М.Болдоо: Манай баг Хар нуурын үзэсгэлэн төгөлдрийг биширч төслөө “Элсний сувд” хэмээн нэрлэсэн
“Улаагчны Хар нуур -Үндэсний парк” төслийн зөвлөх М.Болдоотой ярилцлаа. Тэрбээр Хас банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд одоо, ТоС Холбооны зөвлөхөөр ажилладаг.
-Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутаг дахь Улаагчны хар нуур бол Завхан аймгийн үзэсгэлэнт газрын нэг. Нуурт анхлан очсон сэтгэгдлээсээ хуваалцана уу?
-Завхан аймгийн Улаагчны хар нуурын үзэсгэлэнт зургийг 10- аад жилийн өмнө нэгэн аялагч Фэйсбүүк дээрээ тавьснаас хойш олны сонирхлыг ихэд татсан. Манайх гэхэд л Завханы айл мөртлөө очиж үзээгүй байсан. Миний бие 2017 онд аав, ах дүү, хүүхдүүдтэйгээ нэлээд олуулаа Хар нуурыг зорьсон. Нуурын эрэг дээр майхан барьж, Сэнжит хад, Мухартын голыг биширч үзэнгээ сайхан амарсан. Тэр үед л маш олон аялагч амрагч нууран дээр очсон байлаа. Майхан хатгах чөлөөтэй газар арай гэж олж байлаа. Ийм л олны нүдийг хужирласан үзэсгэлэнт нуур байдаг даа.
-Тус нуурыг түшиглэсэн аялал жуулчлалын томоохон цогцолбор төслийн ТЭЗҮ нь бэлэн болчихсон, хэрэгжих л ажил үлдээд хэдэн жил болжээ. Таны хувьд энэхүү төслийн зөвлөхөөр ажилласан. Уг төсөл орон нутаг болоод Завхан аймгийн эдийн засагт ямар ач холбогдолтой төсөл гэж та хэлэх вэ?
-2019-2020 онд Засгийн газрын захиалгаар хэрэгжүүлсэн “Улаагчны Хар нуур- Үндэсний парк” байгуулах төслийн багт орж ажилласан. Төслийн багийг Монгол Улсын төслийн шилдэг удирдагчдын нэг Ц.Өнөржаргал, “Нэйчэ Састэйнэблэ” компанийн захирал М.Ганхуяг тэргүүтэй Монгол Улсын доктор, профессор, эрдэм шинжилгээний ажилтан зэрэг аялал, жуулчлал, экологийн судалгаа, менежмент, санхүүгийн салбарын шилдэг мэргэжилтэн 60 орчим хүн бүрдүүлсэн. Манай баг Улаагчны Хар нуурын үзэсгэлэн төгөлдрийг биширч “Элсний сувд” хэмээн төслөө нэрлэсэн юм. Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийн тайланд Улаагчны Хар нуур-Үндэсний парк байгуулах төслийн байгаль экологи, нийгэм, эдийн засгийн эцсийн үр нөлөө, ач холбогдлыг Завхан аймгийн хэмжээнд төдийгүй Монгол Улсын хэмжээнд тооцож гаргасан. Улаагчны Хар нуур -Үндэсний паркийг байгаль экологи, уугуул суугуул зон олонд ээлтэй байдлаар эдийн засгийн үр ашигтай хөгжүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалт, аялал, жуулчлалын үндсэн болон дэмжих хөтөлбөр, чиглэл, төрлийг нарийвчлан тодорхойлсон. Монгол Улс 2023 онд гадаадын 651 мянган жуулчин хүлээн авч, 1.2 тэрбум ам.доллар буюу 4.4 их наяд төгрөгийн орлого олсон. Энэхүү орлогын нэг хувийг л Завхан аймагт очих жуулчдаас олоход 44 тэрбум төгрөг болохоор байна. Нөгөөтэйгүүр, Улаагчны Хар нуурыг хэт олны хөлийн газар болгон хувиргаж болохгүй, байгаль экологийн даацад нь тохирсон тооны жуулчин авах шаардлагатай дэндүү эмзэг, хэврэг орчин болохыг судалгаагаар тогтоосныг онцолж байна.
-Баруун бүсийн хөгжилд ямар хувь нэмэр оруулах боломжтой төсөл вэ?
-Улаагчны Хар нуур төслийн хүрээнд олон талын судалгаа хийж үндэслэлтэй болгосны дотор, экосистемийн, инженер геологийн судалгаа, байр зүйн зураглал, судалгаа, рекриацийн шинжилгээ, хот байгуулалтын иж бүрэн үнэлгээ, хот, хөдөөгийн эрэлтийн чиг хандлагын судалгаа зэрэгт үндэслэн эдийн засгийн модель гаргаж, олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн хандлагыг харгалзан үзсэн. Энэ бэлэн загварыг Баруун бүсэд аялал жуулчлал хөгжүүлэхэд ашиглах боломжтой. Баруун бүсийн таван аймаг дээрх жишгээр жуулчны орлогын багадаа нэг хувийг тус бүр олоход л 250 орчим тэрбум төгрөгийн орлого олох боломжтой.
