Дэлхийн эдийн засгийн форумаас бид юуг анхаарах вэ?
“Эдийн засаг биднээс ХОЛ БИШ” гэдэг үгээр энэхүү нийтлэлээ эхлүүлье. Швейцарийн Давос хотноо 1971 оноос хойш зохион байгуулагдаж буй Дэлхийн эдийн засгийн форум энэ сарын 20-нд эхэлсэн бөгөөд дэлхийн 130 гаруй улс орон, бүс нутгийг төлөөлсөн 3,000 орчим хүн оролцож байгаа билээ.
Тэгвэл бид энэхүү чуулга уулзалтаас ямар сэдвийг анхаарах нь зүйтэйг багцлан хүргэе. Ингэхдээ аль болох энгийн үгээр илэрхийлэхийг зорилоо.
2025 оны Дэлхийн эдийн засгийн форумын сэдэв
2025 онд дэлхийг удирдаж буй улс төр бизнес эрхлэгчид “Ухаалаг эрин үеийн хамтын ажиллагаа” хэмээх нэгдсэн сэдвийн доор чуулж буй. Нэг ёсондоо техник технологийн хөгжил асар хурдтай хөгжиж буй өнөө цагт хэрхэн тогтвортой, тэгш хүртээмжтэй байх вэ гэдэг асуултад хариулт эрж, ойлголтоо нэгтгэнэ гэсэн үг.
Форум дараах таван үндсэн чиглэлээр явагдаж байна:
- Өсөлтийг дахин зураглах
- Ухаалаг эрин үеийн салбарууд
- Хүмүүн капиталд хөрөнгө оруулах
- Эх дэлхийгээ хамгаалах
- Итгэлцлийг сэргээх
Эдийн засгийн чуулганаас залуусын чих тавин анхаарч сонсох ёстой сэдвүүд:
Дижитал өөрчлөлт ба GovTech:
2034 он гэхэд төрийн дижитал системүүд нь 9.8 их наяд ам.долларын үнэ цэнийг бий болгоно хэмээн үзэж буй аж. Мөн түүнээс гадна ил тод байдал болон тогтвортой байдлын эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа энэ үед GovTech нь үйл явцыг оновчтой болгох, зардлыг бууруулах, олон нийтийн итгэлийг сэргээх шийдлүүдийг санал болгодог. Тиймээс Засгийн газрууд инновацыг хүлээн зөвшөөрч, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих чиглэл рүү явж байна.
Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал:
Энэтхэг улс сүүлийн зургаан жилийн хугацаанд аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын төвийг байгуулж, 1.25 сая иргэнд шууд нөлөөлж, санаачилгуудаараа дамжуулан үр дүнтэй өөрчлөлтийг авчирчээ. Ингэхдээ үе шаттайгаар цогц сорилтуудыг шийдвэрлэх боломжтой технологиудыг өргөжүүлж, олон талт хамтын ажиллагааны ач холбогдлыг бий болгосон хэмээн үзэж буй аж.
Квант эдийн засаг:
Квант технологи нь тооцоолол, харилцаа холбоо, аюулгүй байдал гэсэн гурван үндсэн чиглэлээр дэлхийн аж үйлдвэр, эдийн засагт хувьсгал хийх болно. Эдгээр технологи нь дэвшилтэт машин сургалт, симуляци ашиглан бизнесийн үйл ажиллагааг оновчтой болгож, алдаа дутагдлыг сайжруулж, хамгийн сүүлийн үеийн шифрлэлтээр өгөгдөл дамжуулах найдвартай байдлыг хангаж чадах аж.
Хиймэл оюун ухаан, квант технологи ба инновац:
AI нь аж үйлдвэр, эдийн засагт ихээхэн өөрчлөлт авчирч, нийгмийн сорилтуудыг даван туулах боломжийг нэмэгдүүлж байна.
“AI for Impact” санаачилгын хүрээнд нийгмийн инновацын жишээ, шилдэг туршлагуудыг танилцуулж байна.
Кибер аюулгүй байдал:
Геополитикийн хурцадмал байдал болон шинэ технологиуд кибер ландшафтыг төвөгтэй болгож байна. Тиймээс энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоохын тулд одоо байгаа түншлэлийн амжилтыг хэрхэн бэхжүүлэх талаар ярилцаж байна. Нэг ёсондоо энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсооход анхаарсан гол түншлэлийн ажлууд явагдах нь.
Эрчим хүчний эрэлт ба тогтвортой байдал:
AI болон бусад хурдацтай хөгжиж буй технологийн нөлөөгөөр эрчим хүчний хэрэглээ дэлхий нийтэд өсөж байна хэмээн үзэж байгаа билээ. Тодруулбал, 2026 он гэхэд дата төвүүдийн цахилгаан хэрэглээ 1,000 TWh-д хүрэх магадлалтай хэмээн үзэж буй аж. Тэгэхээр энэ төрлийн асуудлуудыг шийдэх, гарц гаргалгаа олох тал дээр хэлэлцэж буй юм.
Мөн анхаарвал зохих
- Хиймэл оюун ухааныг хариуцлагатай нэвтрүүлэх, үйлдвэрлэлийн экосистемийг шинэчлэх.
- Технологийн дэвшлийг тогтвортой байдлыг нэмэгдүүлэхэд чиглүүлэх.
- Шинэ технологи, инновацын үр өгөөжийг хүртээмжтэй байлгах.
- Дэлхийн эдийн засгийн форум үргэлжилж байгаа бөгөөд хуралдаан бүрд инновацын жишээ, судалгаа, стратегиудыг танилцуулж байна.
Эх сурвалж: WEFORUM, Posted.mn