Вакцин гаргахад хэт их хөрөнгө зарцуулж байна уу
Дэлхий даяар Ковид-19-ийн 150 гаруй төрлийн вакцин бүтээгдэж байна. Тэдгээрээс зургаан вакцин туршилтын эцсийн шатанд шилжжээ. Наймдугаар сарын 5-ны байдлаар тус вакцинд Засгийн газрууд 10 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж, нийт дөрвөн тэрбум тун вакцин урьдчилан захиалаад буй. Дийлэнх тохиолдолд вакцины 20 хувь эцсийн шатны буюу клиник туршилтыг давдаггүй ба Ковид-19-ийн вакциныг бүтээхэд шинэ технологи ашиглаж буй нь туршилт амжилтгүй болох эрсдэлийг бүр ч нэмэгдүүлж байгаа аж. Тиймээс дээрх вакцинууд үр дүнтэй байх эсэх нь эргэлзээтэй хэвээр.
Үр дүнтэй вакцин үйлдвэрлэж эхлэх хүртэл хөрөнгө мөнгө бус хүний амь нас алдаж байна. Тиймээс дэлхий даяар иргэдийн орлого, ажлын байрыг хамгаалахад зориулж буй долоон их наяд долларын хажууд вакцинд зориулах 100 тэрбум доллар өчүүхэн бага юм.
Нөгөөтээгүүр, их хэмжээний хөрөнгө оруулалт нь вакциныг дэлхий нийтэд хүртээмжтэй байх эсэхэд эргэлзээ төрүүлсээр байгаа. Хэдийгээр олон улсын байгууллагууд вакциныг тэгш хуваарилахыг уриалж байгаа ч чинээлэг орнууд вакциныг их хэмжээгээр худалдан авч нөөцлөөд буурай орнууд ард нь юу ч үгүй хоцрох аюултай. Дэлхийн өнцөг булан бүрд вакцины үйлдвэрлэлийг явуулж, их хэмжээгээр шуурхай нийлүүлэх нь тэгш хуваарилалтыг бий болгох нь гарцаагүй.
Английн “The Economist” сэтгүүлийн нийтлэлийг “Mongolian Economy” албан ёсны эрхтэйгээр хүргэж байна.