Амжилттай төсөлд “нууц” үгүй
“PMI Mongolia Chapter” байгууллагаас жил бүр олон улсын төслийн удирдлагын бага хурлыг зохион байгуулдаг. Энэ удаад уламжлалт арга хэмжээгээ “Төслийн эдийн засгийг хөгжүүлье” сэдвийн хүрээнд онлайнаар зохион явууллаа. “Төслийн эдийн засаг” хэмээх нэр томьёо сүүлийн хоёр жилд эрчимтэй яригдах болсон бөгөөд олон улсын түвшинд төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарах гол зүйлд тооцогдож байна.
“Ногоон сэргэлт ба эрсдэлийн менежмент”, “Ажайл буюу хурдацтай дасан зохицох арга зүй”, “Тогтвортой хөгжил” хэмээх гурван үндсэн салбар хуралдаан бүхий энэ жилийн бага хурал урьд жилүүдийнхээс маш онцлог болж өнгөрснийг зохион байгуулагчид нь онцлов. Тухайлбал, төр, хувийн хэвшлийн шийдвэр гаргах түвшний удирдагчдыг тусгайлан урьж, бизнесийн ноу-хау, стратегиа нээлттэй хуваалцах хэлэлцүүлэг өрнүүлсэн нь тун сонирхолтой байлаа. Мөн дотоод, гадаадад амжилттай ажиллаж буй захирал, менежерүүдийг цахим хэлэлцүүлэгт оролцуулж, тэдний туршлага болоод төслийг амжилтад хүргэх арга барилаас хуваалцсан юм. “PMI Mongolia Chapter” байгууллагын ерөнхийлөгч М.Болдоо “Амжилттай төслүүдэд нууц үгүй. Гагцхүү төслийн удирдлагын стандартыг бүхий л салбарт хэрэгжүүлж хэвших хэрэгтэй. Харамсалтай нь манай улсад хувийн хэвшил, бизнесийн салбарын цөөн хэдэн байгууллага л энэ стандартыг хэрэгжүүлдэг” хэмээн онцлон дурдсан.
Энэ жилийн бага хурлын онцлох илтгэгчдээр PMI институтийн Ази, Номхон далайн бүсийн захирал Бен Брийн, “Rio Tinto” группийн Зэсийн группийн захирал Б.Болд нар оролцлоо.
Ноён Б.Брийн бол Сингапурын Marina Bay Sands, Suntec Convention Center зэрэг алдартай бүтээн байгуулалтуудыг удирдан ажилласан туршлагатай нэгэн.
Мөн БНСУ-д төвтэй Уур амьсгалын ногоон сангийн Гадаад харилцаа хариуцсан захирал С.Оюун эдийн засгийн хүндрэлээс гарах хөрөнгө оруулалтуудыг “ногоон” буюу байгаль орчинд ээлтэй салбарт чиглүүлэхийг зөвлөсөн. Түүнчлэн Ази, Номхон далайн 10 гаруй улс оронд олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр сүүлийн 23 жилийн хугацаанд ажилласан Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран өөрийн туршлагаасаа хуваалцав.
“Ногоон сэргэлт ба эрсдэлийн менежмент” салбар хуралдааны үеэр Худалдаа, хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон Монголд ногоон зээлийн хэмжээ бага байгааг дурдаад цаашид энэ төрлийн зээлийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.
Тус банк 2030 он хүртэл ногоон хөгжлийг дэмжихэд зориулж, хоёр тэрбум төгрөгийн санхүүжилт татаж, хөрөнгө оруулахаа бага хурлын үеэр мэдэгдсэн юм.
Харин “Ажайл буюу хурдацтай дасан зохицох арга зүй” сэдэвт хоёрдугаар салбар хуралдаанаар цар тахлын үед бизнесээ хэрхэн удирдах, үүсээд буй нөхцөл байдалд хэрхэн дасан зохицох талаар хэлэлцлээ. Учир нь технологийн хувьсгал, дижитал шилжилт болон цар тахлын улмаас үүссэн “шинэ эгэл” хэмээх тодорхойгүй байдал Монголын төдийгүй дэлхийн бизнесүүдийн чансааг шалгаж буй.
“Төслийн эдийн засгийг хөгжүүлье” бага хурлын өөр нэг онцлох сэдэв нь тогтвортой хөгжлийн асуудал байв. Энэ сэдвээр хэлэлцсэн гуравдугаар салбар хуралдаанд “MCS Property” компанийн гүйцэтгэх захирал Б.Даваа-Очир, “Premium Group”-ийн ТУЗ-ийн гишүүн, Санхүү хариуцсан дэд ерөнхийлөгч Г.Бат-Эрдэнэ, Голомт банкны гүйцэтгэх захирал, Тогтвортой санхүүгийн холбооны ТУЗ-ийн дарга Норихико Като, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төслийн менежер Ц.Энх-Амгалан нар илтгэл тавьсан юм.
Дэлхий дахинд “тогтвортой хөгжил” хэмээх ойлголтыг ирээдүй хойч үеийнхээ хэрэгцээ, боломжийг хязгаарлахгүйгээр өнөө үеийн хэрэгцээг хангах тухай ойлголт гэж томьёолдог.
Нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн гурван тулгуурт суурилсан тогтвортой хөгжлийн зорилгод бизнесүүд хэрхэн нэгдэж, ажлын арга барил, стратеги, төслийн удирдлагын арга зүйгээ хэрхэн өөрчилж буй тухай энэхүү салбар хуралдаанаар хэлэлцлээ.