Баатарлаг бяцхан охид минь
Харамсмаар, халагламаар, зүрх шархируулам үйл явдал хүмүүний амьдралд тохиолдох юм. Тэр тусмаа хорвоогийн өнгө ямар гоёыг, амьдрах ямар сайхныг мэдэрч амжаагүй бяцхан хүүхдүүдэд сүүдэр тусахад хамгийн ихээр сэтгэл өвддөг. Харамсалтай нь хүүхэдтэй холбоотой гэнэтийн осол, аваар, өвчин зовлон, хүчирхийлэл жил ирэх тусам газар авсаар байна. Тэр цагаахан, хиргүй тунгалаг ертөнцийг ухамсаргүй, тэнэг томчууд булингартуулдаг гэхээр хорвоо ямар ч хатуу юм бэ дээ гэх сэтгэл төрөх юм.
Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн малчин н.Буянбатын хоёр нас, найман сартай Б.Саранчимэг охин арван сартай бяцхан дүүгээ галаас аварчээ. Аав, ээж нь түүнийг дүүтэй нь хамт гэртээ үлдээгээд “Гэрээсээ гарч болохгүй, телевизээ үзээд зугаатай байж байгаарай” гээд малдаа явсан аж. Тэднийг эргээд ирэхэд гэр нь шатчихсан угтав. Харин хоёр бяцхан хүүхэд нь гэрээс 40 гаруй метрийн зайтай байдаг малын саравчны нөмөрт даарчихсан сууж байжээ. Б.Саранчимэг охин шатаж байгаа гэрээс дүүгээ чирч гаргаад нөмөр бараадуулан суулгасан гэнэ. Бүр өөрийнхөө өмсөж байсан цамцаа тайлж дүүдээ нөмрүүлчихээд ээж аавыгаа хүлээж байжээ. Энэ бодит түүх танд юу бодогдуулж байна вэ? Гурван нас ч хүрээгүй өөдсийн чинээхэн охиноос дүүгээ аврах, өмсөж байсан цамцаа нөмрүүлэх ухаан гарсан гэхээр зарим томчуудаас гарамгүй, хайр зориг мэдрэгдэнэ.
Өөр нэг бодит явдал. Сэлэнгэ аймагт оршин суудаг есөн настай Н.Азжаргал охин өөрийн болон хамаатныхаа зургаан наснаас нэг ой таван сар хүртэлх насны найман дүүгээ галаас аварсан. Тэрбээр галд өртсөн байшингаас дүү нараа аварсны дараа биеийнх нь 40 хувь түлэгдсэн гэдгийг мэджээ. Өөрийн биеэ үл хайхран найман дүүгээ галаас аварсан есхөн настай бяцхан охинд ямар их зориг, ухаан, хайр, тэсвэр тэвчээр байна вэ. Энэ мэт баатарлаг бяцхан охид Монгол Улсад маань өсөн торниж, эрсдэлтэй нүүр тулж, зориг тэвчээр хайрыг мэдрүүлэхийн зэрэгцээ томчуудад ухаарлын ташуур өгч байна.
Харамсалтай нь хүүхэдтэй холбоотой гэнэтийн осол, аваар, өвчин зовлон, хүчирхийлэл жил ирэх тусам газар авсаар байна
Эдгээр баатарлаг охидоос хамгийн ихээр сэтгэл эмзэглүүлсэн бодит явдлыг нэхэн сануулья. Цасан шуурганаар дүүгээ авраад өөрөө амь насаа алдсан долоон настай С.Золжаргал охины тухай богино хэмжээний кино “Эрсдэлийн үндэсний форум”-д оролцогчдын нүдэнд нулимс хуруулж, зүрхийг нь шархируулав. Киноны дараа танхимд байсан бүх хүн суудлаасаа босож, хэсэг чимээгүй болон баатарлаг бяцхан охинд хүндэтгэл үзүүлсэн юм. Түүний хайр, зориг тэвчээр олон хүнд ухаарал басхүү харууслыг төрүүлсэн биз ээ. Төр, засгийн болон хувийн хэвшлийн, иргэний нийгмийн 2000 гаруй оролцогчдод эрсдэлд бэлэн байх, стандарт шаардлагыг ягштал мөрдөх ёстойг энэ кино ухааруулах шиг санагдсан.
