2030 он дөхлөө шүү

Sarangerel
2024-10-14 10:12:33

Цэнхэр гарагийн бүх улс орон дэлхийн Засгийн газар гэгддэг НҮБ-ын өмнө үүрэг амлалт авчихсан явж байна. Бүгд л тэрхүү үүрэг амлалтаа биелүүлэхийн төлөө хичээж байгаа. Бүх л улс орон 2030 он гэхэд гэдэг үгийг дотроо ярьж, улмаар салбар бүрийн асуудал болгон авч хэлэлцэж байгаа юм. 2030 он басхүү тэртээ холоо сонсогдож байсан чинь өнөөдөр их ойрхон ирж. Ердөө зургаахан жил дутуу байна. 2015 онд дэлхийн 196 улс орон дэлхийн агаарын дундаж температурыг аж үйлдвэрлэлийн өмнөх үетэй харьцуулахад цельсийн хоёр хэмээс давж хэтрэхгүй, цаашлаад 1.5 хэм дотор барих зорилготой “Үндэсний тодорхойлсон зорилтот хувь нэмэр” бодлогыг тодорхойлон гаргасан.

Монгол Улсын хувьд мөн адил хүлэмжийн хийг бууруулах амлалт өгч, Монгол Улсын Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН)-т 2030 он гэхэд хүлэмжийн хийг 2010 оны үетэй харьцуулахад 22.7 хувь, шингээлт болон зарим нөхцөлт арга хэмжээг оруулбал 44.9 хувь хүртэл бууруулна гэж тусгажээ. 2030 он гэхэд гэсэн энэхүү амлалтдаа хүрэхийн төлөө манай төрөөс зарим бодлого, арга хэмжээг авч ажиллаж байгаа. Дэлхийн өмнө өгсөн амлалтаа бол мартаагүй, ажиллахын хувьд бол ажиллаж байгаа ч бусад улс оронтой харьцуулахад хэр хурдтай, хүчтэй, зорилготой ажиллаж байна вэ гэж яривал бас өөр дүгнэлт гарна. Харин манай улсын хувьд ногоон, тогтвортой хөгжлийг бий болгож, 2030 оны амлалтдаа хүрэхийн төлөө маш хурдтай явж, хамтарч, нэгдэж ажиллаж буй салбар бол банк, санхүүгийн салбар.

2023 оны эхний хагас жилийн байдлаар нийт 4.4 их наяд төгрөгийн зээлийн багцад БОНЗ-ын үнэлгээ хийжээ

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Монголбанк нь банкны салбарын зохицуулагч байгууллага болохын хувьд тогтвортой, ногоон санхүүжилтийн тогтолцооны “жанжин шугам” ыг гаргаж, бодлого, зохицуулалтын орчныг бүрдүүлэх, олон улсын нийтлэг стандарт, зарчмуудыг нэвтрүүлэх, бодлогын хөшүүргийг бий болгох чиглэлд анхнаас нь манлайлан ажиллаж ирлээ. Тухайлбал, тогтолцоог ногоон санхүүжилтийн бүрдүүлэхэд шаардлагатай дэд бүтцийг шат дараатай төлөвлөн гүйцэтгэх ажлыг 2019-2024 оны Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлд тусган, холбогдох талуудтай хамтран хэрэгжүүлж ирсэн” гэв.

 

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл  (СТБЗ)-өөр “Ногоон таксономи”-ийг 2019 онд батлуулж, 2020 оноос эхлэн банкны салбарын ногоон зээлийн статистикийг гаргаж, олон нийтэд мэдээлж байна. Мөн 2022 онд “Үндэсний тогтвортой санхүүгийн замын зураг”-ийг боловсруулж баталсан. Өнгөрсөн онд илүү өргөтгөсөн хувилбар болох “Тогтвортой хөгжлийн зорилтын санхүүжилтийн таксономи”-г баталсан бол Монголбанкнаас банкны байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ) болон уур амьсгалын эрсдэлийг үнэлэх, удирдах аргачлалыг тус тус батлан мөрдүүлжээ.

Ногоон зээлийн багцыг 10 хувьд хүргэх зорилт хэрэгжиж чадах уу

 “Энэ бол том зорилт. Гэхдээ бид биелэх бүрэн боломжтой гэж харж байгаа, бүрэн биелүүлэхийн төлөө ч ажиллана” гэж Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тэмдэглэв. Тиймээ. Бид чадахын төлөө, хэрэгжүүлэхийн төлөө, үүрэг амлалтаа биелүүлэхийн төлөө явахаас өөр сонголт бидэнд байхгүй. Биднийг цаг хугацаа хүлээхгүй. Бид байгаль дэлхийнхээ төлөө, үр хүүхдүүдийн ирээдүйн төлөө юу хийж чаддагаа харуулах, үзүүлэх цаг ирсэн. Үүний тулд бид нэгдэн нийлэх, хамтрах, хүчээ нэгтгэх ёстой. Харин Монголын банкны салбарынхан үүнийг ойлгож, өрсөлдөх бус хамтарч ажилласнаар ямар том амжилтыг бий болгодгийг банкны салбарын өнгөрсөн хугацаанд хийсэн тогтвортой хөгжлийн бодлого, зорилтоос харж болно. Арилжааны банкуудын хувьд тогтвортой хөгжлийн бодлогоо тодорхойлж, тусгайлсан газар хэлтсүүд байгуулан маш хурдтай ажиллаж байна. Системийн банкууд НҮБ-ын Даян дэлхийн гэрээнд нэгдсэн орж, бодлого, төлөвлөгөөгөө “Тогтвортой хөгжлийн зорилтууд” болон “Парисын гэрээний уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг зорилтууд”-тай уялдуулан бизнесийн үйл ажиллагаандаа байгаль орчин, нийгэмд ээлтэй тогтвортой санхүүжилтийн зарчмыг баримтлан ажиллаж байна.

