Даам гарсан хүү
Монголиан экономи сэтгүүлийн 2017 оны арванхоёрдугаар сарын дугаарт гарсан онцлох нийтлэлээс хүргэж байна.
Барилга, хүлэмжийн аж ахуй эрхэлж буй “Фамилисон” ХХК 2014 онд 1.2 тэрбум төгрөгийн өртөгтэй зоорь барихын тулд Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс зээл авахаар Төвбанкинд ханджээ. Тухайн үед тэдэнд 600 сая төгрөгийн зээл олдсон ч түүнийгээ гурав хувааж авсан юм. Бага хүүтэй зээлэнд найдаж авсан ч удалгүй тэдний зээлийг арилжааны банкны 24-25 хувийн хүүтэй зээл рүү хүчээр шилжүүлжээ. Банкны зээлийн хүүг төлөхийн тулд банк бус санхүүгийн байгууллагаас зээл авна. Дараа нь түүнийгээ төлөх гэж ломбардны хаалга татдаг болов. Ингэсээр жилдээ доод тал нь 40-50 хувийн хүүнд дарлуулж ашиг гэгчийг умартаж, зөвхөн зээлийн хүүгээ төлөхийн тулд ажилладаг болжээ. Тус компанийн нөхцөл байдал улам хүндэрч эргэлтийн хөрөнгөгүй болж ургацаа алдан хаалгаа барьсан юм.
Гэхдээ тэд хувьцааныхаа 45 хувийг хөрөнгийн зах зээл дээр арилжиж олон нийтээс санхүүжилт босгон, ганцхан сарын дотор аж ахуйгаа авраад байна. “Фамилисон” ХК-ийн захирал Д.Лхагвадаш “Өмнө нь банкны зээлээр богино хугацаанд олон ажил амжуулж чаддаггүй байлаа. Хавар тариалах бүх үрээ Япон руу захьсан, шаардлагатай бууц, бордоо зэргийг бэлдчихлээ. Тэр байтугай тогоо залгуулж, ажилчид ч цаг тухайд нь цалингаа авч урамтай байна” хэмээн ярив. Харин энэ түүхийн цаана эргэн өндийж чадаагүй, барьцаалсан хөрөнгөө банкинд хураалгасан аж ахуйн нэгж цөөнгүй.
Зөвхөн бизнесийн орчны хувьд гэлтгүй зээлийн хүүг бууруулах нийгмийн шаардлага байгаа бөгөөд үүнийг улс төрийн хүчнүүд овжин харж, өлгөн авч дуугарч эхэллээ. Ардчилсан намын зүгээс Банкны болон банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох тухай хуулийн төсөл хэлэлцүүлж буй. Тэгвэл МАН бүх түвшинд зээлийн хүүг 20 хувиас хэтрүүлэхгүй хэмээн мөн төслөө танилцуулсан. Тэдний үзэж буйгаар өнөөдөр зээлийн хүү “даам гараад” зогсохгүй улсын эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд харшлах хэмжээнд хүрчээ.
Хэрэв зээлийн хүүг төрөөс хязгаарлаж, зохицуулбал эдийн засагт эерэг өөрчлөлт авч ирнэ гэх хэсэг байхад эсрэгээр харж, өөр арга барил санал болгох хэсэг ч байна. Мэдээж хуулийн төсөл боловсруулсан хүмүүс эерэгээр дүрсэлж буй. Харин банк, санхүүгийн салбарын мэргэжилтнүүд хүүг буулгах нь байж болох ч өнөөгийн нөхцөлд төрөөс шууд зохицуулалт хийвэл зээлийн хүртээмж буурна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, бага хүүтэй зээл олгохын тулд банкууд илүү сайн, баталгаатай харилцагчид зээл олгоно гэсэн үг. Тэгэхээр жижиг, дунд бизнесийнхэн зэрэг эрсдэлтэй бүлэгт зээл олдох эсэх асуултын тэмдэгтэй үлдэх нь. Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны мэдээлснээр жижиг бизнес эрхлэгчид жилийн 20-26 хувь, дунд нь 15-17, томоохон бизнес эрхлэгчид 5-7 хувийн хүүтэй зээл авч байна.
Гэтэл хүү өндөр байгаа шалтгааныг тодорхойлсон нарийн судалгаа байдаггүй ч үүнийг мөнгө хомс байгаатай холбон тайлбарлах хэсэг бий. Монголын Банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат “Нийлүүлэлт бага байгаа тул хүү өндөр байна” гэсэн. Мөн тэрбээр “Өнөөдөр хүүнд нөлөөлж буй хүчин зүйлсэд төр бодлогоороо нөлөөлөх нь чухал. Монголын хувьд макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, төсөв, мөнгө, санхүүгийн бодлогыг оновчтой явуулах, улсын эдийн засгийн чадавхыг сайжруулах, зээлжих зэрэглэлээ нэмэгдүүлэх замаар зээлийн хүүг бууруулах боломжтой. Мөн дотоодын хуримтлал, хадгаламжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Эдгээрийг хэрэгжүүлбэл зээлийн хүү тогтвортой буурна” гэв. Холбооны ерөнхийлөгч О.Орхоны хэлж буйгаар банкууд руу дайрахын оронд санхүүгийн зах зээлийн бусад хэрэгслээ тогтвортой, тэнцвэртэй хөгжүүлж байж хүү буурах аж.
Нөгөө талаас, Төвбанк одоогийн 12 хувийн бодлогын хүүгээ бууруулснаар зээлийн хүү багасна гэж зарим банкир үзэж байна. Гэтэл бодлогын хүү буурахаар төгрөгийн эсрэг ам.долларын ханш жолоогоо алдах тул төгрөгийн ханшийг чангаруулбал зээлийн хүү нэг оронтой тоонд орно гэж “Голомт” банкны эдийн засагчид тооцсон.Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан ч бодлогын хүүг яваандаа буулгах боломжтой гэсэн. Тэрбээр хүүг буулгах боломжийг судална гэдгээ олон нийтэд мэдэгдэж, Зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги боловсруулах ажлын хэсэг томилжээ.
Үүнийг шууд бууруулахаас илүүтэй уян хатан байдлаар урт болон богино хугацаанд зохицуулалт хийх хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөж байна. Түүнчлэн инфляцийг зорилтот түвшинд барьж, хүлээлтийг удирддаг болчихоод зээлийн хүүгийн асуудал ярих хэрэгтэй гэж ч сануулж буй. Эдийн засагч Б.Найдалаа “Мөнгө хүүлэлтийг хуулиар зохицуулж болох ч зээлийн хүүг зохицуулах боломжгүй. Болгоё гэсэн ч боломжгүй” гэх. Энэ мэтээр улс төрийнхнийг мэргэжлийн бус, хэт хөнгөн хандаж байна гэж үзэн шүүмжлэх тал бий. “Батбаяр энд партнерс” ХХК-ийн захирал Г.Батбаяр “Гал унтраасан арга хэмжээ авахаас илүүтэй арилжаанд, хэлцэлд оролцож буй талуудын сахилга батыг сайжруулахад анхаарвал хүү тэргүүтэй бусад асуудал аяндаа шийдэгдэнэ” гэв.
УИХ-ын түвшинд зээлийн хүүг хэлэлцэж ярьж байгаа нь улсын хэмжээнд асуудал хэрхэн хүндэрснийг илтгэж байна. Гэвч энэ нь хэт улстөржиж, хөрсөндөө буугаагүй зохицуулалт болохвий гэх болгоомжлолыг үүсгэж буй.