Д.Пүрэвдорж: Ач холбогдол өндөр төсөл гэдэгтэй санал нийлдэг

Sarangerel
2024-10-01 15:06:31
Ангилал: Нийгэм

Завхан аймгийн Байгаль орчны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, аймгийн ИТХ ын төлөөлөгч Д.Пүрэвдоржтой ярилцлаа.

-Завхан аймгийн аялал жуулчлалын өнөөгийн хөгжлийн талаар ярина уу?

Юуны өмнө энэхүү сэтгүүлийг уншиж байгаа эрхэм уншигч танд энэ өдрийн мэнд хүргэе. Завхан аймгийг зорин ирэх жуулчдын тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар 5670 дотоодын жуулчин, гадаадын 583 жуулчин хүлээн аваад байна. Мөн бид зорилтот хэд хэдэн ажлыг хийлээ.

Тухайлбал, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарласантай холбогдуулан “Аялал жуулчлалын хөгжилд Нутгийн иргэдийн оролцоо” зөвлөгөөнийг өнгөрсөн тавдугаар сард зохион байгуулсан. 400 орчим оролцогчийг хамруулж, БОАЖЯ-ны дэмжлэгтэйгээр зочлох үйлчилгээний нэгдсэн сургалтыг Монголын зочид буудлын холбоотой хамтран хийсэн нь үр дүнгээ өгсөн арга хэмжээ болсон. Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадны жуулчдыг татах зорилгоор “Хил орчмын аялал жуулчлалыг дэмжих Тэс сум Арцсуурь боомтын хөгжил” олон улсын форумыг БНТува, БНХакас улс, Хилийн боомтын захиргаатай хамтран зохион байгууллаа. Түүнчлэн тусгай хамгаалалттай газар нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар нэн ховор, ховор амьтдыг хамгаалах, нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, бодлогын төлөвлөлт хийхэд төсөл хөтөлбөрийн дэмжлэг авах орон нутгийн хөгжлийн бодлогод тусгах зорилгоор “Тусгай хамгаалалттай газар нутаг дахь нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх нь” бүсчилсэн уулзалт хэлэлцүүлгийг хийв. Баруун таван аймгийн БОАЖГ-ууд, Хан хөхийн нурууны УТХГХЗ, БЦГХЗ, Монгол элс БЦГХЗ, Хар ус нуур орчмын УТХГХЗ, Отгонтэнгэрийн УТХГХЗ, Хомын талын БЦГХЗ-ын төлөөлөл оролцлоо. Манай аймгийн хувьд цаашдаа аялал жуулчлалыг бүсчилж хөгжүүлэх бодлогыг барин ажиллаж байна.

-Завхан аймаг үзэсгэлэнт байгаль, үүх түүх ч арвин. Завхан аймгийн хөгжлийн гол гарц аялал жуулчлал гэж харагддаг. Таны хувьд ямар бодолтой байна вэ?

-Санал нэг байна. Завхан аймгийн газарзүйн байршил, орц гарцын хувьд бусад бүсийг холбох гүүр болдог бөгөөд ОХУ, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Хөвсгөл, Увс аймагтай хиллэдэг. Говь, хангай, тал, хээр, өндөр уул нуруудын экосистем бүхий өвөрмөц байгалийн бүтэцтэй. 268 зүйлийн шувууд, 480 гаруй зүйлийн нэн ховор, ховор ургамал, 40 гаруй зүйлийн хөхтөн, 8 зүйл загас, 878 булаг шанд, 41 орчим рашаан, 370 гаруй гол горхи, 220 гаруй нуур тойрмоос тогтох байгалийн нөөц баялагтай. Түүх соёлын 1220 гаруй үл хөдлөх дурсгалтай. Сүүлийн жилүүдэд Ямаан усны Хүннүгийн язгууртны булш нь соёлын аялал жуулчлалын бүтээгдэхүүн болоод байна.

“Улаагчны хар нуур Үндэсний парк” төслийн талаар тодорхой ойлголт мэдээлэл өгсөн тусгай дугаар гарч байна

-Аялал жуулчлалыг цаашид идэвхтэй хөгжүүлэхэд ямар бодлого, төлөвлөгөө шаардлагатай байна вэ?

