“ХҮҮ”-гээ номхотгох нь

Mongolian Economy
2021-05-19 14:33:05

ХҮҮ бол зөвхөн ХҮҮ-гийн асуудал биш, энэ бол “ААВ, ЭЭЖ”-ийн асуудал аж. Хүү өөрөө өсөөгүй.

Засаг ба хүү
Зээлийн хүү өндөр байгаа нь манай улсын эдийн засгийн архаг шинжтэй асуудлуудын илэрч байгаа нэгэн шинж тэмдэг нь. Зээлийн хүү өндөр байхад нөлөөлж буй хүчин зүйлсийн 60 орчим хувь нь макро эдийн засгийн тогтвортой байдалтай холбоотой. Тодруулбал, ДНБ-ий өсөлт, инфляц, төгрөгийн ханш, төсвийн сахилга бат, төлбөрийн тэнцэл, зээлжих зэрэглэл гэх мэт хүчин зүйлс нь зээлийн хүү бага байх боломжийг олгохгүй байна.

Сүүлийн жилүүдэд макро эдийн засгийн нөхцөл харьцангуй тогтвортой байж, зээлийн хүү буурч 15.8 хувьд хүрээд байгаа ч зах зээлд санхүүгийн өртөг багатай эх үүсвэр хомс хэвээр. Зээлийн хүүний талаарх маргаан сүүлийн жилүүдэд нийгэмд хүчтэй өрнөж байгаа бөгөөд Монголбанк болон арилжааны банкуудтай асуудлыг холбож ойлгосоор ирсэн. Гэвч хүүг бууруулах нь Засгийн газрын бодлого, арга хэмжээнээс ихээхэн хамааралтай нь илэрхий болж ирлээ. Тиймээс 2020 оны наймдугаар сард УИХ-аас “Зээлийн хүүг бууруулах стратеги” баталсан.  Уг баримт бичигт 1) Зээлийн эх үүсвэрийн зардлыг бууруулах макро тогтвортой орчныг бүрдүүлэх, 2) зээлийн эрсдэлийн зардлыг бууруулах, 3) банкны үйл ажиллагааны зардлыг бууруулах, 4) хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, өрсөлдөөнийг бий болгож санхүүжилтын зардлыг бууруулах замаар зээлийн хүүг 2019 оны суурь түвшнээс дөрвөн нэгжээр буулгаж, 2023 оны эцэс гэхэд сарын нэг хувьд хүргэх зорилго тавьжээ.

Зээлийн хүүг бууруулах арга хэмжээнүүдээс хамгийн “хатуу ааруул” нь эдийн засгийг төрөлжүүлэх бодлого. Нийт экспортын 90 орчим хувийг түүхий эдийн экспорт бүрдүүлдэг, түүхий эдийн үнэ, уул уурхайн гадаадын хөрөнгө оруулалтаас эдийн засаг хүчтэй хамаардаг хэвээр байвал зээлийн хүүг бууруулах нь тун хүнд байна.

Зарим тооцоогоор уг хоёр хүчин зүйлээс инфляцын хэлбэлзэл, ДНБ-ий өсөлтийн 50 хувь шууд хамаардаг. Эрдсийн экспортын хамаарлыг багасгахын тулд импортыг орлох салбаруудыг хөгжүүлэх ёстой. Ингэхдээ юу юугүй мөнгө, санхүүгийн хэмжээг тэлэхэд бус засаглал, менежмент, салбар дундын бодлогын уялдаа талд илүү анхаарах нь зорилтоо амжилттай хэрэгжүүлэх нөхцөл болно.

Дараагийн нэгэн том тээг нь төсвийн сахилга бат. Монгол Улсын хувьд төсөв, мөнгөний бодлого нь “ойлголцож” чаддаггүй уламжлалтай. Төвбанк үйл ажиллагааныхаа хүрээнд мөнгөний бодлогын арга хэмжээ авдаг ч УИХ, Засгийн газар, Сангийн яам зэрэг институц уялдаа муутай шийдвэрүүдийг хэрэгжүүлдэг. Улсын төсөв хэлэлцэж эхлэхэд төсөв, мөнгөний бодлого харилцан уялдаатай явдаг соёл, системийг бүрдүүлэх хэрэгцээ, шаардлага байсаар байна.

Удаах “хадны мангаа” нь гадаад валютын нөөц, гадаад өрийн тогтвортой байдал. Валютын нөөцийн хэмжээ нь зээлжих зэрэглэлийн түвшин, гадаадын хөрөнгө оруулагчдын шийдвэрт шууд нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, валютын нөөц хангалттай, өрийн байдал тогтвортой байвал гадаад эх үүсвэрийн өртөг буурч эдийн засагт хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Харамсалтай нь Монголд энэ нөхцөлийг хангахад хүндрэлтэй байгаа бөгөөд гадаад өрийн хэмжээ төгрөгийн ханш сулрахад нөлөөлж байна. Үүнээс зайлсхийх арга нь төсвийг алдагдалгүй, боломжтой бол ашигтай батлах, эдийн засгийн өсөлтийг дэмжих явдал юм.

