“Тогтвортой санхүүгийн долоо хоног 2023”-ын хэлэлцүүлгүүд өндөрлөлөө

B Shurenchimeg
2023-06-15 17:20:33

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой санхүүгийн долоо хоног 2023 (ТоС долоо хоног)” олон улсын манлайллын хөтөлбөр, өндөр түвшний бодлогын хэлэлцүүлэг,  цуврал арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо (ТоС Холбоо), Санхүү, тогтвортой байдлын институт (IFS), Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК), Тогтвортой банк санхүүгийн байгууллагуудын холбоо, Худалдаа, хөгжлийн банк болон бусад түнш дэмжигч байгууллагуудтай хамтран 2023 оны зургадугаар сарын 13-16-ны өдрүүдэд зохион байгуулж буй.

Өнөөдөр зохион байгуулагдсан панел хэлэлцүүлгүүдийг дараах сэдвийн хүрээнд өрнөлөө. 

Хэлэлцүүлэг 5: Олон улсын тайлагналын стандартуудын зах зээлд үзүүлэх нөлөө, цар хүрээ

Уур амьсгал, тогтвортой байдлын талаарх мэдээллийг тайлагнах, нөлөөллийг хэмжих хэрэгслийн талаарх олон улсын стандартыг уриалсан нь санхүүгийн байгууллага, компаниудын ил тод байдал, тайлагналын тогтолцоог стандартчилах, ногоон/нийгмийн угаалтын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой томоохон ахиц дэвшилд хүргэсэн (Олон Улсын Тогтвортой Байдлын Стандартын Зөвлөл болон Олон Улсын Байгаль Орчны Удирдлагын Стандартын Ажлын Хэсэг (TNFD). Гэсэн хэдий ч эдгээр стандартыг хэрэглээнд нэвтрүүлэхэд тусгайлсан аргачлал арга зүй боловсруулах, чадавхыг бэхжүүлэх, мэдлэгийг дээшлүүлэх шаардлагатай. Энэ хэсэгт тогтвортой байдлын ил тод байдлын шаардлагуудын дотоодын зах зээл, ялангуяа хөгжиж буй орнуудад үзүүлэх үр дагавар, одоо байгаа болон шинээр гарч ирж буй тогтолцоог жигд нэвтрүүлэх, харилцан уялдаатай байхын тулд салбар бүрийн оролцогч талуудаас хамаарах арга хэмжээнүүдийн  талаар хэлэлцлээ.

Хэлэлцүүлэг 6: Нэгдсэн  таксономи (Common ground Taxonomy)

Ногоон болон тогтвортой санхүүгийн таксономи нь тогтвортой хөрөнгө оруулалт, ил тод байдлыг дэмжих, ногоон угаалтын эрсдэлийг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэсэн хэдий ч олон улсад таксономийн тоо олшрох тусам тогтвортой байдлын тайлагналыг харьцуулах, харилцан уялдаа, нийцлийг хангахыг уриалж байна. Ингэснээр тогтвортой байдлын асуудлыг тодорхойлох, хэмжих, тайлагнах стандартчилсан цогц тогтолцоо бий болох  юм. Тиймээс таксономуудыг хооронд нь нийцүүлэх нь ил тод байдал, тайлагналыг сайжруулж, мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх зардал, нарийн төвөгтэй байдлыг бууруулж, хөрөнгө оруулагчдыг тогтвортой хөрөнгө оруулалт руу татах нөхцөлийг бий болгоход чухал нөлөөтэй. Хөрөнгө оруулагчид илүү боловсронгуй мэдээлэлд  үндэслэн тогтвортой хөрөнгө оруулалт хийх боломжуудыг тодорхойлж, үр дүнд нь хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах үйл явцад тогтвортой байдлын үзүүлэлтийг харгалзаж үзэх хандлага нэмэгдэнэ. Энэ хэсэгт шинэчлэгдэн баталж буй таксономийг одоо мөрдөгдөж буй таксономитой уялдуулах стратеги болон бодит арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Хэлэлцүүлэг 7: Технологи, инновацын тусламжтайгаар тогтвортой байдлыг санхүүжүүлэх нь

Дижитал платформууд, блокчэйнд суурилсан системүүд, уур амьсгалын  мэдээллийн аналитик болон тогтвортой финтекийн гарааны бизнесүүдийн сүүлийн үеийн хөгжил нь байгаль, биологийн олон янз байдал зэрэг уур амьсгалыг оролцуулан цаашлаад илүү тогтвортой байдалд чиглэсэн санхүүгийн системийн өөрчлөлтийг хурдасгах томоохон боломжийг харуулж байна. Эдгээр технологийн шийдлүүдийг одоо байгаа санхүүжилтийн механизмд нэгтгэх нь БОНЗ-ын индикаторуудыг автоматаар цуглуулах, дүн шинжилгээ хийх, тайлагнах боломжийг олгох замаар санхүүгийн системийн болон дэд бүтцийн үр ашгийг нэмэгдүүлж, санхүүгийн мэдээллийн тогтмол бүртгэлийг хангах замаар хариуцлагатай байдлыг сайжруулах боломжтой. Энэ хэсэгт ТХЗ-д хүрэхэд хувь нэмрээ оруулах эдгээр технологийн ирээдүйн хэрэглээг бодит практикт тулгуурлан хэрэгжүүлэх талаас нь хэлэлцжээ.

“Тогтвортой санхүүгийн долоо хоног-2023” цуврал арга хэмжээний хүрээнд маргааш буюу зургаадугаар сарын 16-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Төрийн Банк, Монголын Тогтвортой санхүүгийн холбоо (ТоС Холбоо) хамтран Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Дэ Нэйче Консерванси, Европын холбооны санхүүжилттэй “Эдийн засгийн ногоон шилжилт” төслийн дэмжлэгтэйгээр “Тогтвортой хөдөө аж ахуйг санхүүжүүлэх нь” салбар хуралдааныг зохион байгуулна.

 

 

 

 

 

B Shurenchimeg