-Хамгийн гол нь тогтвортой бодлого чухал. Манай аймаг аялал жуулчлалын мастер төлөвлөгөөг 2019 онд боловсруулсан. Завхан аймгийн аялал жуулчлалын гол бүтээгдэхүүний хувьд “Улаагчны хар нуур –Үндэсний парк” төслийн ТЭЗҮ, Тэлмэн нуурын аялал жуулчлалын бүсийн ТЭЗҮ-г хийсэн. Бид одоо Отгонтэнгэрийн аялал жуулчлалын мастер төлөвлөгөө боловсруулах ажлыг хийж хэрэгжүүлэхээр зорьж байна.

-Завхан аймгийн Аялал жуулчлалын холбоотой хир хамтран ажилладаг вэ. Жуулчны баазуудын хөгжил танай аймагт хир байна, жуулчны баазын стандарт норм, дүрэм журам гэх мэт

-Аймгийнхаа аялал жуулчлалын холбоотой нягт хамтран ажилладаг. Манай аймагт 35 жуулчны бааз үйл ажиллагаа явуулж буйгаас 30 орчим хувь нь л стандарт шаардлага хангасан. Эдгээрээс дурьдвал, Эрдэнэхайрхан сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Улаагчны хишиг, Хар нуур, Тэлмэн сумын нутаг дахь Тэлмэн андууд, Тосонцэнгэл сумын Хожуулын гол, Сайхан төгөл, Отгон сумын нутагт байдаг Бадар хундага ресорт, Дөрвөлжин сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Тахь жуулчны бааз гэх мэт баазыг нэрлэх байна. Аймгийн хэмжээнд стандартын шаардлагад нийцсэн найман зочил буудал үйл ажиллагаагаа явуулж байна.

-Завхан аймагт аялсан жуулчин, аялагчаас аймгийн эдийн засагт тодорхой хэмжээний мөнгө төгрөг ордог. Энэ нь эргээд аялал жуулчлалдаа хэрхэн зарцуулагдаж чаддаг бол?

-Аялал жуулчлалыг дэмжих зорилгоор орон нутаг хөгжүүлэх сангаас тодорхой хэмжээний мөнгийг хөрөнгө оруулалтын төслүүдэд тусгадаг. Ер нь бол аялал жуулчлалаас хамгийн их ашиг хүртэгч нь нутгийн иргэд, аж ахуй нэгжүүд байдаг. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт аялдаг иргэдийн хураамж болон бусад үйлчилгээний газарт оруулж байгаа төлбөр, хураамжийн зарим хэсэг аялал жуулчлалын үйл ажиллагааг дэмжихэд зарцуулагдаж байна.

Завхан аймгийн Байгаль орчны газрын даргын албан үүргийг түр орлогч Д.Пүрэвдорж аймгийн Засаг дарга Г.Өнөрбаярын хамт, Мухартын голд

-Завхан аймгийн аялал жуулчлалын гол бүс нутгуудын талаар ярина уу?

-Завхан аймгийн аялал жуулчлалын мастер төлөвлөгөөнд хотгор гүдгэрийн үндсэн хэв шинж, байгалийн бүс бүслүүрийн илрэх орон зайн ялгарал, жуулчдын сонирхол татсан байдал, амьтан ургамлын төрөл зүйл, байгалийн өвөрмөц тогтоц, түүх, нүүдлийн соёл иргэншлийн өв, уламжлалт ёс, зан заншил зэргийг харгалзан аялал жуулчлалын 5 бүсийг ялган гаргасан.

Үүнд:

  1. Отгонтэнгэр орчмын байгаль, Улиастай шашин соёлын аялал жуулчлалын бүс
  2. Тарвагатай нурууны байгалийн аялал жуулчлалын хөгжлийн бүс
  3. Хар нуур орчимд нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын бүс
  4. Хил орчмын аялал жуулчлалын хөгжлийн бүс
  5. Говь хээр нутгийн тусгай сонирхлын аялал жуулчлалын хөгжлийн бүс

-Завхан аймгийн аялал жуулчлалыг шинэ шатанд гаргах мега төсөл гэгдэж буй “Хар нуур-Үндэсний парк” төслийн талаар та хэдийнээс мэдэх үү? Завхан аймагт хэрэгжих ёстой, ач холбогдол өндөр төсөл гэдэгтэй та санал нийлэх үү?

