхүүн байна вэ?
Намрын улиралдаа газар тариалангийн чиглэлээр тарвас, амтат гуа, шар төмс, сонгино, саримс зэрэг бүтээгдэхүүн бий. Мал аж ахуйн гаралтай сарлаг, хонь, ямааны сүүгээр хийдэг алдартай бүтээгдэхүүнүүд бий.
Таны хувьд аймгийнхаа Засаг даргаар хоёр дахь удаагаа сонгогдсон. Өмнө нь ажиллаж байснаас тань ямар ялгаа харагдаж байна вэ?
Цаг хугацааны хувьд арав гаруй жил зааглаж байгаа учраас нэлээд ялгаатай. Тухайлбал, аймгийн төсөв л гэхэд хэд дахин өссөн байх жишээтэй. Ажлын байр, үйлдвэр, аж ахуйн асуудлууд өөр болчихсоноос гадна хүмүүсийн сэтгэлгээ, харилцаа, боловсрол, мэдлэг гээд яривал тэнгэр газар шиг өөрчлөгдсөн зүйлс байна. Харин огт өөрчлөгдөөгүй зүйл гэвэл алслагдсан нутгийн зовлон бензин, шатахуун, цахилгаан эрчим хүчний өндөр үнэ, татварын бодлого зэрэг хязгаар нутагтай холбоотой асуудлууд хэвээр байна.
Ер нь баруун таван аймгийн бүс нутгийн хөгжлийг өргөн хүрээнд хэрхэн харж байна вэ?
Бүсчилсэн хөгжлийн тухай үзэл баримтлал, хууль гэж бий. Энэ хуулийн хэрэгжилт сүүлийн үед нэлээд саармагжсан. Тийм учраас уг хуулийг хэрэгжүүлэх талаар ажиллах хэрэгтэй болов уу гэж бодож байна. Саяхан Засгийн газрын зүгээс Швейцарын хөгжлийн агентлагтай хамтраад төвлөрлийг сааруулах томоохон сургалт боллоо.Үүнд оролцсон хүмүүсийн ярьж буйг сонсоход бүс нутгийн асуудлаа сэргээж ажиллах хэрэгтэй, хэдийгээр манайх холбооны биш нэгдсэн улс ч бүсчилсэн хөгжлийн чиглэлээр эдийн засгаа сайжруулах, үйлдвэр, аж ахуй байгууллагууд байгуулаад ажиллавал зардлыг нэлээд хэмнэх боломжтой гэж ярьсан. Тэгэхээр дан ганц Ховд аймаг гэлтгүй, баруун таван аймаг хүчээ нэгтгээд ажиллавал бололцоо бий.
Баруун таван аймагтаа мах, цементийн үйлдвэр байгуулахдаа давхцуулахгүй байх хэрэгтэй. Манайхан чинь нэг зүйл хийхээрээ бие биеэ дуурайгаад ижилхэн үйлдвэрүүд байгуулчихдаг. Баруун таван аймгийн Засаг дарга нар хоёр удаа уулзаж ярилцсан. Ер нь үйлдвэр, аж ахуйн салбаруудаа хувааж авбал ямар вэ гэж. Тэгвэл арай өөр үр дүн гарах болов уу. Өөрөөр хэлбэл, бие биеийнхээ бизнесийг цохих биш, нөхөөд ажиллах гарц хайх хэрэгтэй. Ингэхийн тулд хууль, эрх зүйн орчин хэрэгтэй. Ховд аймгийн Засаг дарга бол баруун бүсийн зөвлөлийн дарга гэхээс өөр зүйл байхгүй. Тийм учраас энэ чиглэлд Засгийн газрын зүгээс арга хэмжээ авах нь зүйтэй.