Эрсдэлээс хамгаалах гол хэрэгсэл даатгал

Sarangerel
2024-01-09 14:37:23
Ангилал:

Алдаа оноо, саад бэрхшээлийг туулж, маш их судалгааны үр дүнд батлагддаг учраас стандарт нь бусдын алдааг давтахгүй байх замын зураг болж өгдөг байна. Тийм учраас эрсдэлийг удирдах, бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх, хамгаалах гол арга хэрэгсэл бол стандарт гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрчээ. Монгол Улс ч эдгээр зорилтын хүрээнд стандартыг ашиглаж буй. Гэхдээ стандартын хэрэгжилт муу байгаа нь бидний эрсдэл даах, урьдчилан сэргийлэх, хамгаалах чадамжид сөргөөр нөлөөлж байна.

Улс орны, нийгэм эдийн засгийн хөгжилтэй уялдаад олон шинэ эрсдэл бий болж байгаа учраас стандартууд ч мөн тогтмол шинэчлэгдэж, өөрчлөгдөж байна. Тиймээс стандартыг амьдралд хэрэгжүүлж, дадал зуршил болгох ёстой. Ингэснээр эрсдэлийг бууруулна. Өөрөөр хэлбэл, стандарт хэрэгжиж байгаа газарт эрсдэл бага байдаг, стандарт хэрэгжихгүй бол ард нь эрсдэл нуугдаж байдаг гэдгийг санах хэрэгтэй. Стандартыг хэрэгжүүлээгүй учраас олон эрсдэл үүсэж, хүний эрх зөрчигддөг.

Үндсэн хуульд монгол хүн “эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэж заасан. Тэгвэл эрүүл, аюулгүй орчин гэж юуг хэлэхийг тогтоодог шалгуур үзүүлэлт нь стандарт юм. Стандарт нь иргэндээ ээлтэй нийгэм байгуулахын нэг үндэс суурь бөгөөд үүнд стандартын зорилго оршдог. Тэгвэл бид хүндээ хэр ээлтэй нийгэмд амьдарч байна вэ? Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн харилцаанд гэр бүлийн хүн, харгалзан дэмжигчгүйгээр оролцох боломж маш хумигдмал байна. Наад зах нь явган хүний зам талбайгаар хэн нэгний тусламж, дэмжлэггүй явж чаддаггүй. Энэ нь стандартыг мөрдөж, сахиулаагүйтэй шууд холбоотой. Зарим тохиолдолд “монголчлох” гэж бидний ярьдаг “халтуурдалт” ч стандартын хэрэгжилтэд сөрөг нөлөө үзүүлж байна.

Стандарт хэрэгжиж байгаа газарт эрсдэл бага байдаг

Чанарын стандарт хангаагүй барилгын материал нь барилгын чанар, аюулгүй байдалд ямар их сөрөг нөлөөтэйг Туркт болсон газар хөдлөлт харуулав. Ниргэсэн хойно нь хашхирах бус эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд стандартын хэрэгжилт маш чухал гэдгийг эл харамсалтай явдал дэлхий дахинд ойлгуулсан. Чанар, аюулгүй байдлаас гадна дотоод заслын чанаргүй материал, будаг, замаск зэрэг нь хорт бодис ялгаруулах, энэ нь байр, орон сууцны дотор орчны агаарын чанарт нөлөөлөх, эцэстээ хорт хавдар, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөний эх үүсвэр болдог. Барилгын материал нь олон хүний боддог шиг жижиг асуудал биш гэдгийг хүний амь нас, эрүүл мэндэд үзүүлдэг энэ мэт шууд, дам нөлөө харуулж байна. Хүнсний аюулгүй байдал гэж хэрэглэгчийн худалдаж авч буй хүнс төдийгүй үйлдвэрлэгчээс эхлээд хэрэглэгчийн гар дээр очих хүртэлх гинжин хэлхээг хэлдэг. Фермер, малчин, газар тариалан эрхлэгчээс эхлээд тээвэр логистик, нийлүүлэлтийн сүлжээ, супермаркет бүгд стандартын шаардлага хангаж ажилласнаар хүнсний аюулгүй байдал баталгаажих ёстой. Тиймээс бараа бүтээгдэхүүний шошгыг хараад хугацаа нь дуусаагүй бол аюулгүй гэж дүгнэх нь учир дутагдалтай. Гэтэл манай улсад хүнсний 1890 үйлдвэрийн 50 хувь нь дунд эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан байна.

Зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулдаг, стандартын шаардлага хангаагүй буюу тогтвортой ханган нийлүүлэгчгүй, мэргэжлийн технологичгүй зэрэг эрсдэл үүнд оржээ. Эдгээр харилцааг зохицуулсан стандарт манай улсад бий. Харамсалтай нь стандартыг хангалттай түвшинд хэрэгжүүлэхгүй байна. Үүнд стандартын ач холбогдлыг үл ойлгох, үл хайхрах, үл тоомсорлодог монголчуудын хэнэггүй зан ч нөлөөлдөг. Гэтэл Олон улсын стандартын хорооны ерөнхийлөгч Д.Смит стандарт ямар чухал болох талаар ийн өгүүлжээ. “Хөдөлмөрийн аюулгүй байдал бол ямар ч байгууллагын хувьд чухал асуудал. Стандартыг хангаагүй бол хүний амь нас эрсдэлд учирхаас гадна хуулийн зохицуулалтын хүрээнд хариуцлага хүлээх, байгууллагын нэр хүндэд хохирол учрах, хөрөнгө оруулагчаа алдах, бизнесийн үйл ажиллагаа тасалдах, эцэстээ бизнесээ алдах эрсдэл бий болдог. Иймд ямар ч бизнес эрхлэгч, компани хөгжин цэцэглэхийн тулд бүх эрсдэлээ удирдан зохицуулах хэрэгтэй. Үүнд стандарт тусална”. Стандарт ямар үр нөлөө бий болгодгийг олон улсын стандартын байгууллага ийн үзэж байна. Үүнийг манай бизнес эрхлэгч, иргэд анхаарах цаг нэгэнт иржээ. Эрсдэлийн менежментийн чиглэлээр нийт долоон стандарт олон улсад хүчин төгөлдөр мөрдөгддөг. Эдгээрээс гурвыг нь (MNS ISO 31000:2020, MNS ISO GUIDE 73:2017, MNS ISO 45003:2023) манай улс орчуулж үндэсний болгосон бол үлдсэн дөрвөн стандартыг 2024 онд нэвтрүүлэхээр стандартчиллын төлөвлөгөөндөө тусгасан талаар Стандарт, хэмжил зүйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ууганбаяр өгүүлэв. 2023 оны III улирлын байдлаар үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод 144 хүн өртөж, 12 хүн нас барснаас гадна 71 хүн хүнд, 61 хүн хөнгөн гэмтсэн тоон мэдээлэл бий. Мөн 395 хүн осол, гэмтэлд өртсөн талаар Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд дурджээ. Хэрэв стандартаа мөрдөж ажилласан бол энэ мэт эрсдэл, эмгэнэлт явдлыг бууруулах боломжтой юм.

Стандарт иргэдэд ямар үр нөлөөтэй, ямар үр дагавартай, ямар ашигтай вэ гэдгийг мэдээлэх, сурталчлах нь тухайн стандартыг сайтар судалж, нөр их хөдөлмөр зарцуулсны эцэст батлан гаргахаас дутуугүй чухал гэдэг нь эндээс харагдаж байна. “Стандартын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр олон ажил, арга хэмжээ зохион байгуулж байна. Тухайлбал, эрх зүйн орчноо боловсронгуй болгох зорилгоор Стандартчилал техникийн зохицуулалт, итгэмжлэлийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсан. Мөн “Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөр, “Нэг улс-Нэгдсэн стандарт” хөдөлгөөнийг санаачлан зохион байгуулж байна. Эдгээр арга хэмжээний үр дүнд тодорхой өөрчлөлт гарсан” гэж Б.Ууганбаяр онцолсон. Түүний өгүүлснээр нэг, хоёр жилийн өмнө стандарт гэж юу вэ, хэнд хэрэгтэй юм бэ гэдэг ойлголт, хандлага байсан бол өнөөдөр хүмүүс стандартын тухай тодорхой хэмжээний ойлголттой болжээ. Дараачийн алхам нь энэ ойлголт, мэдлэгээ ажил хэрэг болгох. Стандартаа хэрэгжүүлдэг болбол амьдралын чанар сайжирна. Илүү сайхан амьдарна. Эрсдэл буурна.