-Эхэлсэн үеэс нь мэднэ ээ. Хэрэгжих ёстой, ач холбогдол өндөр гэдэгтэй санал нийлдэг. “Улаагчны хар нуур-Үндэсний парк” төслийн ТЭЗҮ нь олон улсын байгууллагын нарийвчилсан шаардлагыг хангасан Монголын анхны төсөл гэдгээрээ их онцлог. Төслийг хэрэгжүүлэхийн тулд бодлогын түвшинд нөлөөлөх лобби багийг бүрдүүлэх, шийдвэр гаргагчид болон орон нутгийн иргэд, хөрөнгө оруулагч нарт энэхүү төслийн ТЭЗҮ хийгээд үр ашгийг таниулах уулзалт хэлэлцүүлгийг үе шаттай зохион байгуулах, “Улаагчны хар нуур-Үндэсний парк” төслийн талаар тусгай сэтгүүл гаргах, нэвтрүүлэг бэлтгэх зэрэг ажлыг хийхээр төлөвлөсөн. Өнөөдөр ингээд “Улаагчны хар нуур-Үндэсний парк” төслийн талаар тодорхой ойлголт мэдээлэл өгсөн тусгай дугаар маань гарч, уншигчдын хүртээл болох гэж буйд их талархалтай байна.

-Хар нуур, Мухартын голыг тусгай хамгаалалтад авсан ч бохирдож, гол, нуур хүнд байдалд буй тухай нутгийнхан ярьсаар байна. Танд ямар мэдээлэл байна вэ?

-Мухартын голын элсний нуралт болон усны ундарга багассан талаар иргэдийн санал гомдолтой холбоотой Аймгийн засаг дарга Г.Өнөрбаяр, тус сумаас Аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч АИТХ-ын дарга Н.Тамир, Отгонтэнгэрийн УТХГХЗ-ны дарга Д.Батдэлгэр Эрдэнэхайрхан сумын ИТХ-ын дарга н.Балжинням, байгаль хамгаалагч Ж.Тамжид болон бусад холбогдох хүмүүс газар дээр нь танилцаж дараах ажлуудыг хийхээр ярилцсан.

  1. Отгонтэнгэрийн УТХГХЗ ны болон Орон нутгийн байгаль хамгаалагчийн тоог нэмэгдүүлэх
  2. Мухартын гол орчимд орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан хяналт тавихад аймаг орон нутгаас хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх
  3. Аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэж Морь унуулж байгаа болон гэр кемп ажиллуулж байгаа нутгийн иргэдтэй гэрээ байгуулж аялал жуулчлалын бүс нутагт хяналт тавьж хамгаалж ашиглах талаар хамтын ажиллагааг сайжруулах
  4. Шинээр байгаль хамгаалагчийн постыг барьж, морин тээврийн зөөвөрлөх цэгийг зарим хэсэгт хориглох
  5. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар талуудын оролцоог тэгш хангах, ойлголтын зөрүүг арилгах талаар уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулахаар болсон.

-Аймгийн засаг захиргаанаас ямар бодлого шийдэл гаргаж ажиллаж байна вэ?

-Энэ онд Отгонтэнгэрийн аялал жуулчлалын мастер төлөвлөгөөг боловсруулах, Аялал жуулчлалын түнш аймгийн хүрээнд Монголын аялал жуулчлалын холбоотой хамтарч “Аялал жуулчлалын цогц арга хэмжээг хэрэгжүүлэх” зэрэг ажлыг аймгийн төсвөөр, Тэлмэн нуурын аялал жуулчлалын бүсийн ТЭЗҮ, Аялал жуулчлалын Жавхлант цогцолборын барилгын ажлуудыг улсын төсвөөр хийхээр төсөвт суулгуулсан. 2021-2024 онд Аймгийн хөгжлийн төлөвлөгөөнд тогтвортой аялал жуулчлалыг дэижих зорилгоор тусгаж байгаа санхүүжилт нь жил ирэх тусам нэмэгдэж байгааг хэлэхийг хүсч байна.

/“Улаагчны хар нуур-Үндэсний парк” төсөлд зориулсан тусгай дугаараас 2024.09 сар/