Биднийг цаг хугацаа хүлээхгүй. Бид байгаль дэлхийнхээ төлөө, үр хүүхдүүдийн ирээдүйн төлөө юу хийж чаддагаа харуулах, үзүүлэх цаг ирсэн

Байгаль орчин, нийгмийн эрсдэлийн удирдлагын систем (БОНУС)-ийг бүрдүүлэх цогц удирдамж, үлгэрчилсэн бодлого, үнэлгээний аргачлал зэргийг боловсруулснаар санхүүгийн байгууллагууд нэгдсэн байдлаар 50 сая төгрөгөөс дээш дүнтэй, 12 сараас дээш хугацаатай бүх төрлийн бизнесийн зээлийг олгохдоо байгаль орчин, нийгмийн эрсдэлийн үнэлгээг хийж, эрсдэлийн түвшингээс хамааран харилцагчдадаа байгаль орчин, нийгмийн шаардлага тавих зээлийн гэрээнд нөхцөл болгож оруулах, биелэлтийг эргэн хянадаг тогтолцоо бий болсон байна. 2023 оны эхний хагас жилийн байдлаар нийт 4.4 их наяд төгрөгийн зээлийн багцад БОНЗ-ын үнэлгээ хийжээ. Мөн манай арилжааны банкууд олон улсын зах зээл дээрээс ногоон эх үүсвэр татах тал дээр маш идэвхтэй, амжилттай ажиллаж буйг бид мэднэ. Банкууд бүгд ногоороод эхэлсэн. Энэ нь цаашид ногоон өнгөнөөс өөр, ангид байх ямарч боломжгүй, бололцоогүй эрин үе ирж буйг банкны салбарынхан сайтар ойлгож буйн илрэл юм.

Дэлхийн дулаарал ба банк санхүүгийн үр нөлөө

Эх дэлхийн хамгийн тулгамдсан, хүн төрөлхтний сэтгэлийг хамгийн ихээр чилээсэн асуудал бол уур амьсгалын өөрчлөлт болоод байна. Дэлхийн дулаарлын сөрөг үр нөлөө бүх л улс оронд асуудал үүсгэж байна. Сүүлийн жилүүдэд байгалийн аюулт үзэгдлүүд улам бүр нэмэгдэж, ган гачиг, зуд, үер ус байнга болж, давтамж нь нэмэгдсээр байгаа. Тухайлбал, 1996-2010 онд жилд дунджаар 2400 орчим байгалийн гамшигт үзэгдэл болдог байсан бол, 2010 оноос хойш 4300 болж, 1.8 дахин нэмэгдсэн тоон үзүүлэлт байна. Байгалийн энэ аюулт үзэгдлүүд цаашид улам бүр нэмэгдэнэ. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг тусна хэмээн тодорхойлоод буй. Ялангуяа хөдөө аж ах ахуй, мал аж ахуйн салбараас бүрэн хамааралтай манай эдийн засагт том анхааруулга гэдгийг гадна, дотнын судлаачид бичсээр байгаа юм. Энэ бүхнийг урьдчилан харж, банкны салбарынхан тогтвортой хөгжлийн үндэс суурийг түүчээлэн явж байгаа нь сайшаалтай. Харин одоо энэхүү хөрс дээр бусад салбар, хувийн хэвшил, олон нийт тодорхой ойлголттойгоор орж өгөх хэрэгтэй байгаа юм. Түүнээс банкныхан маань гаднаас ногоон эх үүсвэр татаад, эх орондоо орууллаа гэхэд түүнийг нь зориулалтын дагуу авах төсөл хөтөлбөр байхгүй бол зорилгоо биелүүлэхэд хүндрэлтэй болох юм. Тиймээс банкууд одоо хувийн хэвшил, олон нийтийн ногоон хөгжлийн боловсрол мэдлэгийг сайжруулахын төлөө тодорхой ажлууд хийх шаардлагатай тулгарч байна.

Банк, санхүүгийн салбарынхан ийнхүү шинэ хөгжил, шинэ зуун ногоон өнгөөр тодорхойлогдон ирээдүйгээ бүтээхээр тэмүүлж байна

Ногоон хөгжлийн шилжилт хийж, хувийн хэвшлийн ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэхэд банкны салбар чухал үүрэгтэй ажиллаж байгаагийн нэг жишээ бол “Тэрбум мод сан”-г байгуулчихсан, тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлээд явж байна. Тус сангийн гол зорилго нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, энэ хүрээнд байгальд ээлтэй төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэн хэрэгжүүлэх замаар Монгол Улсын дэлхийн өмнө хүлээсэн дээрх үүрэг амлалтуудыг биелүүлэхэд чиглэх юм. Энэ оны долоодугаар сард Монгол Улсад банкны салбар үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиож, банкны салбарынхан тэмдэглэж байна. Өнгөрсөн он цагууд бодлого, эрх зүйн хувьд банкны салбарыг хөгжүүлэх, бэхжүүлэх, өргөжүүлэх, шинэчлэх зуун байсан бол ирэх зууны бодлого шинэ хөгжлийг бий болгох, байгальд ээлтэй тогтвортой үзэл баримтлалын зарчмыг мөрдөх, ногоон хөгжлийн чиг хандлагыг алхам тутамдаа хэрэгжүүлэн ажиллаж, амьдрах зайлшгүй шаардлагатай болж байна. Банк санхүүгийн салбарынхан ийнхүү шинэ ногоон өнгөөр тодорхойлон ирээдүйг бүтээхээр тэмүүлж байна.

/”Тогвортой санхүүжилт” тусгай дугаар 2024.07 сар/