Өвлийн хатуу ширүүн уур амьсгал, цасан шуургыг Монголын нүүдэлчин ард түмэн даван туулсаар ирсэн. Өвлийн хахир хатууг даван туулчихаад хавартаа “Онд мэнд тарган тавтай сайхан оров уу” гэж мэндэлдэг нь цаанаа гүн утга учиртай аж. Хэдий жилийн дөрвөн улиралд дасан зохицож, хүнд цаг уурыг тэвчин малаа малласаар ирсэн ард түмэн хэдий ч орчин үед эрсдэлээ тооцож, түүнээс аврагдах гарц гаргалгаатай байх ёстой.
С.Золжаргал охины бодит түүхийг өгүүлбээс: Одоогоос найман жилийн өмнө Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт багт өвөлжиж байсан Ц.Сансарбаяр эхнэр хүүгийн хамт саахалт айлдаа цагаан сарын бууз хийхэд нь туслахаар явахдаа долоо, таван настай хоёр охиноо гэртээ үлдээжээ. Тэр өдөр нүүр нүдгүй цасан шуурга шуурч, цаг агаар муу байсан тул хоёр охин нь гэртээ байхаас айж, аав, ээжийнхээ араас гарсан байна. Гурван километрийн зайтай байрлах саахалт айлд очих замдаа хоёр охин төөрч, цасан шуурга сөрж, эцсээ хүртэл тэмцсээр эцэст нь эгч нь амиа алдсан харамсалтай явдал болсон. Бага охин нь амьтай голтой олдож, амь аврагдсан. С.Золжаргал охин дүүгээ аврахын тулд өмсөж явсан малгайгаа дүүдээ давхарлан өмсгөж, ороолтоороо гарыг нь боож, гадуур хувцсаа тайлж өмсгөн, салхинаас дүүгээ хамгаалан тэвэрч, өмссөн гутал, нимгэн өмд, цамцтайгаа цасан шуурган дунд тарчилж хоносон нь юутай гунигтай, бас хайрламаар вэ.
Долоон настай С.Золжаргал охины баатарлаг үйлийг нэхэн шагнаж, ОБЕГаас “Онцгой үйлстэн” медаль олгосон
Аав, ээж, нутгийнхан нь хоёр охиныг тав, зургаан цаг хайж, арга мухардаад сумын төвд байх авга эгч Ц.Батцэцэг рүү нь хэл дуулгаж, Онцгой байдлын газарт хандсан байна. Эрлийн багийнхан охидыг шөнөжин хайж, маргааш өглөө нь 07:00 цагийн орчимд автозамын хажуугаас олжээ. Амьсгалаа тасартал дүүгээ харж, хайрлаж, эцсийнхээ хүчээ шавхан авраад, өөрөө энэ ертөнцөөс бүрмөсөн одсон бяцхан зүрхтэй ч агуу зоригтой баатарлаг эгчийн түүх бидэнд гуниг харуусал, ухаарал, хайрыг мэдрүүлж басхүү мунхаг хүмүүнийг ухааруулах эм болно гэдэгт найдаж байна. Долоон настай С.Золжаргал охины баатарлаг үйлийг нэхэн шагнаж, ОБЕГ-аас “Онцгой үйлстэн” медаль олгосон юм.