Сүүлийн жилүүдэд улсын төсөв ихээхэн хэмжээний алдагдалтай явж ирсэн. Гэхдээ алдагдлаас илүү төсвийн үр ашигтай зарцуулалт хамгийн их шүүмжлэлд өртөж байгаа. Засгийн газраас өргөн барьсан 2021 оны төсвийн төсөл 2.2 их наядын алдагдалтай байгаагаас гадна аймгуудад хуваарилсан төсвийн хөрөнгө оруулалт маш ялгаатай.

Ийнхүү төсвийн сахилга бат сул, зардалын хэт тэлэлт нь цэвэр экспортыг шахан гаргаж, үндэсний мөнгөн тэмдэгтийн сулрах дарамтыг үүсгэдэг гэж судлаачид үздэг. Түүнчлэн төсөвтэй холбоотой хууль эрх зүйн орчин тогтворгүй байгаа.

Жишээ нь, төсөвтэй нягт уялддаг Хөгжлийн бодлого  төлөвлөлтийн тухай хуулийг 2015 онд баталсан ч 2020 оны сонгуулийн өмнө бүхлээр нь хүчингүй болгож, шинэчилсэн. Харин шинэчлэн баталсан хуульдаа УИХ-ын ээлжит бус чуулганаар сонгуулийн дараа олон тооны өөрчлөлт оруулжээ. Төсвийн зардал тэлэлттэй, зарцуулалт нь оновчгүй байхын хэрээр мөнгөний бодлого хатуу байхаас өөр аргагүй болж, цаашлаад төлбөрийн тэнцэл, валютын ханш, инфляц, зээлжих зэрэглэл, гадаад өр зэрэгт давхар нөлөөлнө.

Зах зээл ба хүү
Өнөөдөр эрчимтэй яригдаж байгаа банкны шинэтгэлийн ихэнх хэсгийг эрх зүйн орчны шинэчлэл бүрдүүлж байгаа. Тухайлбал, банкны хувь эзэмшлийн төвлөрөл өндөр байгаа нь банкийг эрсдэлтэй үйл ажиллагаанд оролцож, сайн засаглал бүрэлдэхэд саад болж байгаа учир банкийг хувьцаат компани байх эрх зүйн зохицуулалтыг бий болгохоор “Зээлийн хүүг бууруулах стратеги”-д тусгажээ. Түүнчлэн чанаргүй зээлтэй холбоотой шүүхийн маргаан удаан хугацаанд үргэлжилж, 10 хүртэл жил болдог нь хүүнд шингэх өртгийг өндөр болгодог.

Үүнээс гадна зээлдэгчдийн санхүүгийн боловсрол, бизнес төлөвлөгөө, санхүүгийн сахилга бат, банкны зээл олгох процесс зэргээс хамаарч чанаргүй, муу зээлийн хэмжээ нэмэгдэх хандлагатай байдаг. Чанаргүй, муу зээл эрсдэлийн өндөр зардалд тооцогдох бөгөөд нийт зээлийн хүүний 11 хувийг бүрдүүлдэг. Тиймээс дээр дурьдсан стратегид зээлийн мэдээллийн санг хөгжүүлж зээлдэгчийг илүү хариуцлагажуулах, иргэдийн санхүүгийн
мэдлэг боловсролыг дээшлүүлэх, банкны засаглалын тогтолцоог сайжруулах замаар чанаргүй зээлийг бууруулах зорилт дэвшүүлжээ. Үүнтэй холбоотой банк, санхүүгийн чиглэлийн 17-18 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналууд тусгагдав.

Зээлийн хүү буурахад нөлөөлөх бас нэгэн чухал хүчин зүйл бол санхүүжилтын олон төрлийн эх үүсвэр. Манай улсад банкны салбар санхүүгийн зах зээлийн 90 орчим хувийг эзэлсэн, хөрөнгийн зах зээл сул хөгжсөн нь бизнесээ өргөжүүлэх эх үүсвэр бүрдүүлэхэд таагүй хэвээр байгаа.

Манай улсад хуримтлалын нөөц бага, хадгаламжтай хүн цөөнөөс гадна хадгаламжийн төвлөрөл их, урт хугацааны хөрөнгө оруулалт хийж эрсдэл үүрэх  хүн ховор байдаг нь хөрөнгийн зах хөгжихөд саад болдог. Түүнчлэн Тэтгэврийн сан, Үндэсний хуримтлалын сан зэрэг сангуудыг хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө оруулагч болгох эрх зүйн орчныг бий болгохоор дээрх стратегид тусгажээ.

 

 

 

Mongolian Economy