Танхимын шинэ Ерөнхийлөгчийг юу хүлээж байна вэ?

Sarangerel
2024-12-05 10:48:16
Ангилал:

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын шинэ Ерөнхийлөгч Л.Төр-Од тамга тэмдгээ авч ажилдаа орлоо. МҮХАҮТ-ын Ээлжит бус XXII Их хурал хуралдаж, танхимын Ерөнхийлөгчийг сонгох нөхөн сонгуульд Л.Төр-Од 54 хувийн саналаар ялсан юм.

МҮХАҮТ 6000 гаруй гишүүнтэй, 60 жилийн түүх бүтээсэн байгууллага. Бизнесийн эрх зүйн орчныг бүрдүүлж, бизнесийнхний эрх ашгийг хамгаалж, дуу хоолой нь болж, тэднийг нэгтгэн зангидаж, ажилладаг байгууллага.

МҮХАҮТ Бизнесийн орчны судалгааг МУИС-ийн Бизнесийн сургуультай хамтран жил бүр хийдэг. 2023 оны Бизнесийн орчны судалгаанд 4.6 мянган аж ахуйн нэгж хамрагджээ. Бизнесийн орчинд 2.68 гэсэн үнэлгээ гарсан нь цар тахлын өмнөх 2020 онтой харьцуулахад 8 хувиар буурсан гэсэн дүгнэлтийг хийсэн байна. 300 орчим үзүүлэлт дотроос засаглал, хууль эрх зүйн орчин хамгийн бага үнэлгээ авч.

Тэгэхээр хууль эрх зүйн орчин бизнесийг хязгаарлагч хүчин зүйл болсоор байна. Бизнесийн орчинд төрийн зохицуулалтыг багасгах, дүрэм журмыг тодорхой болгох, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах, хүнд суртлыг багасгах асуудлууд хэвээр байна гэсэн үг. Мөн санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, татварын таатай орчин бүрдүүлэх, бизнестэй холбоотой хууль эрх зүйн орчныг сайжруулах асуудлууд байсаар байгааг судалгаанаас уншиж болно.

Бизнесийнхэн нэг л зүйлийг 30 жил амаа эцтэл ярьж ирсэн шүү дээ. Тэр нь төр

тогтвортой байж, дүрэм журмууд ойлгомжтой байх. Мөн төр бизнесд бүү хутгалдаж орооч гэж. Төр нь бизнес эрхлэгчдийнхээ энэ үгийг тоож авч үзээгүй 30 жилийг ардаа орхисон. Харин одоо ирэх 30 жилд бизнесийг өөр нүдээр харах цаг иржээ. Монголын төр ч шинэ хөгжлийн бодлогоо тодорхойлж, хөгжлийн загвараа гаргаж, хэрэгжүүлэхээр улс төрийн хувьд шийдлээ хийсэн. Энэ бол Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн бодлогын баримт бичиг юм. УИХ-д суудалтай намууд үүнд нэгдэж, үзэл баримтлалыг баталсан.

Бүсчилсэн хөгжлийн бодлогын нэг гол зорилго хувийн хэвшлийг дэмжиж, хөгжүүлж, хамтран ажиллаж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татахад чиглэж байгаа. Хувийн хэвшил, бизнесийнхнийхээ хүчээр улс орноо хөгжүүлэх нь ирээдүйн хөгжлийн бодлого байна гэж үзэж буйгаа Бүчилсэн хөгжлийн бодлогоор илэрхийлсэн. “Бид хувийн хэвшлийг дэмжиж, тэдний итгэлийг сэргээж, идэвхийг хангаснаар, хөрөнгө оруулалт татаж чадна” гэж Шадар сайд С.Амарсайхан Бүсчилсэн хөгжлийн үндэсний форум дээр тавьсан илтгэлдээ онцолсон.

Тэгэхээр Танхимын шинэ Ерөнхийлөгчийг томоохон ажлууд хүлээж байна. Улс төрийн орчин шинэчлэгдэж, шинэ засаг захиргаа, хамтарсан Засгийн газар байгуулагдаж, ирэх дөрвөн жилд болон Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн бодлогыг тодорхой болголоо. Энэ цаг үед МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн сонгууль мөн болж, шинэ удирдлагыг сонголоо. Тиймээс шинэ Ерөнхийлөгчийн хувьд Монголын бизнесийг хөгжлийг мөн өөр нүдээр харж, төрийн бодлоготой уялдуулж, бодлогын стратеги, хөгжлийн төлөвлөлтөө хийж ажиллах нь зүйтэй гэж харж байна. Монгол орны газар зүйн онцлог, өв, соёл, түүхийн жим, хүн амын байршилд тулгуурлан хөгжлийн ялгаатай бодлогоор хөгжихөөр төрийн бодлого гарчихлаа. Улс төрийн намууд, эрдэмтэн судлаачид санал нэгдчихлээ. Энэ хүрээндээ хууль эрх зүйн олон хууль, дүрэм журамд өөрчлөлт хийхээр УИХ ажиллаад эхэлчихлээ.

Одоо бизнесийнхэн, хувийн хэвшил энэ бодлогод хэрхэн оролцож, бизнесээ тэлж хөгжүүлэх вэ гэдэг өнцгөөс хандаж, идэвхтэй ажиллах хэрэгтэй болж байна. Үүнд Танхим хэрхэн хандах вэ, ямар оролцоотой явах вэ, бизнесийн хууль эрх зүйн орчныг сайжруулахад хэрхэн нөлөө үзүүлэх вэ гэх мэт бодлогын асуудлуудаар ажиллах гол үүрэг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Л.Төр-Одын өмнө хүлээж байна.

Мэдээж, өөрийн дэвшүүлсэн Мөрийн хөтөлбөртэйгээ энэ бүгдийг уях, уялдуулах нь зүйтэй. Л.Төр-Од ерөнхийлөгч Мөрийн хөтөлбөрөө:

  • Бүртгэлтэй гишүүнээс, бизнес эрхлэгчид рүү
  • Төвлөрлөөс төлөөллийн танхимын бодлого руу
  • Чөлөөт ертөнцөд тулгуурласан үнэ цэнийн сүлжээ рүү
  • Бүс нутгийн хамтын ажиллагаанаас глобал хамтын ажиллагаа руу
  • Тогтвортой хөгжлийн бодлого руу гэж томъёолжээ.

 

 

Д.Бэхбаяр