Зоригт эгчийнхээ ачаар алтан аяганаас ус уух хувьтай үлдсэн дүүг нь С.Хонгорзул гэдэг, одоо 13 настай. Тэр явдлаас болж, хөл гар нь дөрөвдүгээр зэргийн хөлдөлттэй, олон сар эмнэлэгт хэвтэж дөрвөн удаа мэс засалд оржээ. Охиноо эмчлүүлэхийн тулд хэдэн малаа туугаад Ц.Сансарбаярынх Улаанбаатар хотод нүүж иржээ. С.Хонгорзул охин баруун гарын тав, хөлийн дөрвөн хуруугаа тайруулсан. Монголчуудынхаа өгөөмөр сайхан сэтгэлийн ачаар БНСУ-д очиж хуруу залгуулах мэс засалд орсон байна. Харамсалтай нь хагалгаа үр дүнд хүрээгүй бөгөөд 18 насанд нь хуруу залгах боломжтой гэж эмч нар хэлжээ. Ц.Сансарбаярынх хотод ирснийхээ дараа шинэ хүүхдээ өлгийдөн авсан байна. Харамсалтай нь шинээр төрсөн хүүхэд нь гурван настай байхдаа ханиад хүрч, хүндрээд бурхан болжээ. Ээж, аав хоёр нь ч салж, Ц.Сансарбаяр С.Хонгорзулыг ахтай нь хөтлөөд нутгийн зүг бараадсан байна. С.Хонгорзул хөгжлийн бэрхшээлтэй учир тусгай дунд сургуульд бага боловсрол эзэмшжээ. Одоо нутагтаа очоод сумын төвд авга эгчийндээ амьдарч байгаа аж. Харин аав, ах хоёр нь хөдөө мал маллаж амьдрах болжээ. Тэр эмч, сувилагч болох мөрөөдөлтэй. 18 нас хүрээд хуруу залгуулчихаад олон хүн авардаг сувилагч болно гэж байнга ярьдаг гэнэ.
С.Хонгорзул “Авга эгч багш учраас надад уншиж, бичихийг сайн зааж, долдугаар ангид оруулсан. Багш минь намайг сайн мэдэж, ойлгож байгаа учраас сумандаа амьдрахад гоё байна. Эндээсээ хаашаа ч явахгүй. Аавыгаа ч хот руу явуулахгүй гэж боддог. Учир нь, аав минь хотод очоод надаас бүрмөсөн холдоод алга болчих вий гэж айдаг. Олон жил эмнэлгээр явж, тариа хийлгэж, боолтоо солиулсан. Энэ үед эмч бие үзэж, надад эмчилгээ бичиж өгдөг байсан ч сувилагч бүгдийг нь хийдэг байлаа. Аав, бид хоёрыг сэтгэлээр дэмжиж, итгэл хайрладаг байсан. Тийм учраас л олон хүнд тусалж, боолтыг нь ч болтугай солиод өгөх юм сан гэж бодоод сувилагч болохоор шийдсэн” хэмээн хэвлэлд ярилцлага өгчээ. Ухаантай охин юм. Амиа үл хайрлан дүүгээ аварсан баатарлаг бяцхан эгч нь тэнгэрээс дүүгээ үргэлж харж, ивээж байгаа гэдэгт илтгэлтэй байна.
С.Хонгорзул охины эгчтэйгээ хамт байсан сайхан дурсамжаа бодож бичсэн шүлгийг хүргэе.
“Бяцхан бор зүрхэндээ
Дэндүү их хайрласныг нь
Булбарай бага насандаа
Даанч ойлгоогүй явжээ
Өнгө алаг энэ орчлонд
Амьдрал бэлэглэсэн таныгаа
Өсөж торнихынхоо хэрээр
Ай даа, мөн ч их санах юм даа
Гэгээхэн хайрын чинь илчээр
Гэрэлтэж амьдарна аа
Амлая дүү нь
Тоостой энэхэн орчлонд
Тантайгаа л хамт туулсан бол
Тоодгорхон бяцхан үр чинь
Дэндүү жаргалтай байхсан даа
Аав ээжийнхээ хайранд ижилсэж хоёулаа өссөн бол
Эрвэгэр жаахан дүү чинь
Энгүй жаргалтай байхсан даа
Өрөвч бяцхан зүрхний чинь гэрлээр
Өөдрөг амьдарна аа, амлая дүү нь”
Цасан шуурганаас амь аварсан эгчдээ зориулав.
С.Хонгорзул