-Завхан аймаг эдийн засгийн өрсөлдөх чадвараар 21 аймаг дотроо хойноосоо 1,2-рт бичигддэг. Эдийн засгийн хөгжилгүй, өрсөлдөх чадвар сул аймаг гэдэг нь Өрсөлдөх чадварын судалгаанаас харагддаг. Тэгвэл бусад аймгийн хэмжээнд хөгжиж, эдийн засгийн чадалтай болоход Хар нуур төсөл ямар үүрэг гүйцэтгэх боломжтой гэж хэлэх үү?
-Улаагчны Хар нуур өөрөө байгаль, газар зүйн байршлын хувьд эко аялал жуулчлалын сонирхлыг ихээхэн татсан Завхан гол, Монгол элс, Бор хярын элс, Баян нуур, Галуутайн гол, Зэсийн бүрд, Шаварт, Сэнжит хад, Мухартын гол, Даян хайрхан, цагаан нуур, Цагаан гол, Очирваань хайрханы хүрээлэл дунд байгаа нь дэлхийд ганцхан. Улаагчны хар нуур говь, цөлийн шинжийг агуулсан элсэн манхан, элсэн шанаа, Хангай уулын хад цохио, ой модоор хүрээлэгдэн мэлтэлзэх номин цэнхэр өнгөтэй цэнгэг устай нуур. Нууранд 13 төрлийн нүүдлийн шувууд ирж нутагладаг, 2 төрлийн үржлийн загас, нуурын мандал дээгүүр “шунх” хэмээх цэцэг алаглан ургадаг. Энэ бол Монголчуудын эртний түүх дурсгал, угсаатны ёс заншил, хүн ард нь хөх тэнгэр дор онгон байгаль, уул, ус, амьтан, ургамал, газар нутагтайгаа шүтэн барилдлагатай өнөөг хүртэл оршиж буй өлгий нутаг. Ийм газар өдгөө Дэлхийд цөөхөн үлджээ. Зөвхөн онгон байгалийг үзэх сонирхолтой дэлхийн олон зуун сая жуулчдын нэгээхэн хэсгийг уламжлалт зочломтгой зангаараа хүлээж авахад хувийн хэвшил, малчин өрхүүд бүгд тогтмол орлоготой болж аймгийн эдийн засаг сэргэнэ. Жишээ татахад, уртаашаа 360 мянган хүн амтай Исланд улс жилд хоёр гаруй сая жуулчин авдаг гэдгийг бодоод үзэх хэрэгтэй.
-Энэ төсөл бизнесийн талаасаа хувийн хэвшил, ГХО татах талд ямар шийдлийг эрэлхийлсэн, ямар боломжуудыг олгох төсөл вэ?
-Бид ТЭЗҮ-г боловсруулахдаа Монгол Улсад анх удаа аялал, жуулчлалын салбарт Олон улсын Төслийн удирдлагын PMBOK стандарт, ISO 21500 стандартыг ягштал мөрдсөнийг тэмдэглүүштэй. ТЭЗҮ-г боловсруулахдаа Завхан аймгийн Аялал жуулчлалын хөтөлбөр, Аялал жуулчлалын холбоо, нутгийн иргэдийн санал бодлыг удирдлага болгож оролцогч, сонирхогчдын эргэх холбоог хангасан төлөвлөгөө боловсруулж өгсөн. Энэ төслийн хүрээнд төлөвлөсөн удирдлага зохион байгуулалтын ажил, хөрөнгө оруулалтыг зохистой гүйцэтгэх нөхцөлд хувийн хэвшил, нутгийн иргэд, гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулах болно. Төв, орон нутгийн төсөв, хувийн хэвшлээс хөрөнгө оруулалт хийнэ. Төсөл дотор хөрөнгө оруулалтын олон дэд төсөл байгаа. Төсөл тус бүр дээр тухайн үед нь үр ашгийн тооцоо хийнэ. Эцэст нь, Монгол Улсын төрийн шагналт, Cоёлын гавъяат зүтгэлтэн Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулан нэгэнтээ Төрсний эцэст үхнэ гэдэг Амьтны ёс оо! Төрсөн нутгаа орхино гэдэг Амаргүй даваа!… хэмээн шүлэглэжээ. Улаагчны хар нуураа нүдний цөцгий мэт нандигнан хамгаалах үүрэг ногджээ, бидэнд. Хүмүүн бид эх дэлхий дээр ирнэ, эх дэлхийгээс явна, харин Элсний сувд эх нутагтаа мэлмий мэлтэлзэн орших болно. Завхан нутаг минь өвлийн тэсгэм хүйтэнд ч, зуны дулаан улиралд ч нэгэн адил хөлтэй болгоны дурыг булаасан, түмэн олныг татсан аялал жуулчлалыг хөгжүүлэх болтугай гэж ерөөе.
“Хар нуур-Үндэсний парк” төсөлд зориулсан тусгай дугаар 2024.09 сар